Нүүр Өгүүллэг “АНИРХҮҮ” тууж “4-р хэсэг”

“АНИРХҮҮ” тууж “4-р хэсэг”

2 секунд уншина
0
0
297

Энэрэл энэ тухай Сонорт хэлэхээр оройн хоолоо хойш тавьж, Катяд эелдэг татгалзаад олон улсын ярианы карт авахаар хамгийн ойр байрлах дэлгүүр лүү яаран гарлаа. Униар татсан Хөххотын үдэш

намуухан, дулаахан. Аравдугаар сар дундаа орчихоод байхад замын хоёр талаар хэлбэр оруулан зассан модод нь цэмцийгээд ногооноороо байх нь үзэсгэлэнтэй. Төдөлгүй гар утсанд нь дуудлага ирэв. -Байна уу,

Ээнээ яагаад чатад орж ирэхгүй байгаа юм бэ, цөхөртлөө хүлээлээ гэхэд нь: -Уучлаарай, хань минь. Энд харин ийм юм болоод байна аа … гээд л бодит байдлаа нэг бүрчлэн тайлбарлавал: – Яахаараа хэрэгтэй

үед л танай сургууль шинэ шугам энэ тэрээ тавьдаг байна аа, чи ер нь үнэн ярьж байна уу? Наанаа аятайхан залуутай болчихоод намайгаа тоохгүй байгаа юм биш үү чи гэхчилэн элдэв таагүй үгээр утаж гарав.

Энэ мэтчилэн шалтаг хайж, хардаж зовоох нь алхам алхмаар нэмэгдсээр. Эхэндээ төдийлэн үл ойшоодог байсан бол одоо энэ байдал түүнд дарамт болж эхэллээ. Тэдний харилцаа мэдэгдэхүйц муудаж,

заримдаа хичээлдээ ч анхаарах тэнхэлгүй болтлоо сэтгэл санаа тавгүйтнэ. Харь газрын хоол унд, орчин агаарт нь дасах гэж өвдөж, халуурах тохиолдол бол энүүхэнд. Тэр бүртээ Сонорын тэвчээргүй уцаарыг хөдөлгөн “хэрэг мандах”-аас эмээж, хол байгаа нөхрийнхөө сэтгэлийг зовоохгүйн төлөө хэлэлгүй шүд зуугаад өнгөрөх нь цөөнгүй. Сонор ажил ихтэйн улмаас хүүгээ ч олигтой харж чадахгүй байна гэж хүртэл гомдоллох болов. Сургуулийн амралт эхлэхийг хоног тоолон хүлээсээр гэртээ харина. Ханьтайгаа, хүүтэйгээ байх аз жаргал дүүрэн өдрүүд харвасан сум шиг л нисэж одох нь хяслантай. Гэвч уулзах

бүрийд Сонорын уурлан цухалдах нь ихсэж, ааш авир нь хувираад ойлголцоход улам бэрх болж буй нь илт анзаарагдаж байлаа. Хоёр дахь жилийн өвлийн амралт. Нэг удаа тэд ялимгүй шалтгаанаас маргалдаж байв. Энэрэл “Энэ сургуулиас л болж би хань ижлээ зовоож байгаа хүн шүү дээ” гэж санагдаад байхаар нь: – Ханиа, ер нь ингэж зовж байхаар би сургуулиасаа гараад ирж та хоёртойгоо хамт байя гэж аргадан хэлтэл харин Сонор санаанд оромгүй хариулт өгөх нь тэр. Нүдээ томруулан дүрсхийтэл уурлаж: – Юу гэсэн үг вэ?! Ямар ч зорилгогүй, ийм л байсан юм бол яах гэж явсан юм. Урам

хугарчихлаа. Би чамайг л сайн сураасай гэж ажил гэрийн хооронд ядарч байгаа биз дээ. Харин чи сургуулиа хаяна гэдэг чинь юу гэсэн үг юм. Дахин энэ тухай дурсаад ч хэрэггүй гэх нь тэр. Тэгээд хэсэг хугацаанд хэн хэн нь чимээгүй байтал төдөлгүй Сонор инээмсэглэн: – Миний ханиа, за намайгаа уучлаарай. Ядарсандаа л уур бухимдлаа чамдаа гаргачихлаа. Тэгээд ч чамаас минь өөр хэн намайг ойлгох юм бэ, тийм биз дээ? Ингэхэд ханиа, нэг санаа төрлөө. Чамайгаа эзгүйд Тэргэлээр хүүгээ харуулвал ямар вэ? гэв. Тэргэл бол Сонор, Энэрэл хоёрын найз. Өвлийн нэгэн үдэш нөхөртэйгээ хамт зам хөндлөн гарч

явтал Энэрэлийг шүргэж унагасан машины жолооч бол Тэргэл байсан юм. Анхаарал болгоомжгүй явснаас болж автын осол гаргасандаа уучлал гуйн гэмшиж, тийнхүү санамсаргүй байдлаар танилцсан цагаас эхлэн найзууд болцгоосон билээ. Тэрээр үргэлж л та хоёрт туслах дэмжих юм юу байна хэмээн санаа тавина. Гэнэт ийм сайн найзтай болсондоо тэд хоёул сэтгэл хангалуун явдаг билээ. Түүгээр ч барахгүй анх гадаадад сургуульд суран мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг санал болгож, өөрөө энэ тухай зарлал танилцуулгууд авчран, сургууль соёлын бүхий л асуудлыг хөөцөлдөж өгсөн түүнд талархахаас ч аргагүй. Харин Анирхүү яагаад ч юм Тэргэлд төдийлэн

сайн биш. Бүр анх уулзсан цагаасаа л “Танихгүй эгч” эгч хэмээн дуудаж, нэг л ёозгүй хандана. Энэрэл хэсэг бодолхийлснээ Сонорт: – Тэргэл ч хүүг минь сайн харах байх л даа, харин хүү минь яагаад түүнд тийм дургүй байдаг юм бүү мэд. Тэгж байхаар ээжийг авчирч харуулах уу гэвэл Сонор: – За, настай хүнийг тэр холоос энэ дөрвөн ханан дунд хашиж яах гэсэн юм бэ, тэгээд ч хотод, байранд дасахгүй даралт нь ихэсдэг шүү дээ. Ээжийг зовоохын нэмэр. Харин хүү минь балчир хүүхэд юм чинь дасна шүү дээ, Тэргэл хүүд минь сайн л байдаг биз дээ гээд инээмсэглэв. Чингээд сургуульд явсан хойгуур нь Анирхүүг харж хандаж байх тухай гуйлтыг Энэрэлийн амнаас өөрөөс нь сонссон Тэргэл бөөн баяр. Чухамдаа энэ л үгийг хүлээж байсан юм.

Ингээд дуртай цагтаа Анирхүүг харах нэрийдлээр Сонортой уулзаж байх эрхтэй болсондоо баярлаж ядан мишээж суусныг нь хэн гадарлах билээ. Халамжтай дотны найздаа ар гэр, үр хүүхдээ даатгасан Энэрэлийн санаа зовнил нь бага ч гэсэн нимгэрсэн юм. Өдөр хоногууд өөрийн гэсэн жигд хэмнэлээр улиран одож, өглөө оройдоо Тэргэл Сонорын машинаар хүүг нь цэцэрлэгт хүргэх, цэцэрлэгээс нь авах, хоол ундыг нь бэлтгэж асардаг чухал ажилтай нэгэн болсон юм. Үнэндээ эрхэлсэн ажилгүй Тэргэлд энэ нь зугаатайн дээр Сонортой ойр байх сайхан боломж болж байлаа. Анирхүүд хэр чинээндээ л сайн хандах боловч хүү өөрт нь дургүйцэх нь Тэргэлийн тэвчээрийг барна. – За яах вэ, өөдгүй жаал. Чи миний үгэнд орох цаг ирэх вий хэмээн

дотроо бодовч гаднаа: – Анираа, хөөрхөн Анирхүү нь ааш муутай юм уу даа? гэж өхөөрдөн чихэр жимс авч өгч хамаг л аргаа барна. Хүүд нь ийм сайн байгааг харах тусам Сонор түүнд улам ч сэтгэл татагдсаар. Дахин нэг хичээлийн шинэ улирал эхлэхүйд Энэрэл үеийн олон залуусын хамт сургуулийнхаа зүг зорьлоо. Сургуулиа орхиж, гэртээ ирэх гэсэн саналыг хэд дахин хэлээд ч нөхөр нь хүлээж авсангүйд: – Дөнгөж хоёр дахь жил. За яах вэ, хайрт хань минь, чи минь ингэж

байхад би итгэлийг чинь алдахгүй ээ. Сургуулиа ямар ч гэсэн төгсөх болно гэж дотроо шивнэнэ. Алсын хотыг зорьж аян замд гарахуйд бүсгүйг галт тэрэгний өртөөнд үдэж хоцорсон тэр оройдоо Сонор, Тэргэл хоёр хэзээний эхнэр нөхөр адил харих замдаа ганган гоёмсог гар утасныхаа дэлгэц дээрх зургийг өөрсдийнхөө зургаар солив. Чингээд Тэргэл гэгч хамгийн дотны найз нь гэр орныг нь эзлэн сууж,

хайрт ханийг нь тэврэн жаргаж буй тухай Энэрэл төсөөлөх ч үгүй. Холын замд хайртай бүхэндээ сэтгэл хоргодон явахуйд галт тэрэг түчигнэн ган замаар жигдхэн хурдтай урагшилсаар. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *