Нүүр Өгүүллэг “АНИРХҮҮ” тууж “1-р хэсэг”

“АНИРХҮҮ” тууж “1-р хэсэг”

4 секунд уншина
0
1
434

Битгий гонгиноод бай л даа, чихэнд чийртэй гэдэг нь зүгээр гэж зурагтын суваг солингоо тас тасхийтэл бохь зажилж тансаг буйдан дээр тухлан хэвтэх Тэргэлийн үгийг бяцхан хүү үл тоомсорлож,

амандаа юу ч юм бэ нэг дуу аялангаа цонхоор ширтэн сууна. Анирхүү ертөнцийн юу бүхнийг гайхан сонжих гэнэн тунгалаг харцаараа байрныхаа өмнөх тоглоомын талбайд хүүхдүүд хөөцөлдөн тоглохыг,

янз бүрийн өнгө загвартай машинууд наранд цонхны шилээ гялбуулан зөрөлдөхийг, нааш цааш хөлхөлдөн явах хүмүүсийг, хаанаас ч юм бэ нисэн ирж, хаашаа ч юм бэ нисэн дүүлэн тэнгэрт

дураараа жиргэх болжмор шувууд гээд энэ бүхнийг өдөржин ширтэж суух дуртай. Таван давхрын цонхоор байрны урд талын засмал зам, түүнээс холгүй байрлах хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгийн хашаан дахь

тоглоомын талбай, цаад талд нь давхралдан харагдах угсармал барилгууд гээд бүх зүйл алган дээр тавьсан юм шиг илхэн харагдана. Өглөө цэцэрлэг цуглах, орой тарах цагаар хүүхдүүд бужигналдахад

өөрийн эрхгүй болдогсон бол гүйж очоод тэдэнтэй тогломоор санагдана. Саадан доторх тоглоомын талбайд салхилах гэж зочилдог олон хүмүүс дунд өөрийнх нь үеийн нэгэн охин өдөр бүр эмээтэйгээ ирдэг. Эмээ нь нэлээд нас дээр гарсан буурай бөгөөд таягаа тулан ач охиноороо түшүүлж удаан гэгч нь явсаар модон сандал дээр сууж, буурцган эрхиэ гарган тухлаад мааниа тоолж эхлэхэд сая ач охин нь жижигхэн гараараа түүний цал буурал санчиг, зажыг нь алчуурных нь завсраар оруулан засаж өгөөд тоглохоор одно. Өөр бас нэг жаалхүү

өдөр бүр ээжтэйгээ, заримдаа аавтайгаа тоглоомын талбайд салхилдаг. Чинээлэг айлын эрх хүү тэрээр гарч ирэх бүртээ үзэгдэж харагдаагүй гоё чамин тоглоомуудаар тоглож, өнгө тансаг хувцас нь хир болчихно гэж болгоомжилж байгаа бололтой аав, ээж нь байсхийгээд л хувцсыг нь гөвж, нүүр амыг нь арчиж харагдана. Өнөөдөр түүний бөмбөг өнхөрсөөр элсээр элдэв дүрс хийгээд тоглож суусан мөнөөх ач охины дэргэд эргэлдэн эргэлдсээр тогтохыг харсан бяцхан охин тоглож байсан элсээ тэнд нь орхиж босоод, гараа хооронд нь үрснээ алаг бөмбөгийг өргөөд түүн рүү сарвайлаа. Хүү гүйж ирээд

малгайныхаа саравчыг оролдон бишүүрхэнгүй зогссоноо бөмбөгөө авч, төдөлгүй тэд хоорондоо бөмбөгөөрөө харилцан тоглож эхлэв. Тэгж байтал ээж нь хүрч ирлээ. Хувцсыг нь гөвж, гарыг нь дээш харуулаад хуруугаараа согоовордон зэмлэж өгч байгаа бололтой. Ямар нэг зүйл амандаа хэлээд хэсэг зуур ярьж байснаа бөмбөгийг охинд өгчихөөд хүүгээ хөтөлж хурдан гэгч нь явж одов. Тэр гоё ганган эгч чухам юу хэлсэн болоод охин тэдний араас удаан гэгч нь харж уйлан зогссоныг Анирхүү гайхан суулаа. Харин эсрэг талынх нь модон сандал дээр бие давхар залуухан бүсгүй нөхрийнхөө энгэрийг налан

сууна. Хайртай ханиа энгэртээ тэвэрсэн залуу юу ч юм яриад л аз жаргалтай инээмсэглэнэ. Нөгөө талд цэцэрлэгийн хашааны буланд байрлах хогийн савыг хир даг болсон хувцастай, эрүү шанаагаараа дүүрэн сахалтай өвөө төмөр саваа барьж ирээд л ухаж төнхөж, юу ч юм бэ шуудайдаа хийгээд явж одно. Тэр үргэлж л газар шагайн ямар нэг зүйл хайж явах нь хачирхалтай. Бусдын хаясан хогноос чухам юу олж авдаг болохыг хүү төдийлэн мэдэхгүй ч ямартай ч авах зүйл байгаа болоод л өдөр бүр ирдэг юм байна гэдгийг ойлгосон юм. Анирхүү сүүлийн хэдэн сарын туршид цонхны цаанатаах орчлонг

ажиглан өдрийг өнгөрөөж буй нь энэ билээ. Хөгжилтэй сайхан амьдрал нь нэг л өдөр өөрчлөгдөж, яагаад ч юм түүнийг цэцэрлэгт явуулах нь бүү хэл, гадаа салхилуулахаа ч больчихсон юм. Аавынхаа машинаар цэцэрлэгтээ хүргүүлж, багшийнхаа зааж өгсөн дууг дуулж, ангийн найзуудтайгаа баяр хөөрөөр дүүрэн тоглодог байсан сайхан мөчүүд гэнэт л төгсгөл болсон. Буйдан дээр тухлан хэвтчихээд үргэлж загнаж байдаг Тэргэлийг ирсэн тэр л цагаас Анирхүүгийн уйтгарт амьдрал эхэлсэн гэдэгт тэр хар зөнгөөрөө итгэнэ. Орой аав нь ажлаасаа ирэхдээ амттан шимттэн, өнгөтэй өөдтэй гэх болгоныг

хүүдээ авчирч өгөөд өдөржин юу хийснийг нь асууж хамтдаа хооллоно. Түүнийг нуруундаа үүрч, мөрөн дээрээ суулгаж, гижигдэж, өхөөрдөж эрхлүүлэн тоглох, тэгээд шинээр авчирсан үлгэрийн номноосоо уншиж, зураг зурж өгөөд л хамтдаа байдаг энэ л мөч хэдийгээр ахархан ч гэлээ Анирхүүд бол юугаар ч солимгүй аз жаргалант агшин. Аавынхаа хайр дүүрэн харцаар инээмсэглээд: -Миний хүү өнөөдөр юу хийсэн бэ, алив зурсан зургийг нь харая? гэж асуухад нь хүү хамгаас дуртай. Учир нь зурсан зураг, баримлын шавраар урласан элдэв дүрсүүд гээд хийсэн бүхнээ үзүүлэхэд үнэн сэтгэлээсээ баярлаж: -Миний хүү чинь ийм л мундаг хүүхэд байгаа юм гээд зулайг нь илбэн үнэрлэнэ. Чухам энэ л мөч юутай ч зүйрлэмгүй

хичнээн сайхан санагддаг гэх вэ. Хамгийн гол нь аавынхаа нүднээс хүүгээрээ бахархсан тэр л үгээр илэрхийлшгүй харц, инээмсэглэл Анирхүүд ямар ч үнэтэй амттан, эсвэл тоглоомноос илүү том бэлэг болдог билээ. Тэгээд л өөрийн эрхгүй маргааш гэхэд өнөөдрөөс ч илүү гоё сайхан зурах, бичих урам зориг орж явчихна. Харамсалтай нь аав нь ажил ихтэйн улмаас ядарснаа гайхаж төдөлгүй хүүгээ өрөөнд нь оруулж өгөөд унтлагын өрөө рүү зүглэнэ. Анирхүү битүүхэндээ ээжийгээ санаж, учиргүй их ганцаардсанаас болж нойр нь хулжин орондоо сэмхэн уйлдаг ч үүнийгээ хэзээ ч бусдад мэдэгдэж байсангүй. Нэг удаа тийнхүү уйлж байгаад тэсэшгүй бэрх санагдахад: -Ерөөсөө л аавдаа очъё гэсэн бодол харван орж ирж, гарынхаа араар нулимсаа

шударчихаад зориг гарган харанхуйн дундуур хөл нүцгэн гэтсээр унтлагын өрөөний үүдэнд дөхөж ирлээ. Хагас нээлттэй хаалганы завсраар бүдэгхэн улбар гэрэл тусна. Шөнийн нам гүмийг эвдэж тэр хоёрын аяархан ярилцах чимээ сонсогдов. Анирхүү өвдөг сөхөрч суугаад хаалганы завсраар нүдээ бүлтийлгэн шагайлаа. Гоёмсог сарнай цэцэгсийн хээтэй өргөн орон дээрээ аав нь том зөөлөн дэрээр нуруугаа ивээд орны толгойг налан тухалжээ. Юунд ч юм бэ ихэд зовнисон байдалтай өвдөг дээрээ тохойлдоод бахим том гараараа духаа тулан суух түүний сүүдэр хаалганы ойролцоо тусч харагдана. Харин бүсгүй өвөр дээр нь урт хар гэзгээ асгаруулан цээжийг нь

налаад аавыг нь тэврэн хэвтжээ. Тэргэл уйлсан байв. Тэдний яриа түр зуур завсарлахад өрөөнд чив чимээгүй ноёлно. Төдөлгүй бүсгүй нам гүмийг эвдэн уртаар шүүрс алдаад: – Чи энэ хүүгээ харахаар ухаанаа алдаад, өдөр нь болохоор ажилтай гэж алга болчихоод надад ер анхаарахгүй юм. Би ч бүр ганцаардаж гүйцлээ. Хөөрхий эмэгтэй би, хурдан өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохсон гэж уйлан хайлан хэлэхэд аав нь өргөн магнайгаа эв хавгүйхэн маажаад бүсгүйн хацрыг илбэж, удаан гэгч нь бодол болоод баргил хоолойгоо засан: -За юу гэж дээ, хүү минь яах вэ. Болохгүй бол эгчид хүргээд өгчихөж болно. Чи минь л миний хувьд хамгийн чухал хүн шүү дээ. Хайрт нь гэрлэлтийн

баталгаагаа салгахаар хоёулаа өөрсдийн гэсэн үр хүүхэдтэй болоё, за юу гээд яг л хүүхэд аргадаж буй мэт үнэрлэж байгаа нь илхэн харагдана. Чухам энэ л үг хүүд: -Чи бол чухал биш, тийм ээ чи хэн ч биш гэж хэлэх шиг санагдаж, угаасаа дэрээ нэвтэртэл асгарчихсан байсан нулимс нь улам ч огшин задарч, хацар нүүрийг нь даган урсахад нүднийх нь өмнөх бүх дүрс нулимсан дунд бүрэлзэн зэрэглээтлээ. Урт сормуусаа буулган нүдээ анихуйд халуун нулимс

дахин асгарч хацрыг нь хорсгоно. Нэгэнт ийм үг сонссон Анирхүүгийн аавдаа очих хүслийн дөл унтарч мярааж гэтсээр хаалганаас холдохдоо золтой л чимээ гаргачихсангүй. Өрөөндөө ормогц сурсан зангаараа цонхны тавцан дээрээ гарч суугаад өвдгөө тэврэн асгартал уйллаа. Жаалхүү аавдаа үгүйлшгүй ихээр гомджээ. – Би аавын хүү биш гэж үү,

би түүний хувьд чухал хүн биш юм байна гэж бяцхан зүрхээ өвтгөн: -Ээж ээ та хаана байна аа, та заавал ирнэ гэсэн биз дээ?” хэмээн дотроо хашгирсаар, бүгчимдэж бачуурсандаа цонхны түгжээг мултлахаар хамаг чадлаараа оролдож гарлаа. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *