
Өглөөний цайндаа амт муутай шингэхэн каш эсвэл сүүтэй цай хатуу боорцогноос өөр зүйл идэж үзээгүй түүнийг өмнө нь идэх байтугай харж ч байгаагүй сайхан хоол хүнсээр дүүрэн алагласан баярын
гэмээр ширээ угтлаа. Мэргэжлийн тогоочдын хийж бэлтгэсэн жимсний чанамалтай төрөл бүрийн нарийн боов, өнгө алагласан шүүслэг жимс жимсгэнэ, хамар цоргим сайхан үнэртэх гахайн утсан
мах, хар болон улаан түрс, шинэхэн бяслаг, нарийхан зүссэн зөөлхөн амтат талх, сайн чанарын өтгөн хар кофе гээд хөөрхий бүсгүй хаанаас алийг нь түрүүлж амсмаар байгаагаа мэдсэнгүй. Нэг тавгаас нөгөө
таваг руу гүйлдэх өлсгөлөн нүд, сандарсандаа шүлсээ залгих чимээг сонссон эзэгтэй залуу бүсгүйг шоолон инээд алдлаа. Ширээний нөгөө талд суун ихэмсгээр цайгаа балгалах хатагтай бол тэр гэрийн эзэгтэй.
Дөч гаруй насалсан хэдий ч хорин настай бүсгүй шиг жижигхэн туранхай бие хаатай, тас хар нүдрүү нь эгцлээд харвал залуугийнх нь төрх тэр чигтээ гэрэлтэж байх аж. Том том долгиолсон дунд зэргийн

тайралттай үс, бага зэрэг ширүүн харагдуулах өтгөн хар хөмсөг, үргэлж нэг зальтай санаа агуулах мэт харцтай том хар бөөрөнхий нүд, цуснаас ч улаан өнгөөр будсан уруул нь эзэгтэйг холливудийн аль нэгэн жүжигчин шиг харагдуулах ажээ. Өвдөг хүртлэх урттай нарийхан хар даашинз, хар өсгийт өмссөн нь энгийн хэрнээ дэндүү хээнцэр. Алтлаг хээтэй, хээнцэр цагаан бүтээлгээр бүтээсэн ширээний ард суугаа залуу бүсгүйн хуучирсан саарал малгайтай цамц, тоос дарсан хар хилэн өмд, хугарч муудсан хумс хуруу, урдах хоолруугаа харах өлөн зэлмэн харц үнэхээр нийлэмжгүй харагдаж эзэгтэйн ойн гутна. – Хоолоо хурдан ид дээ. Идчихвэл яах бол гэж санаа зовох хэрэггүй. Чамд бэлдсэн хоол унд – хэмээн эзэгтэй захирангуй
дуугарахад бүсгүй дуугуйхан идэхийг хүссэн гүзээлзгэний чанамалтай бялуу, самар шоколадтай бялуунаас нэг нэг зүсмийг аваад урдаа тавин аажуухан сэрээдэн идлээ. Үнэхээр л түүний төсөөлж байсан тэр сайхан амт, бүсгүйг түрхэн зуур диваажинд аваачин, дахин дахин улам хурдтайгаар идэж дуусгалаа. Дараа нь түүний гарт хамгийн ойрхон байсан хар кофег нэг үнэрлэж аваад томоо гэгч нь балгатал гашилсан сүү уусан аятай ярвайж арайхийн залгиллаа. Бүсгүй эзэгтэйгээс санаа зовохоо болин, нүдэнд харагдсан бүхнээ амсаж үзэн, таалагдсаныгаа урдаа тавин жоохон ч үлдээлгүй бүгдийг идэж орхилоо. Энэ бүхнийг харахаас дургүй нь хүрсэн эзэгтэй уншиж байсан номоо тасхийтэл
хаан: – Ашгүй болсон уу? Би чамайг ингэж өлсөж байсныг мэдсэнгүй шүү, – Би өлссөндөө ч биш л дээ, өмнө нь ийм гоё зүйлс идэж байгаагүй болохоор амтанд нь дурлаад өөрийн эрхгүй зөндөөг идчихлээ. Дахиад байгаа бол би ээждээ аваад явж болох болов уу? – хэмээн нэрлэхэнгүй асуухад эзэгтэй: – Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав, – хэмээн орд харш шиг тэр өрөөний нэг буланд зогсох туслахруугаа дохио өгөв. – Эзэгтэй, та яагаад намайг дуудуулсныг би ерөөсөө мэдэхгүй л байна. Эсвэл та намайг хүнтэй андуурсан юм шиг санагдаад санаа минь зовоод байна. Над шиг барилгын туслах хийдэг жирийн нэг ядуу охин тань шиг ийм эгчид хэрэг болох эсэхэд
эргэлзэж байна, – гэлээ. -Би хүн андуурдаг хүн биш ээ, – хэмээн зальтай нь аргагүй бүсгүйг дээш доош гүйлгэн харж, – Чамайг тийм хар бор ажил хийдэг гэхэд их хөөрхөн царайтай юм. Гэхдээ нэмээд жоохон арчилчихвал яг л кино жүжигчин эсвэл алдартай дуучин шиг гялалзах болно. Загвар өмсөгч гэж даанч хэлж чадахгүй нь. Чиний өндөр хүрэхгүй. – Би мэднэ ээ. Тэгэхдээ хөөрхөн гэж хэлсэнд тань баярлалаа, – хэмээн барагтаа магтаалын үг сонсож үзээгүй залуу бүсгүй ичэнгүйрэн баясав. Эзэгтэй бүсгүйг нэг бүрчлэн шинжин харж, нэг эсвэл нилээд олон зүйл болохгүй байгааг анзаарч хэсэг бодсоноо, –
Чи гоо сайхны салонд орж байсан уу? – гэж асуув, – Би салонд орж байгаагүй л дээ… гэхдээ надад нээх шаардлагатай санагддаггүй л дээ. Мөнгөний гарз шүү дээ. Тэнд үйлчлүүлж байснаас гэрээ дулаацуулах нүүрсээ авсан минь дээр биз – гэж хээв нэг хэлчхээд хумс хуруугаа ажин харлаа. – Өнөөдөр би чамайг ингэж урьсан юм чинь хоёулаа миний очдог салон руу очицгооё. Тэнд гайхамшгийг бүтээдэг хүмүүс бий. Тэд чамайг цоо шинэ хүн болгоод зогсохгүй чи өөрийгөө харах өнцгийг өөрчилнө. Үгүй ээ. Бүхэл бүтэн дэлхий чамайг харах өнцгөө өөрчилнө.Тэр үед чи нүүрсний талаар бодохгүй гэдэгт итгэлтэй байна. Алив, намайг дагаад яв. Тэр өдөр бүсгүй хэзээ ч идэж байгаагүй
хоолнуудаа идээд зогсохгүй, баян эзэгтэйн үйлчлүүлдэг тансаг салонд төрөл бүрийн үйлчилгээг авч, дэлгүүр хэсэн, өмнө нь бодохоос ч айдаг байсан тийм үнийн дүнтэй брендын хувцаснуудаар өөрийгөө гоёлоо. Тэрхэн мөчид эзэгтэй түүнд яг л хүсэл биелүүлэгч шидтэн шиг санагдавч, эзэгтэй өөрийнхөө ямар гээчийн хүслийг биелүүлэх гээд тэр бүхнийг хийгээд байгааг бүсгүй гадарлах ч үгүй байгаа. Шинэ хувцас, шинэ үс, шинэ царайндаа нэг л дасаж өгөхгүй бүсгүй толиноос нүдээ үл салган өөрийгөө бахдан ширтэнэ. Өнөөх барилгын туслах хийдэг, тоостой хувцастай, халтар царай тослогтсон үстэй гэр хорооллын эмэгтэй сэтгүүлийн нүүрэндээрхи фото модел шиг гялалзана. – Ийм хумс хуруутай одоо яаж ажлаа хийнэ ээ, – бүсгүй
санаа зовоход, – Чи дахиж тийм ажил хийхгүй ээ, – эзэгтэй хатуухан хэлээд, – танай ээж өвчтэй гэсэн байх аа? – Тэрийг та яаж мэдээв ээ? – Охин минь, чи намайг ямар хүчтэй, ямар боломжтой эмэгтэй гэдгийг зах зухаас нь гадарлаагүй л гэж битгий хэл. Чи барилга дээр ажлаад хэдэн төгрөг авдаг юм? – Өдрийн хорин мянган төгрөг. Хасах нь наашаа цаашаа унааны зардал бас бэлэн гоймон, жижиг савтай ус. Тэгэхээр цаана нь 15 мянга хавьцаа үлддэг л дээ. Хангалттай гэж хэлэхгүй ч би болгоод сурчихсан. Ээжийнхээ эмчлүүлэх зардлыг нь мэдээж дийлэхгүй ч хааяа нэг өвчин намдаах эм аваад уулгаад болоод
байдаг юм, – бүсгүй сэтгэл дундуур өгүүлэн зогслоо, – Чи ээжийгээ эмчлүүлмээр л байгаа биз дээ? – Мэдээж, эзэгтэй. – Би чамд ажлын санал тавья. Чи одоо барилгын туслах мэтийн ажил хийхгүй. Цалин нь өдөрт чиний авдаг байснаас 10 дахин их гээд бодохоор ойлгомжтой. Өглөө идсэн шиг сайхан хоол унд, одоо өмсөж байгаа шиг чинь чанартай хувцас хунар гээд л чи надтай ойрхон байвал ямар ашигтайг мэдэж байгаа. Ээжийгээ эмнэлэгт хэвтүүлээд эмчил, харин чи өөрөө сургууль соёлд яв, за юу? – эзэгтэйг ийн хэлэхэд бүсгүй баярлах гайхах хоёрын дундуур хоцорж, – Би тэгээд яг юу хийх ёстой юм бэ? – Чи өөрийгөө хэр жүжиглэх авьяастай гэж боддог вэ? – Би… сайн мэдэхгүй л байна… – Нөхөр бид хоёрын охин хэд хоногийн өмнө
золгүй явдлаар нас барчихсан юм, – хэмээн уртаа гэгч нь сормуусаа буулган газар ширтээд – Би өдөр шөнөгүй уйлж гашуудсан ч, нөхөрт маань их хэцүү туссан. Бид хувийн сэтгэл зүйч, сэтгэл заслын эмч гээд тус болж болох бүх л мэргэжилтнүүдийг дуудаж зөвөлгөө автал нөхөр маань намайг бодвол настай, зүрх муутай хүн учраас охиноо байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй байна гэж хэлсэн. Тиймээс бид бага багаар дасгаж ойлгуулах шаардлагатай юм байна
лээ л дээ. Тэр болтол чи бидний охин бол. Бид охинтойгоо адилхан царай зүстэй хүнийг нилээдгүй хайсан. Харин чи бол төгс сонголт. Нөхөр маань томилолтоор өөр улсад байгаа. Ирэх хүртэл нь чи манай охин ямар байсан яг тийм байж сураад манайд нэг гэр бүл шиг хамт амьдарч чадах уу? Охин минь, хэрэв би чиний оронд байсан бол энэ

боломжийг алдахгүй шүү, – гээд охины итгэл муутай гүйлдэх харцруу цоо ширтээд – Эсвэл чи насаараа шавар зуурсан мөнгөөрөө ээжийнхээ өвчнийг өвчин намдаагчаар аргалмаар байна гэж үү?