Home Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж төгсгөлийн “21-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж төгсгөлийн “21-р хэсэг”

38 second read
0
0
1,176

АРАВДУГААР САР Амин үр минь хорвоод мэндлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хурааж хуримтлуулсан мөнгө минь чардайж зүтгээд нэг сар амьдрахад л хүрэлцэнэ. Нэгэн гэр бүл шиг ээнэгшиж, хором бүрт

анхаарал халамж тавьдаг хүмүүс хажууханд минь байгаа хэдий ч би тэднээс надад зориулж буй сэтгэлээс нь илүү зүйлийг хүсч зүрхлэхгүй. Шулуухандаа би тэдний гарыг харж амьдрахыг хүсэхгүй. Санхүүтэй

холбоотой асуудлуудаас болоод ирээдүйд хэрхэн амьдрах талаарх төсөөлөлгүй байгаадаа шаналахын зэрэгцээ үе үехэн тэсвэрлэхийн аргагүй шархирдаг биеийн өвдөлтөөс болоод асар их туйлдан ядарч

байгаагаа л мэдэрч байна. Юу ч бодож эргэцүүлэлгүй, юунд ч санаа зоволгүй унтаад л баймаар санагдавч сэтгэл төвшин байж огт чадахгүй юм. Гэвч шаналж шархирч байгаад хэт их ядарсандаа ч юм

уу, эсвэл хамаг биеийг минь эзэрхийлэн түрэмгийлэх өвдөлтөнд манарсандаа ч тэр үү, хэзээ хэрхэн зүүрмэглэж эхэлснээ ч мэдэлгүй, гүн нойронд автсан байдаг юм. Тийнхүү гүн нойронд автсаны нэг бол

12-14 цаг ертөнцөөс ор мөргүй тасарсан мэт юуг ч үл санана, эсвэл тархи тарчилгасан ёрын муухай зүүдэн дундаа төөрч будилсаар бүүр ч ихээр ядарч туйлдчихаад арай гэж сэрнэ. Дээрх хоёр тохиолдлын аль нь ч байсан, амарч тайвширсан мэдрэмж огт авч чаддаггүй нь гачлантай. Сүүлийн арав гаруй хоногийн турш нэг л зүүдээ давтан давтан зүүдэлж, тэрхүү нууцлаг ертөнцөд арав гаруй цагийн турш гацаж, зугтах гарцаа олохгүй төөрч байна. Энэлэнт бүсгүй намайг ганц ч хором амсхийлгэдэггүй өнөөх сэтгэлийн шаналан, биеийн шархиралт хоёр энэ удаа ч мөн өнөөх л төөрч дуусдаггүй зүүднээ

ертөнцөд хүчээр хөтлөн аваачив. Эхлэл хийгээд төгсгөл нь хаана байгаа нь тайлагдашгүй өтгөн ой дунд би гав ганцаархнаа зогсож байна. Эргэн тойрон түнэр харанхуй ноёлох бөгөөд цор ганцхан гэрэлт цох л толгой дээгүүр эргэлдэж, харах орчныг минь үл мэдэг гэрэлтүүлнэ. Гишгэх тоолонд хөлд орооцолдон торлох өргөст ургамлууд… хөдлөхийн төдийд хажуугаас хатгаж адлах хувхай мөчрүүд… хаа нэгтээгээс намайг л чиглэн нисч ирээд санаа бодлыг минь эзэмдэхээр заналхийлэх хэнгэргийн нүргээн… ганцаардал, айдас дунд цөлөгдсөн намайг тайвшируулах гэсэн мэт хань болох гэсэн цор ганцхан эр зоригтон нь эрхий хурууны хумсан толион чинээхэн

биетэй гэрэлт цох… үнэндээ тэр ч бас надтай л адилхан энэ ёрын ертөнц рүү цор ганцаархнаа цөлөгдчихсөн ч байж мэдэх л юм. Ямартай ч бид хувь тавилангийн тойрогт биесээ олж уулзаад, нэг нэгнийгээ бараадан, айдас, ганцаардлаа хуваалцаж байгаа нь юутай их зол. Харанхуй ойн анир чимээгүйг эвдэж, хаанаас ч юм бэ хэнгэргийн бүгдхэн цохилт сонсогдоно. Эхэндээ нэгэн хэмнэлээр зөөлхөн цохиж байснаа гэнэт уурсан бухимдах мэт хүчтэй балбаж эхлэхэд гэрэлт цох бид хоёр хоёулаа сандарч, хаашаа зугтахаа мэдэхгүй болтлоо үймэрчихдэг юм. Үргэлж ингэдгийг нь мэддэг атлаа л ийм байдалтай анх удаа нүүр тулж буй мэт сандран тэвддэг. Энэ удаа ч мөн “одоо гэнэт чангаар нүргэлж эхэлнэ… нэг… хоёр…” хэмээн

сэтгэл зүйгээ бэлтгэсэн атлаа л “гурав” гэж хэлэхтэй минь зэрэгцэн нүргэлж эхэлсэн их чимээнээс давхийтэл цочиж бөндөгнөөд, арзайж сэрийсэн мөчрүүдэд сүлбүүлэн, нүцгэн шилбэ болоод тохойгоо шалбалж орхив. Өмнө нь би сандарч гүйгээд хөлөөр нэг хөглөрөх өргөст ургамлуудад нүцгэн хөлөө ч бас хатгуулчихдаг байсан юм. Харин энэ удаа хөлөө хааш нь ч хөдөлгөсөнгүй. Гэрэлт цох урьдын л адил үймрэн, тэрүүхэндээ хэд эргэлдээд, гэнэт арга олов бололтой, над руу нисч ирээд, үсэн дотор минь шургаж ороод, хөдөлгөөнгүй болчихов. Хэнгэрэг урьд урьдынхаасаа ч илүү чангаар нүргэлж, түүнтэй зэрэгцээд хөгшин шулмын мэт хахирган сөөнгө дуу цахиртан сонсогдож эхлэв. Тэр аяархан шивнэж байснаа аажмаар чангарч,

сүүлдээ бүр тархи задартал чангаар хашхирдаг ч би түүний хэлийг огт ойлгодоггүй юм. Гэтэл өнөөдөр түүний хэл маш ойлгомжтой сонсогдож байх нь хачирхмаар ч юм шиг. -Түүнд байгаа бүхнийг булааж ав. Нүцгэн бие, нөмгөн сэтгэлээс өөр юу ч битгий үлдээ. Өөрт байгаа бүхнээ өгч чадахгүй зууралдаад байвал өөрийнх нь амийг ч ав. Байсан газарт нь хумхийн тоосны чинээ сэжиг ч бүү үлдээ. Агуу Хөмүүлүн эцгийн тангарагт шавь нарын сүнснүүд бүгд сэрцгээ. Нартын үрсийн амьдрал дундуур дураар тэнүүчилж, инээд баясал, урам зориг, хүч чадал, аз жаргал, эрүүл мэнд… сайн сайхан бүхнийг нь хуу хаман буцаж ирцгээ. Хөмүүлүн эцэг хийгээд түүний шавь нараас бусдад нь нүцгэн бие, нөмгөн сэтгэлээс өөр юу ч битгий үлдээ…

хэмээн маш тод хэлснээ гэнэт дуугаа хураагаад намуухан хөөмийлж эхлэв. Тэрхэн зуурт тархи болоод зүрх минь багахан тайвширлаа. Гэвч удалгүй: -Тэр… тэр…. тэр тулгарыг надад аваад ир. Гэдсийг нь хүүлээд, нялхыг нь надад ацар хэмээн эрт, эдүгээгийн аялга холилдуулан хашхирах нь тэр. Тэгмэгц би биеэ хураан нугдайгаад, хоёр гараараа хэвлийгээ тэврэн, хаанаас хэн гарч ирээд гэнэт довтолж эхлэхийг ажиглан, ийш тийш сэлбэлзэж, нүд гүйлгэн ажиж эхэллээ. Гэвч нүдгүй сохор харанхуй дундаас би юугаа ч олж харах билээ. Ийм түгшүүртэй байдал дунд биеэ хурааж, хэсэг зогсоод: -Гэрэлт цох… гэрэлт цох… чи гараад ирээч дээ. Түнэр харанхуйн дундаас хар муу санаатныг олж харахад минь туслаач хэмээн дуулдах төдий үглэв.

Гэтэл өнөөх цох: -Үгүй ээ, би гарч ирж чадахгүй… гэж хүний хэлээр хэлж байх юм. -Яагаад…? гэвэл тэр хариу хэлсэнгүй. -Яагаад… хэрэв чи сайн дураараа гарч ирж энүүхэн орчныг гэрэлтүүлэхгүй юм бол би чамайг гаргаад холоо шидчихнэ шүү. -Чи тэгж чадахгүй. -Яагаад… би яахаараа чаддаггүй билээ. -Хэрэв тэгэх юм бол чи үхнэ. -Яагаад… -Яагаад гэвэл… би бол итгэл. Би бол цор ганц үнэн. Чи надгүйгээр ганц ч амьсгалж чадахгүй. -Худлаа… чи хэрэв итгэл юм бол, үнэн юм бол яагаад ийм хулчгар юм бэ? -Чи өөрөө л жинхэнэ хулчгар. -Битгий донгос. Би хулчгар биш. Харин чи л жинхэнэ хулчгар. -Чи тэгээд юу хийж чадах юм бэ? Зориг чинь хүрвэл намайг гаргаад, тээр тэнд шидчих л дээ. Би түүнийг үсэн дундаас хайж олоод, холоо шидэхээр

санаархан гараа толгой руугаа явуулсан боловч зориг дутаж, буцааж татаад хэвлийгээ хоёр гараараа ороон тэврээд, чээжин биеэрээ нугдайн тонгойж, эрүүгээрээ дээд хэсгээс нь тулж зогсов. Тэгтэл хаанаас ч юм бэ, жижигхэн хонх жингэнэх дуу гарч эхлэх нь тэр. -хэн бэ… чи хаанаас ирсэн юм… чи яах гээд байна… хэмээн хаашаа харахаа мэдэхгүй сэлбэлзэн үглэж эхэлсэн ч хэн ч хариу өгсөнгүй. Бяцхан хонхны жингэнээ ойртох тусмаа дөрвөн зүг, найман зовхист түгж сонсогдоод, чухам хаанаас харж байгааг нь тааварлахад бэрх аж. Хонх жингэнүүлэгч нэгэн хажууханд минь ирээд зогсчих мэт болоод чимээгүй болчихов. Тэгтэл ч тийм гэж таахын аргагүй үнэр хамар цоргиж эхэллээ. Түнэр харанхуй хөшгийг ярж, түүний ард нуугдаж

буй нэгнийг олж харах гэж хэчнээн хичээвч нүд минь энэ хар өнгөнд дасч өгөхгүй юм. Хэвлийгээ тэвэрсэн гараа огтхон ч сулруулалгүйгээр, зөвхөн толгойгоо ийш тийш хөдөлгөн, эргэн тойрноо ажиж, чихээ сортойлгон, ямар нэгэн чимээ гарч буй эсэхийг тандавч юу ч олж сонсож чадсангүй. Үнэрч нохой шиг хамраа сартайлган дөрвөн зүгт үнэрлэсэн боловч өнөөх содон үнэр хаанаас гарч байгааг ч мэдэрч чадсангүй. Үзэгдэх бие, баригдах чиггүй тэрхүү үнэр эргэн тойронд минь түгж сэнхийсээр байх агаад яваандаа ухаан санааг минь мансууруулан, балартуулж эхлэв. Саяхан л сортолзож байсан чих минь хулмайж, бүлтэлзэж байсан нүд минь анилдаад, чангалж хураасан бие минь ч сулбайж орхив. Бодол санаа байтугай биеэ ч

захирч хүчрэхээ больсон би ч бас бууж өгөхөөс өөр арга үлдээгүй бололтой… ♥♥♥ Ам руу минь бүлээхэн шингэн зүйл гулсан орох мэдрэмжнээс цочсондоо давхийгээд сэрчихэв. Нэргүйн ээж толгойг минь түшиж суугаад, бүлээн шөл амсуулсан байж. Түүнтэй харц мөргөлдмөгц сэтгэл тайвшраад, эргэж хэвтсэн ч өнөөх жижигхэн хонх хаа нэгтэйгээс жингэнээд байх шиг мэдрэмж төрсөнд өндийж суугаад сайн чагнав. Яах аргагүй хажууханд хонх жингэнээд байлаа. Түүнтэй зэрэгцээд өнөөх үнэр ч хамар цоргиод байх шиг… -Алив, охин минь… жаахан шөл уугаад сэргээд ав. Одоо айх юм байхгүй ээ. Бид бүгдийг нь зохицуулчихсан. -Чшшш, чимээгүй… та сонсож байна уу? Хонх жингэнээд байгаа биз? -Тийм ээ, хонх жингэнэж байгаа. Би: -Хаана…

хаана гээд ухасхийсэн боловч босож чадалгүй, бохироод суучихлаа. Нэргүйн ээж тохойноос минь түшиж, матрасан дээр эргүүлэн суулгаад: -Тэрийг харж байна уу? гээд хаалга руу заав. Хаалганы нээгдэх талд лаврын навчнууд өлгөж, хажууханд нь жижигхэн зэс хонх зүүжээ. Тэр хонх хэний ч эрхшээлгүйгээр өөрөө ганхаад, аяархан жингэнэж байх аж. -Энэ юу вэ? -Чамайг хар санаатны атгаг муу санаа тойрон хүрээлж байсан. Нэргүй үүнийг олж мэдээд, тэдний халдан довтлох хүчний эсрэг үйл хийсэн юм. -Яаж… Нэргүй яахаараа… -Бид чамд хэлж байгаагүй л дээ… ер нь хэнд ч хэлдэггүй юм аа. Миний хүү төрөхөөсөө нэг тийм онцгой увдистай заяасан юм. Тэр увдис нь бүүр эрт буюу гурван настайд нь анх илэрсэн. Лам, бөө, Христ гээд бүхий л

шашины багш нарт аваачиж үзүүлсэн боловч хэн нь ч түүний энэ увдисыг тайлбарлан тайлж чадаагүй. Гэтэл хүү маань 13 насандаа “Надад ямар ч багш үгүй, ямар ч ёс заншил, сахил, засал гэж үгүй. Юуг хэрхэн сахиж, хэрхэн засахаа би өөрөө л мэднэ” гэж хэлсэн юм. Түүнээс хойш бид ямар ч шашины зан үйл хийгээгүй. Хүү минь ч энгийн хүн шиг л амьдарсаар ирсэн. Харин тун цөөхөн тохиолдолд “Тийм хүн миний зүүдэнд ороод байна. Түүнд миний тус хэрэгтэй байна” гэж хэлдэг. Тэгээд гэнэт л босоод, энд тэндээс янз бүрийн юм цуглуулаад, дуугарахыг нь дуугаргаж, шатаахыг нь шатаагаад, аман дотроо хэн нэгэнтэй хэрэлдэж, хэлэлцэж байгаад гэнэт чанга дуугаар

зандарч, ямар нэгэн зүйлээр өөрийгөө болоод орчноо хэд ороолгоод чив чимээгүй болчихдог юм. Хэдэн эгшин чимээгүй, хөдөлгөөнгүй сууж байснаа юу ч болоогүй мэт инээд алдаад “Бүх зүйл тэгш болсоон” л гэж хэлдэг. Лавлаж асуухаар “Ямар үйлийг яаж засахыг зөн совин минь хэлж өгдөг юм. Үүнд тогтсон журам, зан заншил гэж байхгүй ээ. Гагцхүү гаднаас ирж байгаа муу хүчнээс хэд дахин хүчтэй онгод л тухайн үед миний биеийг эзэрхийлж, тэдгээрийг эсэргүүцэн босож, дардаг гэдгийг л мэдэж байна. Өөр зүйл тайлбарлаж чадахгүй” гэдэг юм. -Энэ үнэр тэр навчнаас гараад байна уу? -Үгүй ээ, чамайг орилоод байгаа хэрнээ сэрж чадахгүй болохоор чинь Нэргүй орж ирээд гэрийн

чинь булан бүрт навч тавьж байгаад шатаасан юм. Тэр үнэр одоо ч сарниагүй байна. -Ингэхэд та нар манайд яаж орж ирсэн юм бэ? -Юу… нөгөө юу л даа… Түүнийг ээрч муураад, хэлэх үгээ олж ядаж байтал хаалга сэвхийтэл онгойгоод Нэргүй ороод ирэх нь тэр. -Та хаалгаа түгжээгүй байсан юм уу?… үгүй ээ, гэхдээ манай хаалга гаднаасаа онгойдоггүй шүү дээ… -Энэ хаалга уу? Түгжээтэй байсаан… Яасан? -Тэгээд… тэгээд… чи яаж орж ирэв? -Зарим хаалга миний өмнө өөрөө онгойчихоод байдаг юм… -Юу… юу яриад байгаа юм бэ, чи? -Тэр хаалганы цаана миний тусламж хэрэгтэй хэн нэгэн байгаа тохиолдолд хаалга өөрөө онгойчихоод байдаг юм аа… за за… та үүнийг ойлгохгүй ээ… ингэхэд бие чинь яаж байна? -Бие… чи… бие үү?

Зүгээр ээ, сайхан унтаж амраад боссон юм шиг л ямар ч хөндүүр зовиургүй сайхан байна. -Тийм л байх учиртай юм. Та зүүд тавгүйтээд байна гэдгээ бидэнд хэлэх ёстой байсан юм. Би ч хэнэггүй юм аа. Таныг зүүдэнд ороод байхаар нь өөрийгөө дурлачхаж л гэж бодож байлаа. Хажууханд инээгээд сууж байдаг болохоор чинь тусламж хэрэгтэй байна гэж огт бодсонгүй ээ. Та зүүдэндээ тэгж чангаар хашхирч, шалаа нүдээгүй бол бид ч бас мэдэхгүй л байх байлаа шүү дээ. -Би тэгж чанга хашхирч, шалаа нүдсэн гэж үү? -Тийм ээ, доод айлын бүсгүй гарч ирж хаалгыг чинь нүдээд зогсож байхад нь ээж гарч ирсэн юм. Тэгэхэд та чив чимээгүй болчихсон байсан. Тэр бүсгүй

“Энэ айлд эмэгтэй хүн муухай хашхираад, шал нүдээд байсан. Намайг ирээд хаалга тогшихоор чимээгүй болчихлоо” гэчихсэн зогсож байсан. Хүрч ирээд хаалгыг чинь таттал хаалга өөрөө онгойчихсон. Харин та хар хөлс нь цувчихсан амьтан бөмбөгнөтөл чичрээд хэвтэж байсан. -Би ойлгохгүй байна. -Ойлгох гээд ч хэрэггүй дээ, ядарчихна. Одоо дахиж ийм зүйл болохгүй. Тиймээс сайхан тайван байж байгаад амаржихаа л бод. -Чи тэгэхээр бөө гэсэн үг үү? -Үгүй ээ. -Зөн билэгтэн? -Үгүй ээ. -Домч, шившлэгч? -Аль нь ч биш. Зүгээр л цэвэр тунгалаг, бурханлаг чанараа алдаагүй хүмүүсийг хар санаа, муу хүчнээс хамгаалагч гэж ойлгож болно. Хэнд миний тусламж хэрэгтэй байна,

тэд өөрсдөө намайг дуудаж, зам зааж өгдөг. Гэхдээ гадны нөлөөнд автаад, төрөхөөс заяасан цэвэр тунгалаг, бурханлаг чанараа алдчихсан хүнийг бол би яаж ч хичээгээд аварч чадахгүй. -За за, би ойлгохгүй юм байна аа. Нэргүй хэзээ ч өөрөөс нь гарамгүй бүдүүн хоолойгоор хүг хүг хийтэл инээд алдахад ээж нь ч бас дагаж хөхрөв. Тайлагдашгүйн дунд төөрч будилсан би ч бас өөрийгөө шоолон, инээд алдлаа. ♥♥♥ Нойрон дунд хэн нэгэн хаалга тогшоод байгааг мэдээд байвч сэрж чадсангүй. Намайг огт сэрээхгүй барьж баглаад байгаа тэр зүйл гэвч нойр биш өвдөлт гэдгийг би сайн мэдэж байлаа. Нэргүй тайлагдашгүй дом хийснээс хойш сэтгэл болоод биеийн ямар ч

зовиургүй тайван амгалан байсан би тэр үдэш гэнэт тэгж хүчтэй өвдөж эхэлнэ гэж огт төсөөлөөгүй юм. Тэр өвдөлт намайг унтаж байхад эхэлсэн бөгөөд эхэндээ би өөрийгөө зүүдэлж байна л гэж бодсон. Гэвч тодорхой хугацаанд давталттай мэдрэгдээд байхаар нь “өвдөлт эхэлжээ” гэж ойлгосон ч сэрж чадахгүй байлаа. Өвдөлт намдах төдийд гүн нойронд автаад, өвдөж эхлэх мөчид хачин ихээр зовиурлахын зэрэгцээ сэрэх гэж өөрийгөө давхар тарчилгасаар нэлээд сульдав. Тэгтэл надад хүч нэмэгдүүлэх гэсэн мэт хэн нэгэн хаалга тогшиж эхэлсэн. Түүнээс тусламж гуйн хашхирах гэсэн боловч дуу гарсангүй. Сэрэх гэсэн боловч сэрж хүчирсэнгүй. ♥♥♥ Нүдээ нээх мөчид

минь цагаан халадтай залуухан бүсгүй торомгор алаг нүдээ эргэлдүүлэн сүрхий ширтэж байснаа: -Сэрчихлээ… сэрчихлээ эмч ээ хэмээн уулга алдав. Тэгтэл ч нүдний шил, цагаан халадтай залуугийн дүрс зэрэглээ мэт сүүмийж үзэгдсэнээ аажмаар тодроод -За сэрчихсэн үү? Одоо хэсэгхэн амраагаад төрөх орон дээр гаргая. Савны амсар бүрэн нээгдчихээд байхад ухаан ордоггүй… та ч биднийг овоо сандаргалаа шүү гэх нь тэр. Өргөн хүрээтэй нүдний шил, хөрслөг бор арьстай, зөөлөн инээмсэглэсэн найрсаг залуу ажээ. Намайг үг хэлэхээр амаа ангалзуултал: -Та ярих гэж, босох гэж хүчлээд хэрэггүй. Өвдөлттэй тэмцсээр бие чинь угаасаа сульдчихсан байгаа. Одоо төрөх

учир үлдсэн жаахан хүчээ гамнах хэрэгтэй шүү гээд духанд нь гараа хүргэж, эгээ л настай хүн шиг хушуу цорвойлгон аргадлаа. Төдөлгүй намайг хэвтэж байсан ортой минь түрж аваачаад, асрагч сувилагчид хамжиж өргөөд, Төрөх орон дээр хэвтүүлчих шиг болсон. Эргэн тойронд баахан цагаан халадтнууд эргэлдэж “энийг ч ингэ, тэрийг ч тэг” гэж шуугилдаж байтал эмч залуу “За жаахан дүлээд бидэнд дэм болоод өгөөрэй” гэснээ гэдсэн дээр минь гараа тавиад, доош гулгуулах шиг болов. Чих дүнгэнүүлэм шуугилдаж байсан эмч, сувилагчид ч хэсэгхэн зуур чимээгүй болж орчноо анирдах боломж олгов. Эмчийн гар биен дээгүүр минь зөөлхөн гулгаж байгаагаас өөр юу ч мэдрээгүй

байтал: -Дуран хар нүдтэй хүү байна даа гэх нь тэр. Би “Ашгүй дээ, төрчихжээ… ийм амархан уу” гэж бодож амжсан ч хүүгээ ч харж амжилгүй орчноосоо дахиад л тасарчихав. ♥♥♥ Дараагийн удаа нүдээ нээхэд минь асрагч бүсгүй өөдөөс минь инээмсэглэн ширтээд зогсож байлаа. Тэрбээр намайг сүрхий ажиж байснаа цааш эргээд, аягатай зүйл барьж ирээд: -Та шөлөө уучих. Нөхөр тань тун сайхан шөл хийж иржээ гээд халбагадан, амсууллаа. Ямар ч давс, амтлагчгүй боловч үнэхээр сайхан шөл байв. Хөлс минь асгарч, хамаг ядаргаа тайлагдах шиг л боллоо. Хүүгээ харахсан гэхээс тэсч ядаж байсан би шөлнөөс

хэдхэн халбагадуулж залгиад л: -Боллоо… миний хүү… гээд босох гэж зүтгэв. Асрагч бүсгүй хажуугийн ширээн дээр аягатай шөлөө тавиад тохойноос минь түшиж: -Та одоохондоо босох гээд хэрэггүй. Өндийж сууж байгаа хүүгээ хөхүүлчих. Би хүүг тань аваад өгье гээд цааш эргэлээ. Цонхны хажуу талд байрлуулсан жижигхэн орон дээрээс өлгийтэй хүүхэд аваад, тэвэрсээр над руу ойртохын зуурт би хүүгийнхээ царайг бушуухан харахсан гэсэн хүслээ барьж дийлэлгүй, өндөлзөж өмөлзсөөр байлаа. Асрагч хүүг минь тэврэн ойртож ирээд, болгоомжтой гэгч нь алгуурханаар тэвэрт минь шилжүүлэв. Цэнхэр навчин хээтэй цав цагаан өлгий дотроос тас хар дугариг нүд намайг сонжин ширтэж байлаа. Ингэж л би тэвэрт минь үүрд эрхлэх хүүтэйгээ анх танилцаж, сэтгэлд минь мөнх орших түүнийхээ нүдтэй

дахин учирсан юм. Хүүгээ хөхүүлж байтал асрагч бүсгүй: -Та хоёр эмнэлэгт гурав хонох байх. Нөхөр тань сахиураар оръё гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Таны бие хараахан тэнхрээгүй байгаа болохоор эмч сахиур оруулахыг зөвшөөрсөн. Танайхан ч айхтар улс байна лээ шүү. Ээж, нөхөр, дүү нар чинь Хүлээлгийн өрөөгөөр нэг холхилдоод, орсон, гарсан асрагч, сувилагч бүрийг барьж авч шалгаагаад, та ч энд бид хэдийгээ сандаргаад, эмнэлгээрээ л түргэн авлаа шүү дээ. Хүү тань аль, аль талаасаа ууган нь юм аа даа… гэв. Би түүнийг сонсож, бүрэн ойлгож байсан ч мөөмөө бувар бувар хөхөнгөө надаас харц салгалгүй бүлтийтэл ширтэх том алаг нүдтэй ширтэлцээд хариулах завгүй

байлаа. Хөхүүлж дууссаны дараа ч бид ширтэлцсээр л байв. Тийнхүү ширтэлцэж хэвттэл хаалга зөөлөн онгойж, хэн нэгэн орж ирээд, асрагч бүсгүй түүнтэй зөрөн гарч буй нь дуулдлаа. Орж ирсэн хүн биднийг “унтаж байна” гэж бодсон бололтой, өлмий дээрээ гишгэсээр ойртож ирээд, орны хажууд зогсчихов. Би хүүтэйгээ ширтэлцээд завгүй байсан учир түүнтэй мэнд мэдэлгүй, муухай зан гаргаж байгаагаа ч анзаарсангүй. Тэр хажууд минь хэсэг чимээгүй, хөдөлгөөнгүй зогссоноо ямар нэгэн зүйл хэлэх гэсэн бололтой, гүнзгий амьсгаа аван хүүг минь харахаар үл мэдэг тонгойхдоо бүлээхэн амьсгалаараа нүүрийг минь илбэв. Гэвч тэр юу ч дуугарсангүй. Тонгойн хэсэг ширтэж байснаа дахиад л амаараа гүнзгий аваад, хамраараа гаргав. Тийнхүү хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авах нь

надад тээртэй санагдсан учир -Нэргүй… хүүхэд рүү үлээгээд байхаа… гэж хэлээд түүн рүү эгцлэн ширтлээ. Гэвч үгээ гүйцээж амжилгүй гацчих нь тэр. Өөрийн мэдэлгүй амьсгалаа түгжиж, түүний нүд рүү хэсэг ширтээд, бөглөрчих шахсандаа тэвчиж чадалгүй хүчтэй амьсгалаа харцаа өөр тийш шилжүүлээд л өлгий дотроос надаас сонжин ширтсээр байгаа том хар нүдтэй харц тулгарав. Тэр дөлгөөхөн харцанд уярч өөрийн эрхгүй инээмхийлээд, толгойгоо дээш өндийлгөхдөө өөдөөс минь аргадангуй ширтэж буй дөлгөөхөн алаг нүдтэй харц тулгарлаа. Тийм ээ, тээж буй биеийнх нь хэмжээгээс бусдаар ялгахын аргагүй адилхан дөрвөн нүд намайг насан туршид минь олзолсон мэт цоо ширтэж байсан юм. Тэр мөчид “Будда юу

олсон бэ? Юу ч олоогүй. Харин олон юмаа гээсэн. Уй гуниг, үзэн ядалт, гомдол гонсойлт, атаа жөтөө, шунал тачаал, хүчирхийлэл, хий хоосон санаашрал цөмийг нь гээсэн. Олсон юм юу ч байхгүй. Угаасаа цэвэр тунгалаг, бурханлаг гэдгээ л мэджээ” гэж хаа нэгтэйгээс уншиж байсан үгс минь сэтгэлийн чанадад цуурайтаж байсан. Тэгж л би аравхан сарын дотор тохиосон хэрнээ арван жил шиг санагдах тэр сорилтот адал явдлуудыг бурхан над руу ямар шалтгаанаар илгээснийг

ухаарсан. Түүний зэрэгцээ тийм хайр татам, дөлгөөхөн нүдэнд олзлогдохын жаргалыг би тэгэхэд л хэзээ хэзээнээс илүү мэдэрсэн юм. Болж өнгөрсөн бүхэн энэ жаргалтай харьцуулахад ердөө л зүүд зэрэглээхэн төдий. Жинхэнэ амьдрал, адал явдал одоо л эхэлж байна… Төгсөв..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…