Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “20-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “20-р хэсэг”

25 секунд уншина
0
0
227

Хоол хийх, амттан идэх бүртээ тэд намайг, би тэднийг дууддаг, оройн цагаар олон ангит кино үзэх юм уу, хөзөр, даам тоглонгоо хошигнон инээлддэг болов. Орчлон дээр орь ганцаараа ирсэн би ахан дүүс мэт

найз нөхөд, өвөө мэт захирал багш, аав, ах мэт удирдлагуудтай байж үзсэн. Төрөхөөс л заяасан найрсаг зангийнхаа буянаар хаана ч явсан олноороо хүрээлүүлж явдагтаа би огт ганцаарддаггүй байсан юм.

Харин өнгөрсөн саруудад орь ганцаараа байхын зовлон, жаргалыг цөхөртлөө л мэдлээ. Цөхрөлд хүртэл хүн дасан ээнэгшиж, эвлэрэн зохицож чаддагийг ч мэдэрлээ. Гэвч бүхнийг эвлүүлэн зохицуулагч

Бурхан намайг ганцааранг минь үлдээхийг хүсээгүй бололтой. Ээжтэй, дүүтэй, амь халуун гэр бүлтэй болчихсон мэт л санагдаж байлаа. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж ямар зүйл

байдгийг би тэдний гэр бүлээс л мэдрэхийн дээдээр мэдэрсэн юм. Тиймдээ ч “Хүүхэд төрүүлж, нэгэн бүл болж амьдрах гэж байгаа надад гэр бүл ямар байх ёстойг мэдрүүлсэн Бурхандаа болон та нартаа

хязгааргүй их баярлалаа” гэж өдөр бүр сэтгэлдээ шивнэж байв. Биднийг нэгэн гэр бүл мэт амьдраад сар шахам болоход Нэргүйн найз бүсгүй хоёрхон удаа л ирсэн юм. Гэвч үнэндээ түүнийг ирэхээр бид бүгдээрээ биеэ бариад, үгээ цэгнээд эхэлдэг учир ирээсэй ч гэж хүсдэггүй байлаа. Би л өөрийгөө ийм зожиг юм байх гэж бодож байтал Нэргүйн ээж, эгч хоёр ч бас ийм санаа нэг бус удаа цухалзуулсан учир өөрийгөө буруутгаж бодохоо ч болив. Есдүгээр сар сүүлээ шарвахын өмнөхөн. Нэргүйн ээж, эгч хоёртой хууч хөөрөн инээлдээд сууж байтал хэн нэгэн хаалга хүчтэй балбар сонсогдов. Хаалга онгойлговол Нэргүй: -Аниа, танай хаалгыг хүн тогшоод байна гэсээр орж ирлээ.

Намайг хаалга руу зориг муутайхан алхтал Нэргүйн ээж гараас татан зогсоогоод, хажуугаар шууд алхсаар хаалган дээр очоод -Сайн байна уу, хэнтэй уулзах гээ вэ хүүхээ? хэмээн асуулаа. -Сайн, сайн байна уу? Найзтайгаа уулзах гэж ирсэн юм аа. Байхгүй байгаа юм болов уу гэх нь Буянаагийн дуу мөн байлаа. Түүнийг тэгтлээ их саначихсан ч байсан юм уу бүү мэд, дууг нь сонсмогцоо л зүрх хүчтэй цохилж, нүдэнд нулимс цийлэгнээд урагш ухасхийв. Амин хайртай найзуудтайгаа тэврэлдэн уулзаад, гэр лүүгээ дагуулан орлоо. Бид ам хамхилгүй хууч хөөрч, тэд миний гэдсийг өхөөрдөн эвийлсээр шөнө дунд болтол суув. Гэрээсээ холддоггүй надад сонирхуулаад байх сонин

содон зүйл байхгүй учир Төгөлдөр, Буянаа хоёр л ойр тойрныхоо бүхий л өөрчлөлт, шинэчлэлтийг хамж шимэн ярьсан юм. Гэвч миний хамгийн ихээр хүсч байсан зүйлийн талаар ганц ч үг ганхийхгүй суусаар шөнө дунд өнгөрөөгөөд унтахаар хэвтэцгээв. Би ч асууж зүрхэлсэнгүй. Түүнийхээ тухай багахан мэдээ ч болов сонсож чадаагүйдээ гонсойгоод нойр ч хүрсэнгүй. Хий дэмий л “Маргааш өглөө Буянаагаас санамсаргүй мэтээр эвтэйхэн асуугаад үзвэл яадаг бол…” гэсэншүү юм бодон хөрвөөж хэвттэл Төгөлдөр ч хурхираад эхлэв. Тэгтэл Буянаа бүтэн эргэн над руу харж хэвтсэнээ: -Чи унтаагүй байна уу? гэж асуулаа. -Мхнн. -Найз нь чамд харин нэг юм хэлэх үү,

яах вэ гэж эргэлзээд л байна. Сэтгэлийг чинь хямраачих болов уу гэж айгаад байх юм. -Юу юм бол…? Ингэж асуухдаа “Түүний тухай л байх нь…” гэсэн бяцхан найдлага тээн түүн рүү бүтэн эргэж харан хэвтлээ. -Хэлэхгүй байсан ч хэзээ нэгэн өдөр олж сонсоод, хэлсэнгүй гэж гомдох л байх. -Хэл ээ, найз нь баргийн юманд цочирдож хямрахаа больсоон. Өчнөөн л юм үзлээ шүү дээ. -Чамаас салснаас нь хойш бид бараг уулзалдаагүй юм. Тэгтэл саяхан гудамжинд тун санамсаргүй таарлаа. “Ямар мэдээ дуулгах бол…” гэхээс зүрх минь тэсч ядан чээжин дотроо тонгочиж байсан ч өнгөн дээрээ үл тоомсорлосон дүр эсгэж -Мхнн гэсэн авиа л гаргав. -Битгий цочирдоорой… дуустал нь сонсож байж

дүгнэлт хийдэг юм шүү. Хэрэв цочирдоод босоод ирвэл хүүхэд чинь хамт хямарчихна гэсэн урьдчилсан сануулга сонсмогцоо би “үгүй ээ, найз минь чи ямар л мэдээ дуулгах гээд байна даа. Сонссондоо харамсаж, чамайг өнөөдөр гэртээ оруулсандаа өчнөөн хоног харамсан шаналах юм биш биз дээ” хэмээн бодож амжив. Гэвч -За зүгээр дээ. Хурдан хэл. Чи намайг ямар хүн бэ гэдгийг сайн мэднэ. Сайн мэддэгээс чинь илүү тэвчээр, хатуужилтай болсоон гэж мэд гээд хэлчихэв. -Шаазгайтай хамт явж байсаан… “Юу…? яаж…? Найз минь, чи ямар бодлогогүй юм бэ? Ийм зүйлийг надад дуулгах шаардлагатай гэж үү?

Яагаад зарим зүйлийг тас нуугаад өнгөрөөчихөж болдоггүй юм бэ? Надад таатай мэдээ л биш бол заавал дуулгах албагүй шүү дээ” гэсэн бодол гол зураад, Буянааг цааш юу гэж ярьсныг анзаарч сонссон ч үгүй. “Яаж… яаж… яаж” хэмээн өчнөөн асуувч хариулт олдсонгүй. Үргэлж дэргэд минь бодитой мэт оршин байдаг өнөөх хий үзэгдэл ч үнэнээс хулчийгаад, хаа нэг тийшээ арилаад өгсөн бололтой. Биеийг минь хүчтэй сэгсрэхэд сая ухаан санаа минь эргэж ирэв бололтой, бодит байдлаа мэдэрч эхлэв. Буянаа аль хэдийнэ босоод ирчихсэн -Чи

зүгээр үү, миний яриаг сонсов уу гээд зогсож байлаа. -Өө, уучлаарай. Би сая хэсэгхэн зүүрмэглэчихжээ. Шаазгайтай хамт явж байсан гэнэ ээ? Тэгээд яасан… тэр хоёр сууж байгаа гэнэ үү? гэвэл Буянаа матрас ирмэгдэн сууснаа: -Өө чи юу ч сонсоогүй юм уу даа… за дахиад л ярихаас гэв. Энэ удаа би түүний үг бүрийг анхааралтай сонсохоор шийдэн өндийж, чихээ сортойлгон хүлээлээ. -Тэр хоёр хамт явж байна аа. Би ч маш их гайхсан. Намайг чи шулуухан зантайг мэднэ дээ. Шууд л асуучихсан. Тэгсэн чинь харин “Шаазгай намайг “Хүүхэд минь

зулбачихлаа. Туслаач” гэж дуудсан юм. Эмнэлэгт үзүүлчихээд гарч ирлээ. Хүүхдийнх нь аав гэж нэг юм миний хүүхэд биш гээд байгаа юм байх аа” гэдэг юм даа. Сэтгэл дотор дүүрэн харанхуйлчихсан байсан өтгөн хар манан багахаан сарниж эхлэв. -Шаазгайг таксинд суулгаж өгчихөөд бид хоёр манайх руу явлаа. Замдаа өчнөөн л юм ярилаа. Чамтай уулзах гэж ийшээ хэд хэдэн удаа ирсэн боловч чи хаалгаа тайлж өгөөгүй юм биш үү? Чамайг бас нэг залуутай болсныг чинь мэдэж байна лээ. -Юун залуу? -Мэдэхгүй ээ, чи надад ямар ярьсан биш. Түрүүн чи бараг тэднийхээс гарч ирсэн үү, үгүй юу? -Нэргүй юу? -Би яаж мэдэх юм бэ? -За тэгээд өөр юу гэж байна? -Чамтай эргэж нийлэх

бодолтой байсан ч өөр хүнтэй болсон бол зайгаа тавьж өгье л гэсэн юм ярьж байна лээ. -Сайхан шалтаг байна. -Юу гэсэн юм бэ? -Юу ч биш ээ. -Бухимдахгүй байхыг бодоход чи үнэхээр сэтгэл тэнүүн байгаа бололтой. Ийм байгааг чинь хараад найз нь ч бас баяртай байна. Чамайг яаж байгаа бол оо гэж үргэлж л санаа зовдог байлаа. Даанч чи утсаа ч авахгүй, хариу зурвас ч бичихгүй, ирэхээр хаалгаа ч тайлж өгөхгүй юм. Харин түрүүн инээд алдсаар гараад ирэхээр чинь сэтгэл ямар сайхан онгойв оо. Ингэхэд тэр сайн залуу юу? -Хэн? -Чиний нийлж байгаа залуу чинь…? Жаахан хүүхэд шиг харагдсан… биднээс

дүү юу? Гэр орноор нь орж гардаг, ээж энэ тэртэй нь сүрхий болчихсон байхыг бодоход та хоёр бараг нэг гэртээ орчихсон юм аа даа… -Ммм… тэгээд намайг өөр залуутай болчихсон болохоор танай найз Шаазгайтай суухаар шийдсэн гэнэ үү? -Үгүй ээ, яалаа гэж дээ. Шаазгай л “хүүхэд минь зулбачихлаа. Би айгаад байна” энэ тэр гээд дуудаж, эмнэлэг рүү хүргүүлсэн юм гэсэн. Эмнэлгээс гараад л салаад явсан. -Хүүхэд нь зулбачихаад байхад тэгээд эмчид үзүүлчихээд л салаад явчихаж байгаа юм уу? Яасан арилчихсан дотортой залуу вэ? -Хүүе, түүний хүүхэд биш шүү дээ. Өөр залуугийн хүүхэд… тэр муу хүүхэн л харин чамайг салгах гэж чамд түүний хүүхэд гэж ойлгуулсан юм шиг

байна. -за за, мөн байсан ч, биш байсан ч надад хамаагүй. -Тийм шүү дээ. Миний найз одоо элдэв юм бодож хямарч болохгүй. Өөрийгөө, хэвлий дэх үрээ л бод. Найз нь шал дэмий юм яриад хямраачихав уу даа. -Үгүй дээ, хаанаас. Би зүв зүгээр. Нойр хүрч байна. унтлаа. Сайхан амраарай гээд буруу харан хэвтвэл Буянаа хажууд минь хэсэг чимээгүй сууж байснаа босож, нөхрийнхөө өвөр лүү гулган оров. “Та хоёртой холбоотой мэдээ болгон яагаад дандаа муу байдаг юм бэ? Чи яагаад миний тухай нэг ч үнэн мэдээлэл олж сонсдоггүй юм бэ? Яагаад

сонссон бүхэндээ тэгтлээ итгээд байдаг юм бэ? Яагаад тийм өр нимгэн эр хүн атлаа зөвхөн надад л хатуурхаад байдаг юм бэ? Яагаад… яагаад… яагаад…?” гээд шил шилээ дарсан олон асуулт чээж даран хөндүүрлүүлж, тархи задалчих шахам шаналгана. Нулимс сул асгарах авч хоолой чийггүйтэн аргаж, зүрх шархиран ёолно. Хэнд ч мэдэгдэхгүйн тулд чимээгүй уйлж, гараа зөөлөн гулгуулсаар гэрийн халадаа олж аваад, түүгээр нусаа зөөлөн арчив. “Чи ерөөсөө л миний

дэргэд үлдэх нэгэн биш байсан юм байна. Чи бол миний эр хүн биш юм байна. Гэтэл би чамайг ирнэ ээ гэж хүлээсээр л байсан. Дахиж хүлээх хэрэггүй гэдгийг хожуухан ч гэсэн ухаарсандаа талархъя. Чиний амьдралд үлдэх хүн хэцүү байсан ч аргаа олоод л үлддэг. Чиний дэргэдээс холдох хүн жаргалтай байсан ч явах замаа олдог гэдэг байх аа. Чи явах замаа олжээ. Харин миний нулимс гишгэх замын чинь тоос буртагийг багахан ч болов сарниадаг бол би уйлж л

байя, чи яваад л бай” гэж түүнд хандан сэтгэл дотроо шивнээд тайвширах гэсэн боловч нулимс минь надад захирагдахгүй урссаар л байлаа. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *