Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “19-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “19-р хэсэг”

28 секунд уншина
0
0
314

ЕСДҮГЭЭР САР Саяхан л залхмаар олон адал явдлаар “буцалж” байсан амьдрал минь гэнэтхэн л анир гүмхэн болчихов. Хэдхэн сарын дотор амьдрал минь эрс өөрчлөөд зогсохгүй, миний сэтгэл зүрхэнд асар том

орон зай эзэлдэг байсан хүмүүс яг л ирсэн шигээ ар араасаа цувраад амьдралаас минь гараад явчихаж. Тэдэнгүйгээр амьдралаа төсөөлөхөд ч бэрх санагддаг байсан хэр нь би тэдэнгүйгээр амьдраад нэлээд

хугацааг өнгөрөөчихөж. Болж л байна. Уг нь би ийм л байхыг хүссэн. Эргээд харах нь ээ, би амьдралынхаа турш хүссэн хийгээд хүсээгүй олон зүйлээ орхиж гээсээр өнөөдөрт хүрч иржээ. Ер нь өөрт тусгүй гэж

бодсон зүйлээ амьдралаасаа хог л гаргаад шидчихдэг нь миний төрөлх зан чанар мэт санагддаг юм. Энэ л зарчмаараа олон ч хүнийг амьдралаасаа “гаргаж шидсэн” дээ. Тэгснийхээ төлөө хэзээ ч харамсан

гуниглаж байсангүй. Гэтэл өнгөрсөн наймхан сарын хугацаанд орхиж зүрхэлсэн зүйлс минь миний хувьд өнгөрсөн гуч гаруй жилийн турш “гаргаж шидсэн” зүйлсээс минь ч хэд дахин илүү мэт санагдах нь

хачирхалтай. Тэдний дунд магадгүй, сэтгэлд минь хамгаас үнэ цэнэтэй санагддаг хүмүүс байгаа учраас л тэгж их жин дараад байгаа юм болов уу. Төгөлдөр, Буянаа хоёр надад ямар ч гэм хийгээгүй боловч үнэн зүрхний хайртай түүнтэйгээ таарчихгүйн тулд тэднээс ч бас харьцаагаа тасалж, холбоо барихаа больсон минь зөв шийдвэр эсэхэд гэнэт л эргэлзэж эхлэв. Харин Нэргүй, тэр хоёроос харилцаагаа тасалсандаа өөрийгөө зуун хувь зөвтгөсөөр л байлаа. Гэтэл бас миний орхисон хийгээд намайг орхисон хүмүүс цөөдсөн мэт ажил хэргийн

амин чухал түнш болох Хадран захирал хүртэл тэдний хойноос сураггүй болчих гэж. Орчлонгийн түмэн бүдчээн дунд унаж тусч яваа хөөрхий бүсгүй миний сэтгэлд асар их горьдлого төрүүлэн байж ажлаа бүтээх шалтаг, шаардлага түүнд байсан юм гэж үү? “Хэрэв өгч чадахгүй л байсан юм бол надад тэгж ихийг амлаж шаардлага байгаагүй шүү дээ. Би танаас ерөөсөө ч зуун саяыг хүсээгүй. Арван сая, бүр таван сая байсан ч би баярлаад л авна. Хүнд үед минь тусалсан сэтгэлийн тань төлөө харин насан туршдаа талархаж явах байлаа. Харин одоо танаас авах албагүй ч өөрийн мэдэлгүй гомдоод байна.

Итгэл найдварын дөлөөр л дутагдаж байсан сэтгэлд минь тэгж хоосон гал дүрэлзүүлэх хэрэг байсан юм гэж үү? Яг яасан гэж намайг ингэж хуурч байгаа юм бэ?” гэсэн бодол байсхийгээд л зурсхийх авч “Угаасаа л бүтэхгүйг нь мэдэж байсан хэрнээ итгэсэн нь миний л буруу шүү дээ. Хүн хэзээ ч өрөөлийг өөр шигээ боддоггүй юм аа” гэж өөрийгөө тайвшируулах гэж хичээнэ. Гэвч сэтгэлийн гүнээс огшсон нэг тийм гашуун гомдол чээж зураад мөддөө мартагдахгүй зовооно. Тэр гомдлоо мартаж, тунирхуу бодлоо хамгийн амархан мартах аргаа би сайн мэднэ. Мөч бүрийд хажууд минь биегүйгээр оршин байдаг түүнтэйгээ үг сольж эхлэхэд л ямар ч мятаршгүй бодол салхинд хөөгдсөн үүл шиг

л сарниад алга болчихдог юм. Энэ удаа ч мөн “Ингэхэд хоёулаа хүүдээ ямар нэр өгөх вэ?” гэж амандаа бувтнасаар хажуу тийш харснаар Хадран захирлын талаарх бодлоо тархинаасаа “гаргаад шидчихэв”. Төсөөлөл дунд минь надаас ч бодитойгоор оршин байдаг хий үзэгдэлтэйгээ ярьсаар гадагш гарлаа. Байрны гаднах модон сандал дээр сууж, нар, үүлс, тэнгэрийг ширтэн хэсэг суув. Сэтгэл дээрээ “Амттай юм идмээр байна” гэж хэлэхэд хий үзэгдэл маань “тэгвэл дэлгүүр оръё” гээд намайг “хөтлөн алхлаа”. Байрны өргөтгөлд байрлах дэлгүүр лүү орвол нүдэнд харагдсан болгоноо л идмээр санагдав. Гэвч

төсөв минь хязгаартай тул хамгийн хямдхан зайрмаг, хорхой дарах төдий жижиг шоколад, хоёр ширхэг алим граммлуулж аваад тооцоогоо хийх гэтэл дансны үлдэгдэл хүрэлцсэнгүй. Дансаа шалгаж үзвэл шоколад, зайрмаг хоёр авах мөнгө л үлджээ. Худалдагч бүсгүй намайг зүс таних болсон тул: -Миний дүү, алимаа ч бас авч яваад дараа орж ирэхдээ мөнгийг нь өгчихгүй юү дээ гэсэн боловч би хэзээ мөнгөтэй болохоо баттай мэдэхгүй учир зээл хийж зүрхэлсэнгүй. Хувь заяатайгаа дуугүйхэн эвлэрээд “Маргааш мөнгө орж ирнэ. Тэгэхээр алим авч иднэ ээ” гэж хий үзэгдэл минь намайг аргадаж буйгаар

төсөөлөн бодоод гарч, орц руугаа алхав. Дасал болсон модон сандал дээрээ сууж, зайрмагаа таатай нь аргагүй долоож идчихээд гэр лүүгээ орохоор шийдэн бослоо. Гэрийнхээ хаалгыг түлхүүрдэж зогстол хажуу талын хаалга торхийтэл онгойж, Нэргүйн ээж гараад ирэх нь тэр. Түүний өмнө би ямар ч гэм хийгээгүй боловч халз тулгарахаас яагаад ч юм бэ, их эмээдэг болчихсон юм. Тэр л зангаараа хараагүй мэт дүр эсгээд хаалгаа бушуухан онгойлгоод орчих гэтэл түлхүүр гацаад эргэж өгсөнгүй. “Өө новш” хэмээн амандаа үглэж байтал тэр намайг харчихаад л эргээд орчихов. Арай гэж уужуу амьсгаа аваад түлхүүрээ

эргүүлтэл зүв зүгээр эргэж байх нь тэр. “Хммм, ёстой нээрээ” гэж үглээд хаалгаа том гэгч нь дэлгээд яг орох гэж байтал Нэргүйн ээж дахиад гараад ирэх нь тэр. Гэмтэн мэт ухасхийж ороод хаалгаа бушуухан татчихлаа. Уужуу амьсгаа ч авч чадаагүй байтал тэр хүрч ирээд хаалга тогшиж эхлэв. “Бас яах гэж байгаа юм болов оо? Эд нар ер нь намайг тайван байлгадаггүй юм бол оо?” хэмээн тээнэгэлзэж зогстол -Миний охион, хаалгаа түр онгойлго доо. Эгч нь хэл ам хийх гээгүй ээ гэх нь сонсогдов. Сүүлийн өгүүлбэрт нь бага зэрэг уужраад хаалгаа зөөлөн түлхвэл тэрбээр завсраар нь толгойгоо цухуйлган дохиж мэндлээд: -Миний охин бие нь гайгүй юу? хэмээн асуув. Би

түүнийг гэртээ оруулахгүй гэж бодож байсан боловч -Гайгүй ээ, та ор л доо гээд дотогш урьчихдаг юм байна. Тэрбээр гартаа тор дүүрэн юм барьсаар орж ирээд: -Үүнийг чамд… гээд над руу чиглүүлэх нь тэр. -Өө юу юм бэ? Яах гэж… хэмээн сандарвал -Зүгээр ээ, эгч нь өнөөдөр ажлаасаа ирэх замдаа чамд зориулж жаахан юм цуглуулсан юм гэхэд нь авахгүй хүлээлгээд байж чадсангүй. -Яах гэсэн юм бэ дээ… баярлалаа гэсээр аваад, ширээн дээр аваачиж тавиад -Та ийшээ суу л даа хэмээн ширээ рүү урив. Тэрбээр сандал дээр суугаад, эргэн тойрноо ажиж, наддаа л таарсан жижигхэн өрөөг минь сүрхий сонжиж харлаа. Цай аягалж өгөхөд минь их л хүндэтгэлтэй хоёр гардан аваад:

-Гэдэс чинь их томорчээ. Төрөх нэлээн дөхчихсөн биз? Өнөө маргаашгүй болчихож байна уу, үгүй юү хэмээн яриа өдөв. Би: -Арай болоогүй ээ… ирэх сард төрнө гээд цаашаа юу ярих учраа ололгүй, дуугаа хураалаа. -Бидэнд буруу зөрүү ойлголцож, сайндаж муудаж явсан үе бий. Миний охин жаахан түргэн зантай л даа. Гэвч хөрш зэргэлдээ амьдардаг улс байна даа, тэр бүхнээ мартаад мэндтэй устай явюу л гэж бодсон юм. -Тэгэлгүй яах вэ, би түүнд юм санаагүй ээ. -Санаагүй бол сайн байна. Чи ч төрөх дөхчихлөө. Анзаараад байх нь ээ, танайд хүн амьтан ирж байгаа ч харагдахгүй юм. Аав, ээж нь хөдөө

байдаг юм уу? -Үгүй ээ, би Асрамжийн газар өссөн юм… -Өө, уучлаарай. Эгч нь мэдсэнгүй ээ. -Зүгээр дээ. -Ах дүүс… -Тийм хүмүүс байхгүй ээ. -Эвий эвий… ийм амьтан руу учир зүггүй дайрч байдаг манай охин ч гэж… -Зүгээр дээ… намайг ямар мэдэх биш. -Төрөх дөхөж байгаа хүн хоол ундаа сайн хийж идэж, биеэ бодож байгаарай. Өвдөж эхэлбэл ганцаараа хүн их сандарна даа, яадаг юм билээ… Ерөөсөө миний дугаарыг тэмдэглээд ав. Өвдөөд эхэлбэл шөнө ч байсан хамаагүй залгаарай. Бид гурав чамайг эмнэлэгт хүргээд өгнө. Шөл ус ч зөөх хүнгүй л юм шиг байна. Санаа зовох хэрэггүй ээ, төрөхөд чинь бид тусална. Шөл ус ч дөхүүлээд өгнө. Хүн хүндээ л тустай, тулхтай

явах учиртай юм шүү дээ. Дэм дэмэндээ болно оо, миний хүү. -Баярлалаа танд. -Тэр торонд эгч нь жаахан шинэ мах, жимс, цагаан идээ хийчихсэн байгаа. Хөл хүнд хүн тэжээллэг юм идэж ууж байх хэрэгтэй шүү. -Баярлалаа, та ингэх хэрэггүй дээ. -Зүгээр ээ. Хүнс энэ тэр цуглуулах болбол намайг ч юм уу, Нэргүйг дуудаад дагуулаад явж байгаарай. Одоо хүнд юм өгөөд хэрэггүй шүү. -Зүгээр дээ. Би Нэргүйтэй огт… -Манай охин тэр үед буруугаар ойлгосон байна лээ. Нэргүй маань саяхнаас үе тэнгийнхнээ нэг хөөрхөн охиныг хөтлөөд гүйгээд байдаг болсон. Тэр охинтойгоо гадуур тэнээд гэрт үзэгдэх нь л ховор юм.

Гэхдээ гэртээ байвал чамайг гуйхад дургүйцэхгүй дээ. -Аан, Нэргүй маань найз бүсгүйтэй болоо юу? -Тэгсээн, хө. Даруухан хөөрхөн охин байна лээ. -За ашгүй ашгүй. -Харин тийм ээ. Үеийнхэн нь бүгд эхнэр, хүүхэдтэй болчихлоо шүү дээ. Одоо энэ охинтойгоо эвтэй байж байгаад бушуухан үр хүүхэдтэй болоод аваасай билээ. -Болох байлгүй. Хаалга тогших чимээнээр бид хоёр хоёулаа сэртгэсхийв. “Хэн байдаг билээ” гэсэн бодол тархи гашилгаж байх зуурт Нэргүйн ээж: -Хаалга тогшоод байна, тайлах уу хүүхээ? хэмээн болгоомжлонгуй шивнэв. -Аан, тийм байна гээд боссон боловч эргэлзэнгүй алхаж явтал тэрбээр

араас хүрч ирээд: -Нөгөө залуу чинь юм болов уу? Чи уулзахгүй нуугдаад байдаг байх аа. Эгч нь хэн бэ гэдгийг нь асуучих юм уу? хэмээн шивэгнэх нь тэр. Би ч үнэндээ үүнийг л хүсч байсан учир бушуухан толгой дохилоо. -Хэн бэ? -Ээж, Нэргүй байна аа. Бид хоёр хоёулаа тайвширах шиг болж, чээжээ даран уужуу амьсгаа аваад зэрэг шахам гүйж очоод хаалга тайлж өгөв. Нэргүй хаалган завсраар зориг муутайхан шагайснаа: -Ээж… хоолоо ид гэв. -Сайн уу, ор л доо. Эгч бид хоёр юм яриад л сууж байна гэвэл тэрбээр “болох юм уу” гэсэн аятай шал ширтэж зогссоноо зориг муутайхан урагш алхаад, босгоны дотор гишгэсэн боловч хаалгаа ч таталгүй, урагш ч гишгэлгүй зогсоод байв.

-Модон өмд өмсчихөө юү, чи. Наашаа орооч хэмээн ээжийгээ дуудахад юм бодоод гацчихсан байсан юм уу гэлтэй, давхийтэл цочоод гутлаа тайлж тавиад, ээжийнхээ дэргэд ирж цомцойтол явган суув. Би сандал авч өгөх зууртаа: -Танихгүй айлд анх удаа орж ирж байгаа аятай, бишүүрхээд байгаа юм уу хэмээн зэмлэвэл тэрбээр шилэн хүзүүгээ илэн, ичингүйрсээр сандал авч суулаа. Бид цайлах зууртаа ойр зуурын зүйлс ярилцаад, оройн хоолны дараа тэд манайд орж ирж хөзөр

тоглохоор тохироод гарлаа. Гараад удаагүй байтал Нэргүй дахин хаалга тогшиж, чанасан мах, өтгөн хар шөлний хамт авч ирж өгөв. Ийнхүү гэнэт хөндийрсөн бидний харилцаа гэнэт дахин сэргэх нь тэр ээ. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *