Home Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “18-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “18-р хэсэг”

22 second read
0
0
1,159

Хэрэгтэй үг гэдэг хэзээ нэгэн цагт хэргээ заавал гаргадаг юм билээ. Учир нь, түүнээс олон жилийн дараа захирлын минь хэлсэн тэр үг орой руу орсон юм. Тэгэхэд би 25 настай байлаа. Насанд хүрч, бие даан

амьдрах болсноор багын зан минь аяндаа л засарч эхэлсэн. Сурах хийгээд амьдрахын төлөө зүтгэж яваа надад хүн амьтантай хэрүүл, зодоон хийгээд явах зав ч гардаггүй байлаа. Гэвч сурсан занг сураар

боож болдоггүйчлэн шударга бус хийгээд дээрэнгүй зан, ёс бус үйлдлийн хажуугаар нүдээ аниад, амаа хамхиад өнгөрчихөж чаддаггүй минь хэвээрээ. Шууд барьж аваад зодчихгүй ч ширүүхэн

хэлээд, нам дарж байж санаа амардаг байв. Асрамжийн газарт байхаасаа л охидоос илүү хөвгүүдтэй нөхөрлөдөг байсан ч эр, эмийн ёсоор дотноссон нь тун ховор. Их сургуульд орсон жил нэгэн залуутай

танилцаж, хүнд дурлах мэдрэмжийг анх мэдэрсэн ч түүнтэйгээ дотносох эвээ олохгүй явсаар дөрвөн жилийг ардаа үдчихсэн юм. Их сургуулиа төгссөний дараах нэг жил ч мөн хөдөлмөрийн талбар дээр

байр сууриа олох гээд юун эр хүн бодох манатай л өнгөрсөн. Тэгтэл 23 насны минь төрсөн өдрөөр тэр надад сэтгэлээ илчилж, би ч уярч догдолсон сэтгэлээр шууд л зөвшөөрчихсөн юм. Бусад хосууд шиг өдөр бүр уулзаж нялуураад байдаггүй ч бидний харьцаанд өөлж гоочлох зүйл нэгээхэн ч байгаагүй. Миний хувьд өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд нойр хоолоо умартан зүтгэж байсан учир ажил маань ямагт нэгдүгээрт байдаг байлаа. Гэр бүлтэй болох тухай төлөвлөх нь байтугай бодож ч амжаагүй явлаа. Зорилгодоо хүрэхсэн гэсэн хүсэлдээ автаж, хэт улайрснаас үүдээд 25 насны төрсөн өдрөө ч мартчихсан байв. Найз залуу маань хэд хэдэн

удаа залгаж, хайрын үгтэй зурвас илгээжээ. Тэдгээрийн дунд “ширээ засаад хүлээж байгаагаа” сануулсан зурвас хэд хэд байв. Ханын цаг руу харвал 00 цаг өнгөрч байлаа. Түүн рүү залгасан боловч утсаа авсангүй, бодвол хүлээж цөхрөөд унтчихсан байлгүй. “Ажил ихтэй байсан учир утасныхаа дууг хаачихсан юм аа. Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Үргэлж санаа тавьдагт баярладаг шүү. Маргааш уулзъя. Чамдаа хайртай” гэсэн зурвас илгээгээд гар утсаа цүнхнийхээ мухар луу шидэхдээ хонхыг нь нээхээ ч мартсан байв. Гэрийнхээ босгоор алхмагцаа л ядарснаа мэдэрч, гутлаа тайлж шидчихээд орон дээрээ гэдрэг савж унаад, хувцсаа ч тайлалгүй, гүн нойронд автлаа. Маргааш өглөө нь найз залуугаас минь дахиад л баахан дуудлага, бөөн зурвас

ирсэн байхыг олж үзэв. Ямар ч үед надад хүндэтгэлтэй хандаж, хүсэл зорилгыг минь сонсож, үг, үйлдэл бүрийг минь дэмждэг, хатуухан ааштай миний өөдөөс хэзээ ч үг сөргөдөггүй тэр залуу миний дээрэнгүйдүүхэн занг улам дэврээдэг байсан ч байж мэдэх юм. Тэр намайг буруу зүйл хийхэд хэзээ ч зэмлэдэггүй бөгөөд яаж ийгээд л сайн талыг нь олж илрүүлээд, зөөлөн шогчлох маягаар шүүмжилдэг байв. Харин би түүнийг багахан алдаа гаргах төдийд уурсан хилэгнэж, огт байж боломгүй нүгэл үйлдчихсэн мэт сүржигнэдэг байлаа. Тэгэх бүрийд тэр өөдөөс минь гэмшингүй ширтэж, чимээгүй сонсоод, бухимдаад тайвширахгүй байгааг тайвшируулахын тулд үнэн

сэтгэлээсээ уучлалт гуйн аргаддаг байв. Би өөрийнхөө хүсэл зорилгыг л хүсэл зорилго гэж үзэхээс бус түүний хүсэл зорилгыг огт сонсож, сайшаан дэмжиж байгаагүйгээ би тэр үед огт анзаардаггүй байсан юм билээ. Олон ч удаа түүнийг үл тоомсорлож, миний төлөө гаргасан хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлсэн. Гэвч “эр хүн гэдэг эмэгтэй хүний араас гүйж л амьдрах ёстой” гэсэн хатуу үзлээрээ өөрийгөө хөнгөхөөн цагаатгачихдаг байлаа. Төрсөн өдрөөс хойш хоёр хоногийн дараа тэр ажил дээр минь ирж надад авсан бэлгээ гардуулж өгсөн юм. Гэвч би чухал уулзалтанд орохоор бэлтгэж байсан учир гоёмсог боодолтой бэлгийг нь шүүрэн авч, уруул дээр нь шовхийтэл үнсчихээд “баяртай”

ч гэлгүй эргэсэн. Өрөөндөө ормогцоо бэлгийг нь ширээн дээрээ шидчихээд, уулзалт руугаа яарсан. Уулзалт маань миний хүсч байсанчлан амжилттай болж, манай компани гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн хэрэгжүүлэгчээр ажиллах болсноор би уг төслийн удирдагчаар томилогдож, ажил ч ундарч эхэллээ. Цаг хугацаатай уралдаж гүйсээр өдөр хоногууд хэрхэн урсаж байгааг ч анзаарсангүй. Нэг л мэдэх нь ээ, хоёр сар өнгөрчихсөн байв. Хэрэгжүүлж буй төсөл маань ч овоо эмх цэгцэндээ орж, би ч уужуу амьсгалахтай боллоо. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд найз залуу маань ажил дээр хэд хэдэн удаа ирснийг бүүр түүрхэн санаж байв.

Ирэх бүрт нь ажил ихтэй байж таараад, хальт өдрийн хоол идсэн болоод ч юм уу, заримдаа бүр дөнгөж мэнд мэдээд л үүдэн дээрээс буцаасан санагдана. Тэр ажил дээр минь яг хэдэн удаа ирсэн хийгээд хамгийн сүүлд хэзээ уулзсанаа санахгүй байлаа. Түүнээс ирдэг дуудлага болоод зурвасууд ч сүүлийн үед огт үзэгдэхээ больсныг сая л анзаарав. Гар утсаа шалгахад сүүлийн нэг сар түүнээс нэг ч дуудлага, зурвас ирээгүй байв. Хачирхаж, гайхсан ч бага зэрэг тунирхсандаа ч тэр үү, эсвэл хэт бардамнаж омогшсондоо ч тэр үү, түүн рүү залгасангүй. Түүнийг өөрөө эхэлж залгана гэдэгт дэндүү итгэлтэй байсан учир дуудлага ирэхийг хүлээхээр шийдлээ. Дахин нэг сар өнгөрөхөд түүнээс нэг ч дуудлага ирсэнгүй. Амралтаа авч, түүнтэй

хамт гадаад руу аялахаар төлөвлөж байсан ч талаар болов. Би гэдэг хүн хий бардамнаж, түүнээс дуудлага хүлээж гэртээ хэвтсээр 21 хоногийг ямар ч үр дүнгүй өнгөрөөчих нь тэр. “Надад гомдсон юм болов уу, бүрмөсөн явчихсан юм болов уу?” гэж тээнэгэлзэн бодсон ч “Явбал явна л биз дээ… би ямар түүгээр дутах юм уу” гэж хийрхээд тэр чигт нь орхичихсон. Түүнтэй огт холбоогүй дахин гурван сар өнгөрсний дараа нэгэн үдэш ажлаасаа гарч яваад халамцуухан яваа түүнтэй санаандгүй таарчихав. Тэр намайг түрүүлж олж хараад: -Хөөе, завгүй бүсгүй түр хүлээж байна уу? хэмээн хашхирсаар хүрч ирлээ. Түүнтэй хамт яваа бололтой, нэгэн бүсгүй биднээс зайдуухан

зогсоод хүлээж байгаа харагдав. -За сайн уу? -Сайн сайн уу? -Сайн, сайн. Ажиллаад л байна уу? -Тийм ээ, ажиллаад л байна. -Харин би амьдраад л байна. -Амьд явааг чинь харж л байна. -Үхчихсэн юм болов уу гэж бодоод баярлаж байв уу? -Хаанаас даа… ёооё цаашаа гэм. Чамаас нуль архи сэнхийж байна. Чи чинь огт амсдаггүй биш бил үү? -Амсдаггүй нь ч юу юм бэ. Ихээр л уудаггүй байсан юм. Харин одоо бол архичин болсон шүү дээ. -Чам шиг залууд архи огт зохихгүй ээ. -Харин ч зохиж байна гээч. -Заза, юу сайхан дур сайхан. Гэнэт сураггүй болчихсон чинь архи гудраад яваа юм байна л даа. -Өө чи бас намайг сураггүй болсныг анзаарчихаа юу? -Тийм ээ, анзаарсан. -Би чамайг

ажлаасаа өөр зүйл анзаардаггүй л юм байх гэж бодож байлаа. -Хэрүүл хийх гээд байгаа юм уу, хаашаа юм бэ? Ингэхэд тэнд чамайг хүн хүлээгээд байгаа юм биш үү? Тэр өнөөх бүсгүй рүү хальт эргэж харснаа нүдээ сүүмийлгэн над руу ширтээд: -Тийм ээ, хүлээж л байг. Миний найз бүсгүй байгаа юм гэж палхийтэл хэлэх нь тэр. Хэдийгээр холбоо тасраад удсан ч бидний харьцаа дууссан гэж огт санаагүй явсан би энэ гэнэтийн мэдээнд эрхгүй цочирдов. Гэвч огт сандраагүй дүр эсгэн худал инээмхийлж -Өө бүр найз бүсгүйтэй болчихоо юу? Баяр хүргэе хэмээн хэгжүүрхлээ. -Баярлалаа гэснээ эргэж хараад -Хөөе, хүрээд ир хэмээн өнөөх бүсгүйгээ шүгэлдэн дуудах нь түүнээс огт

гардаггүй, хачин жигтэй үйлдэл байсанд би дахиад л гайхаж балмагдав. Бүсгүй өндөр өсгийт дээрээ тожигнон гүйсээр хүрч ирэхэд тэр мөрийг нь ороон тэвэрч, биеийг нь найгуулан түшиж зогсоод: -Танилц, миний найз бүсгүй Шүрээ… гэв. Би бүсгүйтэй гар барин танилцаад: -Нэлээн орой болчихож. Харихгүй бол горьгүй нь. Сайхан танилцлаа. Дараа тухтай уулзъя. Баяртай гэж худал дипломатч зан гаргаад тэднээс салав. Такси барихаар замын хажууд очиж зогсоод тэсгэлгүй эргэн харвал мөнөөх хоёр хүзүүгээрээ хэлхэлдээд, хөл дээрээ тогтож ядан найгасаар цааш алхаж явлаа. Залуу бараг бүх биеэрээ бүсгүйн мөрөн дээр тэгнэчихээд, хөлөө зөөж ядан алхах нь тунчиг

зовиуртай харагдана. Тэднийг өрөвдөхийн зэрэгцээ “Надаас салаад дээрдсэн юм огт алга. Гийгүүлсэн юм гэвэл архичин л болж” хэмээн зэвүүцэн бодож зогстол час улаан өнгөтэй машин өмнө минь ирж зогсов. Хаалгыг татаад суух гэж байтал бүсгүй хүний муухай хашхирах дуу гарав. Тэгтэл ч жолооч залуу хажуугаар харан өндөлзөөд -Хүүе, тэр бүсгүйг алах нь ээ хэмээн уулга алдав. -Юу, ямар бүсгүйг…? гэсээр эргэж харвал хуучин найз залуу маань дагуулж явсан бүсгүйгээ шилэн хүзүүн дээрээс үсдээд, нүцгэн шилбэ рүү нь өшиглөж байх нь тэр. Үргэлж хүлцэнгүй номхон, хүмүүжилтэй дуулгавартай байдаг түүнийг ийм үйлдэл хийж байгааг хараад би

нүдэндээ ч итгэж чадсангүй. Итгэж ядан харж зогстол тэр бүсгүйн нүүр лүү хүчтэй дэлсэж орхив. Бүсгүй муухай чарлан газар унахад залуу хүн харчих вий гэсэн мэт харц сэжлэн эргэн тойрноо ажсанаа: -Муу гичий минь, битгий муухай чарлаад хүний анхаарал татаад бай. Алив босоод ир, чи гэж бархираад үснээс нь гуд татан босголоо. Энэ мөчид миний тэвчээр алдагдаж, нэг гараараа барьж зогссон хаалгаа тасхийтэл хаагаад арагш эргэлээ. Жолооч залуу: -Хүүе, бүсгүй минь… тийшээ очоод дэмий байх аа. Цагдаа дуудчихаад эндээс бушуухан холдъё хэмээн хашхирсаар хоцорлоо. Намайг том том алхлан тэдэн рүү алхах хооронд залуу бүсгүйг хэд хэдэн удаа хүчтэй алгадаж амжив. Би ч дэргэд нь хүрмэгцээ л залуугийн гараас атгаж аваад:

-Эмэгтэй хүн зодохоосоо ичдэггүй мал вэ, чи хэмээн зандарлаа. Архиндаа аархсан тэрбээр над руу нүдээ жарталзуулан харснаа: -Чамд хамаагүй… эндээс зайл хэмээн хамраа сарталзуулав. Гараа угз татаад эргэхэд нь биеэ барьж дийлсэнгүй, мөрөн дээрээс нь атгаж аваад, нүүр лүү нь дэлсэж орхив. Хамраас нь бага зэрэг цус гарсанд тэрбээр алгаараа шудран муухай орилсноо -Надад гар хүрдэг хэн бэ, чи гээд гараа далайн дайрав. Эхний удаа би гараас нь бултаж амжсан ч хоёр дахь удаа дайрахад нь гэнэдээд үснээсээ зууруулчихав. Түүний гарыг тавиулахаар ноцолдохын зэрэгцээ эмзэг газрыг нь онилж байгаад хөлөө жийсэн боловч хүрсэнгүй. Тэгтэл ч тэр үснээс минь чангаар зулгаан, гэдийлгээд нуруу руу минь хүчтэй тийрч орхих нь тэр. Би ч

хамхуул шиг юм хийсээд л шороон зам дээр тэрий хадан унав. Ахар сүүлний дээхнэ талд маш хүчтэй өвдөж байсан ч хэзээний бууж өгдөггүй зангаараа хөмхий зуун босоод, шанаадах гэсэн боловч амжсангүй. Тэр бугуйн дээрээс минь чангаар атгаад -Би чамайг эндээс зайл гэж хэлсэн байх аа хэмээн орилоод хоёр гараараа хүчтэй түлхэх нь тэр. Энэ удаа ч мөн би шороотой хутгалдан уналаа. Суудлын ажил хийсээр байгаад хамаг бие минь сулбайчихсан юм уу гэлтэй, би гэдэг хүн түүний гарын аясаар “хийсээд” байгаадаа итгэж ядан, босохоор зүтгэж байтал тэр хүрч ирээд хэвлий рүү минь угсруулаад хоёр өшиглөлөө. Орь дуу тавин, элгээ тэврэн эвхрэлдэхдээ элдэв хараал урсган агсарч буй түүний хажуугаар хараа бэлчээхдээ найз залуугаа

огтхон ч хориглох шинжгүй зогсож байгаа өнөө бүсгүйг олж харав. -Шү… Шүрээ чи зам руу гүйгээд тусламж дуудаач гэж хүчээ шавхан хэлбэл тэрбээр: -Би… би… би чадахгүй гэх нь тэр. Хамгийн сүүлд тэр залуу муухай хараал урсгасаар гараа далайж байсан. Түүнээс хойшхи хэдэн хоромд чухам юу болсныг би огт санадаггүй юм. Ухаан ороход минь цагдаа нар ирчихсэн, өнөөх бүсгүйг байцаагаад зогсож байв. Босох гэтэл хамаг бие хүчтэй янгинаж өвдөөд, босож чадсангүй. Удалгүй Түргэн тусламжийнхан ирж, намайг дамнуурга дээр хэвтүүлэн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг хүрэх замд хамаг бие шархиран өвдөж байхад есөн жилийн өмнө захирал багшийн минь

хэлсэн үг толгойд харваж билээ. Зүүн гар бугуйгаараа хугарч, баруун өвдөгний зөөлөн эд гэмтсэн байв. Мөн таксины жолооч тусламж дуудсан байсан бөгөөд өнөөх бүсгүй найз залуугийнхаа эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай би тухайн хэргийг хариуцсан дэслэгчээс олж мэдэж билээ. Харин би түүний эсрэг гомдол гаргаж, зохих шийтгэлийг нь үүрүүлсэн. Гэвч гэмтсэн биеэ бүрэн эдгээхийн тулд хүнд юм өргөх, хөл болон гараа хүчтэй хөдөлгөх зэргийг хориглосон заалттайгаар

ажлаа ч хийж чадахгүй, бие даан амьдарч ч чадахгүй, гурван сарыг хүний асрамжинд өнгөрөөсөн юм. Түүнээс хойш би элдэв хэрүүл шуугианаас холуур зөрөхийг эрхэмлэдэг болсон бөгөөд дахиж хэнтэй ч гар зөрүүлээгүй. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…