Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “17-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “17-р хэсэг”

35 секунд уншина
0
0
259

Хадран захирлаас дуудлага, зурвас ч ирэлгүй арав гаруй хоночихов. Би ч “Бүтээгүй л байгаа юм байлгүй, их мөнгө яригдаж байгаа юм чинь ярьж байгаа шигээ ч амархан бүтчихгүй л дээ. Хугацаа шаардлагатай”

гэж өөрийгөө тайвшируулсаар л суулаа. Гэвч тэр нэгэн шөнө “Энэ ажил бүтэхгүй бол яана… бүтлээ гэхэд Хадран захирал шийдвэрээ гэнэт өөрчлөөд амлалтаасаа буцчихвал яах вэ… 100 сая гэдэг хүнд

өгөхөд бас л хайран мөнгө шүү дээ гэж хэлдэг нь ч үнэн шүү” гэсэн түгшүүр төрөөд, амар амгаландаа умбаж байсан сэтгэлийг минь сандаачиж орхих нь тэр. Эргэлзээт бодлоосоо болоод шөнөжин сэтгэл

тавгүйрхээд, унтаж ч чадсангүй. Хором мөч бүрийг тоолж, шанал хөрвөөсөөр өглөөтэй золголоо. Есөн цаг болов уу, үгүй юу л Хадран захирал руу залгав. Утас нь дуудаад байгаа ч хэрнээ хариу өгсөнгүй.

Хоёр угсруулан залгаад, ярьж чадаагүй учир гар утсаа хөнжил дээрээ шидчихээд өөрийгөө тайтгаруулах санаатай хөргөгч онгичихоор босов. Тэр өдрийн турш Хадран захирлаас дуудлага хүлээж, элдэв

бодолд ээрүүлсээр тавгүй өнжив. “За ингээд л утсаа авахаа больчихдог юм байна. Ингээд алга болчихвол би яах билээ… Ямар авлагатай биш, түүнтэй очиж уулзаад ч заргалдах арга үгүй шүү дээ… ер нь тийм үлгэр шиг зүйлд итгэдэг нь л буруу байж. Зүв зүгээр шахам сууж байхад тэнгэрээс гэнэт их мөнгө унаад ирдэггүй л байхгүй юу… чи ч мөн гэнэн байна даа… яасан хууртагдаж ханадаггүй хүн бэ” хэмээн өөрийгөө зэмлэн зүхэж эхэллээ. Гэвч “Хадран захирал надад яагаад худал хэлнэ гэж? Ядарч яваа хөөрхий бүсгүйг хуурч хоосон горьдлого төрүүлэх шалтгаан огт байхгүй шүү дээ. Тусалъя гэсэн сэтгэл байсан л болоод тийм зүйл ярьсан байж таарна” гэсэн гэгээн бодол зурсхийвч

“Бүх бичиг баримт, тайлан тооцоогоо цэгцлүүлж аваад л мөнгө дансанд ороод ирэхээр нь чамд өгөхөө больчихгүй юу даа. Хүний шунал гэдэг хэцүү шүү дээ” гэх хорон үгс дотроос хатгана. Ийнхүү бүтэн өдрийн турш тээнэгэлзээд “Ерөөсөө л энэ бүхэнд найдахаа больё. Өмнөх шигээ ажлаа хийгээд, мөнгөө хураадагаараа хураая. Хялбар олддог хоол хаана ч байдаггүйг би уг нь сайн мэднэ дээ” гэж өөртэйгээ зөвлөөд онлайн орчин дахь бүх зараа шинэчилж, ажил хэргийн түншүүдтэйгээ мэнд мэдэв. Богино хугацаанд аль болох их хэмжээний мөнгө хуримтлуулахын тулд юу хийж болох талаар бодож

суугаад, ширээгээ дэрлээд зүүрмэглэчихэж. Хаалга хүчтэй балбах дуунаар давхийн цочоод сэрчихэв. Өрөөг минь өтгөн харанхуй бүрхжээ. Гар утсаа тэмтэрч олоод цаг харвал 03 цаг 17 минут болж байлаа. “Хар шөнөөр хэн манайд ирдэг билээ” гэсэн бодолтой минь давхацаад: -Хөөе, хаалгаа нээ. Чамайг гэртээ байгаа гэдгийг мэдэж байна шүү гэх эмэгтэй хүний хэт дээрэнгүй дуу гарах нь тэр. Нэг л танил бус хоолой байсанд гайхаад, хаалгаа тайлах эсэхдээ эргэлзэн суутал: -Хөөе чи хаалгаа онгойлгооч ээ. Хөөе, Нэргүй тэнэг пацаан минь гараад ир дээ. Нөхөртөө хаягдсан хөгшин хүүхэн эргүүлж явахаасаа ичихгүй байна уу, чи? гэх нь сонсогдлоо. “Өө, эднийхэн

чинь ямар лайтай улс вэ” гэж аман дотроо үглэсээр хаалга руу алхаж явтал -Хөөе я… минь, чи хаалгаа онгойлго. Өөрөөсөө арван насаар дүү залуутай сүүлрэхээсээ ичээч ээ. Гэдсэн доторх хүүхэд чинь наад нүглийг чинь үүрнэ шүү хэмээн хашхирав. Сүүлчийн өгүүлбэрийг нь сонсмогцоо л дүрсхийтэл уур хүрээд, дээшээ нэг юм огшоод явчих нь тэр. Унтраалгаа тагхийтэл дарж, гэрлээ асаамагцаа нөгөө гараараа хаалганыхаа түгжээг мултлаад, уурандаа нэлээд хүчтэй түлхэж орхив. Нэргүйн эгч хаалганд тулаад зогсчихсон байсан бололтой -Ёооё, ёооё хүн цохичихлоо шүү дээ, ямар тэнэг авгай вэ? хэмээн уулга алдав. Хаалганы завсараар шагайн харвал духаа хоёр гараараа дараад сүр

бадруулан ёолж байлаа. -Яах гээд хар шөнөөр хаалга нүдээд, хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байгаа юм бэ, чи? Дуугүй байгаад байхаар энэ мууг яаж ч дээрэлхэж байсан болно гэж бодоод байна уу, үгүй юу? Битгий давраад байгаарай гэвэл өмнө нь нэг ч удаа үг сөргөж үзээгүй намайг ийм үг хэллээ гэж чихэндээ ч итгээгүй бололтой, нүдээ бүлтэлзүүлэн, амаа хий ангалзуулаад хэлэх үгээ олж ядав. -Зүв зүгээр байж байгаад элдвээр доромжлуулна, ээж аавдаа загнуулж байгаа аятай зандруулна. Одоо бүр гэртээ ч тайван амарч болохгүй болох нь ээ. -Чи… чи… -Чи яахаараа намайг чи гэдэг юм бэ? Чи надаас найман, есөн насаар дүү биз дээ? Ах захаа ч мэдэхгүй чам шиг амьтан намайг доромжлоод байж болно гэж санахгүй шүү. -Нэргүйг… Нэргүйг гэртээ

ирэхгүй болохоор нь танайд байгаа юм болов уу гэж бодоод л… -Манайх ямар гэрээсээ оргосон хүнийг орогнуулдаг оромж уу? Дүүг чинь гэртээ оруулах нь байтугай, утсаар ч ярилгүй хориод хонож байна. -Уучлаарай… би буруу ойлгоод… -Уучлаарайсаад байх юм байхгүй ээ. Хамрын дор ангархай гэгчээр санаан зоргоороо хүн доромжилж, шөнө дөлөөр хаалга нүдэхээ больчихоорой. -Та чинь одоо ямар аймаар ууртай юм бэ? -Ууртай, би маш их ууртай. Харин ч одоо тайван байна. Жинхэнээсээ уурлавал чамайг байтугай, байраар нь элэг, зүрхнийх нь байрыг солиод тавьчихна гэж мэд. -Гарч ирээд л “Нэргүй манайд байхгүй ээ” гээд хэлчихийн хооронд юун олон юм ярьдаг юм бэ? -Хаалга тайлахын хооронд чи харин яасан их

доромжилдог юм бэ? Дахиж манайхаас дүүгээ хайх хэрэггүй. Дахиж хаалга нүдвэл дух руу чинь биш нүд рүү чинь дэлсээд хаячихна шүү. Тэгтэл хажуу талын хаалга аажуухан онгойж, ээж нь гараад ирэв. -За шөнө дөлөөр коридорт хэл ам хийгээд, яагаад л байна даа, та нар? -Нэргүйг эднийд байна уу гэж асуух гэсэн биш энэ авгайд бариулах гэж байна, ээж минь. -Нэргүй наад айлд чинь байгаа юм бэ? -Алга аа, алга. -Тэгвэл гэртээ орооч дээ. Юундаа хэрүүл хийгээд зогсоод байгаа юм бэ? Нэргүйн эгч ээжийнхээ үгэнд ороод, хаалга руугаа эргэж алхав. Харин миний хэл ам хийх сонирхол жинхэнэ утгаараа оволзож байсан учир түүнийг гэр лүү нь шууд оруулчихаж түвдсэнгүй. -Хөөе, чи шөнө дөлөөр хаалга балбаж, элдвээр доромжилсныхоо төлөө

надаас уучлалт гуйхгүй юм уу? хэмээн хангиналаа. Бүсгүй “юу сонсчихов” гэсэн аятай огцом эргэн харснаа: -Юу…? гэж лавлан асуув. -Надаас уучлалт гуйчихаад гэртээ ор оо гэж байна. -Би яагаад танаас уучлалт гуйна гэж? -Шөнө дөлөөр нойрноос минь сэрээж, амар тайван байдал алдагдуулж, элдвээр доромжлох чинь одоо хэвийн үзэгдэл үү? -Дуугүй царайлаад байдаг байсан чинь бүүр амилсан шулам байсан юм биш үү? Одоо Нэргүйтэй харьцахаа больсон юм чинь яасан ч яадаг юм бэ гээд үнэн төрхөө гаргаж байна уу? -Тийм ээ, тэгж байна. Би тэгж хүн амьтнаар доромжлуулчихаад номхон дөлгөөн зогсоод байдаг хүн биш. -Ийм муухай ааштай байхад наад хэвлий дэх хүүхэд чинь… -Чи

миний хүүхдийн тухай нэг ч үг бүү дуугар. Бузар булай хэрүүлдээ битгий үрийг минь оролцуулаад бай. Дахиж хүүхдийн минь тухай нэг л үг хэлэх юм бол би биеэ барьж дийлэхгүй шүү. -Биеэ барьж дийлэхгүй гээд та одоо яах вэ? Намайг барьж авч зодох уу? -Зодож ч магад. Ямар нэгэн аргаар наад бузар амыг чинь хамхиулаад, зөвхөн уучлалт л гуйдаг болгочихно шүү. -өө за… тэгээд зодооч дээ. Бүсгүйн дургүй хүрэв бололтой, хөмхийгөө зуугаад эр хүн шиг таахалзан алхаад хүрч ирээд өмнө нь тулаад зогсчихов. Би ч уурандаа бачуурах гэж байсан учир гараа далайгаад цохиод авмаар л санагдаж байлаа. Тэгтэл ээж нь гүйж ирэн, охиноо арагш түлхээд: -Больж үз. Охин хүмүүс ийм муухай авир гаргах чинь яасан муухай юм бэ. Би

охиныхоо өмнөөс чамаас уучлалт гуйчихъя. Уучлаарай гэвэл охин нь -Та яагаад энэ муугаас уучлалт гуйдаг юм бэ? хэмээн агсрав. -Дуу чи… гэртээ ор… гэж ээж нь зандраад надад хандан -Уучлаарай… одоо орж тайван амар. Хөл хүнд үедээ хүн амьтантай хэл ам хийдэггүй юм. Бие чинь хямарчихна гэж санаа тавьсан янзтай учирлав. Би ч түүний үгэнд тайвшраад гэр лүүгээ эргэж орлоо. Гэвч гэнэт дүрэлзсэнээсээ болоод нойр хулжчих нь тэр. Идэх юм эргүүлж, гар утсаа маажиж хэсэг хэвтээд унтахыг хичээн нүдээ аних зуурт он жилийн тэртээх нэгэн дурсамж сэтгэлд тодорвой. ♥♥♥ Мэдээ орохдоо л Асрамжийн газар байсан учир захирал болоод багш нар, хамт амьдардаг нөхдөөс минь өөр ойр дотны хүн надад байхгүй. Бусад хүүхдийг эмээ, өвөө, ах

эгч, садангийн хүмүүс нь хааяахан эргэж ирэх ч намайг л хэн ч эргэж ирдэггүй байлаа. Би ч өөрийгөө энэ орчлон дээр орь ганцаараа хүн гэдгийг арван хэдхэн наснаасаа хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Ганцаараа байхын гуниг шаналанг мэдрэхийн хэрээр бүх зүйлээс өөрийгөө болоод ойр дотно хүмүүсээ өмгөөлөн хамгаалах сэтгэл улам ихээр дэвэрч өссөн юм болов уу. Хэн нэгэн үгээр болоод хүчээр түрэмгийлэх, өөрийг минь болоод асрамжийн газрынханыг дорд үзэхийг тэвчиж чаддаггүй байв. Тиймдээ арван хэдэн настайгаасаа л доромжилж басамжилсан үг хэлэх юм уу, дээрэлхэхийг санаархсан бүхэнтэй эр, эм гэлгүй гар зөрүүлдэг байлаа. Ам, нударга хоёрын аль нь ч зөрсөн өрсөлдөгчөө заавал дийлж байж салдаг зэвүүн амьтан

байв. Асрамжийн газар болоод сургуулийнхаа багш нарын чихийг мөн ч олон удаа халууцуулсан даа. Наймдугаар ангийн төгсөлтийн шалгалт болоход хэдхэн хоног дутуу байсан. Тэр нэгэн үдэш ангийнхантайгаа гадуур хэсэг тэнээд, нар шингэсэн хойно Асрамжийн газрынхаа хашааны хаалгаар орох гэж байтал “Хөөе, хүлээж байгаарай” гэх эрэгтэй хүний дуу гарсан юм. Гэрлэн дохионы бүүдгэр гэрэлд эргэн харвал өндөр нуруутай дунд зэргийн махлагдуухан ах гүйсээр ирж явав. Тэрбээр хүрч ирээд: -Сайн байна уу, миний дүү? хэмээн эелдгээр мэндлэв. -Сайн, сайн байна уу? Та ингэхэд хэн бэ? -Сайн сайн. Намайг Намнан гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? -Та миний

нэрээр яах нь вэ? -Би чиний нэрээ яавал л гэж дээ. Чи энэ Асрамжийн газрынх уу? -Тийм ээ, би танихгүй хүнд нэрээ хэлдэггүй ээ. -өө, ууртай хайрхан байх нь. Ингэж хэлээд шууд гараа сунган, задгай тавьсан үсний минь үзүүрээс атгаж илбэснээ: -Танилцъя л даа. Ах нь чамд сайхан амттай хоол авч өгч, кинотеатрт гоё гоё кино үзүүлж байя. Танай Асрамжийнхан бодвол хоол муутай л байдаг байлгүй гэх нь тэр. -Надад сайхан хоол, гоё кино хэрэггүй ээ гээд эргэтэл тэр бугуйн дээрээс минь чангаар атгаад өөр лүүгээ татан эргүүллээ. -Тавиач гэвэл -Эзэнгүй золбин юм байж яасан их зантай гичий вэ? гээд шилэн хүзүүн дээрээс минь атгаад авав. Би ч уураа барьж дийлсэнгүй, хөлөн

дээр нь гутлынхаа өсгийгөөр лавхан гишгээд, дуу алдаад атгалтаа сулруулахад нь гарыг нь мөрөн дээгүүрээ авч шидээд гэдэс рүү нь хүчтэй тийрч орхив. Элгээ тэврээд хашаа налан тогтоход нь үсдэж аваад, өвдгөөрөө хэд хэдэн удаа элгэдлээ. Уур хилэнгийн гал чээжин дотор минь маш хүчтэй дүрэлзэж байсан учир түүнийг шороон дээр унагаж, дээрээс нь мордож суугаад нүүр нүдгүй балбаж эхлэв. Өнөөх эр муухай орилж, гар, хөлөө савалзуулан эсэргүүцэж байгаад гэнэт дуу ч үгүй, хөдөлгөөн ч үгүй болчихов. Хамаг бие нь сулраад сулбайчихсан байлаа. Амьгүй юм шиг сулбайчихсан бие цохиод байх ямар ч урамгүй байсан учир босч, нүүр лүү нь ганц нулимчихаад

хашааны хаалгыг томоор дэлгэн ороод, хаахаа мартан гүйж одлоо. Маргааш нь хичээлээ тараад орж иртэл асрагч багш -Захирал чамайг дуудаж байна, шууд ороод ир гэчихээд захирлын өрөө рүү орчихов. Өрөөнийхөө хаалгаар шагайж, цүнхээ ор луугаа зүглүүлж шидчихээд захирлын өрөө рүү ортол Асрамжийн төвийн багш нар болон сургуулийн нийгмийн ажилтан бүгд цуглачихсан байлаа. Захирал багш намайг хармагцаа суудлаасаа өндийж, чээжээ урагш түрж зогсоод -Чи ер нь яасан болдоггүй хүүхэд вэ? Охин юм байж хөвгүүдээс илүү хэрэг тарьж, хэл ам таталж явах юм хэмээн хангинаж эхлэв. Буруугаа хүлээх янзтай хана налаад, шал ширтэн зогстол нийгмийн ажилтан над руу бүтэн биеэрээ эргэж -Яах вэ, яах вэ чамайг…

үеийнхэнтэйгээ зодолдож тэрсэлдээд, охидыг нь хэмхчиж, хөвгүүдийг нь цус нөжтэй нь холхичих гээд зовоогоод байдаг байсан. Одоо бүр томчуудтай зодолддог болчихож. Энэ жижигхэн биений хаанаас нь гардаг уур хилэн, хүч чадал байдаг байна аа. Чам шиг сурлагаараа тэргүүлдэг хүүхэд уг нь ухаантай л баймаар юм. Дан спортоор хичээллэдэг байсан бол яах вэ, танхай байж болно гэхсэн. Гэтэл чи чинь бүх хичээлдээ жигдхэн онц сурдаг, хөөрхөн бүжиглэчихдэг, үеийнхэн дундаа сор болсон охин шүү дээ. Онц сурдаг, урлагаар явдаг охид уг нь даруухан, томоотой байдаг сан даа гэж хашхичиж байснаа гэнэт захирал руу эргээд -Тийм ээ? хэмээн дэмжлэг хүссэн шинжтэй, намдуухан дуугаар хэлэв. Надад зодуулсан өнөөх залуу өглөөгүүр

Асрамжийн газар луу гүйж орж ирээд баахан сүржигнэж, эмчилгээний мөнгө нэхжээ. Түүгээр ч зогсохгүй, сургуулийн захирал дээр гүйж ороод “Тэр золбин амьтнаа сургуулиас нь гаргаад, хүүхдийн колони руу явуул” гэж асгарсан гэнэ. Би иймэрхүү асуудлаар олон удаа багш нараас зэм хүртэж байгаа учир цочирдохоо ч больжээ. Харин яг л урьдынхаараа өөрийгөө өмөөрч, багш нарынхаа өөдөөс үг сөргөв. Тэд ч урьдын л адил тал талаас загнан цамнаж байснаа сүүлдээ бүгд ядрав бололтой, суудалдаа эргэж суугаад уртаар санаа алдаж, толгойгоо түшин халаглаж, учирлан ятгаж байгаад тарцгаалаа. Захирал намайг өрөөндөө авч үлдээд: -Өнчин хүнд ноён олоон гэж дээрэлхэх хүн мундахгүй ээ. Гэвч тэр бүхэнтэй тэрсэлдэж тэмцээд байж болдоггүй юм, тэр тусмаа чи эмэгтэй хүүхэд шүү дээ. Ааг омгоо

багтааж ядсан зан эмэгтэй хүнд тун тохиромжгүй шүү. Одоохондоо чи үеийнхнээ дийлээд байгаа байж болно. Гэвч эр хүн гэдэг бол эр хүн. Үеийн хөвгүүд чинь өсч, бие нь чангарч байна. Нэг л өдөр чамайг барьж аваад тонгороод унагаачихна. Өчигдрийн тэр эр ч арчаагүй сулбагар амьтан байж. Хэрэв чангахан эр байсан бол чи түүнд юу ч болохгүй шүү дээ. Чи ямар мэргэжлийн тулаанч биш. Үзсэн хэдэн киноноосоо хэдэн юм сурчихаад, төрөлхөөс заяасан жаахан хүчин дээрээ л сагсуурч байгаа юм. Юм бүхнийг биеийн хүчээр шийдэж болохгүй ээ. Энэ бол хамгийн аюултай. Нэг бол биеэ гэмтээнэ, үгүй бол шоронгийн хадаас болно. Асрамжийнхан зэрлэг, шоронгийн л хадаас болдог гэдэг үгэнд чи их дургүй байх аа. Тэгж их дургүйцдэг хэрнээ

яагаад зэрлэг охидын жишээ болж Асрамжийн газрынхаа нэрийг муугаар гаргаад байгаа юм бэ? Чи зөндөө сайнаар гаргасаан, би тэрийг чинь үгүйсгэхгүй. Гэвч муугаар гаргах чинь сайнтай чинь бараг тэнцчих гээд байна. Одоо чи өсч явна. Удахгүй насанд хүрч биеэ дааж амьдарна. Тэр үед ч бас ингээд л бүгдтэй тэрсэлдээд, зодоон хийгээд явах уу? Эмэгтэй хүн, тэр дундаа хамаатан садангүй ганцаараа хүн нийгмийн дунд ороод их ганцаарддаг юм шүү. Тэр тусмаа эелдэг найрсаг, хүмүүстэй нийцтэй, хүлээцтэй байж хүмүүсийн сэтгэлийг

татдаг юм. Хүлцэнгүй номхон байлаа гээд нэг их буруудахгүй дээ. Хүчтэй байх харин их аюултай гэж хэлсэн нь урьд өмнө огт сонсож байгаагүй цоо шинэ зүйл байлаа. Өөрийгөө өмөөрч, бачуурталаа уурсч байсан би тэр үгийг ойлгож хүлээж аваагүй. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *