
Орос бизнесмэнтэй хамтран хэрэгжүүлэх нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, Монголд анхдагч болох цахим бизнесийн төслийг боловсруулж, гэрээ болоод шаардлагатай бичиг баримтуудыг
хэд хоногийн турш нойргүй суун бэлтгэж дуусгав. Хадран захирал руу залгаж “дуусчихлаа” гэвэл тэрбээр хэдхэн минутын дараа байрны минь гадаа давхиад ирэх нь тэр. Төсөл болоод бүрдүүлсэн материалаа
өгөхөд тэрбээр нэгбүрчлэн сүрхий хянаад: -Айхтар хийсэн байна шүү. Эхлэлийн үйл явц ямар үнэмшилтэй болоо вэ? Үнэхээр л ийм олон жил судалж, туршсаны үндсэн дээр нэвтрүүлж байгаа гэх нь зүйтэй
юм байна. Чи ч ухаантай бүсгүй юм аа. Намайг харахад бол ямар ч өнөө сэвгүй харагдаж байна. Цаад шалгалтынхан чинь харин чоно шүү дээ. Бичиг баримтан дээр но илрүүлчихгүй юм байгаа биз дээ?
гэв. -Тэр талаар санаа зовох хэрэггүй. Судалгаа, туршилт нь ийм үнэмшилтэй байхад тэд гүнзгийрүүлж шалгахгүй дээ. Шалгасан ч бичиг баримтан дээр ямар ч асуудал гарахгүй. Монголд л лав илрүүлж

чадахгүй. -Шалгалтыг л аргалчих төдий юм шүү дээ. -Үгүй дээ, би бүүр найдвартай юм хийсэн. Ийм материалаар та энэ хэмжээний хөрөнгө оруулалт татсан ч асуудалгүй шүү. -Чи яагаад ийм итгэлтэй байна. -Энэ тамга, тэмдэг, тоотууд нь бүгд бодит. Хуурамч юм нэг ч байхгүй. -Яаж? -Гадаадад ажиллаж байгаад ирсэн айхтар хакерчин нэг байна аа. Тэр нөхрийн эрдэм л их хэрэг боллоо. -За за. Дараа ахтайгаа танилцуулаарай. Шалгалт ороод ирэхэд айх аюулгүй болсон болохоор одоо би нөгөөдүүлтэйгээ ярина аа. Удлаа гэхэд чи долоо хоногийн дараа мөнгөө гар дээрээ тавьчихна. Утсаа чагнаад л хэвтэж бай. Элдэв
ажил хийж, өөрийгөө ядраах ч хэрэггүй. Байраа хайж байхгүй юу даа. -Тэгье ээ. Би ч бүүр сэтгэлдээ төсөөлөөд л байна л даа. Яаж тохижуулахаа хүртэл төлөвчихсөн. -Сайн байна. За ярья. Баяртай. Машинаас буугаад хаалга хаатал -Ингэхэд чамд мөнгө хэрэгтэй юу? Ахаасаа хэдэн төгрөг авч байх юм уу? -Хэрэггүй дээ. Түрээсээ төлчихсөн, хүнсээ базаачихсан болохоор одоохондоо мөнгөтэй байгаа. -За тэгвэл баяртай. Мөнгөний хэрэг гарвал ахдаа хэлээрэй. Мөнгөө автлаа хэрэглээний мөнгө зээлж болно шүү. -За ойлголоо. Баяртай. Том улаан жийп шурхийтэл давхиж одов. Харин би гэдэг мөрөөдөлдөө хөвсөн хүн худалдаж авах байр, тохижуулах тавилгуудаа сэтгэлдээ
зураглан харж аядуухан алхсаар гэртээ оров. Гэртээ орсон хойноо өнгөт мөрөөдөл дундаа жингүйдэн хөвж байгаад, гүн нойронд автсан байлаа. ♥♥♥ Хэдэн шөнө нойргүй хоносон алжаалаа бүрэн тайлаад, маргааш нь их үд өнгөрсөн хойно л сэрэв. Нүдээ нээмэгцээ заншил ёсоороо гар утсаа шалгавал “Тохироо амжилттай. Маргааш өглөө мөнгө манай данс руу орно” гэсэн зурвас Хадран захирлаас ирсэн байв. Бие, сэтгэл зэрэг хөнгөрөөд л ирлээ. “Ингээд л тэнгэрээс гэнэт их хэмжээний мөнгө унаад ирдэг гэж үү? Итгэмээргүй юм аа… Өчнөөн жил төчнөөн бэрхшээл давж зүтгэсний минь шагнал юм байлгүй дээ. Бурхан гэж үнэхээр байдаг л юм байна. Зүтгэж буй нэгнийгээ хардаг л
юм байна. Баярлалаа, тандаа. Би энэ мөнгийг ямар ч муу зүйлд зарцуулахгүй ээ. Өөрийнхөө болоод хүүгийнхээ, бас бус хүмүүсийн сайн сайханд л зориулах болно. Тэгээд дахиж хэзээ ч “би зовж байна, амьдрал яагаад ийм шударга бус юм бэ?” гэж гомдоллохгүй. Тэгж гомдоллож байсан хором мөчүүдийнхээ төлөө танаас уучлалт гуйж байна. Одоо огт өөрөөр амьдарна аа. Надаас урвасан, худал бүхний цаана нуугдаж бэргэсэн намайг олж харж чадаагүй, олж харахыг хүсээгүй, бүдэрч унахад минь татаж босгоогүй, бүр нэмж түлхсэн хүмүүст ганцаараа байсан ч эргээд босч чадна гэдгээ харуулна. Өнгөтэй явааг минь мэдээд өмөлзөөд гүйгээд ирэхийг нь ч мэдэж байна. Гэвч хэнийг нь ч хүлээж авахгүй дээ” хэмээн бодож, хараахан
гарт орж ирээгүй их хэмжээний мөнгөөрөө омогшин огшсоор байлаа. Өөрийгөө баярлуулахаар шийдэн амттай хоол ч захиалав. Хүргэлтээр ирсэн хоолоо идэх зууртаа байр хайв. Сэтгэлд нийцэх байр олдоогүй учир тавилгын цахим дэлгүүрүүдээр хэсч, өөрт таалагдсанаа сонгож, зураг, үнэ, захиалах дугаарыг нь хүртэл хадгалж авлаа. Хоёр өрөө байр худалдаж аваад ногоон болон цагаан өнгөөр тохижуулахаар шийдэв. “Шар өнгө мөнгө дууддаг гэсэн. Тэгэхээр алтан шаргал өнгөтэй машин авна аа” гэж өөртөө хэлээд интернэтээс мөрөөдлийнхөө машины зургийг ч хайж оллоо. “Яг ийм машин ч үнэтэй л юм байна л даа. Эхний удаа найман саяар л машин авахад болно. Ямар ч тохиолдолд эрсдэлээ бодоод жил тансаг амьдрах 10 сая төгрөг, бизнес эхлүүлэх 10
сая нийтдээ 20 сая төгрөгөө л заавал хадгалж үлддэг юм шү” гэж өөртөө сануулав. Захиалсан хоол ч амттай гэж жигтэйхэн. Төсөөлж буй мөрөөдөл минь урамтай гэдэг нь яриангүй. Хайр халамж, хань түшиг мөрөөссөн намайг зөөлөн “тэвэрч”, тав тухыг мэдрүүлдэг өнөө муу матрасан дээрээ дээш харан хэвтээд тогоо шиг томорсон гэдсээ илэнгээ “Миний хүү ээждээ бөөн аз дагуулж иржээ. Хоёулаа мөрөөдлийн юм шиг амьдарна аа” гэж хэвлий дэх үрдээ шивнэлээ. ♥♥♥ Наймдугаар сарын өдрүүд сэтгэлийн сэвшээ шиг зүсэр бороотой, ээжийн хайр шиг төөнөсөн шаргал нартай. Салшгүй сайхан мөрөөдөлд автсан миний сэтгэл ч намар шиг налгар, тал шиг тэнүүн. Гэгээн мөрөөдөл, гэрэлт дурсамжтайгаа ханьсаад ганцаардах гунирхах минь ч багасав. “Мөнгө хүнийг аз жаргалтай болгодог гэдэг нь үнэн
юм байна” гэж бодохын зэрэгцээ төсөөлөл бүхэнд минь нэг л зүйл салж өгөхгүй дагаад байгааг ч анзаарав. Тохилог сайхан байр, тансаг тавилга, унах машин, бизнес төлөвлөгөө… бодлоос минь хагацдаггүй тэр нэгэн зүйл энэ бүхэнд яаж ийгээд л ирж наалдчихаад байлаа. Ямар ч төлөвлөгөөг түүнгүйгээр төсөөлж чадахгүй байгаагаа ойлгов. Уг нь түүнийг хамж аваад л хаашаа ч хамаагүй шидчихмээр санж. Хачирхалтай нь, нэг л мэдэхэд тэр мөрөөдөл, төлөвлөгөөтэй минь хамт “амилаад”, бүр анхнаасаа л тэдний нэгэн хэсэг байсан мэт уусан нэгдчихсэн тэнгэрт дүүлж явна. Магадгүй, тэр л энэ бүхэнтэй хамт байгаад байгаа болохоор миний сэтгэл ер бусаар тайтгарч цэлмээд ч
байгаа ч мэдэх юм. “Хонгор оо, хоёулаа өнөөдөр компаниар орж хэдэн асуудал цэгцэлчихээд гэр лүүгээ явна шүү. Маргааш аялалд гарах гэж байгаа юм чинь эндэх ажлуудаа бүрэн цэгцэлчихээд явбал сэтгэл амар биз дээ” хэмээн дэргэд минь биегүйгээр оршин байгч түүндээ хандан, аман дотроо чангахан бувтчихаад хийх гэсэн зүйлээ хийж суухад нэг л урамтай. Хажуудаа байна аа гэж төсөөлөөгүй үед ч яг дэргэдээс ширтэж, хүзүүгээр тэврээд, духан дээр минь үнэрлэх шиг санагддаг тэр хий хоосон хэрнээ дэндүү амьд мэдрэмжинд бүр дасчихаж. Тиймээс ч өвдөж зовиурлахдаа, багахан гуниглахдаа түүнийхээ хий хоосон дүртэй ярьж сэтгэлээ амаржуулдаг болчихсон байлаа. Хэчнээн
хүсч мөрөөдөөд ч зүүдэнд минь огт орж ирдэггүй тэр минь яг ингээд л хором бүрт дэргэд минь байсаар байгаа мэт энэ мэдрэмж оюун санаанд минь дэндүү бодитоор дүрслэгддэг нь гайхамшиг гэлтэй. Нөгөөтэйгүүр, энэ мэдрэмж амьджих тусам би өөрөө өөрөөсөө айж эхэлсэн юм. “Ингээд л хэн нэгнийг дэргэдээ байгаа мэтээр төсөөлөөд, хий хоосон нэгэнтэй яриад байж болохгүй байх аа. Санааширч ганцаардсанаас үүдэлтэй энэ мэдрэмж бол аз жаргал биш, таашаал ч биш. Нэгэн төрлийн эмгэг байх шүү. Би энэ мэдрэмжинд дасч ээнэгшин, итгэж дэврээх тусмаа бие, сэтгэлийг минь эзэрхийлэхээр санаархаж буй энэ эмгэгийг тархах хүрээг тэлж байна гэсэн үг.
Тиймээс огтхон ч дэврээж болохгүй. Ингэж байгаад галзуурчихвал хүүг минь хэн асрах юм бэ. Одоо ерөөсөө төсөөлөхөө больё, бодохоо ч больё, ярихаа ч больё. Яг энэ мөчөөс эхлээд чиний тухай дахиж огт бодохгүй ээ” гэж өөртөө амлалт өгнө. Гэвч хэдхэн хормын дараа мөнөөх л шунал хүсэл, мөрөөдөл төсөөллөө амьжуулчихсан, тэвэрч энхрийлээд, эвийлж үнсээд, үг сольж эрхлээд сууж байх нь гачлантай. “Мөрөөдөл бүхэнд минь чи… Ингэхэд миний энэ хорвоогоос хамгийн ихээр хүсч байгаа зүйл зөвхөн чи юм гэж үү… Үгүй ээ, үгүй. Хүсэх зүйл надад дэндүү олон бий. Тэд бүгдээрээ надад чамаас хэд дахин илүү хэрэгтэй, шаардлагатай… Чи ер нь надад ямар хэрэгтэй гэж? Чи надад эд хөрөнгө, эрх мэдэл авч ирэх юм уу? Аль эсвэл амьдралынхаа турш
хүсч тэмүүлээд ч хүрч чадахгүй тэр их зол жаргалыг минь авч ирэх юм уу? Чи тэгж чадах уу? Чамайг тийм их аз жаргал, баяр баясал дагаж явдаг бил үү… тийм л дээ. Түүнтэй байхдаа би үргэлж жаргалтай байдаг байсан… үгүй ээ, тэр үе ард үлдсэн. Одоо түүнийг зөвхөн асуудал, бухимдал, атаархал, хорсол, өнөөх удган эмэгтэй л дагаж яваа. Түүнийг миний дэргэд хүрээд ирвэл тэд ч бас араас нь дагаад ирнэ. Тэгж ч өөртөө болон үрдээ аюул дуудахгүй шүү…” хэмээн өөртэйгээ ярьж суугаад ямар нэгэн зүйлд хатгуулсан мэт огло үсрэн
босов. “Өө, дахиад л өөртэйгээ яриад эхэллээ. Эргүү юм уу, чи” гэж өөрийгөө зэмлээд, юу ч бодохгүйн тулд толгойгоо хэдэнтээ шилгээж, биеэ тэнийлгэн суниагаад үзэж буй кино руугаа анхаарлаа хандуулав. Кинондоо овоо сатаарч, үйл явдалд нь уйлаад нулимс мэлтэлзэж суутал “Уяхан гэдэг нь… би ч бас чамайг дагаад уйлчих гээд байна шүү дээ. Алив, нулимсаа арчаарай… эвий эвий, нялх юм байгаа юм, нярай

биетэй юм байгаа юм” хэмээн өхөөрдөх түүний минь намуухан дуу чихний омог гижигдэн сонсогдвой. Ээ бурхан минь, тэр дахиад л “амилчихаад” надтай зэрэгцэн суугаад, хайр татам дөлгөөхөн нүдээрээ инээмсэглэн ширтэж байх нь тэр ээ. үргэлжлэл бий…