Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “15-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “15-р хэсэг”

44 секунд уншина
0
0
273

НАЙМДУГААР САР Нэргүйн ээж, эгч хоёр түүнийг алхам тутамд нь цагдаж, орох, гарахыг нь хянаад байдаг болчихов. Тэгэх тусам залуу хөвгүүний зөрүүд зан хөдлөөд “Би өөрийгөө өөрөө л мэднэ. Хэнтэй

уулзаж, хаана амьдрах, юу хийхийг минь хэн ч заахгүй” хэмээн гөжүүдлэх нь намайг өөрийгөө бүр ч ихээр буруутгаж, сэтгэлийн ачаагаа хүндрүүлэх шалтга болж байлаа. Эзгүй арал дээр орь ганцаар

орхигдсон мэт гэнэ гэнэтхэн хэмжээлшгүй ихээр ганихарч, хэн нэгний хань барааг өөрийн эрхгүй үгүйлнэ. Үнэн зүрхний угт инээмсэглэн суудаг түүнийгээ юү, эсвэл сэтгэлийн минь хөрш зэргэлдээ

ичингүйрэн эргэлддэг тэр нэгэн гэнэн хонгор хөвгүүнийг үү, чухам хэнийг нь ингэтлээ үгүйлэн гансараад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа. Сэтгэл өвдвөл хөнжилдөө шургаад ч юм уу, эсвэл шүршүүр

дор зогсоод уужиртал уйлчихна. Чээжин дотор бөглөрч таглараад байсан зүйлс тэрхүү ариун рашаанаар угаагдан гараад сэтгэл хэсэгтээ л хөнгөрнө. Бие өвдвөл өнөө муу матрасан дээрээ эвхрэлдэн хэвтээд

сайн сайхан зүйлс бодож, сатаарахыг хичээнэ. Заримдаа хүсч мөрөөдсөн зүйлдээ уусч шингээд өвдөлтөө мартана. Заримдаа өвдөж шархирсан бие минь өөрөө мэдээ алдаад, тэрхүү хэлгүй шаналлаас намайг чөлөөлнө. Шаналж буйгаа, өвдөж байгаагаа тэр хөвгүүнд харуулахгүйн тулд нуруу тэнэгэр, толгой гэдгэр алхаж, нулимсаа дотогш залгиад, хөмсөгөө зангидаж, харцаа хурцлан дуугүй зөрнө. Ганцхан түүнд ч биш дээ, ер таньж мэдэх, таарч мэндлэх хүн бүрт ийм хиймэл дүр эсгэдэг болчихов. Гэвч хүн гэдэг атаач амьтан өөрөөсөө илүү өрөөлийг ажиж сонждог зангаараа өгүүлшгүй аз жаргалтай явааг ч, хэлшгүй гуниг зүдгүүртэй байгааг ч хэдэн ч давхар зузаан

багийг нэвтлээд анзаарчихдаг л бололтой. Нэргүй ажил дээрээ байгаа үедээ бараг л минут тутамд залгаж, эсвэл зурвас илгээнэ. Түүний дууг сонсох, бичсэн үгийг нь уншихад сэтгэл сэргэж, уй гунигаасаа сатаардаг учир хариулахгүй байж эс зүрхэлнэ. Тэрбээр ажлаа тармагцаа ээж, эгчийгээ тандаж байгаад манайхаар зочилж, хэсэгхэн зуур хууч хөөрч байгаад гарна. Зарим шөнө найз нөхөдтэйгээ зугаалах нэрээр манайд хоноглох нь ч бий. Түүнтэй хамт байхдаа бүхнийг умартаад гагцхүү хань түшигтэй байх, инээн баясахын сайхныг л мэдэрч, олон асуудалд шаналж үрчийсэн сэтгэл минь бүрэн тэнийнэ. Хаалга гаднаас нь хаахын төдийд гэвч хэн нэгний зүйлийг хулгайлж хумслаад байгаа мэт тээртэй бодолтойгоо ханьсаж, чээж давчдан

хөндүүрлэнэ. Энэ бүхний хажуугаар өдрөөс өдөрт хумигдаж буй хөдөлмөр эрхлэх чадвар, мөнгө олох боломжийнхоо талаар өдөр, шөнөгүй бодож шанална. Сүүлийн саруудад тогтсон ажилгүй, ногдсон орлогогүй, гагцхүү тусламж гуйсан бүхэнд туслах замаар гэнэтийн орлого л олж байсан болохоор хурааж хуримтлуулах боломж үнэндээ хомс байлаа. Гэвч өөртэйгээ хамт өөр хүн тэжээх үүрэг хүлээж буйгаа ухамсарлан, үлдсэн богинохон хугацаанд бүх хүчээ дайчлаад хэдэн төгрөг хуримтлуулахад шамдахаар шийдэв. “Бүх цаг мөчийг хөдөлмөрлөхөд л зориулж, нэг удаа идэх хоолоо хоёр хувааж идээд ч хамаагүй мөнгө л хураая” гэж хатуу шийдсэн тэр өдрөөс хойш Нэргүйгээс ирсэн дуудлагыг ч авахаа больж, илгээсэн зурвасыг нь ч уншилгүй устгадаг болов. Ажил хийх, эмнэлэг орохоос өөр тохиолдолд

гэрээсээ ч гарахаа болив. Хааяахан гарахдаа хаалгаа зөөлхөн хааж, Нэргүйтэй нүүр тулчихгүйн тулд хана дагаж, нүүр буруулан, сэмээрхэн алхдаг болчихов. Цахим орчин дахь бүхий л сүлжээг ашиглан зар тавьж, танил түншүүддээ ч “ажил хайж байгаа шүү” гэж өдөр бүр шахам “шивнэдэг” боллоо. Ингэсний хүчинд ажил ч тасрахаа больж, ихэвчлэн хоногт 15-гаас дээш цагаар ажиллаж байв. Хэвлий дэх бяцхан үр минь ч ээждээ туслах гэсэн мэт элдэв ядрал зовиурал мэдрүүлгүй, тайван амгалан байдаг болчихов. Эсвэл ажилдаа хэт улайрсан би түүнийг ядрах хийгээд өлсөж байгаагаа илэрхийлж буйг нь анзаардаггүй ч байж мэдэх юм. Юутай ч сав л хийвэл өлсөж ундаасаад, зав л гарвал өвдөж хөндүүрлээд, эсвэл унтаж алжаагаад байдаг бие минь “зовлон тоочихоо” больжээ. Ганцаардаж гиюүрээд,

гуньж гутраад, зовиурлаж шархираад байдаг сэтгэл минь ч бас түүнийг дагаад “яргалж ямбалдаг зан”-гаа татчихаж. Шувуу болгонд үг дайгаад гэдэг шиг л уулзсан, холбогдсон хүн бүртээ “ажил захих” ч уруудаж доройтсоноо хэнд ч мэдэгдэхгүй гэсэндээ зовлон бэрхшээл тоочилгүй, үргэлж инээмсэглэж, цэх бардам алхдаг байлаа. Хагас жил гаруй завхарсан тайлан тооцоог нь гольдиролд нь оруулж өгсөнд талархсан эртний нэгэн түнш маань анх тохиролцсоноосоо хоёр дахин илүү хөлс өгч, урам зоригийг ихээр дэврээв. Миний хөл газраас хөндийрөн хөөрөх мэт баясаад -Баярлалаа танд. Тайлан тооцоогоо дандаа надаар хийлгэж байгаарай. Танилууд дунд чинь ч бас над шиг хүний хэрэгцээ гарвал холбоод өгөөрэй” гэсээр үүд рүү зүглэтэл -Түр хүлээзнээч. Эргээд суучих. Чамтай ярих нэг зүйл байна гэх нь тэр. “Ажлын санал л тавих нь дээ” гэж битүүхэн горьдоод, бушуухан л

эргээд суучихлаа. -Чи бид хоёр дандаа л ажил ярьдаг хүмүүс. Ажлаас өөрөөр ямар дотносож нөхөрлөсөн ч биш дээ, аргагүй биз. Гэхдээ чи хэлээгүй ч би нэг зүйлийг анзаараад л байгаа юм гэж шулуухан хэлэхэд нь “За юу байдаг билээ, арай хүүхдийг минь аавгүй юу энэ тэр гэсэн элэрсэн баларсан юм асуух гэж байгаа юм биш биз дээ?” гэсэн хар төрөөд явчихав. Гэтэл тэрбээр над руу нэг сандал ахиж суугаад: -Анх над руу “Ажил байна уу. Би давхар болохоор гэрээрээ ажиллаж байгаа шүү” гэж ярихад чинь л анзаарсан юм аа. Гэвч чамайг ам нээхгүй болохоор асууж зүрхлэхгүй байлаа. Миний дүү ахдаа илэн далангүй сайхан ярь. Би дөрвөн охинтой, эхнэр, ээжтэйгээ нийлээд

зургаан бүсгүй хүний дунд амьдардаг хүн. Бүсгүй хүний зовлонг бүрэн биш ч дундуурхан ойлгоно шүү. Том охин минь л гэхэд чамаас тавхан насаар дүү. Их сургуулиа төгсөөд л жигүүрээ дэлгээд нисчих юм байх гэж бодсон чинь өнөө хэр нь амьдрал нь жигдэрч өгөхгүй, үүрэндээ эргэлдэж, хөгшин бид хоёрын аяыг харсаар л сууна. Дээрээсээ хоёр дахь нь харин овоо дориун. Эрхэлсэн ажилтай, түшсэн ханьтай, төрүүлсэн үртэй болоод тусдаа аж төрж байна. Гурав дахь бас иймэрхүү л байдлаар өөдрөг сайхан амьдарч байсан юм. Гэвч хоёр жилийн өмнө нэг компани байгуулж, бизнес эрхэлдэг хүн болж томроод өдөр шөнөгүй зүтгэж эхэлсэн. Надад ч, ээждээ ч, эгч нартаа ч

юу ч хэлэхгүй яваад байхаар нь болоод л байгаа юм байх гэж бодож байлаа. Гэтэл ингээд баахан тайлан хоцроогоод, төлөх ёстой зайлшгүй зүйлсээс зугтаагаад, төрд баахан өртэй болчихсон сууж байдаг байна шүү. Сая чамаар цэгцлүүлсэн эмх замбараагүй материал чинь тэр нөхрийн хийсэн хэрэг шүү дээ… гээд үл мэдэг мушийлаа. Тэгснээ намайг ам ч нээж амжаагүй байтал яриагаа үргэлжлүүлж: -Отгон охин маань гэж нөхөрт ч гарахгүй, ажил ч хийхгүй нэг хүн гарах шинжтэй. Хоёр ч сургууль сольчихлоо. Хоёр, гурван ч залуу дагуулж ирээд буцаалаа… гээд хөнгөхөн санаа алдав. Их ярьсандаа ам нь ангасан ч юм уу, хувийн амьдралаа хэт дэлгэсэндээ тавгүйрхсэндээ ч тэр үү, ширээн дээр байсан шилэн аягыг шүүрч аваад, дундуур татсан

кофийг нь үг хэлэхийн завдалгүй залгилж орхих нь тэр. Уг нь би энэ кофийг ууж байгаад, дуусгалгүй орхичихсон юм. -Би яах гэж энэ бүхнийг ийм дэлгэрэнгүй яриад байна вэ гэвэл би бүсгүй хүнийг үггүйгээр ч ойлгоно оо гэдгээ л учирлаж байгаа юм. Утсаар ярихад хоолойны чинь өнгө сул дорой байгааг, уулзаад ярихад өөдөөс инээж байвч харц чинь гунигтай байгааг ах нь анзаараад л байсаан. Хүнд хэлж болшгүй гуниг, бэрхшээл байж болно оо. Түүнийгээ заавал дэлгэж ярь гэж би чамайг албадахгүй. Харин чамд тусламж хэрэгтэй байгааг л маш сайн мэдэж байна. Тиймээс чамд тусалъя гэж бодсон юм гэснээ -Ингэхэд чи хэдэн сард төрөх юм бэ? гэж гэнэт асуув. Эцэг хүний сэтгэл дэвсэн халамжилж буйд нь баярлавч “үүнийхээ хариуд тэр надаас юу хүсэх юм бол…” хэмээн хаширлаж суусан би энэхүү

гэнэтийн асуудалд хэт балмагдаад -Есдүгээр сард… гэж гэнэгүй худал залснаа -Үгүй ээ, аравдугаар сарын сүүлчээр… хэмээн даруйхан залрууллаа. -Тэгэхээр одоо чамд ажил хийх хоёр сар л үлдсэн гэсэн үг. Энэ хугацаанд чи хэдий хэр мөнгө цуглуулж чадах вэ? -Энэ эрчээрээ ажиллаад байвал сардаа зургаа, долоон зуун мянган төгрөг цааш нь хийгээд байж чадахаар л юм шиг байна. -Улсаас тэтгэмж авч чадах уу? -Үгүй ээ, ажлаасаа гэнэт гараад нийгмийн даатгалаа тасалдуулчихсан. -Одоо чи хэдэн төгрөг хуримтлуулаад байна? -Шалихгүй ээ, сая ч ажлаасаа гараад, дээрээс нь жирэмсний синдром гэдэг нь болсон уу, унтаж идсээр, түрээс, хоол хүнс гэсээр юу ч хуримтлуулж чадалгүй хэдэн сарыг хий дэмий үрчихлээ. Яг үнэнийг хэлэхэд, сая танаас авсан

мөнгө л миний анхны хуримтлал болж байна даа. -За, дахиад үлдсэн хоёр сардаа хуримтлуулахаа нэмвэл 1,6 сая. Ийм мөнгөөр чи хэдэн сар амьдарч чадах вэ? -Хоёр сар. Дийлэнх нь байрны түрээсэнд явчихна л даа. Түрээс төлдөггүй бол ийм мөнгөөр би 4 сар ч амьдарчихна. -Гэхдээ нэлээн чардайж байж хүргэнэ шүү. -Тийм ээ. Гэхдээ төрснийхөө дараа хоёр сар гамаа барьчихвал энэ мэтчилэн гэрээсээ ажиллаад… -Түрээсийн байранд… ажилгүй… тэгээд нялх хүүхэдтэй… Бодит байдал санасанаас чинь хэд дахин хүнд шүү. Ажил олдохгүй бол яана? -Яаж ч ховордсон сардаа хоёр тайлан гаргаад байх л гэж бодож байна. Бүр боломгүй бол бичиг хэрэг эмхэлнэ, албан бичиг бичнэ. Байгууллагын бичиг баримт бүрдүүлнэ. Онлайнаар хичээл ч болов заана. Бодсон юм бий. -Чи чадвартай, авьяастай, хөрвөх чадвар сайтай шинэ үеийн

боловсон хүчин. Хийж чаддаг зүйл олон болохоор өөртөө итгэлтэй байх чинь зөв. Гэвч эрсдэл гэдэг зүйл хэлж ирдэггүй, гэнэт гарч ирдэг юм. Бүхнийг чаддаг байгаад ч нэмэргүй, арван төгрөг ч олдохгүй үе амьдралд тохиодог юм шүү. -Тийм үеийг би туулсаан. Дахиад тийм зүйлтэй нүүр тулгарах вий гэж бодохоос ч айж байна. -Ах нь чамд тусална аа. Тулгарч байгаа асуудлыг чинь хоёулаа хамтраад шийдье. Чи мөнгөтэй ч болно, байртай ч болно. Ямар ч байсан хүүхдээ ой хүртэл санаа зовохооргүй сайхан амьдарна. Харин энэ бүхэн чи бид хоёрын нууц болж үлдэх ёстой шүү. Чи амьдралаа эрс өөрчлөхийн төлөө зоригтой алхам хийж чадна биз дээ? Тэрбээр асуултынхаа хариултыг хүлээх зууртаа босч, өөртөө кофе аягалан найруулаад, бага багаар тамшаалан ууж эхлэв. Харин би түүнд хариулт хэлэхийн оронд

“Мөнгөтэй, бүүр байртай болох ч сайхан л сонсогдож байна. Гэвч ийм их үнэлгээтэй ямар ажил байдаг юм билээ…? Тэр надаар юу хийлгэх гэсэн юм бол…? Ингэхэд ямар зорилгоор надад туслахаар шийдэв…?” гэх мэтчилэн ээдэрсэн олон асуулт өөртөө тавьж, тэдэн дундаа төөрчихөөд сууж байлаа. Тэрбээр хариулт хүлээж залхав уу, эсвэл намайг шийдвэр гаргахад минь туслахаар шийдэв үү -Би чамд 100 саяыг бэлнээр өгье гэх нь тэр. Ийм их мөнгөний тоо сонсоно чинээ төсөөлөө ч үгүй суусан би толгойгоо огцом өргөж, биеэ түүн рүү хагас эргүүлээд түүний нүд рүү эгцлэн “үнэн үү” гэж харцаараа лавлав. Тэр нүдээ огт цавчилгүй, өөдөөс минь цоо ширтэх нь “эргэлзээгүй үнэн” гэж байгаа мэт санагдлаа. -Яаж… яаж би тийм их мөнгө олох юм бэ? -Яаж олох аргыг чинь би чамд заагаад өгнө. Түүнд санаа зовох

шаардлагагүй. Харин тэр мөнгийг хэрхэн үрэх тухайгаа л бод. Хотын төвд байрлал сайтай, тухтай сайхан байр худалдаж ав. Түүнийгээ сайхан тохижуул. Жил хэрэглэх хэрэглээнийхээ мөнгийг хадгал. Хоёр өрөө байр авч, тансаг тохижууллаа гэж бодоход 70 сая. Чиний хувьд бол элбэг дэлбэг амьдраад л жилийн хэрэглээ 12 сая. Цаана нь хэд үлдэж байна? 18 сая. Нэг машин авч унаад, үлдсэнээр нь хэр хэмжээндээ таарсан хөөрхөн жижиг бизнес эхлүүлчихгүй юу даа. Ингээд л бүх асуудал чинь шийдэгдчихлээ. Яаж мөнгө олох вэ гэж дахин шаналж нойргүй хонохгүй. Гэхдээ … гэхдээ чи шуналтай эмэгтэй байж болох юм, тийм үү? Эмэгтэй хүн бүр л хэр хэмжээндээ шуналтай байдаг л даа. Хэр хэмжээндээ шуналтай эмэгтэй бол ингээд л сэтгэл нь ханачихна. Энэ боломжоо улам өргөжүүлээд, олсноо

үржүүлээд явчихна. Шуналтай эмэгтэй бол яг энэ аргаараа дахиад 100 сая, дахиад 100 сая, магадгүй тэрбумыг олохыг санаархана. Хэрэв хүсвэл дараагийн удаа дахиад 100 саяыг олох боломжийг би чамд олгож болно. Харин түүнээс илүүг бол амлаж чадахгүй. Юм бүхэн хязгаартай шүү дээ. Миний боломж ч бас хязгаартай. Болж байна уу? -Сайхан л сонсогдож байна. Гэхдээ чухам яаж…? -Яаж гэж битгий асуу. Би юу хийх вэ гэж асуувал… илүү тохирно. -Тийм ээ, би ийм их мөнгийг олохын тулд юу хийх вэ? Тэгээд бас хэдий хугацаанд…? -Удлаа гэхэд л 14 хоногийн дараа… -Хөөх, яаж…? Үгүй ээ, тийм хурдан уу? -Тийм ээ. Чи энэ ажлыг хиймээр байна уу? -Тийм ээ… гэхдээ юу хийхээс нь шалтгаална аа. Би чадах юм болов уу? -Би чадах хүнд л санал тавина шүү дээ. -За болзлыг нь сонсъё. -Болзол биш шүү… Ажлын нөхцөл… -Тийм ээ, ажлын нөхцөл… уучлаарай. -Уучлалт гуйх

хэрэггүй… чи үүнээс хойш хэнээс ч уучлалт гуйх хэрэггүй. Хүмүүс мөнгөгүй, эрх мэдэлгүй үедээ л тааралдсан хүн бүрээс уучлалт гуйдаг юм. Магадгүй, мөнгөгүй, эрх мэдэлгүй байгаа нь түүний буруу мэт санагддаг байх л даа. Харин мөнгөтэй хүний амнаас “уучлаарай” гэсэн үг гарах нь тун ховор. Яагаад гэвэл, мөнгийг дагаж эрх мэдэл, сүр хүч ирдэг юм. -Тэр ч үнэн шүү. -За тэгэхээр шууд ажил хэрэгтээ оръё. Чи намайг гадаад, дотоодын олон найз нөхөд, ажил хэргийн түншүүдийг гадарлах байх, тийм үү? -Тийм ээ, гадаадад сурч, олон жил амьдраад ирснийг тань мэднэ. Танай компанийн дийлэнх түнш гадаадууд гэдгийг ч гадарлана. -Хоёулаа тэдний мөнгийг эргэлдүүлнэ ээ. Гэхдээ ямар ч бүтээн байгуулалт хийхгүй, бизнес ч эхлүүлэхгүй. Бэлэн мөнгө л эргэлдүүлнэ. -Банк… үгүй ээ, зээлийн үйлчилгээ юу? -Наадах чинь

хэтэрхий өчүүхэн сонсогдож байна? -Тэгээд юу? -Хамгийн богино хугацаанд хамгийн их мөнгө олж болдог ямар, ямар аргууд байдгийг мэдэх үү? -Хүний наймаа, хар тамхи, мөрийтэй тоглоом… -Өөр? -Хулгай, дээрэм… мөнгө угаалт. Гэхдээ энэ бүгд чинь хууль бус шүү дээ. -Хуулийг чандлан сахиж байгаад баяжсан хүнийг чи хэдийг нэрлэж чадах юм? -Мэдэхгүй, гэхдээ арай ч бүгд хууль бусаар баяжаагүй байх аа. -Дийлэнх нь хууль бусаар шүү дээ… Долоон тэрбум хүний талаас илүү хувь нь хууль зөрчиж, сайхан амьдралд хүрч байгаа шүү. Хууль зөрчихгүй бол сайхан амьдралд хүрч чадахгүй, хүрлээ ч маш их цаг хугацааг зарцуулах болно. Магадгүй, сайхан амьдрал гэдэг зүйл хэзээ ч хүршгүй мөрөөдөл чигээрээ л үлдэнэ. Тиймээс л хүсч тэмүүлж байгаа зүйлдээ хурдан хүрэхийн тулд хамгийн богино хугацаанд

хамгийн их мөнгө олж болдог дээрх аргуудыг хүн төрөлхтөн бодож олсон байна шүү дээ. -Хэн нэгнийг хохироож олсон мөнгө өнөөдөртөө хоол болж чадлаа ч маргааш нь эзнээ ангал руу чангаадаг л байх гэж боддог. -Чи бид хоёр хэнийг ч хохироохгүй ээ. -Хууль бус зүйл хийж байгаа үед хэнийг ч хохироохгүй байх тохиолдол байдаг юм уу? -Байна аа. -Сонсъё. -Чи хийхээр шийдэв үү? Эсвэл сонирхож байна уу? -Хэнийг ч хохироохгүй нь үнэн юм бол хийе л дээ. -Мэдээж юм бүхэн эрсдэл дагуулж байдаг. Энэ бол чи бид хоёрт л эрсдэл дагуулахаас өөр хэнд ч аюул учруулахгүй. Гэхдээ үүнийг чи бид хоёр ямар ч эрсдэлгүйгээр хийж чадна аа. -Болж байна аа. 100 саяар би насан туршийн амьдралаа босгоно. Таны хэлдэгээр яаж мөнгө олох вэ гэж

дахин хэзээ ч шаналахгүй болно. Ганцхан үсрээд голын цаана гарчих байтал усанд уначих вий гэж айсаар байгаад юу ч үгүй хоосон эрэг дээр насыг барчихвал харамсалтай биз дээ? -Чи одоо хоосон эрэг дээр зогсож байна. Нөгөө эрэг дээр харин сайхан байшин, машин, эд хөрөнгө, эрх мэдэл, юм бүхэн байна. Чи зориглоод үсрэх юм байна. Хэрэв усанд уначихвал яах вэ? -Сэлнэ. Сэлж чадахгүй ч самардаад л зүтгэнэ шүү дээ. -Яг зөв. Мөнгөтэй болох анхны алхмаа хийцгээе. Хоёулаа энэ тухай энд ярьж болохгүй ээ, гаръя. Гэр лүү чинь хүргэж өгөх замдаа ярья. Гэхдээ хоёулаа усанд унахгүй ээ. Ганцхан үсрээд л нөгөө эрэг дээр гарчихна. Тэгэхийн тулд л хамтарч байгаа юм шүү дээ. Унасан ч хамаагүй гэж бодсон бол би ганцаараа л хийнэ шүү дээ. 100

сая гэдэг бусдад өгөхөд бас л хайран мөнгө шүү дээ. Тэр ингэж хэлээд гадуур хүрмээ шүүрч аваад, хаалга руу зүглэлээ. Би ч түүнийг дагаад л гарав. Чухам ямар аргаар баяжих гэж байгаагаа, энэ нь ямар эрсдэл дагуулахыг мэдэхгүй ч би түүний хэлсэнчлэн мөнгөө хэрхэн үрэхээ сэтгэл дотроо төсөөлөөд эхэлчихсэн байлаа. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *