Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “14-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “14-р хэсэг”

40 секунд уншина
0
0
387

Нэргүй бид хоёр хамгийн утга учиргүй зүйлсийн талаар ч мөддөө дуусашгүй яриа өрнүүлж, өөрсдийгөө хөгжөөж чаддаг байлаа. Энэ удаа ч мөн энгийн нэгэн хошигнолоос эхэлсэн яриа маань урлаг,

улстөр, нийгмийн амьдрал руу хальж дэвэрсээр таван цаг гаруй үргэлжлэв. -Хүн жинхэнээсээ дурлахаараа сохор болчихдог гэсэн үнэн үү? гэсэн асуултаар тэр ярианы сэдвийг хайр дурлал руу шилжүүллээ.

-Тийм ээ, үнэн. Үнэхээр сохорчихдог юм. -Та тэгж дурлаж үзсэн үү? -Тийм ээ. -Ярьж өгч болох уу? Тэр ингэж асууснаа буруу зүйл хийчихсэн хүүхэд аятай шилэн хүзүүгээ маажсанаа: -Танд хэцүү

байвал хэрэггүй дээ гэв. “Тийм ээ” гэж хэлэхдээ хоолой минь үл мэдэг зангирсныг тэр анзаарчихсан бололтой. Гэвч энэ тухай хэн нэгэнд ярьж, сэтгэл доторх буглаагаа задлах хэрэгцээ надад дэндүү их байсан

бөгөөд энэ залууд итгэж нууцаа дэлгэж болно гэдэгт эргэлзээгүй юм. -Энэ тухай ярих нь байтугай, бодоход л нүдэнд нулимс цийлэгнээд ирдэг юм. Гэхдээ би яримаар байна. -Би их сайн сонсогч шүү. -Би түүнд

анхны харцаар л дурлачихсан юм. Санаа нийлдэг, хийж байгаа, хэлж байгаа бүхнийг минь дэмждэг байсан болоод ч тэр үү, түүнтэй их амархан дотносчихсон. Бүхий л бие сэтгэлээрээ түүн рүү тэмүүлж, амьдралаа түүнгүйгээр төсөөлөхийн төдийд чээж хөндүүрлэдэг байлаа. Тэр миний хувьд дэлхий ертөнц, бүх зүйл минь юм шиг санагдаж байсан. Ийм товч оршлоор эхэлсэн яриа минь харин хагас цаг хэртэй үргэлжилж, сул асгарсан нулимс, шуртхийтэл татсан нус, ухаарал, харуусал тээсэн бодлоор төгссөн юм. -Бид хэдийгээр харамсалтайгаар хоёр тийш болсон ч хамтдаа бүтээсэн түүх бүхэн минь дэндүү гэгээн байсанд л олзуурхаж байна. Бүх зүйлд бууж өгөөд, хаашаа ч юм бэ зугтчихмаар санагдах үед тэр л гэгээхэн дурсамжуудаараа хань бараа хийж, амьдрах хүчээ олж авч байна даа.

-Хүмүүс ямар өөдгүй юм бэ? -Тийм ээ, хүн өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй юм билээ. Бүгд хувиа хичээгсэд. -Тэр бүсгүй танай залууд үнэхээр дурлачихсан юм болов уу? -Үгүй л гэж бодож байна. Зүгээр л аз жаргалтай хүмүүсийг тэвчиж чаддаггүй хүмүүс байдаг юм шиг байна. -Юу гэсэн үг вэ, би ойлгохгүй байна. -Тэр бүсгүй одоо өөр залуугийн хүүхдийг тээж яваа. Надтай их ойролцоо төрөх юм шиг байна лээ. Тэгэхээр тэр бүсгүй өөр залуутай байсан гэсэн үг биз дээ? -Тэр бүсгүй танай залууг өөрийн болгож чадаагүй гэсэн үг үү? -Зөвхөн үгээрээ л өөрийн болгож чадсан. -Өчигдөр ирээд явсан залуу мөн үү? -Мөн мөн. -Тэгвэл та хоёр уулзаж, учраа олох хэрэгтэй юм байна даа. -Би үүнийг л хамгийн их хүсч байна. Гэвч түүнийг дагаад дахиад л асуудал, хэл ам ирэх юм бол дэмий биз дээ. Ганцаараа байх нь надад

илүү амар тайван байна. Түүнгүй амьдралдаа дасч эхэлж байх шиг байна аа. -Хүүд тань аав хэрэгтэй биз дээ? -Тийм ээ, гэхдээ төрсөн эцэг болгон сайн байдаггүй шүү дээ. Намайг хайрлаж, надад итгэж, надтай хамт саад бэрхшээлийг сөрөн зогсож чадахгүй хүнийг хажуудаа байлгах гэж хичээгээд яах юм бэ. -Үлдэх хүн үлдэх шалтагаа олдог. Явах хүн явах аргаа олдог гэдэг бил үү? -Тийм ээ. Явах хүнийг үлдээх гэж хэчнээн хичээсэн ч явчихдаг. Үлдэх хүнийг хэчнээн хөөж туусан ч үлддэг. -Тийм дээ. -Би нэлээд халчихсан юм шиг байна аа. Түрүүн уусан хэдэн шар айраг толгойд гараад, бас яриандаа согтоод байх шиг байна. -Дахиад ганц ганцыг нэмэх үү? -За тэгье. Урьд урьдынхаасаа ч илүү дотно яриа өрнүүлэхэд минь шар айраг бидэнд тусалсан ч байж мэдэх юм. Би ч, тэр ч нэлээд халамцжээ. Нүд минь анилдаж эхэлсэн учир матрасан дээрээ дээш харж хэвтээд зүүрмэглэж байтал тэрбээр:

-Би танд нэг зүйл хэлж болох уу? гэж зориг муутайхан хэлэв. Би унтаа, сэрүүний дунд -Тэг тэг гээд л зөвшөөрчихлөө. Тэгтэл залуухан найз маань: -Би таныг анх харсан өдрөө маш сайн санаж байна… Тэр өдөр та их ууртай байх шиг байсан. Би тэгэхэд цахилгаан шат хүлээгээд зогсож байсан юм. Хаалга тасхийтэл хаагдах чимээнээр эргэж хараад, таныг олж харсан. Хөмсгөө байдгаараа атируулчихаад, аман дотроо нэг зүйл үглээд л байсан. Цахилгаан шатанд суучихсан хэрнээ товчлуур дээр даралгүй зогсоод л байсан. Тэгсэн хэрнээ хаалга нээгдмэгц хажуугаар дайраад гараад явчихсан. Манай хажуу талын хаалгыг шоржигнотол түлхүүрдэж онгойлгосноо хаалгаа дотроос нь ч таталгүй, дэлгээд орхичихож билээ… гэснээ тэрүүхэндээ үл мэдэг инээмхийлж сонсогдов. Тэгснээ: -Би тэр шөнөжингөө таныг бодоод…

гээд дуугаа хураачихлаа. Яриагаа цааш үргэлжлүүлсэн эсэхийг нь мэдэхгүй. Уусан шар айргандаа мансуурсан толгой минь дүйнгэтэн нойрмоглосоор зүүдний хотхон руу нисчихсэн юм. ♥♥♥ Хаалга хүчтэй нүдэх чимээнээр нүдээ арай гэж нээгээд, эргэн тойрноо ажвал шар айрагны лааз, бэлэн хоол, чипсний уут хаа сайгүй хөглөрч үзэгдэв. Нэргүй матрасны хажууд дэвссэн хивсэн дээр бүхлээрээ унтчихсан байв. Би хөнжил дээгүүр гараа гулгуулсаар түүний гарт хүрээд: -Нэргүй… Нэргүй… хүн хаалга тогшоод байна гэж шивнэлээ. Залуухан найз минь нойроо харамлан гарыг минь зөөлөн түлхсэн боловч гэнэт ухаан орсон мэт огцом босоод суучихав. Сүнсээ хүлээж байгаа мэт хэсэг сууснаа хаалга руу толгойгоо эргүүлээд: -Хэн бэ? гэж асуутал -Би байна. Нэргүй чи гараад ир дээ гэх эмэгтэй хүний захирангуй дуу гарах нь тэр. Түүний эгчийг нэлээд ааштай нэгэн гэдгийг гадарлах

болсон би ч ямар нэгэн гэм хийчихсэн мэт гэрэмшээд, хөнжил доогуураа шургачихав. Нэргүй харин их л тайван байх бөгөөд хөдөлж ядсаар арай гэж босоод, хаалга руу залхуурангуй алхав. Түүнийг хаалганы түгжээ дөнгөж мулталмагц эгч бүсгүй угзхийтэл татаад орж ирлээ. Тэрбээр орж ирмэгцээ ташаагаа тулан хаахалзан зогсоод: -Ганц бие жирэмсэн хүүхнийд хонож өнжөөд явахаасаа ичихгүй байна уу, чи? Ёооё энэ үнэр танарыг нь ээ, чи чинь бүр сүүлдээ архичин хүүхэнтэй нийлээд ууж иддэг болоо юу? Энэ одоо эрүүлжүүлэх байр юм уу, нохойн хороо юм уу гээд л хангинаж эхэллээ. Нэргүй эгчийнхээ тохойноос зөөлөн дэмнээд, -Чимээгүй, чимээгүй… алив гаръя хэмээн

аргадах аж. Гэвч эгч бүсгүй арганд орохоосоо нэгэнт өнгөрсөн бололтой, дүүгээ түлхэн урагш давшлаад: -Хөөе, нөхөртөө хаягдсан жирэмсэн хүүхэн гуай… залуу хүүхдийн толгой эргүүлэхээ больж үз. Чамаас бүхэл бүтэн арван насаар дүү шүү дээ хэмээн дуугаа өндөрсгөв. Түүний өмнө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй боловч тодорхой хэмжээгээр буруутай юм шиг санагдаад, нүд рүү нь эгцэлж харж ч чадсангүй. -Эгч ээ, боль л доо… гаръя… айлд орж ирчихээд ингэж болохгүй шүү дээ. -Аан тийм үү? Чи болохоор орж ирж, архидаж, унтаж хэвтэж болдог. Би болохоор орж ирээд ганц хоёр үг ч хэлж болохгүй юм уу? -Хөл хүнд хүн рүү битгий хашхичаад бай л даа. Би л өчигдөр ганц ганц пиво ууя гээд аваад ирсэн юм. -Чи хэзээнээс архи уудаг болчихоо вэ? -Уучлаарай, бид хоёр ганц ганц л пиво уугаад,

жаахан хууч хөөрсөн юм. Өөр яагаа ч үгүй, алив гэртээ оръё. -Хөөе, чи… жаахан хүүхэд эргүүлэхээсээ ичиж амьдар за юу. Нэргүй эгчийнхээ хоёр гараас нэлээд хүчтэй угз татаад, хаалга руу эргүүлэв. Гэвч бүсгүй бууж өгөхийг хүссэнгүй, над руу элдэв хараал урсган хашхичсаар л байлаа. Би юу ч хэлж чадалгүй, тэдний зүг гэрэмшингүй ширтэж, “эгчийгээ хурдхан л аваад гараасай” хэмээн сэтгэл дотроо залбирахаас өөр зүйл хийж чадсангүй. Залуу эгчийгээ бэлхүүсээр нь тэвэрч түлхсээр хаалга онгойлгох мөчид би ямар нэгэн тайлбар хэлэх ёстойгоо ухаараад, зориглон өндийлөө. Гэвч хөнжлөө түлхэн босоод л Нэргүйн ээжтэй харц тулгарчих нь тэр. Нэргүй ч: -Ээж… гэж уулга алдаад дуугаа хураагаад, хана налаад зогсчихов. Түүний ээж тавь гарч яваа ч охинтойгоо нас чацуу мэт харагддаг, цовоолог дайчин эмэгтэй.

Энэ байранд насаараа амьдарсан учир эндхийнхэн анддаггүй юм билээ. 18 жилийн өмнө эр нөхрөө гэнэтийн ослоос алдсанаас хойш энэ амьдралыг нуруун дээрээ үүрч зүтгэсээр охин, хүү хоёроо хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хүчирхэг ч эмэгтэй. Амьдрал түүнийг ингэж хүчирхэгжүүлсэнийхээ хэрээр хахирган ааштай ч болгочихсон юм шиг санагддаг. Учир нь, Нэргүй ганцхан насны зөрүүтэй эгчтэйгээ найзууд шиг л илэн далангүй байдаг хэрнээ “ээж” гэсэн үгийг сонсохын төдийд “номондоо орчихдог”-ийг би нэг бус удаа анзаарсан юм. Түүнээс гадна “Манай ээж нэг уурлавал ч энэ байрыг нураана шүү дээ” гэж хэдэнтээ тоглоом шоглоомоор хэлсэн нь огт оргүй үг биш мэт санагддаг. Нэргүйн ээж охин, хүү хоёрынхоо дундуур тэс хөндлөн алхан орж ирснээ том алаг нүдээ эргэлдүүлэн цөөхөн

тавилгатай жижигхэн өрөөг минь эгшний дотор харцаараа нэгжиж амжлаа. Тэгснээ матрасан дээрээ цомцойж суугаад өөдөөс нь эгцэлж ядан гөлөгнөж буй над дээр харцаа тогтоогоод, урагш хоёр алхаад зогсчихов. -За Нэргүй минь, тусдаа гарахаар шийдээ юү? гэсэн гэнэтийн үгэнд нь залуу бид хоёр хоёулаа балмагдан, толгойгоо дээш өргөхдөө харц мөргөлдөөд амжив. -Эхнэр, хүүхэд, байртай ч болж байгаа юм байна. Өнөөдөр манайхаас нүүх үү дээ… айн? гэж Нэргүйд хандаж хэлсэн хэрнээ намайг цоо сүлбэх гэсэн мэт нүдээ томруулан ширтсээр л байв. Нэргүй хананд нуруугаа наасан хэвээр зөөлөн гулсаад, хөлөө нааш нэг зөөснөө: -Үгүй ээ, ээж юу яриад байгаа юм бэ? хэмээн ээрч түгдчин хариулав. -Чи… хөөе чи… өөрөөсөө арваад насаар

дүү пацааныг гэртээ амьдруулаад, тэжээгээд аваад явж чадах юм уу? -Юу? Би… би түүнийг гэртээ амьдруулах гээгүй шүү дээ. -Сүүлийн нэг сар бараг л танайд амьдарч байгаа биз дээ? Ажлаас ирэнгүүтээ л танайх руу гүйж орчихоод шөнө дөлөөр л гэртээ ордог болсон. Одоо бүр гэртээ ч хонохоо больж байгаа юм байна. -Үгүй ээ, нөгөө юу л даа… эгч ээ… -Ингэхэд наад гэдсэн доторх хүүхэд чинь манай энэнийх юм биш биз? -Юу…? үгүй үгүй, яалаа гэж дээ… -Ээж ээ, та юу яриад байгаа юм бэ? Алив, гаръя. Гэр лүүгээ оръё. Нэргүй ингэж хэлээд ээжийнхээ гараас зөөлөн татлаа. Ээж нь ч явахаар шийдсэн бололтой, хаалга руу эргэв. Арай гэж уужуухан амьсгаа авахаар зориглотол ээж нь гэнэт эргэж хараад эмээж бэвгэнэсэн намайг хөшөө шиг гацаачих нь тэр. -Чи дахиж миний хүүг битгий дуудаарай. Жирэмсэн юм байж,

өөрөөсөө арваад насаар дүү хүүхдийн толгой эргүүлэхээсээ ич, за юу. -Ээж юу яриад байгаа юм бэ…? -Одоохондоо чиний толгойг би мэднэ, ойлгов уу? Тэр хүү, охин хоёрынхоо тохойг ээлжлэн цохиод “гаръя” гэж толгойгоороо дохив. Нэргүй ээж, эгч хоёрынхоо бэлхүүсээр тэвэрч түлхсээр манайхаас гараад, эргэж ч харалгүй хаалгаа хаачихав. Гэнэтийн явдлаас болоод дахиад л балмагдаад, юу ч хэлж, хийж чадалгүй хөшчихсөн би хаалттай хаалга руу хэсэг гөлрөөд “Тийм дээ, хүн гэр бүлээ л хамгаалдаг. Харин чамайг хамгаалж өмгөөлөх хэн ч байхгүй. Ядах нь ээ, чи өөрийгөө ч өөдтэйхөн өмгөөлчихөж чадахгүй, тийм сул дорой эмэгтэй. Тиймээс хүний хүнээс холхон явж бай л даа”

гэж өөртөө хэлээд, нулимсаа дотогш залгихыг хичээв. Гэвч бүлээхэн болор дуслууд минь дөнгөж саяхан Нэргүйн ээж, эгч хоёроос сонссон хатуухан үгэнд мөстөж хөлдчихөөд, хоолой зураад, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчих нь тэр ээ. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *