
ДОЛООДУГААР САР Нойрон дунд хэн нэгэн хаалга тогшиж буйг мэдэрсэн ч нүдээ нээж чадсангүй. “Хэн юм бол… хаалгаа тайлчих юмсан” гэсэн бодол тархи гашилгаад тайван амраахгүй байсан учир
нүдээ нухалсаар өндийлөө. Нүдээ хагас аниатай амьтан онож ядан алхсаар хаалга тайлбал тэр минь зогсож байх нь тэр. Нэг гараа өмднийхөө халаасанд шургуулж, нөгөө гараараа хаалганы хажуу
талын ханыг түшжээ. Тэрбээр намайг хармагцаа уруулаа үл жуумалзуулан үл мэдэг инээмхийлснээ чээжээ урагш түрэн тонгойсноо эгээтэй л уначихсангүй. Би ч уулга алдаад л түшээд авлаа.
Тэгтэл тэрбээр бэлхүүсээр минь тэвэрч хүзүүнд минь уруулаа наан үнэрлэснээ “хайртай” гэж шивнэв. Би ч өөрийн мэдэлгүй л уруулаа үсэнд нааж, зөөлөн үнэрлэв. Харамсалтай нь, түүнээс архины нэвшсэн
үнэр сэнхийж байсан учир энхрийлэн таалах мэдрэмж минь төдхөнөө салхинд хийсчих нь тэр. Тэрхүү үнэрийг тэвчиж чадалгүй огиулаад, түүний гарыг түлхэн тавиулаад Ариун цэврийн өрөө рүү гүйн орлоо.

Хэсэг хий огиулаад, нүүрээ угааж, амаа зайлсан ч тааламжгүй гашуун амт хоолой зурсаар л байв. Хүйтэн усаар амаа хэдэнтээ зайлчихаад гарч ирвэл тэр хэдийнэ матрасан дээр дээш хараад хэвтчихсэн байв. -Гутлаа тайлахгүй яасан юм бэ? хэмээн сонсогдох төдий аман дотроо бувтагнавал тэрбээр: -Чи тайлаад өгөөч гэж тунирхав. Яагаад ч юм бэ, би дуулгавартай нь аргагүй ойртон очоод гутлыг нь тайлж, хажуу тийш тавилаа. -Чи уучихсан юм уу? Хэд хоног уугаа вэ? Архины үнэр бүр нэвшчихэж гэвэл тэр хариу дуугарсангүй. Хоёр гараараа нүүрээ даран хэвтсээр л байв. Би хэсэг зуур хариу хүлээгээд: -Хөөе, юм уух уу?
гэж асуух зууртаа хажууханд нь суув. Тэрбээр нэг гараа нүүрэн дээрээсээ авч, хөнжил дээр сул тавьснаа аажуухан гулгуулсаар миний гарыг олж атгав. Хэзээний танил мэдрэмж… түүний гарын дулааныг мэдрэлгүй их уджээ. Гэвч гарт минь хүрэхийн төдийд судсаар минь лугшин гүйсээр зүрхэнд минь хүрдэг тэрхүү халуухан мэдрэмж яг л хэвээрээ байх юм. Гэнэт хүрээд ирсэнд нь балмагдсандаа ч тэр үү, эсвэл өдөр бүр хүсдэг, шөнө бүр зүүдэлдэг хүсэл минь гэнэт биеллээ олсонд хэтэрхий их баярласандаа ч юм уу, юу хийж, юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг суув. Урьдын л адил дэндүү халуухан мэдрэмж төрүүлээд байгаа тэр гар луу харлаа. Урьдын л адил судаснууд нь
товойж харагдах бөгөөд өөрчлөгдсөн юм гэвэл долоовор, дунд, ядам хуруунуудын үеүд дээр бага зэргийн цус тавлаж хатсан байв. Харцаа аажмаар дээш гүйлгэн харвал хагас эргүүлсэн ханцуйных нь завсраас цусан толботой цагаан бинт цухуйж байлаа. “Зодоон хийгээд яваа юм уу даа… юуны сорви юм бол оо? Боолт нь халтартчихсан, цус нь нэвтэрчихсэн байхыг бодоход хэд хоног солиогүй бололтой…” хэмээн бодсоор сониучирхан харж суутал тэр гэнэт босоод ирэх нь тэр. Түрүүнээс хойш гэрэмшээд эгцэлж чадахгүй байсан би огт санамсаргүйгээр түүнтэй харц тулгарчихав. Өнөөх л дөлгөөхөн тунгалаг нүд нь оч шиг гэрэлтээд, хайр татам харагдах ч тэрхүү очинд
нь үл мэдэгхэн сүүмгэр туяа тодорч байв. Түүний нүд тогтож өгөхгүй хий эргэлдэх нь эгээ л нүд, хамар, уруул, хөмсөг, сормуусыг минь нэгбүрчлэн бүртгэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Өөрийн эрхгүй л нүдэн дээр нь харц тогтчихоод, сэтгэлийн гүнээс үгээр илэрхийлшгүй их хайр булгилан, түүний зүг рүү урсаад байв. Тэрбээр эд эрхтнийг минь бүртгэж дуусав бололтой, харцаа тогтоон, нүд рүү минь эгцлэн ширтэхэд би ч түүнийхээ сэтгэл татдаг бүхнийг бүртгэмээр санагдлаа. Гэвч харцаа багахаан гүйлгээд л уулга алдаад, гараараа амаа дарчихав. Баруун хөмсөгнийх нь доод үзүүр нэлээд том сэтэрсэн байх бөгөөд үргэлж тосолчихсон мэт гялтагнаж байдаг уруул нь омголтож хагараад, огт танил бус хөх саарал өнгөтэй болчихсон байв. -Чи чинь
одоо зодоон цохион хийгээд яваа юм уу, хаашаа юм бэ? Наад нүд, амаа яачихсан юм бэ? Энэ бас… гээд тохойноос нь барьж авахаар завдтал тэр гараа бушуухан татаад, нурууныхаа араар нуучихав. Би матрасан дээрээ өвдөглөн суугаад: -Хөөш, чи наад гараа гаргаад ир дээ. Боолт энэ тэрийг нь солиоч ээ… алив гаргаад ир гэж байна шүү хэмээн хүүхдээ зандарч буй аятай л үглэж эхэллээ. Тэрбээр юу ч хэлэлгүй, нүд рүү минь ширтэн инээмсэглэж байснаа гэнэт хоёр гараа мэдэгдэхүйц томорсон гэдсэн дээр минь тавиад -Хөөрхөн цодгор болчихжээ… Одоо хэдэн сартай билээ…? гэв. Тэгснээ: -Ишш, чимээгүй… би хэлнэ шүү. Нэгдүгээр сарын эхээр гэдэг чинь… үгүй ээ, найз чинь
арванхоёрдугаар сарын хэдэнд ирлээ дээ… аан, тийм… долоон сартай болж байгаа байх нь ээ гээд гэдсийг минь өхөөрдөн илж эхлэв. Өчнөөн удаан уулзаагүй хэрнээ ингээд л юу ч болоогүй юм шиг хүрч ирээд, урьдын л адил эвийлэн эрхэлж буйд нь баярласандаа ч юм уу, эсвэл хэтэрхий их санаж гоморхсондоо ч тэр үү, хоёр нүдний аньсаганд нулимс дүүрээд ирэх нь тэр. Нулимсаа дотогш залгихыг хичээн, тааз ширтэж, хэдэнтээ гүнзгий амьсгаа авсан ч удаан тэвчиж чадсангүй. “Чи… чи яагаад ийм өөдгүй юм бэ? Яагаад бид хоёрыг ийм удаан хүлээлгэж байгаа юм бэ? Тэгж удаан хүлээлгэчихээд ингээд л юу ч болоогүй юм шиг хүрээд ирэх байсан юм уу? Намайг ганцаараа уйлж
байх үед чи хаана байсан юм бэ? Хамгийн сул доройгоос чинь хамгийн хүчирхэг нэгэн болтол хайрлана аа гэж чи надад амласан биз дээ? Тэгсэн хэрнээ хамгийн сул дорой үед минь ганцааранг минь орхичихоод хаагуур тэнэж яваад ирж байгаа юм бэ? Намайг тэгж их шаналгаж, тэгж ихээр ганцаардуулчихаад… ингээд л юу ч болоогүй юм шиг хүрээд ирж болж байгаа юм уу? Чи яагаад ийм өөдгүйгээс өөдгүй юм бэ?” гэсэн гоморхол, тунирхлын үгс бодол дунд хий холхилдовч уруул давж гарсангүй. Тэр гэдсэнд минь толгойгоо болгоомжлонгуй наагаад, хэсэг чимээгүй суув. Бодвол түүний толгойд ч бас миний л адил түмэн бодол хэлхэлдэж, гадагш нэвтрэн гарах
учраа олохгүй төөрөлдөж буй биз ээ. Эс бөгөөс тэр ингэж олон хоногоор орхиж явсандаа хүүгээсээ болоод надаас сэтгэл дотроо уучлалт гуйж, өршөөн энэрэхийг минь хүлээж байгаа ч байж мэдэх юм. -Та хоёр минь намайг их хүлээсэн үү? гэж гэнэт асуухад нь би балмагдсандаа юу ч хэлж чадалгүй, дэмий л харц буруулан, нулимсаа арчлаа. Тэгтэл тэр уйлж байгааг минь сая л анзаарав бололтой, толгойгоо өндийлгөн над руу ширтсэнээ нүүрийг минь хоёр алганыхаа завсарт энхрийлэн бүлээцүүлээд: -Уучлаарай… гэж хэлээд хоолой нь зангирчихав. Би түүн рүү эгцлэн ширтэхдээ хамгийн түрүүнд аньсаганд нь багтаж ядан мэлтэлзэж буй болор горхийг олж харлаа. Аньсагаа даваад урсчихаас нь өрсөж “Зүгээр дээ, би чамайг
аль хэдийнэ уучилсан” гэж хэлэхээр шийдлээ. Тэрхүү болор горхийг харцаараа тогтоон барих гэсэн мэт нүд рүү нь эгцлэн ширтээд яг үгээ хэлэх гэтэл хэн нэгэн хаалга хүчтэй балбаж эхлэх нь тэр. Хаалганы цаана байгаа нэгэн их л түрэмгий өнгөөр огт завсаргүй нүдэж байв. “Ээ, бурхан минь… хэн юм бол оо… их л ууртай байгаа бололтой” гэсэн бодол тархинд харвахтай зэрэгцэн ухасхийн өндийлөө. Гэвч юунаас ч юм бэ, зүрхшээгээд босч чадсангүй. “Хэн байж болох вэ…” гэсэн бодолдоо хэсэгхэн зуур шаналж сууснаа гэнэт түүнийг хажууд байгааг санаж, зориг орон хажуу тийш хартал… хуниралдуулж тэвэрсэн өдөн хөнжлөөс минь өөр юу ч байсангүй. Ганцхан эгшний өмнө мэдэрч байсан тэр мэдрэмжтэй дэндүү бодитой байсан учир энэ бүхэн зүүд
байсан гэдэгтэй шууд эвлэрчихэж чадсангүй. Нүдээ аниад, нүдэн дотроосоо түүнийгээ хайлаа. Тас харанхуйгаас өөр юу ч олж чадсангүй. Нүдээ нээгээд, өрөөнийхөө өнцөг булан бүрийг харцаараа нэгжиж, түүнийгээ хайлаа. Ганцаардаж шархалсан өөрөөсөө өөр хэнийг ч олж чадсангүй. Хайран зүүднээс минь хүч түрэмгийлэн сэрээсэн өнөөх этгээд л хаалгыг минь хайр найргүй нүдсээр байв. “Хэн юм бол оо… их л ууртай байна даа… хэн байж болох вэ” гэсэн бодлоосоо хүртэл дагжин чичрээд хөнжлөөрөө биеэ ороож, чээжээ тэврэн суугаад амьсгалаа түгжлээ. Өнөөх этгээд урьд урьдынхаасаа ч хүчтэй балбаж эхлэв. Түүнийг цохих тоолонд зүрх, тархи хоёр минь ч бас ямар ч гэмгүй хэрнээ түрэмгий нэгэнд хайр найргүй нүдүүлж буй
төмөр хаалгатай хамт ёолж байлаа. Тэгтэл гэнэт: -Сайн байна уу, та? гэх эрэгтэй хүний шингэн хоолой сонсогдов. -Сайн, сайн байна уу? гэх нь нэг л танил хоолой. Гэвч хэтэрхий их айснаасаа болоод ч юм уу, хаалганы цаана ярилцагч хоёрын дууг таниад байгаа хэрнээ чухам хэнийх болохг нь ялган таньж чадсангүй. -Наад айлд чинь хүн байхгүй байгаа юм биш үү? Та нэлээд удаан нүдлээ. Хүн байсан бол аль хэдийнэ гараад ирэх байсан байх аа. -Байгаа… би байгааг нь мэдээд байна. -Ирчихсэн юм уу? Түрүүн уг нь гарч явсан даа. -Тийм үү, хэзээ гарч явсан юм бэ? -30 орчим минутын өмнө… -Аан, тийм үү? Чи ингэхэд энэ эмэгтэйг таних уу? -Уучлаарай, та юу нь билээ? -Би нөхөр нь байгаа юм аа. -Аан, би сайн танихгүй ээ. Мэндийн зөрүүтэй л явдаг
юм. -Бие нь гайгүй юу? -Гайгүй ээ. -За ашгүй дээ… би эндээ хүлээж байя. Удахгүй хүрээд ирэх байлгүй… -Та манайх руу ороод хүлээж байх юм уу? -Хэрэггүй, хэрэггүй… эндээ… -Яаж коридорт хүлээх юм бэ, та наашаа ороод… -Юу вэ, юун танихгүй хүн гэрт оруулах гээд байгаа юм бэ, чи? Юу вэ, энэ чинь бөөн архи үнэртэж байна шүү дээ хэмээн тачигнасаар нэгэн эмэгтэй тэдний ярианд хөндлөнгөөс оролцож эхэлсэн нь Нэргүйн эгч бололтой. -Хажуугийн аниагийн нөхөр юм байна аа. Эхнэр нь эзгүй байгаа бололтой, коридорт хүлээгээд яахав гэж бодоод л… хэмээн Нэргүйг учирлаж эхэлтэл эгч нь: -За больж үз. Тэр хүүхэн чинь ганц бие биз дээ? Нөхөртэй байсан бол жирэмсэн
эхнэрээ хаяад, хаагуур архидаж яваад өдийд ирж байгаа юм бэ? Ийм юм яавч өөдтэй амьтан байж таарахгүй. Чи битгий таних, танихгүй архичин гэр лүү оруулж голомт бузарлах гээд бай хэмээн дуугаа өндөрсгөж эхлэв. Тэгтэл ч тэр минь: -Уучлаарай, бүсгүй би танайх руу орох гээгүй ээ. Жирэмсэн бүсгүйг хаячихаад, хаагуур архидаж яваад өдийд ирдэг өөдгүй амьтан бэ гэж загнадаг чинь зөв өө. Би ч бас өөрийгөө ингэж зүхсээр л явна. Гэхдээ бидэнд юу тохиолдсоныг та мэдэхгүй шүү дээ. Амьдрал гэдэг чинь санаснаар болдоггүй юм байна шүү дээ… хэмээн тайлбарласнаа дуу нь намсаад, юу ч сонсогдохоо больчих нь тэр. Түрүүнээс хойш коридороор нэг цуурайттал хашхичаад байсан тэдний маргаан намжиж, энгийн тайвнаар
ярилцаж эхлэв бололтой. Гэвч надад юу ч сонсогдохгүй байх нь хэтэрхий шударга бус санагдаж, “Өмнөх шигээ чанга ярьж болохгүй юм байх даа… яагаад гэнэт шивнэлдээд эхлэв ээ” хэмээн бухимдав. Сүүлдээ тэсч чадалгүй, орноосоо босч, хаалга руу гэтэж очоод, хананд чихээ наан ямар нэгэн зүйл олж сонсохыг хичээлээ. Харамсалтай нь, юу ч сонсож чадсангүй. “Гэр лүү нь орчихож байгаа юм байх даа” гэх бодолтой зэрэгцээд “Ингэхэд энэ одоо энд юу хийж яваа юм бол оо?” гэсэн бухимдал зурсхийв. “Хожуухан ч гэсэн хүрээд ирж байхыг бодоход намайг мартаагүй л яваа юм байна даа” гэсэн уужралтай хамт “Хмм, архи үнэртэж байна гээ биз дээ. Согтуу толгойлчихоод хэрүүл л хийх гэж ирээ биз. Явах мөрөөрөө явахгүй, үхсэнээ хийж эргэлдээд байгаа новш вэ” гэсэн үзэн ядалт тархи, зүрхийг минь хоёр талаас нь
тоншин тарчилгана. “Яачихав аа, Нэргүйгийнд ороод суучихав уу? Хэрэв тэгсэн бол мөддөө явж өгөхгүй нь дээ, би одоо яана аа” гэсэн бачуурал, “Энэ олон хоногийн дараа зориод ирснийг бодоход, үүдэн дээрээс буцчихалгүй хаалга зоригтой нүдэж байхыг бодоход надад ямар нэгэн зүйл хэлэх л гэж ирсэн бололтой. Үнэнийг олж мэдчихээд, учир зүйгээ ололцохоор ирсэн ч юм болов уу” гэсэн горьдлого, “Учир зүйгээ олох гэж ирсэн байлаа ч одоо дэндүү оройтсон. Надад биш замын нэгэнд итгэдэг, хэлсэн бүхнийг минь үгүйсгэж, амласан амлалтаасаа буцдаг эр хүн надад хэрэггүй” гэсэн бардамнал, “Гэвч би өнөө хэр нь түүнд хайртай хэвээрээ шүү дээ” гэсэн эргэлзэл, “Түүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй, энэ чигээрээ л зам замаа хөөнө гэж өөртөө
амласан чинь яалаа” гэсэн сануулга, “Түүнгүйгээр туулах он жилүүдээс түүнтэй туулах он жилүүд хамаагүй гэрэл гэгээтэй байвал яана” гэсэн тээнэгэлзэл, “Тэр ч бас энэ шударга бус тавилангийн хохирогч шүү дээ. Тэр надад үнэхээр хайртай ч юм бил үү” гэсэн горьдлого, “Хамгийн гол нь, одоо би ганцаараа биш. Миний хүүд уг нь аав нь хэрэгтэй дээ” гэсэн сэхээрэл… энэ бүгд зэрэгцэн тархи руу минь довтолж, сэтгэл дотуур минь хий эргэлдэж нисэлдээд, нэг нэгнийхээ, нөгөө нь нөгөөгийнхөө эсрэг тэрсэлдэж тэмцэлдээд, оновчтой шийдвэр гаргах нь байтугай, нэг зүйлийнхээ талаар тогтож бодох ч завдал өгөхгүй тарчилгана. Ийнхүү өөртэйгөө хэсэг зөрчилдөөд л
тархи минь ёолж, зүрхээр хатгуулан, сэтгэлийн өвдөлтөөс биеийн өвдөлт рүү шилжлээ. Энэ бүх өвдөлтөнд бууж өгөөд, зүгээр л орон дээрээ очиж хэвтээд, хэзээ ч намдахыг нь хүлээхээр шийдэн эргэв. Ор луугаа ойртож явтал сэтгэл дотроос цаг үргэлж хорон муухайгаар тоншиж суудаг хон хэрээ “Үгүй ээ, би юуны ч тухай бодмооргүй байна” хэмээн адгийн өнгөөр гуаглалаа. Энэ удаа би түүнтэй зуун хувь санал нэгдэж “Тийм ээ, би ч бас бодмооргүй байна. Тиймээс хоёулаа зүгээр л энэ бүх адын бодлыг сэгсэрч хаячихаад огт өөр сайн сайхан зүйлийн тухай бодъё” гэж шийдэв. Тарчлаант бодлоос өөрийгөө чөлөөлөхийн тулд хөргөгчөө уудалж, хамгийн түрүүнд нүдэнд өртсөн амттаныг олзлон, ер бусын таатайгаар тамшаалан амтлав. Таалагдаж байна.
Аман дотроо булхуулан хүлхэх зууртаа хөргөгчин дотуур харцаа гүйлгэсээр дахин нэг амттаныг олзлов. Хатаасан цангис, гүзээлзгэнэтэй тортон зайрмаг… гайхалтай хослол… гайхамшигтай таашаал. Сонгосон амттануудаа энгэртээ тэвэрсээр матрасан дээрээ очиж тухлаад, ам руугаа ээлжлэн гулгуулж, удаан гэгч нь зажилж, жинхэнэ жаргалын далайд шумбаж эхлэвэй. Тийнхүү энэ дэлхийн хамгийн таатай мэдрэмжид эзэмдүүлж суухдаа “Хүчирхэг байна гэдэг тэрсэлдэж, тэмцэлдэхийг хэлдэггүй юм байна. Тэмцэлдэх тусам асуудал улам томордог. Харин тоохгүй орхиод, өөр зүйл рүү анхаарлаа хандуулчихвал анхаарал төвлөрч буй зүйл л тодрон товойдог юм байна. Хүн бүрийн тэмцэх арга барил ондоо. Эцсийн дүндээ миний энэ арга барил хамгийн шилдэг нь гэдэг нь гарцаагүй үнэн юм байна. Чи
намайг юм бүхэнд бууж өгдөг, хэтэрхий сул дорой нэгэн гэдэг бил үү. Үгүй шүү, энэ бол би. Чиний олж хардаггүй үнэн, чиний олж харж чаддаггүй хүчирхэг байдал хоёр надтай үргэлж хамт байдаг юм. Чи тэднийг олж харж чадахгүй хэвээрээ л байгаад байвал намайг ч бас удахгүй олж харахаа болино. Тийм ээ, чи намайг үүнээс хойш олж харж чадахгүй” гэж сэтгэл дотроо шивнэлээ. Сэтгэлдээ шивнэсэн энэ үгсээ би өөртөө болон түүнд зориулдаг. Тэр надтай хамт байдаг зүйлийг олж харж чаддаггүйнхээ нэгэн адилаар миний сэтгэлийн үгсийг ч олж сонсож чадахгүй нь харамсалтай. Гэвч би энэ үгсийг

сэтгэлийнхээ гүнээс гарган хэлснээрээ түүнд хэлэх гэсэн бүхнээ хэлчихлээ гэж өөрийгөө тайтгаруулдаг юм. Тэр сонсоогүй байсан ч хамаагүй ээ, тайтгарал нь надад ирж байгаа нь чухал. Яг энэ мөчөөс эхлээд би өрөөлийг бус өөрийгөө л бодож амьдарна аа. Үргэлжлэл бий…