Home Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “12-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “12-р хэсэг”

25 second read
0
0
1,140

ЗУРГАДУГААР САР Нэгэн үе би хүн бүхэнд хэрэгтэй мэт бүгд намайг эрж сураглаж байсан бол гэв гэнэтхэн л энэ орчлон дээр би цор ганцаараа үлдчихсэн мэт хэн ч намайг хайхаа больчихов. Би ийм л

байхыг хүссэн сэн. Хачирхалтай нь, орчлонгийн юмс хийгээд хүний сэтгэл зүй цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг жамаар ганцаараа байх нь надад нэгэн үе хязгаарлашгүй амар амгалан, хэмжээлшгүй

жаргалыг мэдрүүлж байсан бол гэв гэнэтхэн л тийм гэж хэлэхийн аргагүй айдаст автаж эхлэх нь тэр. Хэн нэгнийг хайж сурагламаар ч юм шиг, бүр зорьж очин өдөржин, шөнөжин буу халмаар ч юм шиг…

Өөрийгөө болоод хэвлий дэх үрээ дахин эрсдэлд оруулахгүйн тулд амаржталаа хэнтэй ч харьцаагаа сэргээхгүй байх шийдвэртээ бат зогслоо. Үнэнийг хэлэхэд, хэсэг бүлэг хүмүүсийг амьдралаас “авч хаях”

нь сэтэлийн ачааг минь хэрхэн хөнгөлж байгааг мэдрэх ч бас таатай л мэдрэмж юм билээ. Гэвч зарим хүнийг дэргэдээ үлдээх гэж хэчнээн хичээсэн ч тэд явж оддог. Нөгөөтэйгүүр, амьдрал руу минь нэвтрэх үүд

хаалгаа хэчнээн бат цоожилсон ч зарим хүн орж ирэх аргаа заавал олдог аж. Сэтгэлийн анир гүм, ганцаараа байхын баяр, гунигийг мэдрүүлсэн зургадугаар сар халаагаа өгөхөд хэдхэн хоног үлдээд байлаа. Гансрал, ганцаардлыг өр зүрхний минь гүн рүү шигтгэн шаналгасан тийм л үдшүүдийн нэгэнд сэтгэл аргадан сэвших салхитай ханьсан алхсаар нэлээд оройтжээ. Ийм мэдрэмж тээсэн үедээ би түүнтэй хамт бүтээсэн гэрэлт дурсамжуудаа хань татаж, сэтгэлдээ гал өрддөг заншилтай. Тэр л заншилаараа бүлээхэн, гэгээхэн дурсамжуудаа нүд болоод сэтгэлдээ зураглан, заримдаа бүр түүнтэйгээ

ярьж буй мэт аман дотроо үглэж, төсөөллөө амь оруулсаар байрныхаа гадаа хүрч ирэв. Гэвч гэр лүүгээ яаран орох хүсэл төрсөнгүй. Орцны үүдэнд байрлуулсан модон сандал дээр суугаад тэнгэр болоод сар, сар болоод оддыг ажиглаж, тэдний тухай хамгийн гэгээн түүх зохион, хэвлий дэх үрдээ ярьж өгөн хэсэг суув. Миний мэдэрч, бодож, сэтгэж байгаа бүхнийг үр минь ч бас мэдэрч, бодож, сэтгэдэгт итгэдэг учир би гашуун дурсамжуудынхаа хуудсыг сөхөх тун дургүй. Тиймээс ч сэтгэлээ хамгийн өнгөлөг бодлуудаар хөглөж, сэвгүй тунгалаг дурсамжуудаасаа түүндээ хуучлан суудаг юм. Дан даашинзтай намайг үдшийн салхи жихүүвтэр үнсэлтээрээ илбэж эхлэхэд сая л гэр лүүгээ

орох ёстойгоо ухаарав. Байр луугаа эргэн харвал дийлэнх цонхны гэрэл унтарчээ. Цэнгэг агаараар чээж дүүртэл нэг сайхан уужуу амьсгаа авчихаад, дуртай дургүйн хооронд босч, орц руугаа аажуухан гэлдэрлээ. Хаалганы бариулаас атгачихсан хойноо ч намуухан шөнийн салхинд хорогдон эргэж хараад, сар болоод оддын зүг хэсэг ширтээд “сайхан амраарай” гэж сэтгэл дотроо шивнэлээ. Хаалгаа аажуухан татаж ороод хаахдаа цахилгаан шатны хаалга хаагдаж буйг анзаараад: -Хүүе хүлээгээрэй гэж уулга алдаад, урагш ухасхийв. Бөндөгнөн гүйсээр цахилгаан шатны товчлуурт төдхөнөө хүрсэн ч

хаалга нээгдсэн үгүйг мэдсэнгүй. ♥♥♥ Хэн нэгний бүлээхэн гар биед минь хүрч буйг мэдрэв. Гэвч би тэр даруй нүдээ нээж чадсангүй. Хэн нэгэн намуухан дуугаар юм яриад ч байх шиг санагдах ч чухам юу гэж хэлж буйг нь ялгаж сонсож чадахгүй байлаа. Бүүр түүрхэн ухаандаа “ухаан минь бас л биеэс минь гараад зугтчихав уу” гэсэншүү юм л бодож амжив. Зөөлөн тухлаг суудалтай дүүжин савлуур дээр суугаад хөнгөхөөн найгаж буй мэт мэдрэмж төрөх аж. Хажууханд минь хэн нэгэн зогсоод, салхинд илбүүлэн жиндэж буй мөр болоод бугалгыг илж дулаацуулахын зэрэгцээ намуухан хоолойгоор дуу аялан, бүүвэйлээд ч байх шиг. Энэ мэдрэмж ер бусын таатай санагдаж, яг энэ аялгуунд уяраад, гүн нойронд автах хүсэл төрөхөд нүдээ нээх

хүслээсээ ч татгалзаж орхив. Тархи минь ч бас үүнийг л хүсч байгаа бололтой, зүүд нойрны орон луу жингүйдэн нисч эхэлвэй. Гэтэл… гэтэл хамгийн сүүлд “цахилгаан шатанд суухаар ухасхийснээс бус гэртээ ороогүй шүү дээ” гэсэн мэдээлэл тархинаас ирж, тэрхүү гэнэтийн мэдээлэлд цочсондоо жингүйдэж байсан ухаан санаа минь огцом сэргээд, нүдээ нээчихэв. Нүдээ нээмэгцээ л огт танихгүй харцтай тулгараад, бүр ч ихээр сандарлаа. Гайхширан эргэн тойрноо төдхөнөө ажиж амжвал танихгүй нэгэн эр намайг хоёр гар дээрээ өргөөд, коридорт алхаж явах нь тэр. -Хүүе,… хүүе… намайг тавиач ээ… буулга… хэмээн хашхирвал өнөөх эр над руу нүдээ томруулан харснаа:

-Өө ашгүй… гэж уулга алдсан ч тушаалыг минь хайхралгүй алхсаар л байлаа. Би ч: -Хүүе ээ… та хэн бэ? намайг буулгаач ээ хэмээн хашхичсаар л байлаа. Өнөөх эр намайг огт сонсоогүй мэт шулуухан алхсаар нэгэн хаалганы өмнө ирж зогсоод, эгээ л шилэн ваартай ус газарт тавьж буй мэт болгоомжлонгуй тонгойгоод, хоёр хөлийг минь шаланд хүрсний дараа нэг гараа өөр лүүгээ татсан ч нөгөө гараараа ар нуруунаас минь түшин зогсов. Чухам юу болсныг санахгүй байгаадаа балмагдсан би түүнд талархах эсэхээ ч мэдэхгүй балмагдан зогслоо. Хэлэх үгээ олж ядан амаа ангалзуулж байснаа орчноо анзаарвал манай хаалганы өмнө ирсэн байв. Залуу эр багагүй амьсгаадсан байх бөгөөд хэсэг дуугүй зогссоноо: -Та цахилгаан шат руу гүйж яваад, хальтираад уначих шиг болсон. Би таныг эвгүй гишгээд л уначихсан

юм болов уу гэж бодоод, хаалга дэлгээд хэсэг хүлээсэн л дээ. Босч ирэхгүй болохоор чинь яваад очтол та ухаан алдчихсан байсан. Сандарсан гэж яав аа… хэмээн нэгэн амьсгаагаар дуржигнуулж орхив. -Өө яана аа, тийм үү? Би ухасхийснээ л санаж байна. Түүнээс хойш юу болсныг огт санадаггүй ээ. Юутай ч чамд маш их баярлалаа. Жирэмсэн хүн хүнд байгаа биз дээ? -Харагдсанаасаа ч хүнд нь хүнд юм аа. Гэхдээ зүгээр ээ. За та гэр лүүгээ ор доо. Орой үдшийн цагаар ганцаараа явах ер нь осолтой шүү. Болгоомжтой байгаарай. Биеэ сайн бодохгүй бол маамууд нь муу юм болбол яана… уучлаарай, би буруу ярьчих шиг боллоо. -Зүгээр дээ. Баярлалаа… ингэхэд чи манайхыг яаж мэддэг юм бэ? -Манайх энэ хаалга л даа… Тэрбээр хажуу талын хаалгыг гараараа заагаад зөөлөн инээмсэглэв. -аан, хөрш юм байна шүү дээ. Би чамайг

огт харж байгаагүй юм байна. -Би бол таныг олон удаа харсаан. Та ганцаараа амьдардаг юм шиг байна лээ, тийм ээ? -Тийм ээ. -Би ээж, эгч хоёртойгоо амьдардаг юм. За та ор доо. Жирэмсэн хүн ганцаараа байх хүнд байх аа. Хэрэв хэрэг гарвал намайг дуудаж байгаарай. Дэлгүүр энэ тэр лүү гүйлгэхээс санаа зовох хэрэггүй шүү. -За баярлалаа. Сайхан амраарай. Хаалгаа онгойлгож ормогцоо эргэж шагайгаад түүн рүү гар даллан, баяртай гэж хэлбэл тэрбээр: -Намайг Нэргүй гэдэг юм гээд нэг л энхрий дотноор инээмсэглэв. Би бүдүүлэг байхыг хүсээгүй боловч хариу инээмхийлчихээд л нэрээ ч хэлэлгүй хаалгаа хаачихлаа. ♥♥♥ Хэд хоногийн дараа дэлгүүр орох санаатай шатаар уруудаж явтал хэн нэгэн: -Аниа хэмээн дуудсаар гүйгээд ирэв. “Энэ байранд намайг

таньдаг хүн ч баймааргүй сэн дээ” гэсэншүү юм бодоод, аажуухан эргэж харвал Нэргүй байлаа. -Сайн уу, аниа? -Сайн, чи сайн уу? -Сайн, сайн. Та хаачих нь вэ? -Жаахан хүнс цуглуулдаг юм бил үү? -Аль дэлгүүр орох вэ? -Хоёр буудлын цаад талд байдаг нэг супермаркет орно оо. Тэднийх сонголт сайтай байдаг юм. -Нарандэлгэрэх үү? Би ч бас тийшээ ордог юм. Ханьсах нь ээ. -Нарандэлгэрэх гэдэг юм уу? Би нэрийг нь ер анзаарч байгаагүй юм байна. -Та ер нь өөрөөсөө өөр юмыг анзаардаг юм уу? -Юу? -Үгүй ээ… юу ч гээгүй ээ. -Би нээрээ өөрөөсөө өөр юмыг анзаардаггүй ч байж магадгүй шүү. -Анзаардаггүй шүү дээ. Газар эсвэл тэнгэр лүү ширтээд л нэг их юм бодсон царайтай л алхаж явдаг юм. Дотор орохоороо шал ширтээд алхчихна. -Чи

намайг ямар сайн мэддэг юм бэ? -Гарч орох тоолондоо шахам л таарч байна шүү дээ. Заримдаа автобусны буудал дээрээс, Нарандэлгэрэхээс хамт л алхдаг юм. Та даанч анзаардаггүй л дээ. -Хэд хоногийн өмнө ухаан алдахдаа арай бас хамт ирсэн юм биш биз дээ? -Хамт ирэх нь ч ирсээн. Би гэр лүүгээ орж, хоолоо идчихээд, дэлгүүр орох гээд гарсан чинь та гадаа сандал дээр сууж байсан. Би ч санаанд оролгүй түрүүлээд орчихсон юм. Гэтэл… -Тэгвэл үүнээс хойш ханьсаад алхаж байя даа. -Тэр нь танд өлзийтэй. -Юу гэнэ ээ? -Өө, уучлаарай би буруу ярьчих шиг боллоо. -Зүгээр дээ… чиний хэлдэг ч нэг талаараа үнэн л дээ. Бид хамгийн энгийн яриа өрнүүлэн алхсаар зорьсон газартаа хүрч, тэр л яриагаа үргэлжлүүлэх зууртаа хүнсээ цуглуулаад буцаж

алхав. Илэн далангүй, шулуухан яриа, санаандгүй хэлсэн үгнээсээ ичингүйрэн бантаж буйг нь анзаарвал хүүхдээрээ нэгэн ажээ. Надаас нэлээд хэдэн насаар дүү гэдэг нь ойлгомжтой байсан ч би түүнтэй тэгтлээ дотносохыг хүсээгүйдээ ч тэр үү, эсвэл ярих завдал гараагүй ч юм уу, эхний хэдэн уулзалтаар би түүний тухай юу ч асуусангүй. Гэвч нас нэлээд дээр гарсан ээж, надтай үе тэнгийн болов уу гэмээр эгч хоёртойгоо амьдардаг бөгөөд нэгэн сүлжээ дэлгүүрт камер хянагчаар ажилладагийг нь нэг л мэдэхэд мэддэг болчихсон байв. Ганцаардмал зожиг амьдралд минь тэр гэнэт орж ирснээр хэн нэгэнтэй ярилцах гэсэн хүсэл минь биелээд зогсохгүй, хэний ч юм бэ, хань түшигийг үгүйлэх сэтгэлийн минь хоосон орон зайг дүүргэсэн юм. Амьдралд тохиосон гэнэтийн өөрчлөлтүүдийн дараа би хэсэг хүмүүсийг

амьдралаасаа “авч хаясан”, зарим зүйлсийг ч зам зууртаа гээж орхисон. Хүмүүсийн тухай бодох нь хүртэл тээртэй санагдаж, энэ амьдралыг ганцаараа туулахаар шийдсэн. Гэвч аав, ээж, гэр бүлийн халуун дулаан хайрыг амталж өсөөгүй ч төрсөн цагаасаа л олныхоо дунд үймээд сурчихсан надад ганцаараа амьдрал удаан таашаагдахгүйг удалгүй мэдэрсэн. Өөрийгөө нийгмээс тусгаарлах хүслээ гүйцэлдүүлэхээр тэрхүү мэдрэмжтэйгээ тэрсэлдэн тарчилж байх мөчид минь Нэргүйг магадгүй, бурхан над руу илгээсэн байх. Түүнтэй учирсанаараа амьдралд заавал олуулаа байх албагүйг, намайг чин сэтгэлээсээ ойлгодог, сонсдог, хань түшиг болдог цор

ганцхан хүн л дэргэд минь байхад ганцаардахын зовлонг огт мэдрэлгүй амьдраад байж болохыг мэдэрч ойлгосон. Гэвч заримдаа далдхан эмээж, битүүхэн түгшдэг. “Хэдхэн сарын өмнө тэр ч бас миний амьдралд ингээд л дотно салхи сэвэлзүүлсээр орж ирсэн. Намайг сонсож, ойлгож, өөр шиг минь мэдэрч, нөмөр нөөлөг болж, хийж байгаа бүхнийг минь дэмждэгт нь ч юм уу, хэтэрхий ихээр дасаад, бид дэндүү амархан дотносчихсон. Гэтэл бидний салалт ч бас дотносол шигээ л гэнэтийн, хурдан байсан даа”. Ингэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрнө, дахин хэн нэгэнд дасчих вий хэмээн түгшинэ. “Шаазгай ч бас… хэдхэн сарын өмнө л миний амьдралд гэнэт орж ирсэн. Эхэндээ тэр яг л энэ хөвгүүн шиг гэмгүй гэнэн хонгор, илэн

далангүй, найрсаг нэгэн байсан. Гэтэл яалаа даа… Дуугүй хүний доодох нойтон гэдэг шиг ийм гэмгүй дүр төрхний цаана юуг ч нууж болдогийг би харсан шүү дээ”. Ийм бодол тархинд харвах мөчид айдас төрнө, дахиад л хэн нэгэнд хууртчих вий хэмээн хаширлана. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…