Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “11-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “11-р хэсэг”

26 секунд уншина
0
0
318

Төгөлдөр, Буянаа хоёр намайг хэдэнтээ эргэж ирсэн ч би хаалгаа тайлж өгөөгүй юм. Харин энэ удаа түүний талаар сонссон зүйлсээ баталгаажуулах, шинэ мэдээ сонсох хүсэлдээ автан, тэдэнд хаалгаа

тайлж өглөө. Буянаа: -За 21 дүгээр зууны даяанчаар сонин юутай байна? гэсээр орж ирээд миний гэдэс рүү сүрхий харснаа: -Овоо цодойчихжээ. Хүү юү, охин уу? хэмээн тулгаж асуув. -Тайван даа.

Ингээд л сууж байна. Хүү хүү… -Ингээд ганцаараа л амьдраад байх юм уу? -Өөр хэнтэйгээ ч амьдрах вэ дээ. -Чи ганцаархнаа байж байгаад гэнэт өвдвөл яах юм бэ? Аавд нь хэлэх хэрэгтэй юм биш үү? -Яах гэж?

-Та хоёр ч үнэхээр сонин хүмүүс юм аа. Хоёр талд ингэж бие биендээ тунирхаж явсаар бүүр эргэж нийлэхээргүй болчих вий дээ. -Угаасаа эргэж нийлэхгүй… -цаадах чинь нэг бүсгүйтэй болчихсон гээ биз дээ?

хэмээн Төгөлдөр гэнэт ярианд оролцсон ч эхнэрийнхээ харцаар тас шилбүүрдүүлээд дуугаа хураачихав. -Буянаа минь, надаас нуугаад яах в дээ. Өөр бүсгүйтэй болсон тухай нь би аль хэдийнэ олоод

сонсчихсоон. -Өөр бүсгүй ч гэж дээ… түр зуур орлуулах маягийн л… -Өө тийм үү, хэн нэгнийг хэн нэгнээр орлуулж болдог хэрэг үү? Ямар сайхан юм бэ? Би ч гэсэн тэгвэл нэг орлон тоглогч олж авъя даа. -Зарим тохиолдолд хэн нэгнийг мартахад тийм нэг орлон тоглогч бага зэрэг тус болдог шүү дээ. Тус болохгүй нь олон л доо. -За за. Ойлголоо… -Чи… -Гэхдээ би түүнийг ийм эр хүн гэж ёстой бодож байсангүй. Өнөө хэр нь магадгүй, надад үнэнч хэвээрээ байгаа. Намайг санаж шаналж байгаа… хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ ээ гэж итгэж байсан. Гэтэл ёстой… хэлэх үг ч алга… Шаазгай бас түүний хүүхдийг тээж яваа юм билээ шүү дээ… чи мэдсэн үү? -За тэр шуламтай бас хэзээдээ уулзаад амжчихав аа? -Эмнэлэг дээр санаандгүй таарчихсан юм. Удаан ч

уулзаагүй ээ. Хальт л хэдэн үг солиод өнгөрсөн. -Ёстой хортой хэлтэй шулам юм даа. Хальт таарахдаа л хороо цацаж амжжээ. -Яасан? Нууж байсан ганц нууцаа алдчихаад сандраад байна уу? -Чи ямар сонин зантай болчихсон юм бэ? Чи тэр өдрөөс хойш бид хоёртой ч бас уулзаагүй биз дээ? Уулзахсан гэж хэд хэдэн удаа ирсэн. Чи хаалгаа тайлаагүй. Гэтэл одоо нууж байсан ч гэх шиг… -Та нар… -Чи айн гээд, уун гэж бай даа. Бидэнд чамаас нуугаад байх юм байхгүй. Тийм ээ, танай хүн өөр бүсгүйтэй уулзаж байгаа нь үнэн. Гэвч тэдний харьцаа тийм ч халуун дотно биш. Олон жил хамт амьдраад, хоёр талдаа хүнтэй болчихсон, сэтгэл нь хөрчихсөн хосууд шиг хүйтэн хөндий. Тэр бүсгүй уг нь их халамжтай юм билээ. -Болж дээ… -Чи хар яр гэхээсээ

өмнө миний яриаг дуустал нь сонсчих, тэгэх үү? -За. -Шаазгай түүний хүүхдийг тээж байх ямар ч үндэслэл байхгүй. Тэр надад юу ч яриагүй, ер нь ярьдаг хүн биш л дээ. Эр хүн болохоороо тийм байдаг юм байлгүй. Харин Шаазгай нэлээн дээр үед надтай таараад, хөл хүнд гэж ойлгогдохоор үг, үйлдэл харуулсан. Намайг асуухад нууж байгаа дүр эсгэж байгаад түүний хүүхдийг тээж байгаа гэсэн сэтгэгдэл үлдээсэн. Харин би найзаасаа шууд асуусан. Тэр миний хажууд Шаазгай руу залгаад шууд ярьсан. Үнэн төрхийг нь илчилсэн. Тэр охин хэрэв үнэхээр жирэмсэн бол өөр л хүний тээж яваа юм билээ. -За за. Болтугай. -Чиний хандлага их өөр болчихжээ. Жирэмсэн үеийн

синдром л гэж ойлгоё доо. Өө, би чамд дахиад нэг зүйл хэлэх гэж ирсэн юм. Чамайг захиралтайгаа чаталсан гэсэн нэг нотолгоо гаргаж ирсэн дээ. Тэр нотолгоо хуурамч болох нь батлагдсан шүү. Захирал чинь тэр зурвасуудыг олж уншаад, Шаазгайг дуудаж шалгасан гэсэн. Шаазгай захирлынхаа нэрээр нууц хаяг нээж, тийм хуурамч зурвасууд үүсгэсэн юм билээ. Компьютер дээр нь тэр хаяг болон чиний хаяг нууц үгтэйгээ хадгалаастай байсан гэсэн. -Пээ, яах гэж тэр вэ? -Чамайг хорлох гэж л тэр байхгүй юу. Чи гэж нэг тэнэг амьтан түүний компьютер дээр фэйсбүүкээ нээлттэй орхичихсон юм биш үү? -Би бүүр түүний учрийг бодоод олохгүй байсан юм. Ийм учиртай байжээ. Би ч хааяа нээлттэй орхичихдог л доо. Ажлийн компьютер дээр л гэхэд

миний фэйсбүүк үргэлж нээлттэй байдаг. Миний өрөөгөөр хэн ч ордоггүй болохоор тоодоггүй шүү дээ. -Тэгээд л ашигч нэгний олз болсон байна. -За за, нэг нь ч гэсэн миний талаар буруу бодож явснаа ойлгосон бол яамай даа. -Дэд захирал чинь надтай хэдэн өдрийн өмнө таараад чамайг асууж, энэ тухай хэлсэн юм. Чамтай тааралдвал уучлалт гуйхсан гэж байна лээ. -Хэрэггүй биз дээ. Би хэнийг ч надаас уучлалт гуйгаасай гэж хүсээгүй. -Ямар ч байсан нүгэл нь нүдээрээ гарна гэгчээр булхайнууд нь илрээд, ажлаасаа хөөгдөж, нүүр хийх газаргүй болсон. Бүүр ширлэчихсэн хүүхэн байна лээ. Баригдчихаад байгаа хэрнээ л “мэдэхгүй, энэ миний нээсэн хаяг биш” гээд гүрийгээд байсан гэдэг шүү. -Ммм… “Үнэн хэзээ ч ялалт авч ирэхээ больсон цаг

юм” хэмээн гутарч явсан надад цаг хугацаа үнэнийг илчлэн гаргаж ирдэг гэдгээ батлан харууллаа. Гэвч хэзээ ч илчлэгдэлгүй, цаг хугацаа, хувь тавилангийн сүүдэрт нуугдаад хоцорчихдог үнэн дэндүү олон шүү. Тэдгээрийн нэг нь магадгүй, миний түүнд зориулсан хайр байх. ♥♥♥ Түүнийг хүлээх хэрэггүй гэдэгтэй эвлэрсэн минь нэг талаар миний сэтгэлийн ачааг бага ч болов хөнгөлсөн юм. Ном эргүүлж суугаад “Бусдын алдаа надаас болдог. Хохирол нь намайг хорлодог” гэсэн өгүүлбэр олж уншив. Хэрэв энэ үг үнэн бол би бурууг өрөөлөөс бус өөрөөсөө хайж, өөрөөсөө асуух нь зүйтэй болж таарав. Магадгүй, би сэтгээгүйнхээ төлөө, магадлаагүйнхээ төлөө өөрөө өөрийгөө хохироосон ч байж мэдэх юм. Худалч Шаазгайн үгэнд итгэж, түүнийг хэлмэгдүүлснээ эргэн санахад тийм л болж таарлаа. Тэгэхээр би

ганцаараа хохирогч биш байх нь. Тэр ч бас энэ хайрын тоглоомын гэмгүй нэгэн хохирогч юм байна. Хайр дурлалд ганцаараа хайрлаж, ганцаараа тэмцээд хэзээ ч амжилт олдоггүй нэгэн адилаар ганцаараа хохирдоггүй юм байна. Ингээд бодохоор тэр ч бас миний л адил ганцаардан шаналж суугаа ч байж мэдэх юм. “Үгүй ээ, үгүй. Яалаа гэж. Хэзээ ч хэнд ч битгий итгэ. Тэр чам шиг ганцаараа биш. Өөр эмэгтэйтэй болчихсон шүү дээ” гэж намайг үргэлж хатгаж, хатуужуулж байдаг хон хэрээ сэтгэл дотроос минь шивнэв. “Тийм шүү. Тэр чиний эр хүн байхаа больсон. Өөр эмэгтэйн эр хүн болсон” гэж түүнтэй санал нэгдээд, номоо үргэлжлүүлэн уншлаа. Гэтэл бас “Би байвч чи үгүйд өнчин. Ихэр элгэн мэт андууд Итгэл дунд сум

тавихгүй” гэсэн өгүүлбэр номын хуудсан дээрээс тодрон товойгоод, үсэг нэг бүрээрээ салж бутраад, өрөөгөөр нэг тарж орхив. Түүний эзгүйд өнчирч ганцаарддаг минь маргашгүй үнэн юм. “Гэвч үгүйсгээд л байвал үнэн төдхөнөө буугаад өгчихдөг шүү” гэж хон хэрээ сэтгэлийг минь тоншин гуаглав. Тийм ээ, бууж өгдөгийг нь би харсан, мэдэрсэн. “Үгүй дээ, үнэн зүгээр л тэнэгүүдийн эсвэл батлагдашгүй зүйлийн эсрэг зогсож залхаад, цөхөрч гуниад бууж өгч байгаа мэт дүр эсгэдэг юм. Тэгэхээр нь худал өөрөө хөөрүү дэвэргэн юм болохоороо үнэн надад буугаад өгчихлөө, би ялчихлаа гэж баясдаг. Тэгж бас дээгүүр дүүлж яваад нэг л өдөр элгэн хадн ирмэгийг харалгүй хальт гишгээд, амиа хорлочихдог юм. Ялагдал, ялалт бүхэн харагдаж байгаа шигээ биш шүү” гэж сэтгэл дотор минь бясалган суудаг цагаахан тагтаа

аяархан шивнэв. Хон хэрээ, тагтаа хоёр хоёулаа л үнэн ярьж байна. Хэнийх нь зөв болохыг би шүүн тунгаах гэж хэсэг бодлогошироод, хариултыг нь олохгүй зүдэрсэндээ ч тэр үү, дэндүү их ядраад, нүд минь анилдаж эхлэв. “Би бүх зүйлийн зөв хариултыг мэддэг байх албагүй. Харин хүүгээ эрүүл саруул төрүүлэхийн тулд сайн амарч байх хэрэгтэй” гэж өөртэйгөө зөвлөөд, унтахаар хэвтэв. Хөнжлөө татаж нөмрөх агшинд “Чи хэтэрхий хүлцэнгүй юм. Яагаад бүгдийг ийм амархан хүлээн зөвшөөрөөд байдаг юм бэ? Чамд өөрийн гэсэн

үзэл бодол, түүнийгээ хамгаалах эр зориг байдаггүй юм уу?” гэсэн түүний үгс сэтгэлийн чинадаас цуурайтах нь тэр. “Түүнд урьдн л адил тайлбарласан, учирласан хариулт өгөх үү, эсвэл… ер нь хэнд хамаатай юм бэ, би өөрийнхөө л замаар гэлдэрнэ. Би алхах ёстой гэж бодсон бол алхаж, гүйх ёстой гэж бодсон үедээ гүйнэ. Мөлхсөн ч яадаг юм бэ гэж үзвэл мөлхөнө. Зарим зүйлтэй тэмцэлдэх бус хүлээн зөвшөөрөх нь надад илүү амар амгаланг авч ирдэг юм. Чи ойлгохгүй л дээ…” гэж урьдын л адил дэргэд минь үгүй түүнтэй сэтгэл дотроо зөөлхөн

маргалдчихаад нүдээ анив. Аньсан нүдэн дотор минь харин түүний ухаалаг дөлгөөн нүд хайр татан инээмсэглэж байлаа. Унтахаар хэвтэх бүрт минь зөөлөн харцаараа бүүвэйлэн аргаддаг энэ нүдэнд би дэндүү хайртай юм. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *