Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “10-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “10-р хэсэг”

1 минут уншина
0
0
332

“ТАВДУГААР САР” Хүмүүсийн тухай бодох, тэдэнтэй харилцаа үүсгэх нь урьдын адил эрсдэлтэй санагдсаар байсан учир би ажил хэргийн холбоотой хэдхэн хүмүүсийн хүрээнд л харьцаж, өөрийгөө нийгэм

болоод хүмүүсээс бүрэн тусгаарлалаа. Надтай холбоо тогтоохоор эрмэлзэх цөөхөн найзтайгаа зөвхөн сошиал орчинд л мэнд мэдэхийн төдий харьцаж байв. Ингэснээр гадны нөлөөтэйгээр гэнэт гарч ирдэг

саад бэрхшээл арилж, амьдрал минь миний хүссэнчлэн нам гүм, нэгэн хэмнэлээр урагшилж, хоног өдрүүд ч зүрхний цохилт мэт аядуухан хөврөх болов. Гэвч амьдрал, хувь заяа юунаас ч

хамааралгүйгээр бидэнд тохирох шалгуур сорилтууд ыг илгээж байдаг жамаар миний амар амгалан, ажин түжин байдал ч удаан үргэлжилсэнгүй. Ээлжит үзлэгтээ орж, хэвлийдээ бойжиж буй

мөнхийн хайр ынхаа хүйсийг тодорхойлуулж, бодит мэт зургийг нь харан хязгааргүй баяр баяслаар бялхсан тэр өдөр хувь тавилан над руу ээлжит сорилтоо илгээсэн юм. -Хүү байна. Тэр харж байна уу? Их

тайван эр байх нь ээ. Бараг хөдлөхгүй байна шүү гэж эмч бүсгүйг хэлэх мөчид би дэлгэцийн цаана буй тэрхүү үл таних ертөнцтэй гүн гүнзгий танилцах хүсэлдээ автан, эд эрхтэн бүрийг нь өхөөрдөн, хөдөлгөөн бүрийг нь ажиж хэвтлээ. -Ураг маань хэвийн бойжиж байна аа. Эхийн сэтгэл санаа тайван байх нь урагт их сайнаар нөлөөлдөг юм шүү дээ. Та сайн ээж болох нь ээ. -Баярлалаа. Санаа дагаад ч юм уу, аавтайгаа их төстэй харагдаж байна шүү. -Бүсгүй хүн бүр л аавтайгаа адилхан байгаасай гэж хүсдэг юм шиг байгаа юм аа. Хүссэн, хүсээгүй л хүүхдүүд ихэвчлэн аавгаа л дуурайдаг даа. -Мхнн…

Би сайн мэдэхгүй хүмүүст тэр бүр сэтгэлээ нээж яриад байдаг хүн биш л дээ. Гэвч энэ удаа хамгийн далд хүслийнхээ талаар эмч бүсгүйд санаандгүй ам алдаж орхив. Магадгүй, хүмүүстэй ярилцалгүй удсан нь нөлөөлсөн ч байж мэдэх юм. Учир нь, хүмүүсийн дунд баймааргүй, хүмүүсийн тухай бодмооргүй, хүмүүстэй уулзмааргүй санагдах ч хүмүүсээс өөрийгөө тусгаарлах тусам ярих хүсэл оволзож байдгийг би бага багаар мэдэрч эхлээд байсан билээ. Эмч бүсгүйгээс шаардлагатай зөвлөгөөнүүдээ аваад, дэгэлзэж догдолсон хүн л өрөөнөөс нь гарлаа.

ЭХО бичлэгийн дүр төрх нүдэнд минь бодитоор тодорч, хайр өхөөрдлийг минь төрүүлж байв. Тийнхүү гэгээн өдрөөр сэрүүн зүүдэнд автах мэт гэгэлзэн инээмсэглэсээр алхаж явтал хэн нэгэн гараас минь хүчтэй татаад өнгөт мөрөөдлийг минь сарниулчих нь тэр. Тэрхүү эрээ цээргүй халдан довтлогч руу эргэн харахдаа ч ухаан санаа минь мөрөөдлийн ертөнцөөсөө буцаж ирж амжаагүй байсан учир нойроо харамлаж буй хүүхэд шиг дүйнгэдүүхэн байдалтайгаар тун дургүйхэн эргэлээ. Тэгтэл -Дуудаад байхад огт сонсохгүй юм аа. Та… хөөх хэдэн сартай юм бэ? гэсэн тунирхал, гайхширал тээсэн үгс, хэзээний танил хоолой, танил царай эрх дураараа сэлгүүцэж явсан оюун санааг минь түргэн авахуулан бодит амьдрал дээр буцаагаад

аваад ирэх нь тэр. -За баяр хүргэе. Та ч амжуулжээ… Би ч бас… -… Гэнэтийн энэ учралд хэт цочирдсондоо ч тэр үү, эсвэл үүнийг огт хүсээгүйдээ ч тэр үү, юу ч хэлж, ямар ч үйлдэл хийж чадахгүйн зэрэгцээ үлгэрт гардаг далдын хар малгай нь байдаг бол бушуухан шүүрч өмсөөд, эндээс хурдхан зугтахыг л хүсч зогслоо. -Та юу ч ярихгүй юм уу? Алив, хоёулаа жаахан ийшэлье. Та ч дүүдээ асар их гомдсон байх аа. Жирэмсэн болсноо мэдээд л гэнэт гэгээрчихлээ шүү дээ. Тийм муухай зүйлс хийж байсандаа харамсаад харамсаад барахгүй байна. Тантай уулзаж, уучлалт гуйж, сэтгэлээ онгойтол яриад уйлахсан гэж маш ихээр хүсч явлаа. Ямар азаар өнөөдөр таарав

аа. Би их тэнэг байжээ. Та намайг үнэхээр уучлаарай. -… Түүний хэлж буй үгсийг сонсоод байгаа хэр нь зүрх сэтгэл, оюун ухаан минь бүрэн хүлээж авахгүй л байлаа. -Та нэг ч үг дуугарахгүй юм уу? Би дахиж хэзээ ч тийм зүйл хийхгүй ээ. Та дүүгээ үнэхээр уучлаарай. Одоо би хүүгээ төрүүлээд л, хоёулхнаа хэнд ч гай бололгүй, нам гүм амьдарна аа. Дүү нь үргэлж танаас сэтгэлдээ уучлалт гуйж, үдэш бүр таны төлөө сахиусандаа залбирч, өглөөдөө сүү өргөдөг шүү. Та итгэхгүй л байх л даа. Ингэснээрээ би танд хийсэн гэм нүглээ наманчилж байна гэж өөрийгөө тайтгаруулдаг юм. -… Тэр надаас ямар нэгэн үг, үйлдэл хүлээх мэт хэсэг чимээгүй болов. Би ам нээе гэсэн ч түүнд хэлэх үгс минь дуусчихсан бололтой, юу хэлэхээ бас л мэдсэнгүй. -Амьдрал бол

бидний хамгийн сайн багш гэж хэлж байсныг тань үргэлж санаж явдаг шүү. Учир нь, амьдрал өөрөө л надад энэ бүхнийг ухаарууллаа шүү дээ. Хэрэв бурхан надад ийм сайхан үр илгээгээгүй бол би хэзээ ч ухаарахгүй ч байсан байж магад. -Бурхад ч яах аргагүй сохор юм аа. -Юу гэсэн үг вэ? -Уг нь чамархуу нүгэлт амьтдад үйлийн үрийг нь үүрүүлдэг гэж боддог юмсан. Тиймээс ч би муу хүмүүсийг үйлийн үрд нь даатгаад орхичихдог юм. Тэртээ тэргүй амьдрал, хувь заяаны хийх ажлыг би урьдчилж хийх гэж өөрийгөө зовоогоод яах вэ л гэж боддог юм. -Аан, би ойлгож байна аа. Та санаа зоволтгүй дээ, би үйлийн үрээ хангалттай эдэлж байгаа. Захирал намайг нууц зурвасуудыг минь олон нийтэд дэлгэлээ гээд ажлаас халчихсан. Агаа ч бас намайг

хаячихсан. Жирэмсэн болчихлоо гэсэн чинь хүлээн зөвшөөрөөгүй гээд бод доо. -Өө тэгээ юү? -Тийм ээ, та түрүүн бурхад сохор юм аа гэсэн үү? Харин надад эмэгтэйчүүд бид л сохор юм шиг санагдсан. Би ч яах вэ, ухаан муутай, дутуу дулимаг амьтан. Та тийм ухаалаг, дайчин, сүрхий бүсгүй хэрнээ тийм өөдгүй эр хүнд ухаан алдталаа дурлаж л байсан. Би ч бас дурласан. Ингэхэд та түүний хүүхдийг тээж байгаа биз дээ?… -… -Эцэст нь, дурласан эмэгтэйчүүд бид л хохироод үлдлээ шүү дээ. Хоёулаа жирэмсэн… гэтэл тэр хүн тэнд өөр залуухан охинтой зугаацаад л гүйж явна… Энэ үгээ тэр үнэхээр чин сэтгэлээсээ хэлсэн үгүйг мэдэхгүй юм, юутай ч араас нь гүнзгий санаа алдаад, сэтгэл сэмрүүлчихэв. -Чи түүний хүүхдийг тээж байгаа юм уу? -Тийм ээ, өөр

хэнийхээ хүүхдийг тээх вэ дээ. Хойд аав маань намайг эцэггүй хүүхэд төрүүлэх юм бол манайхаар битгий шагайгаарай гэсэн. Ингээд дүү нь ажил ч үгүй, очих аав, ээж ч үгүй болчихоод л гэлдэрч явна. Ингэхэд нээрээ захирал танд талтай хэвээрээ юм шиг байна лээ шүү. Сүүлд намайг хөөхдөө танийг л өмөөрөөд байсан. -… -Та бүр юу ч ярихаа больжээ. За за… дүү нь ингээд гэр лүүгээ гэлдэрье дээ. Унааний мөнгөгүй болохоор алхаж байгаа. Гэр холийг ч хэлэх үү, алхсаар явтал орой болчихно. За та биеэ сайн бодоорой. Би таний төлөө залбирч байх болно оо. Баяртай. -… Тэр надаас ямар нэгэн үг хүлээх мэт өөдөөс минь ширтээд хэсэг зогслоо. Би түүнд юу ч хэлэлгүй, хажуугаар нь гараад машин зам руу алхчихав. Тэгтэл тэрбээр: -Би хуучин дугаар

дээрээ л байгаа шүү хэмээн араас чангаар хашхирлаа. Үнэндээ энэ мэдээлэл надад огт хэрэггүй л дээ. Гэвч чих минь соргог учир олоод сонсчихов. ♥♥♥ Түүнийг дахин хэзээ ч харахгүй, түүний тухай бодохийг ч хүсэхгүй гэж өөртөө хэдэн арван удаа сануулах ч “хэвлий дэх үр минь түүнтэй адилхан байгаасай” гэж чин зүрхнийхээ угаас хүсдэг минь үнэн. Бидний амьдралын зам эргэж хэзээ ч нийлэхгүйгээр салж одсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч хэн нэгэн хаалга тогших бүрт “тэр минь байх вий” гэж далдхан горьддог минь үнэн. Тэр ч бүү хэл, гаднаас ирэх бүртээ, орцныхоо хаалгыг нээх бүртээ түүнийг манай үүдэнд зогсож байх вий гэж өөрийн эрхгүй боддог минь ч үнэн. Удаан хүлээсэн тухайгаа учирласаар өмнө минь хүрч ирээд, гэмшингүй

ширтвэл олон хоногийн турш гомдол тээсэн өнөө муу зүрх минь төдхөнөө уясаад, энэ дэлхийн хамгийн том бэлэг болох уучлалыг түүнд харамгүй илгээнэ ээ гэдэгтэй ч би маргаж чадахгүй. Гэтэл яагаад… гэтэл яагаад эвлэрч чадахгүй бүхэнтэйгээ эвлэрч, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлтэйгээ ч эрсэлдэн тэрсэлдэхгүйгээр зугуухан хүлцэж буй сэтгэлийг минь сэвтээх үгсийг хайр найргүй шидлээд байдаг юм бэ, амьдрал чи. Надаас өөр нэгэн түүний хүүхдийг тээж яваа тухай, тэр ч бас надаас өөр нэгэнтэй аз жаргалтай байгаа тухай мэдээг сонсоод өвдсөөр байгаад өвдөлтөө мэдрэхээ больчихсон сэтгэл минь дахиад л мэдээ орчихоод, хачин ихээр шархирч эхлэх нь тэр. Цээж ч бас түүнийг дагаж хөндүүрлээд, би гэдэг хүн дахиад л сэтгэлээ, бодлоо даахаа больтлоо сульдчихлаа. “Түүний тухай

бодохийн төдийд цээж чинь хүчтэй хөндүүрлээд байвал… түүнийг хайр гэдэг” гэж хэн нэгэн бичсэн байсныг гэнэт санав. Түүнтэй танилцсанаас хойш би энэ мэдрэмжийг их олон удаа мэдэрсээн. Түүнээс хагацахдаа ч, түүнтэй огт харьцахаа больсноос хойш ч мэдэрсээр л байсан. Харин саяхнаас л энэ мэдрэмж надаас холдож эхэлж байсан юм. Гэтэл одоо дахиад л… “Хайр… энэ цээж урьдын адил хөндүүрлээд байхыг бодоход би одоо ч түүнд хайртай хэвээрээ л юм байна” гэсэн бодол зурсхийхийн зэрэгцээ хэтэрхий амархан хиртдэг хайр гэгч зүйлд хачин ихээр гомдох мэт мэдрэмж бие, сэтгэлийг минь эзэрхийлэв. Тэр мэдрэмжиндээ сэтгэл минь бүр хүндрээд, урагш алхах ч тэнхэлгүй болох мэт санагдах мөчид түүний тухай бодоход хамгийн анх хэрхэн цээж хөндүүрлэж байсныг эргэн саналаа. Хэдхэн сарын

өмнө дөө. Тэр минь намайг энхрийлэн тэврээд, үсийг минь илбэнгээ хэнд ч хэлэлгүй сэтгэлдээ л тээж явдаг холын мөрөөдлөө ярьж суулаа. – I’m going to love you. I will love you until you are the strongest of being weakest. When you are happy, and you will still love you when you are sad. -Дахиад хэл дээ. -I’m going to love you. I will love you until you are the strongest of being weakest. When you are happy, and you will still love you when you are sad. -Би чамайг хайрлах болно. Хамгийн сул дорой байхаас чинь эхлээд хамгийн хүчирхэг нь болтол чинь хайрлана. Жаргалтай байх үед чинь, бас гунигтай байхад чинь ч хайрласаар

байх болно. -Чамайг би хүчирхэг, бардам байгаасай гэж хүсдэг шүү. -Би хэнд ч бууж өгдөггүй хүчирхэг, хэнээс ч хамааралгүй бардам нэгэн байж үзсээн. Эргээд бодоход тийм зан эмэгтэй хүн алдаа, харамсал л үлдээхээс хэтэрдэггүй юм шиг санагдсан. -Яалаа гэж. Эмэгтэй хүн бардам байх ёстой. Харин чи их хүлцэнгүй юм. -Би бардам байх үедээ л, бардам зан гаргах нэгэндээ л бардам байх болно. Бусад хүмүүст миний сул дорой дүр төрх таалагддаг ч юм бил үү. -Шал утгагүй зүйл ярих юм. -Чи миний амьдралын философийг ойлгох болоогүй байна аа. Хүнтэй эвтэй байсны буруу гэж байхгүй. -Бусад нь тэнэг байж болно, чи л ухаантай байхад болно, тийм ээ? -Мхнн. Гар утасны хонх зөөлөн жингэнэсээр бидний яриа түр завсарлав. -Байна. -Сайн уу,

сайхан бүсгүй минь. -Сайн, сайн байна уу? Хэн бэ? -Хоолойны минь өнгөөр танихгүй байна уу? -Үгүй ээ. -Ажил, амьдрал сайн уу? -Сайн сайн. Хэн бэ? -Дугаарыг чинь олох гэж бөөн л юм боллоо. Уулзалгүй бараг гурван жил болчихжээ. Ингэхэд чи гану бие хэвээрээ байгаа юу? -Хэн бэ? -Аку байна аа. -Айн? Хөөх, ямар сонин хүн бэ? -Тийм сонин байна уу? Надад ч гэсэн сонин л байна шүү дээ. Ойрын үед нэг уулзалдвал зав байна уу? -Бололгүй яах вэ. За тэгээд ажил, амьдрал сайн л биз дээ? Уулзалгүй үнэхээр удсан байна шүү. -Уур чинь гарчихсан байгаад баяртай байна. -За боль доо. Бүтэн гурван жил гаруй уурладаг хүн гэж юу байх вэ дээ. -Чи нөхөртэй болоогүй биз дээ?

-Одоогоор нөхөрт гараагүй л байна. -Ашгүй, ашгүй. -Ашгүй гэдэг нь юу гэж байгаа үг юм бэ? -Надад боломж байгаа л юм байна. -Чамд боломж… Өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал тэр гар утсыг минь булааж аваад тасалчихав. -Хөөе, чи яаж байгаа юм бэ? -Хэнтэйгээ аальгүйтээд байгаа юм бэ? -Манай их сургуулийн ангийн хөвгүүн байна аа. -Та хоёр учиртай байсан юм уу? -Миний араас л гүйдэг байсан юм. -Чи ч бас хандтай юм биш үү? -Яалаа гэж дээ. -Тэгвэл яагаад нөхөрт гараагүй байна гэж хэлсэн юм бэ? -Би нөхөрт гараагүй л байгаа шүү дээ. -Чи бид хоёрын харьцаа тэгээд юу болж таарч байна? -Бид үерхэж байгаагаас биш нэг гэртээ орчихоогүй байгаа биз дээ? -Чи

тэр залууд өөрийгөө гану бие гээд ойлгуулчихлаа. -“Чамд боломж байхгүй ээ” гэж хэлэх гэж байсан юм. Гэтэл чи хэлүүлэлгүй тасалчихлаа шүү дээ. -За тэгвэл одоо утсаа аваад, үргэлжлүүлээд ярь ярь. Би гар утсаа аван, Аку руу эргүүлж залгав. -Яагаад тасарчихав? -Санаандгүй л… би чамд… Тэр гадуур хүрмээ шүүрч аваад, гараад явчих нь тэр. -хөөе, чи хаачих гэж байгаа юм бэ? гэж хашхирсан боловч хариу сонсож чадсангүй. -байна уу? -Байна, байна. Уучлаарай, би чамд боломж байхгүй ээ гэж хэлэх гэж байсан юм. Би найз залуутай болсон. Бид удахгүй нэг гэртээ орно. За уучлаарай, дараа ярья. Надад яаралтай ажил гарчихлаа. Утсаа таслаад түүн рүү залгав.

-Хөөе, чи яагаад гараад явчихав аа? гэвэл -Би бусад эрчүүдээс өөр хүн шүү гэчихээд л утсаа тасалчих нь тэр. Хэд хэдэн удаа угсруулан залгасан боловч тэр утсаа авсангүй. Тэр өдрийн турш, маргааш нь ч түүнээс дуудлага, зурвас хүлээсээр л байлаа. Зогсолтгүй хөврөх цаг хугацаа хүртэл надтай хамт бодолд автчихсан мэт урагшилж өгөхгүй зовооно. Тийнхүү тарчлаант хоёр өдрийг үдсэний дараа “тэр хэзээ ч

эргэж ирэхгүйгээр явчихсан бол яана аа” гэсэн бодол гол гогдов. Тэр бодолтой зэрэгцээд чээж рүү минь ямар нэгэн хатуу зүйлээр хатгаад авах мэт хүчтэй хөндүүрлэж билээ. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *