Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “8-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “8-р хэсэг”

42 секунд уншина
0
0
279

Ерөнхий захиралтай чаталсан тэрхүү хуурамч зурваснууд хаанаас хэрхэн гарч ирсний учрыг олох гэж тархиа гашилгасаар бүр ядарч туйлдав. Хэдэн өдрийн турш гэрээсээ гаралгүй бүгж, хоёр нүүртэй

хуурамч хүмүүсээр хүрээлэгдсэн хорвоо ертөнцийг зүхэж, өөрийгөө зовоов. Ерөнхий захирал, дэд захирал, Шаазгай нараас хэд хэдэн удаа дуудлага ирсэн ч авах хүсэл төрсөнгүй. Хяслант тавилан, гачлант

бодолдоо тарчилж буй тархийг минь хэрээ шиг тонших чийртэй чимээг нь дахин сонсохгүйн тулд бүгдийнх нь дугаарыг блоклож орхив. Бүгд миний эсрэг хуйвалджээ. Бүх дэлхий миний эсрэг зогсож

байсан ч ганцаараа миний талд зогсоно хэмээн амлалт өгч байсан тэр минь хүртэл надаас урважээ. Хайрлаж байсан хүнээсээ яагаад ийм амархан сэтгэл буруулж болдогийн учрыг би л лав тайлж хүчрэхгүй

юм байна. Хэвлий дотор чимээгүйхэн бойжиж буй үр минь хүртэл тэдэнтэй эвсчихээд намайг улам тарчилгах гэсэн мэт хором тутамд хоол нэхэж зовооно. Шинэ ажилд ороод цалингаа ч авч амжаагүй

байхдаа хуурамч бүхнээс дайжиж, гэртээ бүгж эхэлсэн учир халаас болоод хөргөгч минь хоосорчээ. Сэтгэлийн энэ их шархны хажууд санхүүгийн өчүүхэн уналт огт сонин биш. Гэвч байсхийгээд л ямар нэгэн хачин жигтэй зүйл идэх хүсэл төрж, юм олж идэхгүй л бол байж суух аргагүй болтол тэвчээр барах аж. Мөн ямар нэгэн зүйл уухгүй л бол уруул хатаж, хоолой арган, толгой өвдөнө. Ийм зовиур үгүйсэн бол юу ч идэж уулгүй, юу ч хийлгүй, бүр юу ч бодолгүй хэдэн өдрийн турш нам унтахсан. Ийнхүү идэх, унтах, бодох хүсэлтэйгээ зөрчилдөн тарчилж хэвттэл хэн нэгэн хаалга зөөлхөн тогшив. Хэнд ч хаалгаа

тайлмааргүй байсан учир чимээгүй л хэвтээд байлаа. Тэгтэл: -Буянаа байна аа, гэртээ байгааг чинь мэдэж байна. Хаалгаа тайлаач гэх нь сонсогдов. Гомдлоо тайлж, сэтгэлээ онгойтол ярилцах хэн нэгэн уг нь надад хэрэгтэй л байна. Магадгүй, тэр хүн нь Буянаа байж болох л юм. Гэвч “үгүй ээ, хэнд ч итгэж болохгүй. Бүгд хоёр нүүртэй” гэж өөртөө сануулаад, чимээ гаргалгүй хэвтсээр л байлаа. -Найз аа, чи зүгээр үү? Буянаа байна аа. Чамд санаа зовоод хүрээд ирлээ. Хаалгаа тайл л даа. Найз нь солонгос хоол авч ирсэн. Хоол ундаа идэж байгаа биз дээ гэхийг сонсоод “хоол… хоол гэсэн үү… солонгос хоол уу… гоё сонсогдож байх чинь ээ… тийм ээ, би яг солонгос хоол идмээр байсан юм” хэмээн

хэн нэгэн дотроос минь үглэж эхлэв. Чухамдаа энэ би юу, хэвлий дэх үр минь үү, эсвэл бүр надад огт хамааралгүй ад чөтгөрийн дуу хоолой юу гэдгийг ялгаж салгаж амжсангүй. Хэдийнэ босон харайгаад хаалгаа тайлчихсан зогсож байлаа. -Хөөх, цонхоо нээ л дээ. Яасан бүгчим юм бэ? Наад үс гэзэг чинь яачихаа вэ? Найз нь бүгдийг сонссоон. Гэвч ингээд гутраад хэвтээд байж болохгүй шүү дээ. Алив, жаахан юм идчих гэсээр Буянаа авч ирсэн хоолоо ширээн дээр гаргаж тавив. Би ч хэдэн өдрийн турш юм идэлгүй цөлөөр тэнэчихсэн чоно шиг л дайрлаа. -Ишш, миний найз бүүр царай алдчихсан байна шүү дээ гэх зууртаа Буянаа арзайж сэгсийсэн үсийг минь арагш илж, ээж шиг л халамжлав. Гэвч ийм халамж хуурамч байдгийг би сайн мэдэх учир

“уярч болохгүй” хэмээн өөртөө санууллаа. -Амттай байна уу? -Мхнн -Чамайг утсаа унтраачихаад, таг чиг байхаар чинь яг ингээд хэвтэж байгаа болов уу ч гэж бодсон юм аа. Хүмүүс чамаас урваж болно. Гэвч чи өөрийгөө ингэж зовоож болохгүй шүү дээ. -мхнн. -Чи надтай ямар нэгэн зүйл ярихгүй юм уу? За за. Хоолоо идчих. Тэгж байгаад тухтай яриарай. Найз нь жаахан цай чанаадахъя. Буянаа гал тогооны хэсэг рүү очиж, ус буцалгагч залгаад, байхуу цай авч дүрснээ хөргөгч онгойлгов. Хов хоосон хөргөгчийг минь хараад, хаалгыг нь бушуухан буцаагаад хаачихлаа. Тэгснээ: -Миний найз хоолоо идэж бай. Найз нь дэлгүүр ороод жаахан хүнс аваад ирье гээд гарч одов. Үнэндээ Буянаа энд байх эсэх хийгээд юу хийж, юу ярих нь ч надад сонин биш. Ямартай ч гэдсээ дүүрч, сэтгэлээ ханатал идээд л авъя гэсэн ганц хүсэл

л байна. Хоолоо бүгдийг нь идэж дуусаад, Ариун цэврийн өрөө рүү алхаж явтал хаалга дахин тогшив. Тайлбал, Буянаа хоёр тор дүүрэн юм барьчихсан, инээд алдсаар орж ирлээ. Бие засчихаад гарч ирэх хооронд тэр авч ирсэн зүйлсээ хөргөгч, гал тогооны шүүгээнд хуваагаад хийчихсэн байв. -За миний найз сайхан цай уучих гэсээр надад өтгөн байхуу аягалж өгөв. Гэвч би хөргөгчний хажууд тавьсан газтай ундааг хармагцаа найзынхаа сэтгэлээ гарган чанаж өгсөн цайнаас шууд татгалзав. -Үгүй ээ, би газтай ундаа уумаар байна. Бас ямар нэгэн исгэлэн жимс идмээр байна гэвэл Буянаа над руу нүдээ бүлтэгнүүлэн ширтсэнээ ундаанаас аягалж өгөв. Би ундаанаас гүд гүд хийтэл хэд залгиад: -Чи ямар нэгэн амттай зүйл, ногоон алим ч юм уу

авч ирээгүй юм уу? гэлээ. -Үгүй ээ, тийм юм ёстой санаанд орсонгүй. Ингэхэд чи ногоон алиманд дургүй биз дээ? -Үгүй ээ, ногоон алим л идмээр санагдаад байна… эсвэл зайрмаг ч юм уу… за за авч ирээгүй бол яах вэ. Энэ газтай ундаанаас л сайн уучихъя. -Чи сүүлийн хэд хоног юу хийв? -Гэртээ л хэвтлээ. -Ажилдаа явахгүй байгаа юм уу? -Юу ч хийх, хэнтэй ч уулзах хүсэл алга. -Нөгөөх чинь өчигдөр манайд ирээд болсон бүхнийг ярилаа. Түүнээс биш найз нь юу ч мэдээгүй байлаа шүү дээ. Чамд санаа зовоод байна, чи нэг очиж уулзаад ирээч гэхээр нь ирж байгаа нь энэ. -Тэр муу новш чамайг явуулсан юм уу? -Тийм ээ, чамд санаа зовоод… Гэнэт дотор бачуурчихав. Тэр даруй

Буянаагийн гараас татан босгоод: -Яв, яг одоо яв. Би тэр муу новшийн талаар нэг ч үг сонсмооргүй байна. Та нар бүгдээрээ урвагч. Чи ч бас тэр найзтайгаа адилхан урвагч л байж таарна. Яасан? Намайг яаж байна, тагначихаад ир гэж чамайг явуулсан уу? Тэгвэл чи намайг маш муу байгааг харлаа. Намайг гутарсандаа амиа хорлох гэж байна гэж очиж хэл. Хоёр новш баярлах биз гээд хаалга руу түлхлээ. -Хөөе чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? Тэр муу хорон хүүхэн чамаас урваа л биз. Би тэрэнд чинь ямар буруутай юм бэ? Тэгээд ч тэр хүн чамд хайртай, хайртай болохоороо л санаа тавиад, намайг яваад ирээч гуйж байгаа юм биш үү? -Үгүй, тэр надад хайргүй. Одоо нөгөө муу хүүхэнтэйгээ нялуураад намайг бодох ч сөхөөгүй хэвтэж байгаа биз. Ер нь бүгд хуурамч, хоёр нүүртэй байдаг юм байна. Одоо би хэнд ч итгэхгүй. Би хэнтэй ч уулзмааргүй, яримааргүй байна. -Нэг, хоёр хүн

чамаас урвалаа гээд бүгд урвагч гэсэн үг биш шүү дээ. -Үгүй ээ, би хэнд ч итгэхгүй байна. Итгэх ч хүсэл алга. Тэнхэл ч алга. -Чамайг хайрладаг хүмүүст чи итгэх ёстой. Харин би тэр муу өөдгүй хүүхэнд шанг нь хүртээнэ ээ. -Хэрэггүй ээ. Би хэнтэй ч тэрсэлдмээргүй байна. Зүгээр л ганцаараа баймаар байна. Чи зүгээр л явчих, тэгэх үү? Ийнхүү Буянаатай ноцолдож байгаад гэнэт хүчтэй хөдөлсөндөө тэр үү, эсвэл хэдэн өдрийн турш хоолгүй байж сульдсандаа ч тэр үү, толгой эргэн, нүд эрээлжлээд, хөл дээрээ тогтож чадахгүй гуйвчих нь тэр. Буянаа тэр даруй намайг тэвэрч аваад, түшиж алхсаар орон дээр аваачиж хэвтүүлэв. -Чи бүр сульдчихсан байна шүү дээ. Хоол ундаа идэж бай л даа. За гайгүй ээ, би тэр муу хүүхнийд яг одоо очоод… гэж үглэнгээ тэр ямар нэгэн хурц үнэртэй зүйл цүнхнээсээ гаргаж ирээд, нүүр лүүгээ

цацаж орхив. Тэгмэгц л дотор минь муухайраад, учир зүггүй огиулж эхэллээ. Ариун цэврийн өрөө рүү гүйж ороод, хэдхэн хормын өмнө ховдоглон идсэн амттай сайхан хоолоо бүгдийг нь гаргачихав. Хоолой гашуу оргисондоо ярвайж, толгойгоо барьсаар гарч ирвэл Буянаа угтан босч ирээд -хөөе, чи чинь хөл хүнд юм уу хэмээн уулга алдлаа. -Үгүй ээ, үгүй. Битгий солиороод бай гэж үглэсээр орон дээрээ очоод, буруу хараад хэвтчихлээ. Буянаа намайг аргадаж ч нэг, зандарч ч нэг гуйсаар юу ч сонсож чадаагүй учир “За яах вэ, муу шулмыг… хэн нь илүү айхтар шулам болохоо үзнэ ээ гайгүй” гэж үглэсээр гарч одов. ♥♥♥ Нойрон дунд утас хангинаад тайван унтуулсангүй. Толгойгоо дааж ядан өндийгөөд, дэрэн доогуур тэмтэрсээр утсаа авбал Буянаа байлаа. -Найз нь танайхаас гараад муу шулмынд шууд яваад ирсэн. Хаалгаа

тавьж өгдөггүй, дотор бөөлөөд байгаа нь сонсогдоод байна. Тэгэхээр нь хаалгыг нь хэд хүчтэй өшиглөчихсөн чинь төмөр түгжээ нь мултраад тайлагдчихлаа. Яваад орсон чинь муу шулам чинь чиний зургийг өмнөө тавьчихсан, хар үйл хийгээд сууж байна шүү. Уурандаа хэрэглэж байсан бүх юмыг нь самарч хаяад, малгай, бүс, гутал, хэнгэрэг энэ тэрийг нь цонхоор гаргаад шидчихлээ. Өөрийг нь үсдэж аваад, хамраас нь цус гартал гөвшчихөөд гараад ирлээ. Танай хүн рүү ярьсан. Манай хүнтэй хамт ирж явна гэсэн. Ирэхээр нь муу тэнэг хүүхний бүх булайг илчилнэ ээ. -Юу болоод байгаа юм бэ? Яах гэж ингэж байгаа юм бэ? Би чамаас ингээд өгөөч гэж гуйгаагүй биз дээ? Хүн амьтанд гар хүрч байж та нар өөрсдөө асуудалд орчихвол яах юм

бэ? Зүгээр л орхичих. -Үгүй ээ, миний найзаар оролдсон хүнийг би зүгээр орхиж чадахгүй. Энэ хүүхнийг би нүүр хийх газаргүй болгоно, харж л байгаарай. Өө, танай хүн ирчихлээ. Чам руу залгах байх. Утсаа аваад яриарай. Битгий гомдож туниад байгаарай, за юу. Буянаа ингэж хэлээд утсаа тасалчихав. Эргүүлээд хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авсангүй. Тэднийг юу хийж байгаа бол гэж бодохоос тайван сууж чадахгүй байсан учир гадуур хүрмээ шүүрч аваад гүйн гарлаа. Зам руу гүйхээрээ очоод, гараа хүчтэй даллан алхсаар такси барьж суугаад Шаазгайн гэр лүү давхив. Байрны хаалга нээмэгц л Буянаагийн хашхичих дуу хадаж байлаа. Шат руу гүйн очтол Буянаа Шаазгайн шилэн хүзүүн дээрээс дарж атгасаар шатаар уруудаж явав.

Араас нь түүний нөхөр, манай хүн хоёр уралдан үглэсээр дагаж явлаа. Тэд бүгд зэрэгцэж шуугилдаад байсан учир хэлж буй үгс нь ойж буугаад ойлгогдохгүй байв. -Буянаа боль. Наадахаа тавь. -Өө чи ирчихсэн үү? Энэ муу хүүхний хийж байгаа зүйлийг би байраар нь нэг илчилнэ. Энэ байранд байтугай, энэ хотод нүүр хийх газаргүй болгоно оо. -Хэрэггүй ээ, тавь. Би та нараас ингээд өгөөч гэж гуйгаагүй биз дээ? Битгий миний асуудалд оролцоод бай. -Буянаа, миний хань тавьчих. Тайвшир. Хэдүүлээ эргэж ороод, ам хэлээрээ учраа олцгооё. -Та нар юундаа энэ хүүхнийг өмөөрөөд байгаа юм бэ? -Бид өмөөрөөгүй ээ. Хүн байна даа, хэл амаараа учраа олъё л гэж байна. Алив, миний найз Буянааг аваад ор. Шаазгай чи ч гэсэн дагаад гэр лүүгээ ор… Алив, нааш ир. Хэдүүлээ дотогшоо орж байгаад ярилцъя. Тэр гараас минь атгахаар гараа сунгасан боловч би хэдэрлэж дургүйцээд, хажуугаар нь гараад урд нь ороод алхчихлаа. Шаазгайн гэрт орвол сүрэг адгуус орж ирээд түйвээчихсэн юм шиг л болгожээ. Энд тэндгүй тэрийж хэвтэх сандлууд, бужигнасан үнс, асгарсан давс, хаа сайгүй шидэлсэн хувцас… Буянаагийн нөхөр Төгөлдөр бидэнд нэг нэг сандал авч өгөөд, өөрөө эхнэрийнхээ урдуур хорьж суув. Шаазгай шалан дээр бидний өөдөөс харан завилж суугаад, шал ширтэнэ. Бүсгүйн үс сэгсийж, нүүр нь хөхрөн хүрэнтэж, уруул болоод хөмсөг нь язарсан байв. Буянаа ч бас түүнээс дутахааргүй сэгсийж, халтартсан харагдана. -Уучлаарай, би ийм юм болоосой гэж хүсээгүй юм шүү. -Юу хүсээгүй гэж? Энэ муу шулам хор хутгаж чамайг ажилгүй болгоод зогсохгүй, хайртай хүнээс чинь салгалаа. Тэгээд ч санаа амрахгүй, чамд хараал хийгээд сууж байна. Чи бусдад муу юм хийхийг хүсэхгүй байлаа гээд өөртөө муу юм хийлгээд байж болдог юм уу? -Буянаа, миний найз тайвшир. Хэдхэн хоногийн өмнө би яг чам шиг уураа барьж ядсан амьтан энд ирсээн. Хэрэв Шаазгай өөрөө хаалгаа тайлж өгсөн бол би яг чам шиг үйлдэл хийх байсан. Даанч надад өөр хүн хаалга тайлж өгсөн юм. Тэр бүхэн надад үнэхээр хүнд туссан. Хайртай дотно хүмүүс минь надаас хэрхэн урваж, хэрхэн хуйвалдаж, миний эсрэг юу хийж болдогийг би тэр өдөр нүдээр үзсэн. Бүх дэлхий миний эсрэг зогсчихсон, бүгд надаас урвачихсан юм шиг санагдсан. Тэгээд л ганцаархнаа нам гүм амьдрахаар шийдсэн юм. Гэтэл чи тэр нам гүм амьдралаас минь намайг өнөөдөр сэрээчихлээ. Гэхдээ би хэдэн өдрийн турш хангалттай шаналж, хангалттай уйлж, хангалттай гутарч, хангалттай хараан зүхсэн учир одоо маш тайван байна. Надад уурлаж бухимдах хүсэл алга, үнэндээ тэнхэл ч алга. Зүгээр л энэ бүхэнд цэг тавихаар ирсэн юм. Үнэндээ чамаас болоод чамаас хэдхэн асуулт асуугаад, өөрийнхөө хариулж чадахгүй байгаа зүйлд хариулт авахаар ирсэн юм. Шаазгай болоод түүн рүү онцлон харвал бүсгүй шат ширтэн, харц буруулсаар суув. Харин тэр “юу юм бол…” гэсэн аястай над руу гэмшингүй ширтэж байлаа. -Ажлаас минь гаргаж, хайртай хүнээс минь салгахын төлөө хичээл зүтгэл гарган зүтгэснийг чинь мэдсэн, ойлгосон бас уучилсан. Чи тэр бүхэнтэй хамт миний эрч хүч, итгэл найдвар, эргэж босох хүчийг минь хүртэл ховх сорчихсон. Одоо би чиний хүссэнээр шалдаа буугаад, унтаж, идэхээс өөр чадваргүй нэгэн болчихоод, гэртээ бүгж байна. Гэтэл одоо бас юу хүсээд надад хараал хийгээд сууж байгаа юм бэ? Ингэхэд би чамд ингэж их үзэн ядагдахаар юу хийсэн юм бэ? Шаазгай юу ч дуугарахгүй суусаар л байлаа. Би түүнийг ярьж эхэлтэл тэвчээртэй хүлээж чадах байсан ч Буянаад тийм тэвчээр байсангүй. -Хариулаач, шулам минь гэж чангаар хашхираад босож ирэв. Төгөлдөр эхнэрийнхээ гараас татан, буцаан суулгалаа. Шаазгай толгойгоо дээш өргөн бидэн рүү ээлжлэн ширтэв. Уг нь түүний нүд гэмшил ичгүүрээр дүүрэн байна байх гэж бодсон ч би дахиад л эндүүрчээ. Түүний нүд гэмших нь бүү хэл, өчүүхэн ч ичсэн шинжгүй, хий хоосон эргэлдэж байв. Тэгээд -Би зүгээр л дурлачихсан юм… гэж хэнэг ч үгүй хэллээ. -Хэнд? гэж Буянаа бид хоёр зэрэг уулга алдав. Гэтэл тэр бүр миний нүд рүү огтхон ч эмээсэн шинжгүй ширтэж байгаад: -Таны хайртай залууд… гэх нь тэр. Түүний энэ үг биднийг юу ч хэлж чадахгүй болтол нь мухардалд оруулж дөнгөв. Би түүнийг цааш үргэлжлүүлэн ярихыг хүлээсээр л байлаа. Энэ удаа түүний минь тэвчээр алдагджээ. -Тэгээд… тэгээд… хэн нэгэнд дурлахаараа хайртай хүнийг нь хорлож, сэтгэлээр нь хөнөөж, бүр сүүлдээ үхүүлэхээр хараал жатга хийдэг нь ямар учиртай юм бэ? Энэ хайр мөн гэж үү? Чи үнэхээр дурласан хүн мөн үү? -Тийм ээ, би танд дурлачихсан. Бүр ухаанаа алдталаа дурлачихсан. Даанч та надад биш өөр хүнд хайртай байсан. Та хоёр дэндүү аз жаргалтай байсан. Би та хоёрыг тийм жаргалтай байхыг зүгээр хараад сууж тэвчээгүй юм. -Чи үнэхээр дурласан бол… хайртай хүнийхээ хайртай бүхнийг хайрлах учиртай биш гэж үү? Би бол түүний муухай ааш, хамгийн том дутагдлыг хүртэл хайрладаг. Бас түүний хайрладаг, дурладаг бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тэр ч бас ойлгохгүй байгаа хэрнээ л миний хайрлаж, дурладаг бүхнийг дэмждэг юм. -Мэдэхгүй ээ, би яагаад ингэснээ ч ойлгохгүй байна. Би өөрийгөө барьж дийлэхгүй байна. Та хоёр хамт байх нь надад тэвчишгүй санагдаж байна. -Чи яасан тэнэг хүүхэн бэ? Дахиад миний хайртай хүнд ямар нэгэн юм хийх юм бол би чамайг алчихна шүү. Тэр шууд гараа зангидаад босоод ирэв. Төгөлдөр бид хоёр түүнийг аргадан, буцааж суулгах гэсэн боловч тэр уурандаа бачуураад байсан бололтой, гараад явчихав. -Би чамаас нэг л зүйлийг чин сэтгэлээсээ асууя. Чи чин үнэнчээр хариулж чадах уу? -Асуу л даа. -Чи одоо ч түүнийг өөрийн болгохыг хүсч байна уу? -Тийм ээ, би ямар ч аргаар хамаагүй түүнийг өөрийн болгомоор байна. Надтай биш бол өөр хэнтэй ч байх учиргүй. -Чи чинь харин яасан шийдчихсэн балай хүүхэн бэ? Би чамайг… Энэ удаа Төгөлдөрийн тэвчээр барагдав бололтой, босч ирээд Шаазгай руу гар далайн дайрсан боловч арай цохичихолгүй, гараа буулгаад, хэдэнтээ хий сэгсэрснээ хаалга түшээд зогсчихлоо. -Чи энэ тэнэг хүүхнийг яаж тэвчиж чадаж байна аа. Би чиний оронд байсан бол аль хэдийнэ барьж аваад балбачихсан. -Буянаа минь, би чи биш шүү дээ. Би энэ тухай зөндөө бодсоон. Би юунд буруутайгаа ойлгохгүй байсан юм. Сая л ойлголоо. Би түүнд дурласандаа, би түүнтэй хамт байсандаа л буруудсан юм байна. Тэгэхээр би энэ бүсгүйг ч бас түүнд дурласных нь төлөө буруутгаж болохгүй биз дээ. -Чи ч бас дүүрчихсэн тэнэг хүүхэн юм байна. Би эндээс явлаа. Буянаа хаалга тас саван гарч одов. Төгөлдөр хэсэг тээнэгэлзэж зогссоноо: -Найз нь гадаа байж байя. Хэрэг гарвал дуудаарай гэчихээд араас нь гарав. Хэн хэн маань юу ч ярилгүй удаан суув. Би эх, адаг нь олдохоо больтлоо ээдэрсэн үйл явдлуудын гогцоог тайлах гэж тархиа гашилгаж суусны нэгэн адилаар тэр бүсгүй ч бас өөрийнхөө хийсэн учир утгагүй үйлдлүүдийг хамгийн учир утгатайгаар өөртөө тайлбарлан, өөрийгөө зөвтгөөд завгүй байсан биз ээ. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *