Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “7-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “7-р хэсэг”

43 секунд уншина
0
0
337

Хэт их бухимдсанаасаа болоод уушги чээж минь дэлбэрчих шахам тэвдүүлж байсан учир Шаазгайн гэрийн хаалгыг угсруулан хүчтэй нүдэв. Хаалгаа тайлмагц нь л үсдэж аваад, төдийгөөс өдий хүртэл

намайг хордуулахаар хутгасан хорных нь найрлагыг олж мэдсэн талаараа хэлээд, зорилгыг нь тулган асуухаар төлөвлөлөө. Хаалганы түгжээ тачигнан дуугарах эгшинд үгээ сайтар бэлдэж, гараа зангидан

бэлтгэлээ хангаж амжив. Түгжээ мултармагц л угз татан хаалгыг томоо гэгч нь дэлгээд гараа далайх нь байтугай, үгээ ч хэлж чадалгүй гацчихав. Яагаад гэвэл, хоёрхон хоногийн өмнө миний бузар булайд

гутарч гуниад, шал согтуу гуйвж явсан тэр минь хаалга тайлж өгсөн юм. Түүнийг энд байх юм чинээ огт төсөөлөөгүй би сэтгэл оюундаа тээж ирсэн зорилгоо ч мартчих шиг л боллоо. Харин тэр юу ч

болоогүй мэт уруулаа хэмлэн инээмсэглээд, нэг гараа халаасандаа шургуулан тайвуухан алхсаар гэрийн хоймор дахь орон дээр очоод суучихав. Бараг л цаг тутамд над руу залгаж, бие болоод сэтгэлийг

минь хэвийн байгаа эсэхэд санаа тавьдаг халамжит дүү минь түүний хажууханд сууж байв. Үргэлж өмсдөг богино өмдөө ч өмсөж амжаагүй, нимгэн халадныхаа энгэрийг ч бүрэн товчлоогүй байхыг бодоход орноосоо босоогүй байсан бололтой. Харин манай хүн бүх хувцасаа бүрэн өмсчихсөн байв. “Намайг хаалга нүдэж байх хооронд гутлаа хүртэл өмсөөд амжиж л дээ” гэсэн бодол тархи тогшихтой зэрэгцээд тэдэн рүү харцаараа шилбүүрдэн, хэлэх муу үгсээ сэтгэл дотроо эвлүүлж ядан зогслоо. Тэгтэл тэр: -За хар өглөөгүүр энд юу хийж яваа билээ, та? хэмээн яриа эхлүүлэх эвтэйхэн сэжим шидэв. -Чи өөрөө хар өглөөгүүр энд юу хийж яваа юм бэ? -Би дүүгийндээ л орж ирээд байна.

Болохгүй юу? -Чи бүр энд амьдардаг болчихсон юм биш үү? -За болиод өгөөрэй, та. Агаа дөнгөж сая орж ирээд байна. Таныг дэд захиралтай уулзаад, ууртай үлдсэн гэхээр нь би агааг дуудсан юм. -Хммм, хайрт захирал чинь бас чамд мэдээлж амжаа юу? Ингэхэд чи яах гэж энийг дуудсан юм бэ? -Таныг уурлаж орж ирээд олон юм ярих болов уу гэж бодоод… -Тийм ээ, би ууртай байна. Маш их ууртай байна. Чиний төсөөлж байгаагаас ч олон юм ярихаар ирсэн. Гэхдээ энэ хэзээнээс чамайг хамгаалдаг болчихоов? -Энэ… энэ гээд байх юм байхгүй. Би нэртэй устай хүн шүү. -Та хэзээнээс энэ бүсгүйн хамгаалагчаар томилогдчихоо вэ? -Ичсэн хүн хүн ална гэж. -Чи юу гээд байгаа юм бэ?

Ичсэн хүн хүн ална гэдэг чинь надад биш чамд зориулагдсан үг байна. Чи ингэхэд яагаад миний эсрэг хор найруулаад гүйгээд байгаа юм бэ? Айн? Уураа барьж дийлэлгүй, түүнийг үсдэхээр дайртал тэр өмнүүр ороод, хоёр гарыг минь барьчихаад хөдөлгөсөнгүй. -Өө, чи бүр цагаандаа гарчээ. Энэ хорт шулмыг өмөөрч байгаа юм уу, тэ? -Тайвшир. Тайвширч байгаад ярилц. -Би тайвширч чадахгүй. Та хоёр хэзээнээс эхэлсэн юм бэ? Чамайг би ийм эр хүн гэж огт санасангүй. Ийм байж та хоёр яаж миний өөдөөс хараад хээвнэг инээд алдаж, санаа тавьж байгаа дүр эсгэж чадаж байсан байна аа. -Наад үгийг чинь харин чамд л хэлмээр байна шүү. Чи яаж Ерөнхий захирлыгаа

нууц амрагтай нь хардаж, хор хутгаж гүйчихээд хажуугаар нь намайг хайрлаж байгаа дүр эсгэж чаддаг байна аа? -Юу? Би хэнийг хэнтэй хардсан гэнэ ээ? -Би дөнгөж сая чиний Ерөнхий захиралтайгаа чаталсан чатыг чинь уншлаа. Чи захирлыгаа дэд захиралтайгаа хуваалцахыг хүсээгүй учраас тэр хүүхний талаар элдэв яриа тарааж, хор хутгасан юм биш үү? -Би хэнтэй чаталсан гэнэ ээ? -Захирал…тайгаа… -Шаазгай, энэ бузар хүүхэнд тэр чатыг нь үзүүл дээ. -Шаазгай, яасан гэнэ ээ? Энд юу болоод байгаа юм бэ? -Захиралтай чаталсан чатыг чинь дэд захирал олоод үзчихсэн. Таныг өмнөх шигээ бас

гүрийгээд, над руу дайрах болов уу гэж бодоод би дэд захирлаас тэр чатыг нь гуйгаад авчихсан юм. -айн?… алив харъя. Энэ удаа ч мөн тэр миний эсрэг гарцаагүй нотлох баримт гаргаж ирэв. Миний нүүрномын хаягнаас хэн нэгэнтэй “хайр дурлалын” талаар их л халуухан зурвасууд бичилцжээ. Ерөнхий яриаг нь анзаарвал миний харилцсан тэр хүн яах аргагүй Ерөнхий захирал л бололтой. “Яаж… яаж ийм юм байж болох юм бэ” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хариулт нь хаанаас ч олдохгүйн учир тэрхүү бодол тархин дотуур хий холхиж, бухимдан бачуурсандаа тархины минь ханыг очиж мөргөөд байх мэт. Түүнээс болоод ч юм уу, эсвэл хариултгүй асуултандаа хэт

их шаналсандаа ч юм уу, толгой хүчтэй базлан өвдөж эхлэв. Тийнхүү эргэлзэж тээнэгэлзэн, өөрийнхөө үйлдлээ ч санаж, танихаа больсон өөртөө тохиолдсон үйл явдлуудын талаар эргэцүүлж, тайлбар эс олов. Миний хийгээгүй үйлдлүүд надад тохогдоод зогсохгүй, бүр баримтаар нотлогдож байгаа нь зүүд зэрэглээ мэт санагдах ч тэрхүү нотлох баримтыг гартаа бариад зогсож байгаа минь энэ бол бодит амьдрал гэдгийг сануулна. Тайлбарыг нь өөрөөсөө хайгаад олж чадахгүйгээ мэдэх учир миний эсрэг хуйвалдсан өнөөх хоёр урвагчаас хайхаар хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуусаар тэдний зүг харлаа. Миний нүд

рүү үргэлж зөөлөн дулаанаар ширтдэг түүний минь харц ер бусаар догширчээ. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Шаазгай түүний ард нуугдаж зогсоод, дараагийн хороо хутгаж буй бололтой, шал ширтэн бодлогоширно. -Би ийм зүйл бичээгүй… -Тэгээд хэн биччихсэн байж таарах вэ? Яах аргагүй чиний л хаяг байна шүү дээ. -Энэ Ерөнхий захирлын хаяг биш байна. -Та хоёр нууц хаягаар харилцдаг юм биш үү. Арга ч үгүй биз дээ, нууцаар явалдаж байгаа хүмүүс шүү дээ. Эхнэр, хүүхэд, нөгөө нууц амрагт нь баригдчих вий гэхээс үнхэлцэгээ хагартал айдаг байлгүй. -Үгүй ээ… үгүй… надаас ийм үйлдэл гарахгүй. Би гэр бүлээс гадуурх харилцааг үзэн яддаг. -Харин ч

хөхүүлэн дэмждэг юм биш үү? -Хорт могой чинь, чи юу гээд хорт хэлээ гозолзуулаад байгаа юм бэ? Чи ингэхэд ямар зорилготой миний эсрэг хор найруулаад байгаа юм бэ? Би чамд ямар гэм хийсэн юм бэ? -Та өөрөө өөртөө л нүх ухчихсан байна шүү дээ. Өөрийнхөө ухсан нүхэнд уначихаад бусдад буруугаа чихэж орилж хашхичих хэрэг байна уу? Нотлох баримт нь байсаар байхад ч гүрийсээр байх юм аа. Ямар аймаар юм бэ, та? -Дэд захирал та хоёр ямар харьцаатай юм бэ? Яаж миний эсрэг ийм хуурамч нотлох баримтууд гаргаж ирж чадаж байна аа?… Чи наанаа аниа, аниа гэж гүйчихээд цаагуураа ийм юм хийгээд явж байдаг, яасан хоёр нүүртэй хүүхэн бэ?… Чи ч гэсэн дээ, надад

хайртай гэчихээд араар минь ийм бузар хүүхэнтэй сүүлрээд явж байдаг байх нь ээ. Яасан муухай хоёр нүүртэй хүмүүс вэ, та нар? -За одоо бүүр та бид хоёрыг сүүлрүүлээд эхэллээ. Бүүр буруугаа нотлогдохоор бусад руу чихээд сурчихсан юм биш үү? Аймаар хүүхэн юм аа, та. -Чи… чи… -Одоо больж үз. Чамайг юу хийж, яаж явсныг ажлынхан чинь ч мэдлээ, би ч мэдлээ. Одоо хангалттай. Би чамайг дахиж хармааргүй байна. Ингэж хэлээд тэр шууд гараад явчихав. Би чухам юу гэж хэлэхээ, ямар үйлдэл хийхээ ч мэдэхгүй байлаа. Шаазгай бид хоёр хэдэн алхмын зайтай зогсоод, шал ширтэн, ээлжлэн санаа алдаж хэдэн хормыг үдэв. Тэгтэл Шаазгай шилэн аяганд ус хийн авчирч, надад өгөөд: -Та ийшээ суугаад, ус уугаад түр тайвширчих гэж

юу ч болоогүй мэт хэлэх нь тэр. Түүний өгсөн усыг гүд гүд хийтэл залгилж байх зуурт тэрбээр: -Би уг нь таны талд зогсож байсан юм. Ерөнхий захиралтай явалддаг талаар чинь бүгд ярьж, дэд захирал танд муу санадаг нь тодорхой болсон ч би таныг зөвтгөж байсан. Агааг таны талаар эвгүй зүйл сонсчихоод гутраад архи уугаад яваад байхаар нь таныг л зөвөөр ойлгуулах гэж гэртээ хэдэн удаа дуудсан юм хэмээн дуржигнуулав. -Чи яагаад намайг халамцуу байхад бичлэг хийсэн юм бэ? -Тэр бичлэгийг санаандгүй хийчихсэн юм аа. Таныг эрүүл болохоор үзүүлж, хамтдаа инээе л гэж бодсон юм. -Тэгсэн чинь яасан? Андуураад дэд захиралд аваачаад үзүүлчихсэн үү? -Би тан руу явуулах гэж байгаад андуураад дэд захирал руу явуулчихсан юм аа.

уучлаарай. -Юу? за би энэ худал үгэнд чинь ч бас итгэе. Тэгвэл тэр Ерөнхий захиралтай чаталсан зурвасууд хаанаас гараад ирэв? -Би мэдэхгүй. Дэд захирал л над руу явуулсан шүү дээ. Би тэр чатыг үзэх хүртлээ таныг захиралтай явалддаггүй л гэж бодож байсан. -Тийм үү? -Тийм ээ. Та яагаад надад итгэж байна гэсэн хэрнээ итгээгүй юм шиг муухай хараад байгаа юм бэ? -Айсан хүнд аргал ч хөдөлдөг юм шүү дээ. -Юу гэсэн үг вэ? -Чи намайг өөр лүүгээ муухай харж байна аа гэж бодож байгаа бол би хэчнээн сайхнаараа хараад ч чамд муухай л харж байгаа юм шиг санагдана. -Ерөнхий захиралтай явалддаг л байсан юм байгаа биз. Надад тэр бүхэн хамаагүй ээ. Хүн сэтгэлээ барьж хорьж дийлэхгүй шүү дээ. Мэдээж эхнэр, хүүхэдтэй хүнд дурлая гэж дурлахгүй нь лавтай… -Чи юугаа солиороод байгаа юм бэ? -Би таныг

ойлгож байна аа. Өөрийн эрхгүй тэмүүлээд байгаа сэтгэлийг яах юм, тийм биз дээ? Тэгээд л магадгүй, та захирлыг мартах гэж л агаатай дотноссон байх, тийм ээ? -Битгий солиороод бай. -За за. Ойлголоо. Би дуугүй боллоо. Гэхдээ би таныг ойлгож байгаа шүү. -Ойлгож байгаа болоод чи тэр чатыг түүнд уншуулаад, намайг хогийн явдалтай хүүхэн гэж ойлгуулаад, биднийг бүрмөсөн салгачихаж байгаа юм уу, тэ? -Агаа үнэнийг мэдсэн нь зөв шүү дээ. -Битгий солиор. Чи намайг өөр шигээ хөгийн явдалтай хүүхэн гэж бодоо юу? Захирал бид хоёрын дунд юу ч байхгүй. Харин та хоёр миний араар сүүлэрч байсан хөгийн бузар амьтад байна шүү дээ. -Та яаж ингэж бодож чадаж байна аа. Би агаатай яагаа ч үгүй. -Урьд шөнө танайд хоносон юм биш үү? -Тантай

ам зөрөөд, сэтгэлээр уначихсан байна гээд согтуу ярихаар нь би хүрээд ирээч гэсэн юм. Манайд нөгөө өрөөнд унтсан. Би яалаа гэж таны залуутай янз бүр болох юм бэ? Та дүүгээ арай ч ингэж бодож болохгүй ээ. Гомдмоор гэдэг нь. -Чи түрүүхэн би өглөө агааг дуудаж авч ирсэн гэж хэлээ биз дээ? -Таныг уурлана байх гэж бодоод л… -Ойлголоо, би та нарыг маш сайн ойлголоо. Би чамд итгэж байна. Харин ганц бие бүсгүйн гэрт согтуу ирж хоносон эр хүнд итгэж чадахгүй. За за, би явлаа. -Та зүгээр үү? Би танд такси бариад өгөх үү? -Хэрэггүй ээ, би зүгээр. Санаа тавьдагт чинь баярладаг шүү. Баяртай. Би хэдийгээр

татгалзсан ч тэр намайг даган гарч, таксинд суутал минь хажууд зогсож, гараас минь атган, аргадангуй ширтэж байв. Харамсалтай нь, түүний зөөлөрсөн харц, атгасан гар надад ямар ч мэдрэмж төрүүлсэнгүй. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *