Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “6-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “6-р хэсэг”

46 секунд уншина
0
0
317

Тэр бүсгүйнхээр ирдэг нь үнэн бол бид гурвуулаа бус би л хоёулаа болж байгаа байж таарах нь. Тиймээс гурвуулаа болсноо түүнд хэсэгтээ хэлэхгүй байхаар шийдэв. Бодолд автаж алхсаар таксинд гар

өргөхөө ч мартжээ. Гадаа жихүүн байгааг мэдэрч, бага зэрэг даарч буйгаа анзаараад л такси барихаар зам руу дөхөж, гараа өргөв. Таксинд суусныхаа дараа ч элдэв бодолд ээрүүлсээр гэрийнхээ гадаа

хэдий хугацаанд ирснээ ч анзаарсангүй. Жолоочийг чангахан дуугарахад нь цочин давхийгээд, санд мэнд тооцоогоо хийчхээд л буулаа. Бодолд автан, толгойгоо ганзагалаад орц руугаа сажилж явтал

хэн нэгэн хүрч ирээд, хүчтэй мөрлөчихөв. Түүн рүү харж, үг сөргөх хүсэл ч, тэнхэл ч байгаагүй учир чигээрээ л алхлаа. Тэгтэл -Хөөе, бүр олж харахаа ч больжээ… гэх танил дуу гарах нь тэр. Эргэн харвал

үргэлж цэмцгэр хувцаслаж, цэх алхдаг тэр минь өлөн хир шингэсэн саарал цамцны цахилгааныг хагас татаж өмсөөд, халаасандаа хоёр гараа шургуулчихсан, хөл дээрээ тогтож ядаж буй аятай, биеэрээ бараг

45 градус хазайгаад нүдээ сүүмийлгэн, над руу ширтэж байлаа. Балмагдсандаа -Чи энд юу хийж яваа юм бэ? гээд юу ч бодолгүй л асуучихлаа. -Би энд ирж болохгүй юм гэж үү? гэх нь үг сөргөх далд хүслийг нь илэрхийлэх мэт. -Болно л доо. Хар өглөөгүүр ингээд архи сэнгэнүүлчихсэн явж байхаар чинь гайхаад л… -Би харин чамайг үүрээр гэртээ ирж байхаар чинь их гайхлаа. Гэхдээ чамаас архи огт үнэртэхгүй байна. -Уугаагүй юм чинь юу гэж үнэртэх вэ дээ. -Уулгүйгээр хүнтэй уулзчихаад ирж байгаа юм уу, тэ? -Чи ингэхэд сураггүй байж байж ирчихээд яагаад хэрүүл өдөөд байгаа юм бэ? -Би ч чамайг мэддэггүй юм байна аа. Найзуудтайгаа өглөө болтол

шоуддагийг чинь мэддэггүй юм байна. Хэнтэй, хэрхэн нөхөрлөдөгийг чинь ч мэддэггүй юм байна. Захирал, дэд захирал хоёртойгоо ямар харьцаатайг чинь бүүр ч мэдэхгүй юм байна. -Уучлаарай, чи үүгээрээ юу гэх гээд байна аа? -Танайх руу орж байгаад ярья. Би даараад байна. -Хэрүүл хийх гэж байгаа бол чамайг гэртээ оруулмааргүй байна. -Аан нээрээ гэрт чинь хүн хүлээж байгаа гэл үү? -Юу? Хэн чамд тэгж хэлсэн юм бэ? -Хэн хэлсэн нь хамаагүй ээ. Гэртээ хэн нэгнийг түгжчихээд, шөнөжингөө гадуур тэнээд л… Чи ч ёстой завхайгийн завхай хүүхэн юм даа. -Чи хэнээсээ юу сонсчихоод хүн гүтгээд байгаа юм бэ? Алив, оръё. Хар л даа. Харин чамайг ганц бие хүүхний гэрээр өдөр, шөнөгүй эргэлдээд байдаг болсон гэдгийг чинь мэдсэн шүү. -Би тэр хүүхнээр

яах вэ дээ. Онгод тэнгэр бууж байна, таныг ирж үзүүл гэнэ гэхээр нь хоёр, гурван удаа очсон нь үнээн. Тэглээ гээд тэднийд хонож өнжөөд явсан юм байхгүй. -Чи ч бүр ичихгүй хүлээн зөвшөөрч байх шив дээ. Намайг шөнөжин шоудсан, гэрт хүн хүлээж байгаа талаар ч бас чиний шуурхай мэдээлэгч чинь хэлсэн биз дээ? -Тэгсээн. Тэглээ гээд бид хоёр явалддаг гэсэн үг биш биз дээ? -За оръё. Энд зогсоод яахав. Орж байгаад учраа олъё. -Би ороод яах вэ дээ. Хүн алчихаж магад. -Ороод л хараач дээ. -Хүсэхгүй байна аа. Харилаа. Ингэж хэлээд тэр шуудхан эргээд алхчихав. -Хөөе, чи ороод хэн намайг хүлээж байгааг харчихаад яв л даа гэж араас нь хашхирвал тэр эргэж ч харалгүй, нэг гараа халааснаасаа гаргаж, агаарт хий сэгсэрчихээд цааш алхсаар л байв. Түүнд гомдсоноосоо болоод гол гогдом өвдөлт мэдэрч байсан ч

өөрийнхөө талаар ийм буруу ойлголттой явуулж болохгүй гэсэн ухаандаа хөтлөгдөөд, араас нь гүйцэж очоод гараас нь татав. -Чи ороод гар л даа. -Үгүй. -Хэн хүлээж байгааг нь харахгүй юм уу? -Хэн хүлээж байгаа нь ойлгомжтой. Би орж хараад яах юм бэ? -Чи сонсохыг хүссэнээ л сонсож, харахыг хүссэнээ л хардаг, итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг юм байна. Итгэсэн бүхэн үнэн байдаггүй юм шүү дээ. -Би үнэн гэж бодсон зүйлдээ л итгэнэ. Муу худалч хүүхэн минь. -Чи бүр намайг хэлэх, хэлэхгүйгээр хэлдэг болжээ. Завхай, худалч… жаахан удвал өөр юу ч гэж хэлж мэдэх юм байна. Больё доо. -Үүнээс ч илүү муугаар хэлмээр л байна. Даанч надад хэлэх үг олдохгүй байна. -Надад ч бас чамд хэлэх үг олдохгүй байна. -За за, ор. Даарчихлаа. Түүнд ямар нэгэн тайлбар хэлмээр, өчнөөн зүйл яримаар байсан ч чухам хаанаас

нь эхлэхээ мэдэхгүй тээнэгэлзэхийн хамт “өөр бүсгүйг нэгэнт сонгочихсон хүнтэй юугаа ч ярих вэ дээ” гэсэн хар бодол дотроос тогшив. Юм бүхний сайн талыг нь олж харах гэж хичээж, болж буй үйл явдал бүрийг олон талаас нь авч үзсээр дадал болсон ч энэ удаа би хар бодолтойгоо зуун хувь санал нэгдэхээр шийдлээ. Тиймээс ч явж буй түүнийг тэр чигт нь орхиод, гэр лүүгээ эргэж алхлаа. Орцны үүдэнд очоод эргэн харвал тэр замын хажууд гар өргөн зогсоод, хэн нэгэнтэй утсаар ярьж байв. “Өө, нөгөөхтэйгөө ярьж байгаа юм байна л даа” гэж өмнөх хараа улам бататгаад, хаалга таттал гар утас минь цүнхэн дотроос чичирч байв. Хаалгаа татахаа түр азнаад гар утсаа гаргаж ирвэл тэр над руу залгасан байж. -Байна. -Зун болоогүй байна

шүү дээ. Яасан нимгэхэн явдаг юм бэ? -Явган яваагүй болохоор даараагүй ээ. Чи өөрөө харин ямар нимгэн явдаг юм бэ, ороод… -Чи ч яахав дээ, ороод л шууд дулаацуулах хүнтэй хүн. Би ч хөлдөж үхэх нь ээ. Хариад ч дулаацуулах хүнгүй хүн хүйтэн хөнжилдөө шургаад л хэвтдэг байх даа. -Чи одоо яах гээд байдаг юм бэ? -За за, ор ор. Аз жаргал хүсье. -Чи… Үгээ хэлж амжаагүй байтал тэр утсаа тасалчихав. Үргэлж бахархал, омогшил төрүүлдэг хэгжүүн зан нь хэзээн нэгэн өдөр гүйж очоод цохиод авмаар мэдрэмж төртөл хор шарыг минь хөдөлгөх юм гэж төсөөлж ч байсангүй. Хэзээ нэгэн цагт хайр татдаг байсан юмс ингээд л гэнэт зэвүүцэл төрүүлж эхэлнэ гэдэг хүлээн зөвшөөрөхөд хэцүү л юм. Гэвч энэ бол маргашгүй үнэн. Үнэнийг бид

хүлээн зөвшөөрдөг юм биш, үнэн өөрөө өөрийгөө бидэнд хүлээн зөвшөөрүүлдэг юм байна. ♥♥♥ Хамгаас уянгалаг сонсогддог байсан утасны минь хонх чихэнд чийртэй ёнгинох чимээнээр нүдээ арай гэж нээв. Цонхоор тусч буй нарны гэрэл бүүдгэр байхыг бодоход үүр хаяарч байгаа юм болов уу даа. Залхуутайяа эвшээлгэж, дэрэн доогуураа гараа шургуулаад гар утсаа шүүрч авав. Дугаарыг нь ч харалгүй аваад -Байна гэж нойрмогдуухан хэлбэл -Би байрны чинь гадаа ирчихсэн байна. Чи яаралтай гараад ир дээ гэх дэд захирлын захирангуй хоолой сонсогдов. Гайхсандаа “аа… юу…” хэмээн ээрч байтал тэр утсаа тасалчихав. Гэрийн халадаа шүүрч аваад, гүйн гарвал дэд захирал том хүрэн жийпээ орцны үүдэнд бараг тулгаад тавьчихсан, хаалгаа дэлгээд “нааш ир” хэмээн дохиж байв. -Сайн

байна уу, та? Юу болоо вэ, хар өглөөгүүр… гэвэл тэр юу ч хэлэлгүй, “суу” хэмээн дохив. Арын суудалд нь суугаад юу хэлэхийг нь тэвчээртэй хүлээлээ. Тэрбээр өвөр дээрээ тавьсан цааснуудаа хурдан хурдан эргүүлэн, шарчигнуулж байснаа жолоочийнхоо өвдөг дээр шидчихээд над руу огцом эргэн харав. Ямар нэгэн ноцтой асуудлаар ярихаар бухимдангуй явааг нь анзаарсан ч түүний өмнө одоо бас ямар хилс хэрэг хүлээх гэж буйгаа таамаглаагүй байсан учир би цочирдож сандарсангүй. -Чамайг овоо гайгүй бүсгүй юм байх гэж бодсон чинь ёстой овоолсон муу шороо юм даа… гэсэн оршилоор тэр яриагаа эхэллээ. Түүнийг дараагийн өгүүлбэрээ хэлэхийн өмнө би гэдэг хүн “за бас яагаад овоолсон шороо болчихдог билээ?” гэсэн ганцхан асуулт л өөрөөсөө асууж амжив. Гэвч дэд захирал надад өөрийнхөө асуултанд хариулах завдал өгсөнгүй. -Чи мөрөөрөө боолоо

хийгээд гэлдэрч чадахгүй байна уу? -Уучлаарай, захирал аа. Чухам юу болсон юм бол? Би… -Юуны чинь уучлаарай? Чи яахаараа захирал бид хоёрын талаар элдэв яриа тарааж, ажилчдын дунд хор хутгаад байгаа юм бэ? -Юу… би… -Чи надтай бүүр нэгийгээ үзэхээр шийджээ дээ. Хэрэв чи тэгтлээ хүсээд байгаа юм бол би хүссэн юм хүзүүгээр татна гэж юу байдгиийг чамд үзүүлээд өгч болно шүү. -Би… би… би юу ч ойлгохгүй байна. Та юун тухай ярьж байгаагаа надад тодорхой тайлбарлаад өгч болох уу? Хийгээгүй зүйлдээ хангалттай л гүтгүүллээ. Одоо бас хэн нь юу гээд ярьчихав? -Өө, нөгөөх чинь бүүр өөдөөс үг сөргөхтэйгөө болчихож. Дутаасан мөнгөө төлөөд, захиралд хуурамч тайлан аваачиж өгөөд аргалчихсан болохоор эд нар намайг яаж ч

чадахгүй гэж бодож байна уу? Үгүй шүү, хүний хувийн амьдралын талаар худал яриа тараах, бусдыг гүтгэх чинь байгууллагын мөнгө хувьдаа завшихаас чинь ч хүнд ялтай байж мэднэ шүү. -Та тойруулж бөмбөрүүлээд байлгүй шуудхан ярьчихвал сайн байна. -За, одоо чи бүр надад тушаадаг болоо юу? За би хэлээд өгье, хэлээд өгье. Чи намайг захиралтай янаг амрагийн холбоотой гэж ажилчдад ярьдаг нь ямар учиртай юм бэ, хө? -Юу яриад байна аа. Би тийм зүйл яриагүй. -Чи ч овоо гүргэр хүүхэн юм аа. -Уучлаарай, ажилчид тийм зүйл ярьдаг нь үнэн ч би тэр ярианд огт оролцдоггүй шүү. Надад бусдын амьдрал огт хамаагүй. -Тэгвэл яагаад бусдын талаар амныхаа зоргоор

чалчаад яваа юм бэ? -Би яриагүй. -Чи яриагүй гэдгээ баталж чадах уу? -Би яриагүй нь үнэн. Гэвч үүнийг яаж батлахаа мэдэхгүй байна. -Тэгвэл би баталж чадна. Ингэж хэлээд тэр гар утасныхаа дэлгэцэн дээгүүр хуруунуудаа хурдан хурдан гүйлгэснээ нэгэн бичлэг гаргаж ирээд, над руу ойртуулан сонсгов. “Хүмүүс арай л өөдгүй юм. Би тийм хуурамч, өөдгүй хүмүүсийг үзэн яддаг. Жишээ нь, манай Санхүү хариуцсан дэд захирал Ерөнхий захиралтай явалддаг. Байгууллага даяараа мэддэг ч тэд өөрсдөө хэн ч мэддэггүй л гэж боддог байх. Ерөнхий захирал дэд захирлын нөхөртэй уг нь бизнесийн түншүүд шүү дээ. Яаж нөхөртэй нь урьд шөнө нь хамт наргиж, анд нөхрийн барилдлагаа баталж, хөрөнгө оруулалтын гэрээ хийчихээд, маргааш

шөнө нь эхнэрийг нь амралтанд аваад явчихаж чаддаг байна аа… Ийм новшийн амьдрал, ийм новшийн хоёр нүүртэй хүмүүсийг би үнэн сэтгэлээсээ үзэн яддаг…”. Ээ, бурхан минь. Энэ яах аргагүй миний хоолой мөн байна. Дууных нь өнгө бага зэрэг сөөнгөтөж сонсогдож байгааг анзаарвал халамцуу байгаа бололтой. -За чи үүнийг юу гэж тайлбарлах вэ? -Би… би… хэзээ… -Хэзээ хэнтэйгээ хаана ухаан мэдрэлээ алдталаа уусныг чинь би яаж мэдэх юм бэ? Байгууллагынхантайгаа хамт хааяа нэг гарахаар “би ууж чаддаггүй” гээд л ярвалзаад байдаг өөр газар болохоор чи ухаан мэдрэлээ алдталаа ууж, олон юм донгосоод л явж байдаг юм байна шүү дээ. Хоёр нүүртэй хөгийн хүүхэн бэ, чи? -Би тэгж ууж идээд, наргиад явдаг хүн биш ээ… аан тийм, би Шаазгайгийнд нэг удаа л ганц шар айраг уусан юм. Тэр үед л

элдэв юм донгосчихсон бололтой. Өөр хүнд бол юу ч яриагүй шүү. Би танд амлаж байна… Ингэхэд хэн ингээд бичлэг хийчихдэг билээ… тэгээд яагаад танд… -Хэн бичлэг хийгээд ямар замаар миний гарт ирсэн нь огтхон ч сонин биш. Чи ингэж ярьсан нь л чухал. Ойлгов уу? -Би… би… -Чи манай байгууллагын босгоор дахин давж орно гэж санасны ч хэрэггүй шүү. Наад хорт могойн хэлээ тас хазаад, бидний нүднээс далдхан явж үз. Дахин иймэрхүү яриа сонсвол би чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү. Одоо буу. Би тушаал авсан цэрэг шиг л яаран

буулаа. Намайг буумагц дэд захирал ч жолооч руугаа ганцхан дохиод л шуртхийтэл давхиж одов. Зах замбараагаа алдсан зугаа цэнгэл амьдралд минь огт байдаггүй учир хэзээ, хаана, хэнтэй хэдэн шил пиво ууснаа би сайн мэднэ. Гэвч тэр үдэш Шаазгайгийн гэрт яаж ухаанаа алдаад, олон юм донгосч, онхолдсоноо санахгүй байлаа. Ингээд би “Халамцуудаа хүн юу ч ярьж, олон юм донгосч болох л доо… гэвч Шаазгай яагаад тэр бүхнийг бичиж аваад, дэд захиралд аваачаад

өгчихдөг билээ…” гэж өөрийгөө өмгөөлөхийн зэрэгцээ эргэлзээ тээнэгэлзлээ тайлах, өөрт тохиолдоод байгаа удаа дараагийн адал явдлуудын ээдэрсэн гогцоог тайлах хүндхэн даалгавартай хоцорлоо. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *