Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “5-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “5-р хэсэг”

50 секунд уншина
0
0
303

Өмнөх шөнө нь нүдээ аньмагцаа л гүн нойронд автсан ч маргааш нь үд өнгөрөөж сэрэв. Сэрмэгцээ асар их өлсөж байгаагаа мэдэрсэн учир хоол хийж идээд, хуучин ажил руугаа яаран гарлаа. Хаалгаа огцом

хаагаад түлхүүрээ шургуултал толгой эргээд, хана түшиж тогтов. Дотор ч муухайрах мэт болоод, хоолой руу гашуу зурахад “Үнэхээр ядраад байгаа юм шиг байна” гэж өөртөө хэлээд хаалгаа цоожлоод,

гарч гүйлээ. Хөлсний тэргээр хуучин ажлынхаа үүдэнд буугаад, эгээ л хэдэн жилийн турш хийсэн ажлаа хийхээр яарч буй мэт үсэрч буугаад, хурдан хурдан алхсаар оффис руугаа оров. Өнөөдөр их

цэвэрлэгээний бямба гараг учир ажилтнуудын тэн хагас нь ирчихсэн, коридор болон албан тасалгаагаа цэгцэлж байлаа. Тэд ямар нэгэн жигтэй зүйл олж харсан аятай, над руу нүдээ томруулж, хөмсгөө

зангидан харцгаах аж. Зарим нь надтай тун дотно харьцдаг байснаа ор тас мартчихаагүй байгаа бололтой, гэнэт урвасандаа гэмших мэт харц буруулаад, эгцэлж ч харж чадахгүй зогсоно. “Энэ одоо энд юу

хийж яваа юм бол” гэсэн бодол бүгдийнх нь толгойд эргэлдэж буй нь ойлгомжтой. Надад тэднээс ичиж эмээх, харц гудайлгах шалтгаан байгаагүй учир хажуугаар нь бардам алхсаар захирлын өрөөний үүдэнд очоод, хаалгыг нь зөөлөн тогшив. Зөвшөөрөл аваад ормогцоо урьдын адил энгийнээр мэндлээд, захирлын өөдөөс нь харсан зөөлөн сандал дээр суулаа. Гэнэтийн цочролоос гарч, сэтгэл зүйгээ цэгцэлж чадсан учир хэдэн өдрийн өмнөх шигээ гэмтэй юм шиг гэлбэлзэхээргүй болсон билээ. Тиймээс ч захирлынхаа өөдөөс эгцлэн ширтээд: -Би танд сүүлийн хоёр жилийн тайлангаа аваад ирлээ. Энд таны хүсэлтээр татвараас нуун дарагдуулсан материалууд бүгд байгаа.

Чин үнэнч тайлангууд болон хуурамч тайлангууд. Та өөрийн биеэр нягталж үзнэ биз ээ. Намайг зориудаар болон зориуд бусаар гүтгэх санаа танд байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ шүүхэд шилжүүлэх тухай яригдаж байгаа учир хашир байсан нь зүйтэй гэж бодоод бүгдийнх нь зургийг аваад, өөртөө хадгалчихсан. Харин сүүлийн хөрөнгө оруулалтаас дутаасан мөнгөө би танд төлнө өө. Яг одоо шилжүүлчихье гэж хэлэв. Тайлангуудаа захирлын өмнө аваачиж тавиад, тэндээ зогсож байгаад 1.4 сая төгрөг байгууллагын данс руу шилжүүллээ. Шилжүүлсэн баримтаа үзүүлэхэд захирал дуугүйхэн толгой дохив. Надад зориулан хэлэх ямар ч үг түүнд байгаагүй юу, эсвэл хэдэн өдрийн өмнө болсон гэнэтийн явдалд балмагдсан миний л

адил балмагдсандаа юу хэлэхээ мэдэхгүй байсан ч байж магад. Түүнээс үг хүлээгээд хэрэггүйг ойлгосон учир би: -За баяртай гэж хэлээд өрөөнөөс гарав. Санхүү, эдийн засгийн хэлтсийн өрөөний үүдээр шагайгаад: -За бүгд сайн уу? Манай дүү хаана байна? гэж асуувал бүгд хачирхсан харцаар над руу нэгэн зэрэг эргэн хараад, хариу хэлж ч чадахгүй гацаж орхив. -Ирсэн үү, ирээгүй байгаа юм уу? гэж дахин лавлавал миний ажлыг хүлээж аваад удаагүй байгаа дэгжин залуу бусдаасаа түрүүлж зориг гаргахаар шийдэв бололтой, хөлөө зөөж ядан алхсаар над руу дөхөж ирлээ. -Сайн, сайн байна уу? Танай Шаазгай ирээгүй л байна. Өдөр бүр хоцордогийг нь чи мэднэ дээ. Сүүлийн үед бүр ч хойрго болсоон… гээд уг нь цааш үргэлжлүүлэх санаатай амаа

ангайлгасан боловч манай ажлын хамгийн аманцар бүсгүй хажуугаар нь тэс хөндлөн дайрч: -Найз залуутай болоод, ажлаа хайхрахаа больсон шүү дээ. Хэлэхээр “Аниа, ажлаасаа гарчихсан, надад энд ажиллах урамгүй байна” л гэх юм билээ гэх нь тэр. -Найз залуу? -Тийм ээ, найз залуутай болсон. -Аан, зөв зөв гээд эргэтэл аманцар бүсгүй хэрэгт дуртай зандаа хөтлөгдсөн бололтой, гараас минь зөөлөн татаад: -Ингэхэд таны асуудал юу болж байна? гэж их л санаа тавьсан дүр эсгэн асуув. Би бүтэн биеэрээ эргэж харан зогсоод: -Ямар асуудал? Аан, тэр үл ойлголцлыг хэлж байна уу? Дөнгөж сая захиралтай уулзаад учраа олчихлоо. Шаазгайн зээлсэн мөнгийг ч

төлчихлөө гэж бүгдэд сонсогдохоор хэлчихээд бардам гэгч нь эргэж алхлаа. Намайг явахад эндхийн хүмүүс бүгд өөрчлөгдсөн. Үнэндээ тэд миний хувьд л өөрчлөгдсөнөөс бус огт өөрчлөгдөөгүйг олж мэдээд, инээд хүрэв. Өөрчлөгдсөн юм гэвэл, тэд миний халамжит дүүг “Шаазгай” хэмээн хочилдог л болж. Зогсоо зайгүй ярьж явдаг болохоор нь ингэж нэрлэсэн юм болов уу даа. ♥♥♥ Шаазгайн хаалгыг нэлээд удаан тогшсон боловч хэн ч хаалга тавьж өгсөнгүй. Гар утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байлаа. Хэсэг хугацаанд тээнэгэлзэн зогсоод, харихаар шийдэж урам муутайхан эргэлээ. Зам руу гарч хөлсний тэргэнд суугаад асар их өлсөж байгаагаа мэдрэв. “Гэртээ харьж байгаад л амттай юм авч идье” хэмээн өөртөө хэлэх мөчид эвгүй үнэр хамар цоргиод, дотор муухайран, огиулах нь тэр. Урьд өмнө хэзээ ч ингэж байгаагүй учир тавгүйтэн, орчноо ажиглавал

жолооч бүсгүй хурц үнэртэй ус гаргаж ирэн, кабинаар нэг шүршиж харагдав. -Уучлаарай, та үнэртэй усаа шүршихээ больж болох уу? Миний дотор муухайраад байна. -Аан за, уучлаарай. Таны өмнө согтуу хүн суусан болохоор эвгүй үнэртэй байгаа болов уу гээд л… Таныг хөл хүнд гэж мэдсэнгүй ээ. -Юу? Би хөл хүнд биш ээ. Зүгээр л хурц үнэрт эвгүйцээд байдаг юм. Бүсгүйн шүршсэн үнэртэй ус ам руу минь орчихсон мэт л хоолой гашуу оргиулан, дотор муухайруулж байв. Ийнхүү тун тавгүй нөхцөлд тэвчин суусаар, их л удаан явж гэрийнхээ гадаа ирэх шиг болов. Машинаас буумагцаа л буланд очиж, доош тонгойгоод огиулж эхэллээ. Хоолойд тороод байгаа эвгүй зүйлийг бөөлжөөд гаргаад хаячихвал л дотор уужрах гээд байв. Даанч гашуу оргиж, хий огиулаад юу ч гарсангүй. Гэр лүүгээ ормогцоо хүйтэн усаар амаа зайлж, шүдээ угаачхаад шууд л хөргөгч рүү зүтгэв. Алаг салат,

хар талхан дээр түрхэн идэх зууртаа мах гарган, гэсгээхээр тавилаа. Давсаг чинэрч буйг мэдрээд, Ариун цэврийн өрөөнд ормогцоо жолооч эмэгтэйн хэлсэн үгийг санав. “Өнөөдөр хэдэн билээ?” гэж өөрөөсөө асуугаад “Хоёрдугаар сарын 18” гэж өөрөө хариулав. “Юу…? тийм ээ, өнөөдөр хоёрдугаар сарын 18. Ингэхэд миний сарын найз хэзээ ирлээ… Арванхоёрдугаар сарын 24-нд ирсэн дээ. Харин нэг сард… хүүш ээ, ирээгүй юм байна шүү дээ…” хэмээн өөртөө шивнэн хэлээд Ариун цэврийн өрөөнөөс гүйн гарлаа. ♥♥♥ -Хөөе, чи яагаад ээжийнхээ нүдийг дуурайгаагүй юм бэ? Аав нь ч давхраагүй л болохоос хөөрхөн нүдтэй л дээ. Энэ хөөрхөн нүдээрээ олон ч охин найрч явлаа даа… Атаманыхаа дэргэд ийм юм ярьж болохгүй байх аа… тийм ээ хэмээн тэр минь их л хөгжилтэй ярьж сууна. -Хөөе, хэдэн охин яаж найрсан гэнэ ээ гэвэл -Чамайг ч бас найрсан шүү дээ гээд инээд алдав. -Тэр ч үнэн шүү.

-Миний хүү ч бас аавынхаа нүдээр олон охин найрах байх аа. -Тэр ч тэгнэ шүү. Би хүүгээ чамтай л адилхан байгаасай гэж хүсч байсан. Хүү маань ч ээжийнхээ үгийг сайн сонссон шүү. -Би харин ээжтэйгээ л адилхан байгаасай гэж хүсч байсаан. Охид нь ээжийгээ дуурайх юм байлгүй дээ, тийм ээ? -Тэгэх байх аа. -Би арван хүүхэдтэй болно оо. -За, чи ямар зоргоороо юм бэ? Тэрийг чинь хэн төрүүлэх юм бэ? -Чи л төрүүлнэ шүү дээ. -Би тийм олон хүүхэд төрүүлж чадахгүй ээ. Сая яаж майлж байж төрлөө дөө. Дахиж төрнө гэхээс үнэндээ халширч байна шүү. -Хайр нь есийг нь гаргаад өгчихмөөр л байна. Даанч надад сав байхгүй юм. Зүүдэн дунд тэр бид хоёр ийнхүү хөгжилтэй инээлдэх аж. Харин би тэр их жаргалын дундаас дэлгэрсэн хайрын ургамлаа олж харахыг л хүсч байлаа. Гэвч тэр минь буруу харж, хүүг минь халхалж суучихаад, өөрийнхөө дүрийг ч, үрийн минь царайг ч харуулсангүй.

Бид хоёрын дуу хадаж, инээд цангинаад л байхаас бус үрийн минь ганганах дуу ч гарахгүй байгаа нь хэтэрхий гомдолтой санагдав. Ийнхүү учир битүүлэг зүүдэндээ гоморхон тунирхаж хэвттэл хэн нэгэн хаалга хүчтэй балбаад, зүүдийг минь сарниулчихав. Зүүдэндээ харамссаар, залхуурангуй өндийгөөд, халадаа авч нөмрөөд үүд рүү очиж нүдээ нухлангаа: -Хэн бэ? гэж асуувал: -Буянаа… Буянаа гэх танил дуу гарав. Хаалгаа тайлаад, толгойгоо маажсаар эргэж алхах зуурт багын найзын маань эхнэр Буянаа гутлаа ч тайлалгүй, хоймор руу гараад матрасан дээр минь очоод хэвтчихэв. -Сонин юу байна даа? -Тайван, тайван. -Хар өглөөгүүр хаачиж яваа юм бэ? -Урьд шөнө ажил дээр хоносон юм аа. Нүд анилдаад болдоггүй. Харих гэснээ зам зуур болохоор нь танайд хэсэг унтаж байгаад явъя гэж бодоод ороод ирлээ. -Аан. Тэгвэл унт унт. -Тэгье. Нойр аймаар хүрч байна аа. -Ингэхэд чи

юм идэх үү? -Юу вэ. Хар өглөөгүүр юу гүзээлээд байгаа юм бэ? Ингэж байж таргалах гэж байгаа юм. -Өлсөөд байна шүү дээ. Таргалаад юу шалив л гэж. -Таргалчихвал хонгор чинь чамайг хаячихвал яана? -Засс. Битгий тэнэгт. -Тэнэгт гэчихжээ. Нээрээ цаадах чинь сүүлийн үед дүүгийнхээр чинь л эргэлдээд байдаг болчихсон байна лээ. Мэдээтэй байгаарай даа. Залуу хүүхэнд алдчихав даа. -Эргэлдээд байна гэдэг чинь юу гэж байгаа үг юм бэ? Чи яг харсан юм уу? -Хэд хоногийн өмнө тэднийд байж байгаад ирлээ гээд үүрээр манайд орж ирж хэсэг унтаад явсан. -Үүрээрээ? Шөнөжин тэднийд байсан хэрэг үү? -Тийм юм гэнэ ээ. -Юу хийж…? -За чи буруугаар ойлгох хэрэггүй дээ. Тэр охин чинь сахиустай удган юм гэнэ ээ. Тэгээд онгод тэнгэр нь танай хүнийг дуудаж, үзэж өгсөн юм байх. -Удгаан? Хэн тэгж байна? -Тэр орой онгодоо буулгаад, шөнөжин бөөлөөд, танай хүнд баахан юм хэлж, гайхал, бишрэлийг нь төрүүлсэн юм байх аа. Танай хүн бүүр

шүтчихсэн явна лээ. -За, үгүй байлгүй дээ. Тийм юманд огт итгэдэггүй хүн дээ. -Би түүнийг чамаас илүү мэднэ шүү дээ. Бөө удган гэхээр бүүр уурлаад байдаг юм. Тэгсэн чинь танай дүүг бүүр шүтчихэж дээ. Би бүр гайхаад барахгүй байна. -Тэгээд… тэгээд түүнээс хойш тэднийд очоогүй юм байгаа биз дээ? -Өчигдөр надтай ярихдаа бас тэднийд байна гэж байсан шүү. -Айн? -Харин тийм ээ. Миний найз элдэв юм бодох хэрэггүй дээ. Миний багын найз шүү дээ. Тэгж хоёр хүүхний дунд гүйгээд явах эр хүн биш. Та хоёр уулзалгүй хэр удаж байгаа юм бэ? -Удаагүй ээ, хоёр л хонож байна уу даа. -Мхнн, чиний тухай нэг буруу ойлголттой л яваад байгаа юм шиг байна лээ дээ. Өчигдөр согтуу байсан. Над руу залгаад, чиний тухай л баахан асуулаа. -Согтуу? Энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Сүүлийн үед дандаа л ууж байгаа сонсогддог боллоо шүү. -Харин тийм ээ. Чамаас л болоод байгаа юм

шиг байна лээ дээ. Чи нэг уулзаж, сайхан ярилцсан нь зүйтэй байх аа. -Мхнн Өмнө нь огт төрж байгаагүй хардах мэдрэмж ч сэтгэл эзэрхийлээд эхлэх мэт… Яг одоо ч бас тэр “хайрт” дүүтэй минь хамт байгаа гэсэн бодол тархиар нэг тархчихав. Хэсэгхэн зуур элдвийг эргэцүүлж бодолд автаад гэнэт сэхээрч: -Би дэлгүүр орчихоод ирье хө гэж хэлээд эргэж хартал Буянаа аль хэдийнэ унтчихсан байв. Би ч хүрмээ шүүрч аваад, Буянааг гаднаас нь цоожилчихоод гараад гүйчихлээ. Нар дөнгөж мандаж байв. Зам дагаж, удаан алхсаны эцэст арай гэж хөлсний тэрэг олж суугаад шууд Шаазгайн гэр лүү явлаа. Байрных нь гадаа буумагцаа гүйхээрээ орцоор нь ороод, дөрвөн давхар луу ч сум шиг харваад л гарчихав. Үүдэнд нь ирмэгцээ ганц сайхан уужуу амьсгаа аваад, хэдэнтээ зөөлхөн тогшив. Хариу алга. Хэсэг хүлээзнээд, арай чанга тогшлоо. Бас л хариу алга. “Энэ хаалганы

цаана тэр хоёр хамт байгаа” гэж хэн нэгэн чихэнд минь аяархан шивнэх шиг болов. Тэгмэгц өөрийн эрхгүй л хаалгыг маш хүчтэй балбаж эхэллээ. Хариу өгөхгүй байх тусам улам хүчтэй балбаж, угсруулан тогшихын хамт чээжний цаанаас зүрх хүчтэй оволзон, хамар сарталзаж, уур бухимдал дүүрээд ирэв. Бухимдсандаа эгээтэй л хаалгыг нь өшиглөж, орилж хашхичсангүй. Сүүлдээ бүр уураа барьж дийлэхээ болиод “Хөөе…” гэж хашхираад, урьдынхаасаа ч хүчтэй тогшихоор шийдэн гараа далайж байтал хаалга аажуухан онгойж, Шаазгай нойрмогдуухан нүдээр өөдөөс гайхан ширтэв. -Та… гээд юу ч хэлж амжаагүй байхад нь би хажуугаар нь дайрч ороод, гэрлийг нь асаагаад шууд ор луу нь хараа бэлчээв. Хуниралдсан хөнжлөөс өөр юу ч байсангүй. Өрөөний булангуудыг харцаараа нэгжиж байгаад

олзолсон зүйл минь хойморт байрлуулсан авдар дээрх хөшигний завсраар цухуйж буй бүргэдийн өдтэй удган малгай байлаа. Мөн авдарны хажууд том ширэн цар, монгол гутал харагдав. -Манай хүн өчигдөр танайд ирсэн үү? -Арай хайрттайгаа намайг хардаад, хар үүрээр дайрч орж ирсэн юм биш биз дээ? Та чинь хардах өвчтэй юм уу? Танай хүн яалаа гэж манайд ирэх юм бэ? -Хардах нь ч хаашаа юм бэ? Ингэхэд чи бөө юм уу? -Удган гээч. Тийм ээ, би сахиустай. Хүн болгонд хэлээд байдаггүй юм л даа. Урьд шөнө буух байсан ч сүүлийн үед архи дарс уугаад байгаа болохоороо онгод тэнгэрээсээ айгаад

буулгаж зүрхэлсэнгүй ээ. Буруу юм хийгээд байхаар онгод тэнгэр аймаар уурладаг юм аа. -Аан, тэгээд шар айраг уучихсан юм уу? -Тийм ээ, ингэхэд та чинь яагаад байгаа юм бэ? -Яагаа ч үгүй ээ. Би ч бас урьд шөнө найзуудтайгаа гараад, сая л нэг юм бултаад харих гээд явж байна. Тэгээд замаараа танайхаар орж хэсэг унтдаг юм уу гэж бодсон чинь гадаа зогссоор байгаад нойр сэргэчихлээ. Харья даа. -Унтвал унтаад л яваач дээ. -Зүгээр ээ. Харилаа. Гэрт хүн хүлээж байгаа. -Хэн? -За би явлаа шүү. Дараа уулзъя. -За тэгье ээ. Би ч унтлаа. Түүнд хэлэх үгээ хүртэл бэлдчихээд ирсэн хэр нь тэр байгаагүйд сэтгэл хачин их

уужраад, инээмсэглэл тодруулсаар тэндээс гарлаа. Гэвч “Бөө гэдэг нь үнэн юм байна. Буянаа ч худлаа хэлэх бүсгүй биш л дээ. Тэгэхээр эднийд ирдэг нь бас үнэн л болж таарах нь” гэсэн хорон бодол дотроос хатгаад амар заяа үзүүлсэнгүй. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *