
Хоёрхон хоногийн өмнө би нэр хүнд бүхий группийн Ерөнхий нягтлан, Шилдэг ажилтан байлаа. Хамт олон минь намайг тойрон хүрээлж, удирдлагууд минь надад зуун хувь итгэл хүлээлгэдэг байв.
Энэ бол миний зургаан жилийн уйгагүй хөдөлмөр, нойр хоолоо умартан зүтгэсний үр өгөөж байсан юм. Тавхан хоногийн өмнө би мөрөөдлийнхөө ханхүүгийн хүсэмжит бүсгүй, насан туршийн хайр нь
байлаа. Би түүний хайраар цэцэглэж дэлбээлдэгийн нэгэн адилаар тэр миний хайраар гэрэлтэн бадардаг байв. Энэ бол арваад жил ганцаар сажилж, хүлцэн хүлээсэн жаргал минь байсан юм. Энэ бүхний төлөө
би асар их хөлс урсгаж, олон зүйлийг золиослож, бас юугаар ч орлуулан нөхөшгүй цаг хугацаагаа зориулсан. Гэвч тэр их сэтгэл зүтгэл, тэр урт цаг хугацаа, мацаж гарсан оргилыг минь ердөө
ганцхан хүн хэдхэн үг, цөөхөн хором зарцуулаад л бүрмөсөн үгүйсгэж, зориулсан, зарцуулсан бүхнийг минь үнс шиг хийсгээд үгүй хийчхэж болох талаар огт бодож байсангүй. Аливаа зүйлийг босгохын тулд

маш олон хүн асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулдаг. Харин нураахын тулд ердөө л ганц, хоёрхон хүний ичгүүргүй нүүр, хорон санаа, эрээгүй үгс, хэдхэн хором л шаардлагатай байдагтай эвлэрэхэд хэцүү ч эвлэрэхээс өөр сонголт үлдсэнгүй. Чухам хаана нь ямар алдаа гаргаад би өөрт байсан бүхнээ бүгдийг нь алдчихдаг байна аа… Энэ асуултын хариуг олж чадахгүй байгаадаа сэтгэл минь дэн дун, ухаан санаа минь орон гаран байлаа. Ирээдүйд яах талаар бодох байтугай, орноосоо босох уу, эсвэл үргэлжлүүлэн хэвтсээр л байх уу гэдгээ ч шийдэж чадахгүй эргэлзсээр өдрийг барна. Гар утас минь сүүлийн гучаад минутын турш тасралтгүй хангинаж байгаа ч хэнээс дуудлага ирж байгааг нь харах
хүсэл огт алга. Гэвч хангинасан чимээ нь тээртэй санагдах учир шүүрч аваад, ногоон товчлуур дээр нь даран, чихэн дээрээ тавиад, эргэж хэвтэв. -Аниа, та минь зүгээр үү? Утсаа авахгүй болохоор чинь хэчнээн санаа зовов оо? -Би зүв зүгээр ээ. Нам унтчихаж. -Өөр ажил хайж үзэв үү? -Үгүй ээ, өнөөдөр гэртээ сайхан амарчихаад, маргааш л хайя. -Та чадвартай юм чинь ажил олдоно доо. -Нөгөө 1.4 сая төгрөгийг яаралтай олж өг гээд байна. Чи мөнгө олов уу? -Ээж өнөөдөр мөнгө явуулна гэсээн. Санаа зоволтгүй. Ингэхэд хадгаламжинд байсан мөнгийг чинь хүртэл авчихсан гэсэн үү? -Тийм ээ, бүгдийг нь шавхаад өгчихсөн. Хаашдаа л өр юм чинь эртхэн нимгэлж л байсан нь дээр
шүү дээ. Хаалга тогшоод байх шиг байна. Дараа ярья. Байрны эзэн хаалга тогшсон байж. -Сайн уу? Чи уг нь яг хугацаандаа өгдөгсөн. Энэ удаа хоёр хоног хэтэрчихлээ. -Сайн сайн. Уучлаарай, би харин хоёр хоногийн өмнө ажлаасаа гэнэт халагдаад… -Өө тийм үү, ажлаасаа яагаад халагдчихав аа? -Өө гэнэтийн асуудал гараад аа… би энэ удаа түрээсээ хэд хоног хоцроох юм шиг байна. Та хэд хоног хүлээгээч, тэгэх үү? -За найдвартай өгдөг болохоор чинь гурав хоног хүлээе. Чи намайг хэнийг ч нэг ч хоног хүлээдэггүйг уг нь мэдэж байгаа даа. -Тийм ээ, би гурав хоногийн дотор олоод өгчихнө өө. Баярлалаа. Үнэндээ чухам хаанаас, хэрхэн мөнгө олохоо мэдэхгүй байсан ч байрны эзэнд ингэж тун итгэлтэй хэлээд хаалгаа хаав. “За, олдог л байх даа” гэж өөртөө
хэлээд, эргэтэл хаалга дахин тогших нь тэр. “Арай гурав хоног хүлээж чадахгүй гэх гэж байгаа юм биш байгаа даа” гэсэн түгшүүрт бодол тархинд эргэлдэхтэй зэрэгцэн хаалгаа зориг муутайхан түлхлээ. Түүнийг таатай мэдээ огт дуулгахгүй гэдэгт эргэлзэхгүй байсан учир өөдөөс нь эгцэлж харж ч зүрхлэлгүй, шат ширтэн зогсов. Хаалга тайлаад хэдэн эгшин өнгөрсөн боловч хэн ч юу ч хэлэхгүй болохоор нь гайхсандаа толгойгоо огцом өргөөд л түлхүүрийн нүхээр шургачиж буй нарны гэрэл шиг тунгалаг нүдтэй харц тулгараад гацаж орхих нь тэр. -Би орж болох уу? -Ор ор. -Яагаад ингэтлээ царай алдчихаа вэ? -Би тэгтлээ царай алдчихсан байна уу? Угаасаа ийм царайтай шүү дээ. Хүрээд ирсэнд нь хэмжээлшгүй их баярлаж байсан ч гоморхож
тунирхсандаа ч юм уу, үг сөргөж хэгжүүрхсээр эргэж алхлаа. Тэгтэл тэр минь эргүүлэн татаж, хоёр гараас минь зөөлөн атгаад -Би сонссон бүхнээ мартахаар шийдсэн. Үнэн байсан ч тэр тухай эргэж сөхөхгүй байхаар шийдсэн. Би олон хувилбараар бодож үзлээ. Би чиний л дэргэд баймаар байна. Намайг хүлээж авах уу? гэх нь тэр. Түүнийгээ тэврээд “Тийм ээ, би ч бас чиний дэргэд баймаар байна” гэж хэлэхийг хүссэн ч өнөөгийн нөхцөл байдлаа бодож үзээд, тийм үйлдэл хийж чадсангүй. -Би бүгдийг сонссоон. Бүх зүйл эргээд л сайхан болно. Энэ тийм ч сүртэй уналт биш шүү дээ. Чи хүчтэй, ухаантай эмэгтэй. Эргээд л босно. Энэ бүхнийг хамтдаа давж гарна аа гэж хэлэхэд би сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй, түүнийгээ хүзүүдэн тэврээд, зөвхөн
түүнээс нь сэнхийдэг үгээр илэрхийлэхийн аргагүй ялдам үнэрийг нь үнэрлэх мөчид дааж давахын аргагүй хүнд бэрх санагдаж байсан бүхэн хулчийгаад зугтчихаж байгаа мэт мэдрэмж төрөв. 3. ХОЁРДУГААР САР Хэзээ ч дуусашгүй мэт ундарч байдаг эрч хүч, юугаар ч үгүйсгэгдэшгүй урам зориг минь түүнтэй хамт эргэн ирсэн юм. Группийнхэн тэр аяараа миний эсрэг баримт материал цуглуулах ажилд хүчин чармайлт гаргаж, өглөө бүрийн хурал дээр намайг муугийн жишээгээр дурсаж, хүн бүр жишин зэвүүцэж, чичлэн муучилж байгаа талаар дүү бүсгүй өдөр бүр шуурхай мэдээлж байлаа. Бусдын ярьсан үгс надад ирээд наалдчихгүй учир гутарч гунирхаад байх шалтгаан байсангүй. Харин тэрхүү дөнгө мэт чаргууцалдах өрийг бушуухан дарж, сүүдэр мэт дагах муу нэрнээсээ багахан ч болов
холдохыг л хүсч байлаа. Тиймээс ажил идэвхтэй хайж, өмнө нь ажлын санал тавьж байсан байгууллагуудтайгаа эргэн холбогдсоноор өмнөхөөсөө нэг их дор орохооргүй ажилтай ч болов. Эдгээр өдрүүдэд тэр минь л намайг урамшуулж, хурцалж, байрны түрээс хүртэл төлж, санаа зовох зүйлсийг минь хөнгөлж байлаа. Өртэйн зэрэгцээ өмнөхөөсөө хоёр дахин бага цалинтай болсон учир арай хямд байр хайж олохоор шийдэв. Олсон даруйдаа нүүж, өдөр тутмын тансаг хэрэглээгээ хязгаарлаж, хувийн санхүүгээ байгууллагын санхүү шиг тэх татвартай байлгахаар төлөвлөв. Нэгэн удаа тэр минь манайд зочлохдоо -Намайг жаахан холдохоор л гутарч гуниглаад байна уу. Би ерөөсөө нүүж ирнэ ээ гэсэн үгээрээ олон зүйлд урам хугарах болсон намайг дахин сэргээж, сэтгэлд минь гэгээ нэмсэн юм. ♥♥♥ “Авч явах
юмаа цэгцлээд бараг дуусчихлаа. Хоол идчихээд гарлаа шүү” гэсэн утсанд минь ирснээс хойш хоёр цаг өнгөрсөн ч тэр ирээгүй л байлаа. Утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан учир “Замдаа яваа юм байлгүй дээ” гэж өөрийгөө тайтгаруулаад шүршүүрт орчихоод гарч ирэв. 13 дуудлага иржээ. Хачирхалтай нь, энэ дуудлагын нэг нь ч түүнийх биш юм. Зээлсэн мөнгөө өгөхгүй урмыг минь хугалж байгаа ч өдөрт хэд хэдэн удаа залгаж санаа тавин, сэтгэлийн үгсээрээ уярааж буй халамжит дүүгээс минь дээрх дуудлагууд иржээ. Түүнтэй ярих хүсэл төрөөгүй учир эргэж залгахаа түр азнаад, хайрт руугаа дуудлага хийлээ. Тэр урьдын л адил утсаа авсангүй. Уур ч хүрэх шиг, чухам юунаас гэдгээ мэдэхгүй ч ямар нэгэн зүйлээс айгаад ч байх шиг хачин мэдрэмж бие, сэтгэлийг минь эзэмдэв. “За тэгээд ирэхгүй бол тэр л биз
дээ” гэж бухимдуухан амандаа бувтнаад бичгийн ширээ рүүгээ эргэтэл чамархайн дээрээс ямар нэгэн хатуу зүйлээр дарах мэт хүчтэй өвдөх нь тэр. Хоёр гараараа толгойгоо базалж, иллэг хийгээд ч нэмэр болсонгүй. Өвдөлт улам л ихсээд байлаа. Эмийн сангаа онгичиж, толгойн эм олоод хоёр давхарлан уусан ч өвдөлт намдсангүй. Матрасан дээрээ түрүүлгээ харж хэвтээд, дэмий л толгойгоо базлан, өвдөлт намдахыг хүлээв. Өвдөж байгааг нь мэдрэх авч өөрийн минь биеийн нэгэн хэсэг гэдэгт нь ч эргэлзмээр жигтэй мэдрэмж төрөхтэй зэрэгцээд би орчлонгоос тасраад, огторгуйн гүн рүү живчих шиг л болов. Юу ч үгүй хоосон орон зайд ганцаархнаа жингүйдэн хөвж буй мэт мэдрэмжийн дунд биеэ ч мэдрэхээ больсон байлаа… Түүнээс хойшхи хэсэг хугацаанд чухам юу болсныг би огт санадаггүй юм. Ямартай ч би шөнө дундын үед зүгээр л унтаж байгаад сэрж байгаа
мэт сэрсэн. Гэнэт мэдрэгдсэн тэр өвдөлт ч ор мөргүй алга болсон байлаа. Хэрэв өөрийн биеэр мэдрээгүйсэн бол энэ бүхнийг зүүд байсан гэж оношилж ч болох байв. Хамгийн түрүүнд гар утсаа шүүрч авлаа. Хоёрхон минутын өмнө хайрт дүү минь залгаж. Эргүүлээд залгавал: -Аниа минь ээ, зүгээр үү гэх өнөөх л халамж тавьсан үгсээрээ мэндчилэв. -Зүгээр ээ, зүгээр ч гэж дээ. Түрүүхэн зүв зүгээр байж байгаад тархи хүчтэй базлаад, хэсэг зуур ухаан балартчих шиг боллоо. Иллэг хийж, эм уугаад ч намдахгүй байсан юм. Хэсэг унтаад сэрсэн чинь зүв зүгээр болчихож. -Ядаргаанаас болсон байх аа. -Чи унтахгүй юу хийж байгаа юм бэ? -Намайг тайлан бичиж өг гэсэн. Тэгээд үндсэн ажилтан болгох үгүйгээ шийдэх юм гэнэ ээ. Тэгээд л шаналаад сууж
байна. -Аан, за амжилт. Өлсөж байх чинь ээ. Нэг юм олж идэхээс. -Тэгж үз ээ. Гэхдээ шөнө дунд идэж байж таргалчихав даа. -За зүгээр биз дээ. Ингэхэд би нээрээ маргааш ажил дээгүүр очих юм байна шүү дээ. -Өө, тийм үү? Тэгвэл ирэхээр чинь уулзъя. -Тэгье. За амжилт. Тайлангаа эртхэн бичиж дуусгаад сайн амарч аваарай. -Тэгнэ ээ, аниа. Баярлалаа. Та ч гэсэн сайхан амраарай. Утсаа тасалж, дэрэн дээрээ шидчихээд хөргөгч рүү аядуухан алхлаа. Ямар нэгэн исгэлэн зүйл идэхсэн гэсэн
хүсэлдээ хөтлөгдөн, даршилсан өргөст хэмх, зайдастай аваад эргэв. Хоолны ширээнийхээ дэргэд тухлаад, өргөст хэмх, зайдас хоёроос ээлжлэн үмхэлж, дутуу зажилаад л залгиад байв. Өргөст хэмхнийхээ шүүснээс ууж, исгэлэн юм идэх хүслээ бүрэн гүйцээсний дараа нойр асар ихээр хүрч байгааг мэдрэв. Хэчнээн ядарч байсан ч хэвтмэгцээ л гар утсаа шүүрч авдаг дадлаараа утсаараа хэсэг оролдож, нүүрномоор хэсэх зууртаа “Сонин юм аа. Гарлаа гэчихээд таг болчихдог байна шүү. Өнөөдөр ирж амжихааргүй болсон бол утасдаад хэлж болно оо доо.

Ямар нэгэн муу юм тохиолдчихоогүй байгаа даа… за за, муу ёр гэм. Яагаа ч үгүй, гэрт нь ч юм уу, ажил дээр нь яаралтай ажил гараад завгүй л гүйж яваа биз. Маргааш өглөө залгах биз” гэж өөртэйгөө зөвшилцөөд, унтахаар хэвтлээ. үргэлжлэл бий…