Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “3-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “3-р хэсэг”

50 секунд уншина
0
0
372

Бид такси хөлөглөн манайд хүрч ирэв. Тэр намайг гэрт минь оруулж, гутал болоод хүрмийг минь тайлж, орон дээр суулгаад -Одоо ингээд унтаж амар. Би явлаа гэж түүнээс хэзээ ч гарамгүй хүйтэн хөндий

өнгөөр хэллээ. Үүнд нь эмзэглэж тунирхсандаа би юу ч хэлж чадсангүй. Ингэж хэлсэн ч үлдэх болов уу гэсэн өчүүхэн найдварыг минь тэр тас шилбүүрдэн гарч одлоо. “Яагаад… яагаад ингэж хандаж

байгаа юм бэ? Би юуг буруу хийсэн юм бэ? Яасан өөдгүй юм бэ?… Эсвэл надаас өөр хүнтэй болчихсон юм болов уу?” гэсэн учир битүүлэг, уур бухимдал хүргэсэн асуултууд ар араасаа эгнэн жагсаад, намайг бүслэн

авах мэт тарчлаан зовоож байлаа. Уусан юмандаа бус түүнд тунирхсан гомдолдоо, чээж давчдуулж буй бодолдоо улам ч согтоод байх шиг… толгой манарч, нүд анилдан нойр хүрч эхлэв. Хэсэгхэн

зүүрмэглэх зуурт нойрон дунд хэн нэгэн хаалга тогшоод байх шиг санагдав. Зүүдэлж байгаа эсэхээ ялгаж ядсаар нүдээ нээгээд, толгойгоо өндийлгөн хэсэг чагнавал үнэхээр хэн нэгэн хаалга тогшиж байна.

Хаалгаа нээвэл тэр минь зогсож байлаа. Түүнийг харангуутаа л бүр ихээр гомдоод байх шиг зүрх шархираад юу ч хэлэлгүй эргэж алхаад, орон дээрээ очоод суучихав. Тэр минь гэм хийсэн хүүхэд шиг толгой гудайлган орж ирснээ өмнө минь сандал авч суугаад -Би ингээд явчихаж чадахгүй нь ээ. Би угаасаа бодсноо хэлж л байж санаа амардаг. Чи мэдэж байгаа даа гэв. Үг хэлбэл л нулимсаа барьж дийлэлгүй асгаруулчих юм шиг санагдаад юу ч дуугарч чадсангүй. -Бид уулзалдалгүй олон хоножээ. Яг долоо хоносон. Сар, бүр хоёр сар шиг удаан өнгөрлөө. Чамайг завгүй байсан ч би очоод уулзаж болох байсан. Гэвч чиний тухай сонссон зүйлээсээ болоод ирж чадалгүй,

дэмий бухимдсаар олон хонолоо. Бас чамайг залгахгүй, мессеж бичихгүй байгаад гомдоод байлаа. Уг нь чи над руу залгасан бол миний уур гарчих байсан юм. Даанч чи над руу залгасангүй гэж хэлээд ямар нэгэн хариулт хүлээх мэт нүд рүү минь ширтэв. Би минут тутамд түүнийг санадаг хэрнээ хором бүр түүний тухай боддог атлаа яагаад залгалгүй, зурвас илгээлгүй долоо хоночихсоноо мэдэхгүй байсан учир тайлбар хэлж бас л чадсангүй. -Би чиний хэлдэгтэй санал нийлж байна. Чамд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Чи тэнцэх залуугаа олж авч чадна аа. Чамд амжилт хүсье. -Юун тэнцэх тэнцэхгүй тухай яриад байгаа юм бэ? Хэн чамайг надад тэнцэхгүй гээд

байгаа юм бэ? -Чи өөрөө тэгж ярьдаг гээ биз дээ? -Би юу? Хэнд? -Найзууддаа болон хайртай дүүдээ, ажлынхаа хүүхнүүдэд… -Хэн тэгж байна? -Хэн тэгж хэлсэн нь огт хамаагүй. Чи тэгж хэлсэн нь л хамаатай. -Би чамайг надад тэнцэх, тэнцэхгүй тухай хэзээ ч бодож байгаагүй. -Чи бол ухаантай, чадварлаг бүсгүй. Чамд захирал чинь яг тэнцэнэ. Тэр залуу чиний хүссэн бүгдийг өгч, чамайг хүссэнээр чинь амьдруулж чадна. Харин би чамд өөрөөсөө өөр юу ч өгч чадахгүй. -Яагаад өөрийгөө өөр хүнтэй харьцуулаад байгаа юм бэ? -Чи л харьцуулж эхэлсэн шүү дээ. Гэхдээ би чамд хэлчихье. Намайг хэнтэй ч битгий харьцуул. Би тэднээс чинь огт өөр хүн. -Би чамайг хэнтэй ч харьцуулдаггүй. Чи бол миний хувьд хэнтэй ч жишишгүй хүн. Би

чамайг яг энэ байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг, хайрладаг. -Чи надад худлаа хэлээд байгаа юм биш үү? -Юу гэж? -Мэдэхгүй ээ, би итгэхгүй байна. За за би явлаа. -Би чамайг явуулмааргүй байна. -Хэрэггүй, ингэх тусам чинь би зөрүүдлээд явах гэж зүтгэнэ. Тэр ингэж хэлээд гараад явчихав. Би түүнийг тэврээд, “явуулахгүй” гэж ятгаж, учирлаж, үнсэж аргадмаар байсан ч ямар ч үйлдэл хийж чадсангүй. Хүн хамгийн ихээр хүсч байгаа зүйлээ үг, үйлдлээр илэрхийлж чаддаггүй юм байна. ♥♥♥ Түүнээс дуудлага болоод зурвас хүлээж шөнөжин нойр хулжив. Хяслантай нь, тэр надтай холбоо барих ямар ч оролдлого хийлгүй, үүр цайлгалаа. Маргааш нь ч бас бүтэн өдрийн турш сураггүй өнжив. Харин дотны зөвлөгч дүү минь байсхийгээд л

залгаж, сэтгэл санаа засах үгс хэлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний бардам зангаар түүнтэй түрүүлж холбогдохгүй байхыг зөвлөж байлаа. Чээж давчдаж, зүрх хөндүүрлэсэн хачин таагүй нэгэн өдөр яст мэлхийн хурдаар арай хийн өнгөрсөн ч би гэдэг хүн түүний тааварлашгүй ааш зангийн талаар түмэн таамаглал дэвшүүлсээр дахиад л нойргүй хонолоо. Өглөөгүүр хэсэгхэн зуур унтаад сэрмэгцээ хүнд бодлуудаа сэгсэрч хаяхын тулд гэртээ их цэвэрлэгээ хийж, хувцасаа хиртэй, хиргүйгээр нь ч ялгалгүй, бүгдийг нь угаачихав. “Эр хүн өөрөө тэвчээр алдаад залгахгүй байгаа бол танд хайргүй л гэсэн үг” гэсэн найрсаг дүүгийнхээ зөвлөгөөгөөр сэтгэлээ эмчлээд, тэр шөнө

харин нам унтжээ. Өглөө нь дурлалын шарх аньчихсан мэт сэтгэл хөнгөн босоод, ажил руугаа явахаар завдаж байтал утас дуугарав. -Аниа, та хаана байна? -Гэрээсээ гарах гэж байна. Яасан бэ? -Би сая ажил руу явж байгаад машин мөргөчихлөө. Та яаралтай хүрээд ирээч, тэгэх үү? -Хүүе яаж байгаад тэр вэ? Чи машингүй биз дээ? -Өнөөдөр гадуур явах ажил ихтэй болохоор найзынхаа машиныг гуйгаад авчихсан байсан юм аа. Та хурдан хүрээд ирээч. Энэ хүмүүс цагдаа дуудна гээд байна. Хүний машин унаж явсан болохоор найз маань бас давхар баларна шүү дээ. -За за би одоо очлоо. Тэр даруй би ажил руу утасдаж, хоёр цагийн чөлөө аваад машин мөргөлдүүлсэн газар руу нь

очив. Бүсгүй миний санаснаас хэд дахин хүнд осол гаргажээ. Унаж явсан хийгээд мөргүүлсэн машины нэг тал тэр чигтээ цааш чихэгдээд орчихсон, нөгөө машинд сууж явсан нэгэн эмэгтэй бага зэрэг гэмтсэн байв. Дүрмийн дагуу бүсгүйн зуун хувь буруу учир эсрэг тал нь цагдаа дуудчихсан гээд зогсож байв. Би өөрийгөө бүсгүйн эгч гэж танилцуулаад хохирогч болсон жолоочтой тохиролцохоор ярьж эхэллээ. Удаан ятгасны эцэст машин засвар болон эмчилгээний мөнгө болох 900 мянган төгрөгийг өгөхөөр тохиролцов. Дүү бүсгүй нэлээд хэдэн хүн рүү утасдаж учир байдлаа тайлбарлан мөнгө гуйсан боловч гану ч төгрөг олж чадсангүй. Хохирогчид “яг одоо мөнгөө өг. Эсвэл хуулиараа учраа ол” хэмээн шавдуулна. -Аниа, таны дансанд мөнгө

байгаа биз дээ? -Тэр чинь байгууллагын мөнгө. Өнөөдөр ажил эхэлнэ. -Түрдээ энэ хэдэд өгөөд салчихъя л даа. Тэгээд ажил дээр очоод тэр хэдийг хуралдаж, материалаа авч байх хооронд хоёулаа олчихно шдээ. -Тийм хурдан олж чадах уу? -Би ээж рүү утасдаад хэлчихье. Үдээс хойш гэхэд мөнгө шилжүүлчихнэ ээ. Одоо даанч ээжийн утас холбогдохгүй байна. Ээжид байр авахаар хадгалж байгаа мөнгө байгаа. -Найдвартай юу? Хэрэв олж чадахгүй бол би асуудалд орно шүү дээ. -Найдвартай. Би таныг асуудалд оруулахгүй ээ. -за за тэгье. Би албаны мөнгөнөөс дур мэдэн, хохирогчийн данс руу шилжүүлээд, бүсгүйн найзад машиныг нь аваачиж өгөхөөр явлаа. Найз нь машинаа хараад уулга алдан, уйлах нь холгүй л бухимдан хашхичиж

эхлэв. Бүсгүй: -Найз нь чиний хохирлыг бүрэн барагдуулна аа. Битгий санаа зов хэмээн аргадсан ч найз нь тайвширах шинж огт алга. -Машины чинь засвар нийт хэд орчим болох бол… найз нь чамд яг одоо 500 мянган төгрөг өгье. Чи өнөөдөр боломжоороо засуулж бай. Дутвал найз нь маргааш үлдсэнийг нь олоод өгье, тэгэх үү? -За за тэгвэл тэг тэг. Өнөөдөр л гялс засуулахгүй бол маргааш нөхөр ирээд харчихвал манай гэр бүл салж сарних юм болно шүү дээ. -Аниа, та манай найз руу 500 мянгыг шилжүүлчих. Би өдөр ээжээс аваад түрүүнийхтэй хамтад нь өгчихье. -Чи тийм их мөнгийг үдээс хойш гэхэд олж чадах юм уу? -Чадна аа. -Чи найздаа үдээс хойш өгье л гээч дээ. -Найз нь одоо ажил руу очоод, үдээс хойш чам руу мөнгө шилжүүлчих үү? -Юу яриад байгаа юм бэ, чи? Үдээс хойш мөнгө

шилжүүлэхийг чинь хүлээсээр байтал өнөөдөр засуулж амжихгүй нь. Засуулаагүй байвал манай нөхөр намайг ална. Чи намайг амьдралгүй болгох гээ юү? -За за. Миний дүү тайвшир. 500 мянгыг шилжүүлчихье. Дансаа… чи харин ажил дээр очоод, шууд ээж рүүгээ яриад, яаралтай олж өгнө шүү. Албаны мөнгө шүү дээ. -мэдэж байна аа, аниа санаа зоволтгүй. Та бол миний авралын од. Ийнхүү түүний асуудлыг бүрмөсөн шийдвэрлээд, үдийн цайны цагаас өмнөхөн ажил дээрээ хүрч ирэв. Бүгд унд уухаараа гарч байсан учир бид хоёр ч юм олж идэхээр гарлаа. Ундлаад дуусч байтал даргын туслах бүсгүй залгаад -Дүүрэг дээр дуудаж байна. Сүүлд орж ирсэн шалгалттай холбоотой л баахан үүрэг даалгавар өгөх гэж байгаа юм шиг байна. Таныг

яаралтай очиж уулз гэнэ гэв. Түүний хэлснээр дүүрэг дээр яаралтай очсон ч мэргэжилтэн нь гадуур шалгалттай явж байсан учир хүлээхээс өөр арга байсангүй. Хагас өдөр хүлээлгэсний эцэст ажил тарахаас 20-хон минутын өмнө ирж, аудитын шалгалт болон Татварын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой баахан нэмэлт үүрэг даалгавар өгөв. ♥♥♥ Тарах цагтай уралдан, ажил дээрээ очиж хуруугаа уншуулчихаад л харьсан учир маргааш нь ажил эхлэхээс цагийн өмнө очиж, өдрийн ажлаа төлөвлөв. Маргааш цалин тавих өдөр учир цалингийн тооцоо бодсоор үд өнгөрснийг ч анзаарсангүй. Цалингаа бодож дуусаад, дүүргээс өгсөн үүрэг даалгаврын талаар хэлтсийн дарга нарт танилцуулахаар өрөөнөөсөө гарах гэж байтал утас дуугарав. -Захирал таныг өрөөндөө ороод ирээч гэж байна гээд

туслах бүсгүй утсаа шууд тасалчихав. Захирлын өрөөнд орвол дэд захирлууд болон хэлтсийн дарга нар бүгд ирчихсэн байлаа. Захирлуудын зөвлөлийн дарга суудлаасаа босч, хоолойгоо засан, царайгаа төв болгоод: -За тэгэхээр өнөөдөр нэгэн ажилтанд хариуцлага тооцохоор шуурхай хурал зарласан юм. Энэ хүн байгууллагын мөнгөнөөс удаа дараалан хувьдаа завшиж, тэр булхайгаа нуун дарагдуулахын тулд татварынханд хахууль өгч байсан нь баримтаар нотлогдсон. Ийм хүнд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ, нягтлаан? -айн?… аан хэрэв байгууллагын хөрөнгөнөөс удаа дараалан хувьдаа завшсан нь баримтаар нотлогдсон бол ажлаас чөлөөлөөд, шүүхэд шилжүүлэн хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. -За таны хэлснээр нягтлан таныг өнөөдрөөс эхлэн ажлаас

чөлөөлж байна. Мөн шүүхэд шилжүүлэн, байгууллагад учруулсан хохирлыг хуулийн дагуу төлүүлэх болно. -Юу? Би юу ч ойлгосонгүй. -Байгууллагын мөнгөнөөс удаа дараалан хувьдаа завшиж, тэр булхайгаа нуун дарагдуулахын тулд татварын байцаагчидтай хуйвалдан хуурамч тайлан өгч байсныг чинь манай ажилтнууд олж тогтоосон. Хамгийн сүүлд л гэхэд хөрөнгө оруулагчдын мөнгийг өөрийн дансаараа авч, өчигдөр эхлэх ёстой байсан бүтээн байгуулалтын ажлыг цалгардуулсан байна. -Үгүй ээ, би өчигдөр… -Өөрийгөө өмөөрөх нүүр бас чамд байгаа гэж үү? -Хөрөнгө оруулагчдын мөнгө хаана байна? -Миний дансанд байгаа. -Яг одоо байгууллагын данс руу шилжүүл. -за. Гэнэтийн энэ хачирхалтай

дайралтанд тулгамдсандаа ямар тайлбар хэлэхээ ч мэдэхгүй балмагдаж орхив. Мөн байгууллагын мөнгөнөөс дутаасан 1.4 сая төгрөгөө юу гэж тайлбарлах учраа олохгүй, тэвдээд юу гэж хэлж байгаагаа ч ойлгохгүй сандарчихав. -1.4 сая дутаж байна. Тэр мөнгө нь хаана байна? -Тэр нөгөө юу… би үдээс хойш гэхэд тэр мөнгийг… -Энэ мэтчилэнгээр хувьдаа завшдаг байсан байгаа юм. Танд үүнээс ч илүү мөнгөний асуудал бий. Одоо хоёулаа тооцоод тоолоод гаргаад ирнэ ээ, гайгүй. Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирлын захирангуй үгс бодол санаанд ойж буун тасалдаж сонсогдоно. “Юу болчихов оо… яагаад ийм зүйл болчихов оо… яагаад… би юу хийсэн билээ…” гэсэн асуултууд дундаа төөрч, ухаан санаа ч тогтож өгөхгүй, нэгээс нөгөө рүү үсчиж байлаа. Энэ бүхний эсрэг зоригтой зогсож чадахгүй байгаадаа, олигтойхон тайлбар хэлээд өөрийгөө

өмгөөлчихөж ч зүрхлэхгүй байгаадаа бухимдаж, бухимдсанаасаа болоод юу ярьж, ямар үйлдэл хийж байгаагаа ч мэдэхгүй болтлоо самгардав. Нэг мэдэх нь ээ, би гэдэг хүн хэдэн арван сая төгрөгийн өрөнд унаад, ажлаас чөлөөлсөн тушаал, шүүх рүү шилжүүлэх шийдвэр хоёрыг гартаа тас атгаад, оффисынхоо гадаа зогсож байв. Цалингийн нэмэгдэл бодуулах, жижиг сажиг торгуулаас чөлөөлүүлэхээр хойно урд минь орж, сүүлээ шарван гулбилзах нохой шиг араас минь дагадаг байсан ажилчид хийгээд цаг үргэлж сайшаан шагшиж, магтах үгээ олж яддаг байсан удирдлагууд, надтай дотно гэдгээ батлахын тулд юу ч хийхээс буцдаггүй ажлын газрын найзуудын хэн нь ч одоо миний дэргэд алга. -Яана аа, аниа. Би буруутай. Би л таныг баллачихлаа. Одоо яах вэ. Энэ захирлууд ямар аймаар юм бэ? Танаар хамаг юмаа хийлгэдэг байсан хэрнээ ингээд

хөөчихөж болохгүй шүү дээ. Бусад нь ч гэсэн дээ, ёстой хүн юм даа. Бүгд л таныг муулаад чичлээд байх юм гэсээр дүү бүсгүй нүдээ гурвалжлуулж, духныхаа арьсыг атируулаад их л сэтгэл зовнисон байдалтай хажууд минь зогсож байлаа. -Яах вэ? Би танд яаж туслах вэ? -Зүгээр дээ. Чи харин нөгөө мөнгөө л эгчдээ яаралтай олоод өгөөрэй. Өрнөөсөө нимгэлэх шаардлагатай биз дээ? -Яах вэ? Би бүр тэвдээд байна. -Зүгээр дээ. Эгч нь зүв зүгээр. Чи одоо ор. Чамайг надтай холбоо сүлбээтэй гээд халчихвал яана. -Ямар хамаатай юм бэ. Та гарч байгаа юм чинь би ч бас гармаар байна. -Тэгж болохгүй ээ.

Миний дүү ажилтайгаа үлдэх хэрэгтэй шүү. -Яах вэ? Ингэхэд танай хүнээс сураг алга уу? Би залгаад, дуудчих уу? -Үгүй, үгүй шүү. Түүн рүү залгаад, энэ тухай хэлээд үзээрэй, чи. Хохь чинь шүү. -Та яагаад над руу уурлаад байгаа юм бэ? Ойлголоо, би юу ч хэлэхгүй ээ. -За за. Чи ажил руугаа ор. Би харилаа. -Та тэгээд зүгээр үү? -Зүгээр ээ. Амьд хүн аргатай. Учир нь олдоно оо. -Би орой тараад яваад очъё за. Аниа сэтгэлээр унахгүй, өөдрөг байгаарай. Ажлаас чөлөөлсөн тушаал, шүүх рүү шилжүүлэх шийдвэр гэсэн захирлын гарын үсэгтэй хоёр хавтгай

цаасыг цүнх рүүгээ хумьж чихээд, баруун гараа өргөж “баяртай” хэмээн бүсгүй рүү дохиод, эргэж ч харалгүй урагш алхлаа. Эргээд алхах зам минь хаагдсан ч өмнөх зам минь ямар ч хориггүй нээлттэй л байна. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *