Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “2-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “2-р хэсэг”

35 секунд уншина
0
0
449

Даагдахгүй болтлоо хүндэрсэн зовхио арай гэж өргөн, нүдээ нээмэгцээ нарны хурц гэрэлд гялбаад, төдхөнөө буцааж анив. Нүдээ аньсан чигтээ эргэж хөрвөөгөөд, нөгөө тал руугаа харж хэвтмэгцээ гараа

гудсан дээгүүр гулгуулан гар утсаа хайж эхэллээ. Эрэл минь удаан үргэлжилсэн ч амжилт олоогүй учир нүдээ нээж, толгойгоо өндийлгөөд, эрлээ гараараа бус нүдээрээ үргэлжлүүлэв. Матрасны

толгойн харалдаа байрлуулсан ширээн дээрээс гар утсаа олж үзмэгцээ ухасхийн босоод, шүүрч аван цаг харвал 13 өнгөрч байх нь тэр. “Бурхан минь, өчигдөр би хэд гэж унтлаа. 11 цагийн үед хүн хаалга

тогшсон гэдэг чинь… бараг 12 өнгөрөөгөөд л ухаан балартсан байх. Бүхэл бүтэн арван хоёр, гурван цаг унтаад байхдаа яах вэ дээ. Амьдралгүй юм бэ” гэж үглэсээр босч алхаад өөрийн мэдэлгүй л

хөргөгчний хаалга дэлгэчихсэн зогсож байх нь тэр. Цамаархаад хэдэн өдрийн турш огт тоогоогүй хатсан еэвэнгээс нэгийг нь шүүрч аваад, тачигнуулан зажилж эхэллээ. Гэвч угийн гурилан бүтээгдэхүүнд

таашаалтай ханддаггүй зангаараа хэд хазаад л буцаагаад шидчихэв. “Мах, мах, мах л идмээр байна” гэж тархин дотроос ч юм уу, хэвлий дотроос ч юм уу, ямартай ч бие, сэтгэлийн минь нэгэн хэсгээс мэдээлэл ирээд байсан учир хөлдөөгүүрийн хэсгийг нээмэгцээ хөлдөөсөн бууз шүүрч авав. Яг арван ширхэг бууз жигнэж, долоог нь хэдхэн хормын дотор ховдоглон үмхчихээд сая сэтгэл ханаж, матрасан дээрээ эргэж очин хэвтэв. Давсаг чинэрэх мэдрэмжнээс болоод удаан ч тухалж чадсангүй, Ариун цэврийн өрөө рүү залхуутай гэгч нь гэлдэрлээ. Бие засчихаад, нүүр гараа угааж, хэсэг тольдоод гарч ирэхдээ бие минь ер бусын хөнгөн байгааг анзаарав. “За ингэж идээд

л, унтаад л байж болохгүй шүү. Орлого зогсчихвол түрээсээ юугаараа төлж, ходоодоо юугаараа тэжээх билээ. Шажигнатал ажиллаж байж л мөнгө хуримтлуулж, эсэн мэнд амаржиж, амаржсаныхаа дараа нэг, хоёр сар амарч хэвтэнэ биз дээ” гэж өөртөө хэлээд, Харц булаам дөлгөөхөн ялдам мишээгээд Хараад ханашгүй ухаалаг гоё нүдээрээ Хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо царайтай Хэнийх ч биш миний л амраг… хэмээн аялсаар бичгийн ширээ рүүгээ урам зоригтой алхав. Компьютероо асах зуурт өнөөдөр юу хийх ёстойгоо бодох гэсэн боловч өнөөх дууны үргэлжлэл тархин дотор эгшиглээд болдоггүй ээ. Надаас өөр хүн чамд байдаг бол Надад тэр чинь юутай гуниг вэ? Замбуулин

хорвоог туулъя гэвэл Заяа тавилангаараа заяа тавилангаараа Би чинь азтай хүн… хэмээн үргэлжлүүлэн аялахдаа ер бусын цоглог байсан ч “азтай хүн…” гэж давтан хэлээд хоолой зангираад, аньсаганд нулимс дүүрээд ирэх нь тэр. 2. НЭГДҮГЭЭР САР …Надаас өөр хүн чамд байдаг бол Надад тэр чинь юутай гуниг вэ? Замбуулин хорвоог туулъя гэвэл Заяа тавилангаараа заяа тавилангаараа Би чинь азтай хүн Хайрын тэнгэр итгэлийн гэгээтэй Ханийн хайранд дурлалын өнгөтэй Аливаад хэрсүү ухаалаг гоё зантай Аяа энэ бол миний л амраг … Арван хэдүүлээ хоороороо дуулж байсан ч тэр над руу эгцлэн ширтсэн мөчөөс эхлээд ухаан санаа минь орчлонгоос тасарчихаж билээ. Яг л

энэ дуунд гардаг шиг хараад ханашгүй ухаалаг гоё нүдээрээ тэр намайг ширтэж байлаа. Яг л энэ дуунд гардаг шиг надаас өөр хүн чамд байдаг бол би гунигийн далайд живээд үхчих юм шиг санагдаж байлаа. Яг л энэ дуунд өгүүлсэнчлэн замбуулин хорвоог чамтай туулах заяа тавилангаараа өөрийгөө хамгийн азтай хүн хэмээн бардаж явлаа. Тэр минь 12 дугаар сарын 31-нд төрсөн юм. Он солигдох мөчид түүний төрсөн өдрийг бид хоёулхнаа тэмдэглэсэн ч шинэ оны эхний өдөр найзуудтайгаа хамтарч тэмдэглэхээр урьдчилан ярилцаж тохирсны дагуу цуглаад байгаа нь энэ. Бид хоёр бага үдээс эхлэн төрөл бүрийн хоол хамтран бэлтгэсний зэрэгцээ найзууд тал талаас амттан хийгээд

уух зүйлс барьж ирсэн учир баярын ширээ элбэг дүүрэн байлаа. Идэж ууж, хөгжилтэй яриа өрнүүлж, уусан зүйлдээ халамцсан бид бие биенээсээ дуун дугараа нэхсэнээр дуусашгүй үргэлжилсэн хоор, хоршилын эхлэл тавигджээ. Бид хоёр хоёулаа тааруухан дуулдаг учир дугараа бүрээс хойш сууж, хундага ирэх бүрт биесээ аргалан эвтэйхэн бултаж суусан сан. Гэвч хэн нэгний эхлүүлсэн энэ дуу бидний сэтгэлийг чавхдасыг маргаангүй хөндсөнөөр бидэн хоёр орчноо умартаж, биесээ ширтээд дуулж эхэлсэн юм. Түүний нүд рүү ширтэх бүртээ сэтгэл хэмжээлшгүй баяр баяслаар халгиж, яг тэр нүдэнд уусч шингээд үүрд тэндээ үлдчихмээр санагддаг. Нүд рүү минь ширтэнгээ

үл мэдэгхэн инээмсэглээд нүдээ ирмэхэд нь түүний зүрхнээс цацарч буй гэрэл гэгээ, хайр, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тэр мэдрэмж зүрх рүү минь нэвтрэн ороод, тогтож суухын аргагүй их догдлолоор сэтгэлийг минь үерлүүлчихдэг. Энэ л таатай мэдрэмжтэйгээ насан туршдаа амьдрах хүсэлдээ хөтлүүлээд, зүүд мөрөөдлийнхөө тэнгист эрх дураараа сэлж явлаа. Тэгтэл -Сай…н байна уу? Дуун дугараа чинь дуусаад, шинэ зочин ирчихсэн байна. Дурлалт хосууд минь ширтэлцэхээ болиод над руу анхаарлаа хандуулж болох уу? гэх захирангуй хоолой, тачигнасан инээд чих дөжрөөн цангинах нь тэр. Эргэн харвал дөрөвхөн хоногийн өмнө манайд шинээр ажилд орсон гал цогтой бүсгүй ороод ирчихсэн, инээд алдаад зогсож байлаа. -Сайн,

сайн уу? хэзээ орж ирээ вэ. Дуулж суугаад анзаарсангүй гэвэл -Дуулсандаа ч биш, дурлалдаа согтоод анзаараагүй юм биш үү, та гээд дахиад л тас тас хөхрөв. Тэр яах аргагүй чин үнэнийг хэлчихсэн учир би ч ичингүйрсэндээ хэлэх үгээ олж ядан тэвдлээ. Тэгтэл тэр минь -За оройтож ирсэн зочин торгуулийн хундагаа аваад, дугараагаа үргэлжлүүлэх үү гээд хундага барин босч, бүсгүйд барьснаар би ч аврагдлаа. Тэр үед бүх зүйл тэгш дүүрэн байжээ. Олон жилийн турш дотночлон нөхөрлөсөн гэр бүлийн найзууд дундаасаа би түүнийг олсон юм. Тэр багын найзтай минь гэрлэсэн бүсгүйн дунд сургуулийн найз байсан. Гадаадад арав гаруй жил амьдраад, эх орондоо ирмэгцээ найзынхаа төрсөн өдрийн баярт ирэхэд нь би түүнийг анх олж харсан

юм. Анхны харцаар л түүнд татагдсан. Тэр ч бас анхны харцаар надад татагдсан гэж ярьдаг. Би түүнд нь эргэлзэлгүй итгэсэн. Итгэсэн ч учраас бид их хурдан дотноссон байх. Бид танилцсанаас найман сар, дотноссоноос долоон сар өнгөрсний дараа түүний төрсөн өдөр тохиосон юм. Гэвч төрсөн өдрийн урилгагүй зочин бидний амьдралын хүсээгүй, хүсэшгүй зохицуулагч болон хувирах юм гэж бид яахан тааварлах билээ. Ажлын газрын минь шинэхэн хамтрагч төрсөн өдрийн баяр дээр урилгагүй зочилсон шигээ бидний найз нөхдийн хүрээлэлд ч гэнэт л орж ирсэн. Түүний минь төрсөн өдрийг хамт тэмдэглэснээс хойш тэр бүсгүй ажил дээр намайг ер бусын дотночлон харьцдаг боллоо. Эелдэг, нийтэч зантай түүнтэй дотно

харьцахад цааргалаад байх шалтгаан ч надад байсангүй. “Та хоёр их хөөрхөн хосууд юм аа. Яг л арван хэдтэй хүүхдүүд шиг гал халуунаар дурлалцсан нь бүр хоёулангийн чинь нүднээс илхэн байдаг. Харах тусам л хайр хүрээд байх юм” гэсэн өмнөтгөлтэй магтаалын үгсээр хувийн харьцаанд ч бас дотно байхсан гэсэн хүслээ дөмөгхөн илэрхийлээд амжлаа. Чухам ямар замаар, хэрхэн дотноссоноо сайн мэдэхгүй байна. Ямартай ч ийнхүү эрчимтэй шуурхай довтолсоор тэр хориодхон хоногийн дотор бид хоёрын итгэлийг олж аваад, дотны хүмүүсийн минь нэгд өөрийгөө зүй ёсоор зөвшөөрүүлж амжсан юм. ♥♥♥ Тайлан баланс гэж толгой өндийх завгүй суусаар түүнтэйгээ уулзаж амжилгүй долоо хоночихсон байв. Олон хоног тархи гашилгасан ажлаа дуусгаж, тайлангаа илгээчихээд гэр лүүгээ явахаар

гадуур хувцасаа өмсөж байтал утас дуугарлаа. -Аниа, та хаана байна. Сая би танай хүнтэй гудамжинд таарлаа. Нэлээд согтуу байна аа. Хөл дээрээ тогтож чадахгүй, танайх руу хүргээд өгье гэсэн чинь “муу завхай хүүхнийх рүү очихгүй” гэж уурлаад байхаар нь би гэртээ дагуулаад ирлээ. Одоо манайд унтаж байна. Та хоёр ам мурийсан юм уу гэж гэр бүлийн шинэхэн найз маань их л тэвдүү ярив. -Үгүй ээ, бид огт ам мурийгаагүй. Ам мурийх зүйл ч болоогүй. Ажил ихтэй байсаар бараг арваад хоног, үгүй ээ долоо хоног уулзалдаагүй юм байна. Би одоо ажил дээрээс гарах гэж байна гэвэл -Аниа, та манайх руу хүрээд ирэх үү? Танай хүн согтуу бас нэлээд ууртай байна аа. Намайг тан руу ярьж дуудсан гэж битгий хэлээрэй. Аймаар агсам юм байна шүү дээ.

Та санаандгүй манайхаар ороод гаръя гээд л хүрээд ирсэн гээрэй, за юу гэж хэлээд хариу хэлэхийн завдалгүй утсаа тасалчихав. Би ч санд мэнд хувцаслаад, такси бариад л давхиад очлоо. Бүсгүйн гэрт ороход тэр унтаж байв. Өрөөн дотроос шар айрагны үнэр сэнхийхийн зэрэгцээ ширээн дээр гурван ч лаазтай пиво, хогийн савны дэргэд хоёр ч том шар айрагны сав харагдлаа. -Хэзээ унтсан юм бэ? гэвэл -Энүүгээр нэг таныг харааж хашхичиж байгаад саяхан унтлаа гэж байна. Сэрээх санаатай дөхтөл бүсгүй гараас минь татаад, “гаръя” гэж дохив. Ганц бие бүсгүйн гэрт халамцуу орж ирээд, орон дээр нь нам унтчихсан нь хачирхалтай санагдсан ч тэдний хэн хэнд нь уурлах ноцтой шалтгаан

байсангүй. Тиймээс ч бүсгүйн үгэнд дуулгавартай орж, түүнийг даган гадагш гарлаа. -Юу болсон юм бол… чамд ямар нэгэн зүйл ярив уу? Уг нь уудаггүй л юм даа. -Тантай уулзалгүй олон хоног болсон гэнэ. Таныг өөр хүнтэй болсон л гэж бодоод байгаа юм шиг байна. -Юу гэнэ ээ. Юу гэж балайраад байгаа золиг вэ? -Харин тийм ээ, балай юм. Хэн нэгэн алтан хошуут нь таныг захиралтайгаа учиртай гэж ярьсан юм даг уу даа. Энэ хүмүүс нээрээ аймаар юм аа. Та хоёрт атаархсандаа л тэгж байхгүй юу. -Юу… би захиралтай юу… Үгээ гүйцээж амжаагүй байтал утас хангинав. Даваа гарагийн өглөө эхлүүлэх томоохон төслийн хөрөнгө оруулагч залгаж байна. -Байна уу? -Байна, байна. Танай данс руу мөнгө шилжүүлэх гэсэн чинь болдоггүй ээ. Хагас,

бүтэн сайн таарчихвал нэг дэхээс наашгүй юм болох гээд байдаг. Өөр данс өгөх үү? -Өдөр зүгээр л гүйлгээ хийгээд байсан юмсан. Яасан юм бол оо. Манай компанид өөр данс байхгүй дээ. Захирлын дансаар авдаг юм бил үү? -Захирлын чинь дансаар ийм их хэмжээний мөнгө орвол авлигал хээл хахууль гээд хэрэгт холбогдоно гэдгийг чи мэдмээр юм аа. -Та дансаа зөв хийсэн биз дээ? -Чиний явуулсан ажилтны авчирч өгсөн нэхэмжлэх дээрх дансаар л хийж байна. -Юу болов оо, аниа? -Чи хөрөнгө оруулагчид нэхэмжлэх аваачиж өгөхдөө дансаа зөв бичсэн биз дээ? -Тэгэлгүй яахав дээ. Би таны бичиж өгсөнтэй хэд хэдэн удаа тулгасан. -Одоо тэгээд яах вэ, нягтлаан. 18 цагаас өмнө амжиж шилжүүлэхгүй бол нэг дэхээс наашгүй шүү дээ. -Одоо цаг хэд болж

байна? -17 цаг 36 минут. Байгууллагын данс болохгүй байгаа юм уу, аниа? -Тийм ээ. -Тэгвэл та өөрийнхөө дансаар авчихаач дээ. Нэг дэхийн өглөө гялс интернэт банкаар байгууллагын данс руу шилжүүлчихгүй юү. -Би өөрийнхөө дансаар авчих уу? -Тэг. Дансаа гялс мессежээр явуулчих. Би утсаа тасалмагцаа дансаа бичиж, зурвас илгээгээд байгууллагын данс яагаад болохгүй байгаа талаар бодоод хэсэг зуур таг дуугүй зогсчихов. Тэгтэл ч миний дансанд орлого орж байгаа зурвасууд ар араасаа цувран ирж эхлэх нь тэр. Нийт дүнг нь бодож үзэхэд хөрөнгө оруулалтын хэмжээтэй яг таарч байв. Хөрөнгө оруулагч руу утасдаж, мөнгө орж ирсэн талаар хэлчихээд хайртай залуугаа сэрээхээр шийдмэгхэн алхлаа. Бүсгүйн гэртээ ормогцоо: -Хонгор оо… хонгор оо… гэж хэд хэдэн удаа зөөлөн дуудаж үзэв.

Сонсож байгаа ч шинж алга. -Аниа, хэсэг унтаж байгаад сэрэх байлгүй дээ. Энд жаахан пиво үлдсэн байна. Хоёулаа хувааж уугаад буу халж сууя л даа. Маргааш амралтын өдөр юм чинь юундаа яарах вэ дээ гээд бүсгүй ширээн дээр байсан нэг шар айргийг надад өгөв. -Танай хүн ууж байсан юм аа… хонгороосоо сэжиглэхгүй биз дээ? Алив тулгачихъя гэж хэлээд түнхийтэл тулгаснаа өөрөө ус шиг л залгилж эхлэв. Би ч түүнийг хармагцаа тайвшраад, юу ч бодолгүй залгилж орхилоо. Бүсгүй өөрийнхөө ганц бие амьдралын тухай ярингаа хөргөгчнөөс хүйтэн пиво гаргаж ирсээр л байв. Нэлээд халамцаж суутал манай хүн сэрэв. Өндийж суугаад надтай юу ч дуугаралгүй, ширээн дээр байсан лаазтай шар айргийг аваад гүд гүд хийтэл

залгилж орхив. -Хонгор оо, одоо болно оо. Харья. Эргээд согтчихвол яах юм бэ? гэвэл тэр эрүүгээ өргөн, нүдээ сүүмийлгэж, над руу нэг их ёжолсон харцаар харснаа -Хэн согтуу байгаа юм бэ? Харин чи харьж чадахаа больтолоо согтчихсон байгаа юм биш үү гэх нь тэр. -Би сая дүүтэйгээ буу халж уусаар нэлээд халчихлаа. Миний хонгор гайгүй байгаа юм чинь намайг аваад явчихна, тэ? -Би чамайг авч явж чадахгүй. Одоо шууд харилаа. -Тэгээд би яаж харих юм бэ? -Би яаж мэдэх вэ? Харьж чадахгүй юм бол эндээ хоноод явахгүй юу даа. -Чи ямар өөдгүй юм бэ? Намайг энд хаяад явах гээд байгаа юм уу? Тэр шууд босоод, гутал, хүрмээ өмсөн гарахаар зэхэж эхлэв. Би гуйвж дайвсаар түүний дэргэд очоод, хүзүүгээр нь ороон тэврээд үнсэх

санаатай уруулыг нь уруулаараа тэмтэрлээ. Тэр: -Чамаас дан пиво үнэртэж байна. Их муухай үнэртэж байна гээд гарыг минь тавиулаад, зөөлхөн түлхэв. -Чи сая надаас муухай үнэр үнэртэж байна гэсэн үү? Чамаас ч гэсэн үнэртэж л байгаа шүү дээ. Ингэхэд чи яачихаад байгаа юм бэ? -Харин чи яачихаад байгаа юм бэ? За за, би чамтай хэрэлдмээргүй байна. Эндээ хоноод яваарай. -Би энд хонохгүй. Чи намайг аваад яв. -Чадахгүй ээ. Ингэж хэлээд тэр шуудхан гараад явчихав. Араас нь гарвал эргэж ч харалгүй, хаалга руу шулуухан алхаж байлаа. -Хөөе, чи яачихаад байгаа юм бэ? Намайг энд орхиод явчихаж байгаа юм уу? Чи ямар хоншооргүй эр вэ гэж хашхирсан ч эргэж харсангүй. -Аниа хөршүүд юу гэж бодох юм бэ? Битгий

хашхираад бай. Та ороод сууж бай. Би очоод аваад ирье, за гэж хэлээд бүсгүй гараас минь татан дотогш оруулаад, өөрөө гүйгээд явчихав. Араас нь гармаар байсан ч хөршүүдээс нь санаа зовоод, тэднийг эргэж ирэхийг тэвчээртэй хүлээлээ. Тэд хэтэрхий удаад байсан учир тэвчээр минь барагдаж, гутлаа өмсөөд гарахаар бэлтгэв. Гадуур хувцасаа шүүрч аваад гарах гэж байтал тэр минь ороод ирэх нь тэр. Бүсгүй түүний араас орж ирснээ -Аниа явах гэж байгаа юм уу? хэмээн уулга алдав. -Тийм ээ, би явлаа. -Алив, шубаа өмсчих. Хамт явъя. -Чи надтай хамт явахгүй, муухай үнэрээс минь ичээд байна гээ биз дээ? -Би ичээд байна гэж хэлээгүй шүү. Алив… Тэр туулайн арьсан хүрмийг минь

өмсгөх зууртаа духаараа духыг минь түшиж зогсоод, өнөөх л сэтгэл татсан ухаалаг нүдээрээ уучлал гуйх мэт зөөлөн ширтлээ. Энэ нүд хэзээ ямагт ямар ч үггүйгээр намайг буулган авч чаддаг тэр л увидасаараа энэ удаа ч мөн уяраан зөөлрүүллээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *