Нүүр Өгүүллэг “ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “1-р хэсэг”

“ХӨЛ ХҮНД БҮСГҮЙН ТЭМДЭГЛЭЛ” бэсрэг тууж “1-р хэсэг”

4 секунд уншина
0
0
567

“ГУРАВДУГААР САР” Хэн нэгэн хаалга тогших бүрт би нууцхан түгшдэг бас догдолдог. Үдэш бүр “миний төлөө” бөөлөөд хагацаж салдаггүй өнөөх эмэгтэйг байх вий гэсэн түгшүүрт эмээлтээсээ болоод түгшдэг

юм. Харин тэр нэгэн үдшээс хойш намайг огтхон ч эрж хайгаагүй чамайг байх вий гэсэн эмзэгхэн найдвар минь намайг догдлуулдаг хэрэг. Сая ч бас хэн нэгэн хаалга тогшлоо. Хөндүүрхэн түгшүүр хөнгөн

догдлолоос үргэлж урьтдаг учир хөдлөх гэтэл хөл минь хөшиж, дуугарах гэтэл хоолой минь хорсоод юу ч хийж чадалгүй, хэсэг суув. Хаалганы цаана буй хэн нэгэн амьсгалыг минь анах мэт хэсэг

завсарлаад, хэд хэдэн удаа угсруулан хүчтэй тогшино. Амьсгалж байгааг минь тэр сонсчих мэт санагдах учир амьсгалаа түгжихээс өөр арга байсангүй. Багтрах шахаж суусан би хэсэгхэн зуур чимээгүй

болоход нь хөнгөхөөн амьсгаа авч амжлаа. Гэвч дахин тогшиход нь ямар нэгэн гэмт хэрэг хийчихсэн хүн шиг айж бэргээд, дахиад л амьсгалаа түгжчихэв. Гуч орчим минут намайг ингэж тэвдүүлсний

эцэст тэр бууж өгөв бололтой, хөнгөхөн гишгэлсээр цааш одов. “Тэр минь л ийм намуухан алхдаг даа” гэсэн бодол толгойд зурсхийхийн төдийд өөрөө ч мэдэлгүй хаалга руу гүйгээд оччих нь тэр. Төмөр хаалга яг л миний зүрх шиг ёолонгуй хяхтагнан хаагдаж буй нь тодхон сонсогдов. Хаалгаа нээгээд харчих зориг бас л дутав. Эзгүй талын дунд олон хоног ганцаар төөрсний эцэст эцсийн амьсгалаа авахаар үхэлтэй тэмцэлдэж буй өчүүхэн зүр гөрөөсийг адгийн муу хон хэрээ өдөржин ээрэхтэй яг адилхан энэ мэдрэмж намайг олон хоног зовоож байна. Гэвч амьд явахын төлөө л энэ хорвоод ирсэн мэт эцсийн амьсгалаа ч эцсийнх гэдэгтэй эвлэрч чаддаггүй ядмагхан

сэтгэл түнэр харанхуй хонгилоос ч итгэлийн дөл хайсаар л… “Хэн байсан юм бол оо…”. Дахиад л нэгэн шаналант бодол ухаан санааг минь ээрч, зүрх сэтгэлийг минь тарчлааж эхлэх нь тэр. “Хамгийн сүүлд уулзахдаа тэр надад юу гэж хэлсэн билээ… Аан тийм, чи үнэхээр жирэмсэн болчихсон юм уу гэж асуусан. Болсон байсан ч, болоогүй байсан ч надад хамаагүй л дээ. Зүгээр л үнэнээ хэлчихэж болдоггүй юм уу гэж гэдэнг минь хөдөлгөсөн. Би түүнд юу гэж хариуллаа даа… Аан тийм, битгий горьд гэж хэлсэн шүү дээ”. Хөмхийгөө хөнгөхөн зуугаад, үл мэдэг инээмсэглэхчээ аядав. Энэ хариултаараа түүнийг дөнгөж чадсандаа омогшиж, өөртөө багахан ч болов бардамнах

шалтаг гаргах гэсэн хэрэг. Гэвч үнэндээ би түүнийг дөнгөж чадаагүй ээ. Харин өөрөө л дөнгүүлчихсэн. Инээгээд байх шалтгаан даанч алга даа. Өөртэйгөө зөвлөлдөх, зөрчилдөхийн тэх дундуур ийнхүү үглэсээр өрөөн дотуураа тэнэж яваад нэг мэдэх нь ээ, хөргөгчний хаалга онгойлгочихсон зогсож байлаа. Энэ тохиолдолд бол огт өөр зүйл бодогдоно шүү. Хэдхэн эгшний өмнөх өнөөх айдас түгшүүр ч хаа нэг тийшээ ор мөргүй хийсэн оджээ. “За байз, юу идэх үү… нэг тийм аятайхан гашуун зүйл…” гэж өөртөө хэлээд хүсч буй зүйлийнхээ эрэлд гарлаа. Хатаж эхэлсэн хэдэн еэвэн… хөгц сэнхийсэн бор тос… хоол амтлагч… хоёр гурван лууван… хагас литр сүү… хүссэн зүйл минь энд

даанч алга. Аргаа бараад цаасан хайрцагтай сүүг шүүрч аваад залгиллаа. Нэг их аргуу зүйл хоолой руугаа чихчихсэн мэт эвгүйрхээд.., энэ л лав миний хүссэн мэдрэмж огт биш ээ. Шуналтай гэгч нь залгилж байсан сүүгээ буцааж тавив. Бор тосноос их л сэжиглэнгүй байдлаар хэсэгхнийг чимхэж аваад, хэлээрээ тэмтэрч үзлээ. Таагүй мэдрэмж төрөөгүй учир амандаа хийгээд хэсэг хүлхэж байгаад залгичихав. Хүлхэж байхад юу ч мэдрэгдээгүй хэрнээ гашуун амт хоолой зураад явчих нь тэр. Нүд рүү минь ширтээд инээмсэглэж байхдаа огт гэмгүй юм шиг хэрнээ цааш эргэж алхаад л цээжинд минь хүчтэй өвдөлт мэдрүүлдэг чамтай төстэй ч юм уу. Идчихмээр зүйл олж чадаагүйдээ урам хугараад, хөргөгчнийхөө хаалгыг тас саван

хаагаад ганцаардлын хонгил мэт санагдах давчуухан өрөөн дэх цорын ганц тав тух болсон матрасан дээрээ гэдрэг харан хэвтэв. Нүдээ аниад, унтахыг хичээсэн ч ямар нэгэн зүйл идэхсэн гэсэн хүсэл минь амар заяа үзүүлсэнгүй. Залхуурч хойргошсоор арай гэж өндийгөөд, хөлөө зөөж ядсаар хайрт хөргөгчнийхөө хаалганд тулж ирэв. Онгойлголоо. Олз хайж, нүдээрээ өнцөг булан бүрийг нь нэгжлээ. Гол зогоочих зүйл даанч алга. Дахиад л хаалгыг нь тас хийтэл хаав. Төдхөнөө угз татан нээж, томоо гэгч нь дэлгэж орхиод, жижигхэн шилэн саван дахь бор давснаас хоёр гурван чимхийг авч, хэлэн дээрээ тавив. Тагнайдаа алгуурхан хүргэж, ер бусын таатайгаар тамшаалан долоолоо. Таалагдаж байна шүү. Хачирны жижиг тавган дээр хэсэгхэн давс

асгаж аваад, матрас руугаа эргэв. Эвээ олж тухалмагцаа долоовор хурууныхаа өндөгийг шүлсээрээ норгож, тавган дээр асгасан давсандаа дүрээд, өндгөө таатай гэгч нь долоож эхэллээ. Өдрөөс хойш аман дотор гашуу оргиулаад байсан мэдрэмж ч ор мөргүй арилж, хорсож тарчилгаад байсан цээж минь ч уужирч тэлээд ирэх шиг болов. Гэдрэг савж хэвтээд нүдээ анилаа. Сэтгэл одоо л тайвширч байна. “Давс дангаар нь идэх ийм таатай байдаг гэж бодож байсангүй шүү” гэсэн бодолтой зэрэгцээд “Давс нь үл ялиг ихэдсэн ч сайхан амттай байна аа” гэх түүний хоолой сэтгэлийн гүнээс цуурайтах нь тэр ээ. ♥♥♥ Тэр өдөр. Тэр өдөр би түүнд сүүлчийн удаа хоол хийж өгч байгаагаа мэдээгүй. Өмнөх шөнө нь тэр ажил дээрээ хоносон юм. “Эрт

бууна. Гэр лүүгээ харих замдаа танайхаар ороод гарна аа” гэсэн зурвас хүлээж авмагцаа өглөө эрт босох даалгавар өөртөө өгөөд, унтахаар хэвтсэн ч дэврүүн мөрөөдөлдөө автаад үүрээр л зүүрмэглэж амжсан. Түүнийг гэсэн сэтгэл минь намайг хоёроос илүү цаг унтуулаагүй. Би 8 цагт босоод, нүүрээ ч будалгүй, түүний дуртай хоолыг бэлтгэж эхэллээ. Төмсний салат хийх ногоогоо чанах зууртаа махаа машиндсан мэт жижигхэн хэрчээд, котлет бэлтгэв. Олон зүйл зэрэг бэлтгэж амжихгүйгээ мэдэж байсан ч төгс зүйл хийхсэн гэсэн хүсэлдээ хөтлөгдөн олон гартай хүн шиг энэ рүү ч нэг, тэр рүү ч нэг савалзсаар котлетныхаа махыг амсаж үзэлгүй хайруулын тавганд хийчхэж. Төмсний салатаа таваглаад, махаа шарж зогстол хаалга зөөлөн тогших чимээ гарав. Уурлаж бухимдаагүй үедээ ямар ч тохиолдолд

сайхан хоол хийдэг мэдрэмжиндээ найдахаас өөр арга үлдсэнгүй. Тээртэй санагдаад чихнийхээ араар хийчихсэн байсан үсээ урагш гаргаж, угаалтуурын толинд нүүрээ хальт харчихаад хаалгаа тайллаа. Тэр мөн байна. Миний өмнө нь огт харж байгаагүй хар ноосон малгайг дарж өмсөөд, хар ноолууран ороолтоор нүүрнийхээ тэн хагасыг далдлан ороожээ. Тэрхүү хосолсон хар өнгө давхраагүй боловч бүлтэгнэсэн алаг нүд, гэгээтэй шаргал царайг нь улам ч тодотгож, урьд урьдынхаас ч илүү хөөрхөн харагдуулж байна. Тэр дотогш орж нэг гараараа хаалга татах зууртаа нөгөө гараараа миний гараас зөөлөн атгав. Дадал болсон зангаараа толгойгоо над руу түрж ойртоод, нүдээ томруулан нүд рүү минь эгцэлж ширтэнгээ ороолтоо тайлав. Би ч мөн өөдөөс нь эгцлэн ширтээд үл мэдэг инээмсэглэлээ. Духаараа духыг

минь илбэн хэдэн эгшин инээмхийлээд уруулаараа уруулыг минь тэмтэрч шуналтай гэгч нь сорж үнсэв. Хүзүүгээр нь тэврээд уруулыг нь удаан гэгч нь шимэн үнсэх хүсэл авалзаж байсан ч үл мэдэг түлэнхийвтэр үнэр хамар цоргиод оргилсон их тачаалыг минь тасалдуулчих нь тэр. Би ч -Хоол минь түлэгдчихлээ гэж уулга алдаад гал тогооны хэсэг рүү очиж, шарж буй махаа эргүүлэв. Тэр минь намайг даган хүрч ирээд, -Ямар сайхан үнэртэж байна аа. Нээрээ би өлсөж байгаа юм байна шүү гэв. Нүднийхээ булангаар сэмхэн ажиглавал шарж буй котлет болоод таваглаж тавьсан салат руу хараад шүлсээ залгиж байгааг бодоход тэр худлаа хэлээгүй бололтой.

Үнэндээ тэр надад хэзээ ч худлаа хэлж байгаагүй л дээ. -За боллоо. Одоохон таваглаадахъя. Тийшээ очоод сууж бай гэвэл тэр эргэж алхаад гутлаа тайлж, угаалтуур руу очин, гар нүүрээ угаав. Хаалгаар орж ирмэгцээ гутлаа тайлж, гараа угаадаг зуршилтайг нь би мэднэ л дээ. Сүүлийн үед харин энэ бүхнээс түрүүлж, нүд рүү минь хэсэг зуур ширтээд, намайг үнсдэг зуршилтай болчихоод байгаа юм. Хооллож эхэлмэгцээ л би котлет болоод салатныхаа давсыг ихдүүлсэнээ мэдлээ. Сайхан хоол хийж өгөх гэж хэтэрхий их мэрийснээсээ болоод анх удаа бүтэлгүйтсэндээ урам хугарав. Алдаагаа юу гэж хацайлах учраа олж ядан, түүн рүү итгэл муутайхан харвал тэр давс нь ихэдсэнийг анзаарч ч байгаа шинжгүй үмхэлж байлаа. Гэвч би алдаагаа бусдаар хэлүүлэх дургүй хүн. Энэ тухай ам нээхээс нь өрсөж өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөхийг илүүд үздэг зангаараа -Давс нь ихэдчихжээ гэж

дуулдах төдий хэлэв. Тэр хариу хэлсэнгүй. Би хэсэг азнаад бас л тэссэнгүй -Давсыг нь ихдүүлчихсэн байна аа, золиг гэж хэмээн түрүүчийнхээсээ арай чанга хэллээ. Тэр над руу нэг их сүрхий хараад, амандаа байсан махыг нэлээд амталж тамшаалан зажилснаа -Аан, давс нь үл ялиг ихэдсэнээс биш амттай л байна шүү дээ. Би өлссөнөөсөө болоод ч юм уу, огт анзаарсангүй. Чамайг хэлэхээр л анзаарлаа гэх нь тэр. Өчүүхэн алдаанаасаа болоод бараан хар үүлс бүрхчихсэн байсан сэтгэлд минь түүний энэ үг нарыг дахин мандуулж билээ. ♥♥♥ Тэр дандаа л ингэж түгшиж буй түгшүүрийг минь үргээж, бүрхэж буй үүлсийг хөөж, сэтгэлд минь нар мандуулдаг сан. Хийж байгаа зүйлийг минь бүрэн ойлгохгүй байсан ч үргэлж дэмжиж, алдаа бүрийг минь эерүүлж, урагшлах урам зоригийг минь бадраасан үгсээр

шагнадаг нь ганцхан чи л байжээ. Бүх зүйл нуран унаж, миний талд зогсож байсан бүхэн урваж шарвахад ч чи миний дэргэд үлдэж байгаа болохоор би юунаас ч айгаагүй, юунд ч харамсаагүй. Чи тэр чигээрээ дэргэд минь үүрд үлдсэн бол би өнөөдрийнх шиг, өнгөрсөн хоёр сарынх шиг айж тэвдэхгүй, сөхөрч шантрахгүй байсаан. Чи миний талд зогсохоо больсон тэр өдрөөс л энэ их айдас түгшүүр эхэлсэн юм шүү дээ. Энэ айдас эгээ л гэрэлт орчлонг нөмрөх түнэр харанхуй мэт, цэвэр ариун, эрүүл чийрэг зүрх рүү халдан довтлох хорт хавдар мэт цаг мөч тутамд хүрээгээ тэлсээр, одоо намайг бүрэн эзэлчихээд байна. Чи л эргээд ирвэл энэ бүхнээс би хормын төдийд чөлөөлөгдчих юм

шиг санагддаг. Харамсалтай нь, чамайг эргэж ирнэ гэсэн найдварын минь дөл атаач нэгний хар санааны салхинд дальдасхийгээд унтарчихсан. Цээж минь дахиад л хөндүүрлэж, гол гогдсон өвдөлт сэтгэлийг минь тарчилгаж эхлэхэд энэ бүхний эсрэг юу ч хийж чадахгүйдээ шаралхсан би хий дэмий л эхэр татан уйлж эхлэв. “Уйллаа гээд нулимс ямар дуусах биш дээ. Нулимснаас өөр ханьгүй үлдсэн би нулимсаа барж дуусаад хэнтэйгээ ханьсаж тайтгарлыг олох гэсэн юм бол… уйлж болохгүй шүү, уйлж болохгүй. Дуусахгүй ч гэлээ нулимсаа гамнах ёстой. Дуусдаггүй зүйлийг ч үрэх бус үржүүлж байх учиртай. Уйлаад миний сэтгэл тайвширах ч үрийн минь сэтгэл хямарчихна. Уйлж болохгүй… уйлж болохгүй” гэж өөртөө хэлээд алгаараа хоёр хацраа ганц ганц шудраад нулимсаа дотогш залгилаа. “Өлсөж байх чинь ээ… чи ч аавтайгаа адилхан ховдог нөхөр юм аа”

гэж хэвлий дэх үрдээ ч юм уу, өөртөө ч юм уу хэлээд дахиад л хөргөгч рүү очихоор өндийв. Гэвч босч ч чадсангүй, маш хүчтэй өвдөлт мэдрээд, бохироод суучихлаа. Хоёр гараараа толгойгоо түшээд, матрасан дээрээ алгуурхан хэвтлээ. Гавал минь заадлаараа салах гэж буй мэт шархирч өвдөөд, ухаан минь орж гаран, дүйнгэтэж эхлэв. Хэдийгээр тэсэхийн аргагүй өвдөж байсан ч түүнийг мэдрэхгүйг хичээн, хүнийх болчихсон мэт энэ тэрүүгээр тэнэж үсчээд байгаа ухаан санаагаа тогтоон барихыг эрмэлзлээ. Гэнэт ирсэн хүчтэй өвдөлт, самууралтай ийнхүү тэмцэлдэх зуурт агшны төдийд ухаан орохдоо “Нөгөөх чинь дахиад л бөөлөөд эхэллээ. Надад байсан бүхнийг үргээж

холдуулчихаад, одоо бас надаас юу хүсээд байгаа юм бол оо. Яасан өширч дуусдаггүй сэтгэл вэ. Ингэж их өширөх ямар муу зүйл би чамд хийсэн юм бэ. Би зүгээр л хайрласан. Түүнийг хайрласан минь тийм буруу зүйл байсан юм гэж үү” хэмээн хажууд байтугай, ойр ч байхгүй тэр нэгэн хүнийг аргадах, алгадах хоёрын дундуур үгс чулуудаж дэмийрнэ. Харамсалтай нь, ухаанаа удирдаж, бодлоо цэгцлэх боломжийг тэр надад тийм ч удаан өгөхгүй. Хоёр, гуравхан өгүүлбэр

бодож амжив уу, үгүй юу л өмнөхөөсөө ч хүчтэй өвдөж, толгой дүйнгэтээд, сүнс минь хүртэл биеэс дайжаад, хаашаа ч юм бэ зугтчих мэт хахирган мэдрэмж сэтгэлийг минь эзэрхийлнэ. “Би… би хэнд ч муу зүйл хийгээгүй… би… би…”. Энэ удаа ч мөн үгээ гүйцээж амжаагүй байтал сүнс минь биеэс гараад, хананаас хана дамжин гүйж, гарч зугтах нүх сүв хайгаад эхлэх шиг болов. Хаалга, хана, цонх… тааз руу үсчиж, тэгэх бүртээ тэдгээрийг хүчтэй мөргөхөд тэрхүү өвдөлтийг нь

би биеэрээ мэдрээд ч байх шиг. Сүнс минь хүртэл урвагч хулчгар байх ч гэж дээ. Муу урвагч хаалга гурав дараалан хүчтэй мөргөж буй нь сүүмэлзэн үзэгдэх мөчид ухаан минь балартлаа. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *