Home Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж төгсгөлийн “21-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж төгсгөлийн “21-р хэсэг”

0 second read
0
1
2,060

Чимэгээгийн визийг сунгаж өгөхгүй гэж мэдэгдсэнээс хойш сар харвасан сум мэт өнгөрч, нулимс эгшиж амжаагүй байтал буцах өдөр тулчихсан нь аймшигтай. Түүнд ганцхан долоо хоног үлдсэн. Энэ бол

ердөө хоёрхон удаа уулзаж амжаад, бээлийн чинээхэн хоёр үрээ харь улсын асрамжийн газарт үүрд үлдээгээд буцна гэсэн үг. Цаг цохилох тусам түүний зүрх лүү хагацлын гаслан чаг чаг хийн шивээд байх

шиг оргино. Шүүх танхимд гар утас оруулдаггүй, бичлэг хийхийг хориглодог ч тэрс үзэлтэй нэгэн бүсгүй эх үрсийг хүний ёсноос гажуудаар салгаж буйг бичиж амжаад, сошл сүлжээнд тараасан нь

улс даяар шуугиулсаар л байгаа. Бараг л амтай бүхэн шүүхийн шийдвэрийг үзэн ядаж, эсэргүүцлийн цуглаанд нэгдэж, хэвлэл мэдээлэл бүгд шүүхийг буруутган шуугиснаас үүдээд Оливия, Фридли,

Жеффри, Берта гээд хоёр хүүхдийн төлөө шаналсан хүмүүст өчүүхэн ч гэсэн горьдлого төрөх болсон. Гэвч ерөнхий шүүгч, – Шүүх шийдвэрээ эргэж харахгүй! гэсэн мэдэгдэл хийж, видеог тараасан бүсгүйг

баривчилсан нь олон нийтийн бухимдлыг тэсэлсэн юм. Шүүхийн өмнө байсан машинуудыг эвдэн сүйтгэж, ойр хавийн гудамжны бүх цонхыг хагалж үймээн дэгдлээ. Цагдаагийнхан жагсагчдыг нухчин дарж, өчнөөн хүнийг хорьсон дуулдах нь харуусмаар. Монголдоо ирсэн Болорзул байнга чих тавьж, Берта болон бусад хүмүүстэй холбогдож суугаа. Худал ятгалга хийж, хүүхэд өргүүлэхэд хууль бусаар зуучлал явуулсан, хууль бус зуучлалаар их хэмжээний ашиг олсон, долоон хүүхдийг сураггүй алга болсонд буруутай гэсэн үндэслэлээр төрийн бус байгууллагын тэргүүн ял шийтгүүлж торны цаана орсон

нь Монголд ч бас бужигнаж, тэмцэлд босохдоо тулж байсан ард түмнийг өчүүхэн тайвшруулав. Болорзултай дотно найз болсон ахлах мөрдөгч бүсгүй утсаар, – Ямар ч гэсэн чи яллаа! Цаашдаа улам хүчтэй тэмцээрэй! гэсэн. Өөрөөс нь болж төрсөн үрсээсээ хагацсан хөөрхий бүсгүйд Фридли туслахсан гэж хичээж, хөл илааршаагүй хэрнээ эцэж цуцахыг үл мэдэн гүйсэн ч хад мөргөв. Чимэгээг компанидаа ажилтнаар авч, визийг нь сунгуулж, цалинтай орлоготой хүн болгоод, дараа нь хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг буцаах тухай асуудлыг шүүхэд тавина гэж тэр зорьж хөөцөлдсөн. Гэтэл цагаачлалын алба, –

Ноён Фридли Эриксон та бол хүүхдүүдийг нэг удаа хулгайлах үйлдэл хийсэн. Шүүх таныг цагаатгасан хэдий ч хүүхдүүдэд ойртохыг хориглосон. Тиймээс бид хүүхдүүдийн эхийг ажилд авах гэж буйг хуульд нийцэхгүй үйлдэл хэмээн үзнэ гэсэн хариу өгсөн нь арай л дэндүү. Ондоо хотын цагаачлалын түшмэдүүд өөрөөр хандах байх гээд Оливия ч бас яг ийм шугамаар хөөцөлдтөл бас л “үгүй” гэсэн хариу сонссон. Гэтэл сайн мэдээ огт хүлээгээгүй зүгээс ирсэн нь аштай. Ноён Бёрнс эх үрсийг салгасан тухай нэвтрүүлийг давтан үзэж суугааг хараад, менежер бүсгүйнх нь нүд оройдоо гарлаа. Өмнө монгол хүүхдүүдийн тухай яриа болоход, ихэд дургүй өнгө аястайгаар, – Энэ

хүүхдүүдийг надтай холбоотой бизнесийн өгөөш болгож, миний менежерийг шүүхэд гэрчээр дуудахад хүргэж, манай корпорацийн нэр хүндийг унагаж, хувьцааны ханш буурсан нь хангалттай биш үү? Энэ гэмт хэргийн тухай ахиж сонсохыг хүсэхгүй! гэж хэлсэн. Гэтэл одоо нэвтрүүлгийг хэд дахин үзээд суугаад байдаг. Менежер бүр таг ангайчихлаа. Ноён Бёрнс нилээд удаан гайхшруулж байж, ам нээв. – Хоёр хүүхдийн дээлийн зах ханцуйны угалз хатгамлыг монгол эх өөрөө урласан гэж мэдүүлсэн байна. Энэ үнэн үү? гэж асуухад, менежер сая л босс нь нэвтрүүлгийг ингэтлээ сонирхоод буйгийн учрыг ойлгоод, – Үнэн! Хамгаалах байранд байхдаа охин хүү хоёртоо

өөрийн гараар монгол үндэсний дээл оёж, уран угалзыг нь гараар хатгасан. Хатгаж суухад нь охин гар утсаар видео бичлэг хийсэн байсныг шүүх хуралд орлого олох чадвартай гэдгийн нотлох баримт болгон үзүүлсэн хэмээн хэллээ. Ноён Бёрнс бичлэгийг зогсоож, дээлийн хээг томруулж татан харж сууснаа, – Би энэ дээлийг өөрийн нүдээр үзмээр байна! гэх нь тэр. Санаанд оромгүй явдал болов. Оливия Жонс ч, Фридли Эриксон ч маш олон удаа монгол хүүхдүүдийн асуудлаар уулзах хүсэлт тавьсан ч завгүй гээд тоогоогүй том

хөрөнгөтөн Бёрнс хүүхдүүдийн ээж Чимэгээг гэрээт ажилд авч, визний хугацааг нь бүтэн хоёр жилээр сунгуулсан нь хүмүүсийн нүдийг бүлтийтэл алмайруулж, хэвлэл мэдээлэл шуугиж эхлэв. Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдынхтай тэнцэх хэмжээний цалинг жилд олгож буй дээрээ чанартай бүтээгдэхүүн тутамд шагнал бодно хэмээн гэрээнд заасан тухай сонины мэдээ олныг дуу алдууллаа. Монголын түүхийг сонирхдог, Монголтой холбоотой эд зүйлс цуглуулдаг том баян Монголд захиалж хийлгэсэн арван хоёр ханатай, эртний загвартай “Гэрлүг” хэмээх тэрэгт гэртээ хаан хатны иж бүрэн гутал

хувцас, хөөрөгний даалин, аяганы уут, ор дэрний хэрэглэл гэх мэт зүйлсийг зүү ороолт хатгамлаар урлуулах санаа агуулж, Монголд очих тоолондоо бишгүй урчуудын бүтээлийг үзэж байсан. Гэвч, – Уран хүн олон ч, сэтгэлтэй хүн нэг ч алга гэж үглэсээр өдийг хүргэсэн. Эцэст нь Чимэгээгийн хатгамал түүний санаанд хүрч, гэрээ байгуулсан нь энэ. – Би хэн нэгэнд тусалсан нэр зүүж, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэхийг үзэн яддаг. Энэ гэрээ бол тусламж биш, монгол бүсгүйн чадварыг нь үнэлж ажилд авч байгаа хэрэг! хэмээн бөөн дуулиан болгон, ээрч гүйлдэж буй сэтгүүлчдэд ноён Бёрнс ихэд эгдүүцсэн өнгөөр мэдэгдэл хийсэн байлаа. Жилийн дараа ахин шүүх хурал болоход,

ерөнхийлөгчөөс ч илүү цалинтай, түүндээ дүйцсэн өндөр татвар төлдөг, сайн хороололд гурван унтлагын өрөөтэй хаус хөлсөлж амьдардаг монгол бүсгүйг үр хүүхдээ тэжээх чадвартай болсон гэж үзэж, үр хүүхдээ асран хамгаалах эрхийг нь буцаан олголоо. Ээжийн гэрт ирээд эрх дураараа орилж хашгирч, гурав хоногийн турш ханатлаа гүйсэн Бондоолой, – Гурвуулаа хэзээ Чингэлтэйд байдаг жинхэнэ гэртээ очих юм бэ? гэж асууж ээжийнхээ самсааг шархируулаад авсан гэж байгаа. Оливия, Жеффри, Фридли, Берта гээд Энжи, Бонни хоёрыг чин сэтгэлээсээ хайрлаж энэрч байсан хүмүүс бүгдээрээ ирж, эх үрс эргэн нийлж, халуун бүлээ бүтэн болгосны баярыг тэмдэглэв. Ангир, Бондоолой хоёр “Шинэ ээж” хэмээн Оливияг

хэд дахин дуудаж, нулимсыг нь ахин дахин дуслууллаа. – Надад бурхан хоёр сахиусан тэнгэрийг хайрласан. Гэтэл би гэж мунгинуу хоёр хүүхдээ баллачих шахсан гээд л сайхан сэтгэлт метис эмэгтэй уйлна. Ангир, – Юун баллах? Энэ оронд ирээд хамгийн жаргалтай байсан гэр бол “Шинэ ээж”-ийнх гэж хэлэхэд, Оливия Энжиг тэврэн нулимсаа дуслуулсаар суулаа. Энэ орой Фридли цаанаа л нэг гундуу байх нь бүхний хараанд тусч байсан юм. Жеффри, – Андын минь хөл буцаад өвдөөд эхэлсэн юм биш байгаа? хэмээн айлаа. Харьд ирснээр хангалттай муу санаа суучихсан Ангир харин өөрийг нь дурдаагүйд гомдлоо гэж санаад, – Фридли аав минь ч бас биднийг хайрладаг. Энэ

хүн байсан тулдаа л бид тэр гэрт нөмөр нөөлөг олдог байсан гэж хэлж үзэв. Өргөмөл аав ийм үгэнд ч сэргэсэнгүй. Оройжингоо гуниглаж суусан юм. Эргэлтээр Энжи, Бонни хоёр ирчихсэн зогсоог Эвелин хараад нүдэндээ итгэсэнгүй. Дороо зогтуссанаа өөрийн эрхгүй хулмалзан нүд буруулж, асгартал уйлж эхэллээ. Ангир асар их хүч гарган, – Бид хоёр таныг уучилсан гэдгээ хэлэх гэж ирлээ. Та ийм хэцүү газар байгаа юм чинь сэтгэлээ бариарай. Битгий гутарч гуниарай! гэж хэллээ. Эвелин уучлаарай гэж бараг л мянга дахин хэлж, нүдээ бөлцийтөл уйлж суусаар эргэлтийн цагийн барав. – Би та хоёрт тийм

муухай зүйл хийсэн байтал, ийм уужим сэтгэл гаргасанд чинь баярлалаа. Хэдий хоёр сахиусан тэнгэрээсээ холын холд, торны цаана шаналж суугаа ч, Энжи, Бонни хоёрыгоо одоо хайрын дээдээр хайрлана. Үргэлж хоёрынхоо төлөө залбирдаг болно. Хийсэн бүхнийг минь уучлаарай! хэмээн Эвелин зогсоо чөлөөгүй гиншин үглэж, эхэр татуулан уйлсаар хоцров. Түүний дуу хоолой Ангирт зэвүүн муухай, унжруу нялуун сонсогдохоо хэдийнэ больчихсон нь гайхмаар. Хөөрхий зүдэрсэн эх хүний арга ядсан хоолой сонсогдож, охин өрөвдөхийн дээдээр өрөвдлөө. Бонни гарахдаа, – Хүчирхэг байгаарай! гэж киноны үг хэлээд, үнсчихсэн нь Эвелиний зүрх сэтгэлийг угт нь тултал уяраачихлаа. Өргөмөл ээж нь ухаан тамаагүй уйлж, нулимсаа

дуслуулсаар үлдсэн нь зүрх зүсэм өрөвдөлтэй. Бондоолой, – Шоронгийн шөнө ээжгүй шөнөөс ч аймаар байх даа? Бүр ч олон мангас ирж айлгадаг байж таараа! гэж дотроо бодсоор, өргөмөл ээжээ чин сэтгэлээсээ өрөвдөж, ахин дахин эргэн харсаар гарсан нь гэнэн цагаахан. Хүүхдүүд ээждээ эргэн ирсний баяр тэмдэглэсэн оройн турш Фридли гундуу сууснаа, эцсийн эцэст зориг гаргаад, – Энжи, чамаас нэг зүйлийг гуйя. Эвелин хичнээн муу хүн хэдий ч, чиний өргөмөл ээж, миний хань. Тэр минь шоронд шаналж зовж байгаа. Би хэдий үүнийг гуйх эрхгүй ч, та хоёр түүн лүү очоод, худлаа ч болтугай “Уучиллаа” гээд хэлчихээч? Тэгэх үү? гэсэн нь өрөвдмөөр. Гэвч “Эвелин” гэх

нэрийг сонсмогц Ангирын сэрвээний үс босоод ирсэн гэхэд болно. Тэр бузар нэрийг сонсмогц давхийн царайгаа хувьсхийлгээд, – Шулам авгай! гэж өөрийн мэдэлгүй дотроо дуу алдчихсан билээ. Нэг жил болоход монгол хүний аливаад гаажтай зангаараа харь хэлээр сайн ярьдаг болчихсон ээж нь харин аньсага дүүрэн нулимстай, – Миний охин хүнийг үзэн ядаж биш, уучилж ялдаг юм. Хичнээн үзэн ядаж байвч, тэр чинь ээжтэй нь адил эх хүн шүү дээ. Хэцүү газар шаналж энэлж суугаа! гэж хэлсэн юм. Ангир хэзээ ч тэр муу луу очихгүй гэж тэр шөнөжин бугшиж, нойроо хулжаан хөрвөөж хэвтсэн ч, хоёр өдрийн дараа ээжийнхээ ятгалгад автсан нь энэ. Охин тэндээс

нулимстай нүдтэй гарч ирсэн. Жилийн дараа Ангир, Бондоолой хоёр эцэг өвгөдийн нутаг Баян Богд уулынхаа эмэгтэйчүүдийн овоонд гарчихсан зогсож байлаа. Тэдэнтэй хамт ирсэн Оливия алхам тутамдаа дуу алдаж яваа. Алдарт Шарга, Хүйсийн говийн цэнхэртэн мяралзах зэрэглээг хараад, – Пээ, Монголыг далайгүй гэдэг худлаа байж шүү дээ! гэж гайхаж хүмүүсийг мушийлгасан. Улаан тээгийн араас хар сүүлтийн сүрэг дэрхийн босч, газар хөдлөх шиг үелзэн хурдлахыг хараад, нүд нь оройдоо гарсан. Одоо харин Баян Богдын урд хөтлөөс арван хошууны нутаг цэлийн цэнхэртэхийг харж, харийн хүн байтлаа уугуул монгол хүн мэт уясан догдлоод, – Ийм сайхан нутгийг

санахаас өөр яах вэ! хэмээн дуу алдсанаа, – Тавхан настай хүүхэд юугаа мэдэж нутгаа санадаг байна аа! гэж тэнэглэн бодож явсан намайг, энэ нутгийн бурхад ниргээсэй гэсэн юм. – Тэртээх улаан уулсын бэлд Гүн худаг гэж бий. Тэнд буурал аав чинь төрсөн. Тэр цаана хөхрөн зэрэглээтэх их говь бол Хүйсийн говь. Ээжийнх нь унасан газар угаасан ус! Цаана харагдаж байгаа мөнх цаст тэнгэрлиг хайрхан бол Сутай Богд. Хойдтойд сүндэрлэх эхийн сүү шиг цагаан уул бол

Цагаанхайрхан, авга ламтны маань шүтээн! хэмээн ээжийгээ ярьсаар зогсоход, таван настайдаа харьд үрчлэгдэж, хоёрхон жил тэнд байхдаа хорин жил мэт гансарч шаналсан бяцхан хүүгийн аньсаганд өөрийн эрхгүй нулимс дүүрлээ. ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…