
Берта нуурын эрэгт ирээд, зах нь үл үзэгдэх их усны толин мандлыг жаргах нарны туяа үлгэрийн мэт улбар шаргал, шар, улбар, улаан, тод шаргал, нүд гялбам цагаан гээд түмэн өнгөөр будан, ер бусын гоо
үзэсгэлэнг цогцлоон буйг ширтлээ. Уурласан юм шиг мушгиралдсан үүлс, амгалан тайван сүндэрлэх уулс ч бас үлгэр домгийн улбар өнгөөр туяарна. Мөрдөгч бүсгүй нар жаргах мөчид энд ирж сэтгэлээ
сэргээж, хар муу бүхнийг умартан суух дуртай. Жаргах нарны урлал бүтээл, өнгө будгийн нийлэмж, хосгүй гоо үзэсгэлэнг ойрдоо харж амжихгүй явсаар өнөөдөр зориуд цаг гаргасан нь энэ. Хорвоо
ертөнцийн нэгэн гайхамшигт агшинд сэтгэл уясан сууснаа гэнэт, -Анунгоо, Тэмүүлэн, Хүлэгү гэх хөөрхөн монгол хүүхдүүд жаргах нарны үлэмжийн гоо сайхныг түүн шиг ийм таашаалтайгаар хэзээ ч
харахгүй болсон байх вий гэж бодохоос хиртхийлээ. Долоогоос арван хоёр насны гурван хүүхдийн нэрийн утгыг Болорзулаар тайлбарлуулсан. Гоо нэрэндээ яв цав тохирсон хөөрхөн охин, ямар нэг

зүйлийг олж мэдэхийн төлөө тэмүүлсэн гэлтэй сэргэлэн харцтай хүү, арван гуравдугаар зууны монгол баатар мэт эрэлхэг төрхтэй хөвгүүн, бүгд Бертагийн нүдний өмнө хөвөрлөө. Гурван зургийг ширтэж суусаар өхөөрдөм царайнуудыг нь цээжилчихсэн. Монголын тэр нэгэн төрийн бус байгууллагын зуучлалаар, эгч дүү хоёртой ойролцоо хугацаанд өргөгдөж ирсэн алаг үрс гурвуул гурвуулаа ор сураггүй болчихсон нь аймшигтай. Ангир, Бондоолой хоёр буух эзэнтэй, булташгүй хаягтай тулдаа л олдсон. Хартай эхнэрт хорлогдох, хүний наймаачдын бузар саварт өртөхийн даваан дээр ам мөлтөс аврагдсан нь азтай. Харин наад гурван хүүхийг хуурамч нэрээр өргөж авсан тул
олно гэдэг хэдийнэ худлаа болсон. Ужиг өвчинд нэрвэгдсэн гэр бүлийн хоёр арга ядахдаа Анунгоо охиноо харьд явуулахаар санаа шулуудсан. Орлого багатай мөчиг тачиг амьдарч байгаадаа гутарсан өрх толгойлсон эх нь Тэмүүлэн хүүгээ элбэг хангалуун яваасай гэсэндээ л өргүүлсэн. Ослоор бурхан болсон охиноосоо үлдсэн ганц хүүг өнчирнө гэдгээс айсан наян долоотой буурай нь Хүлэгү зээгээ өндөр хөгжсөн орны баян гэр бүлийн энэрэлт гарт өглөө л гэж бодсон. Эцэг эх, эмээ бүгдээрээ алаг үрсээ торгонд хөлбөрч жаргалд умбасан хүмүүс болгох гэж мөрөөдсөн нь талаар болсон нь харуусаад баршгүй. Шүүх хурал болох хүртэл Болорзул, өмгөөлөгч Ларс Питерсонтой хичнээн ч
уулзсан юм бүү мэд. Тоогоо алдав. Бизнесээ өргөжүүлэх гэсэн шуналтны саварт хүүхдүүд хэрхэн яаж орж ирснийг, одоо ээж, хүүхдүүд ямаршуу өр өвтгөмөөр шаналанд зүдэрч буйг хэдэн ч янзаар тайлбарлаж ярьсан юм бүү мэд. Тоймоо алдав. Берта Мэйсон ч мөрдөгч хүний дуусдаггүй их ажлаа умартан Ангир, Бондоолой гэх хоёр хөөрхөн үрийг төрсөн эхэд нь буцаах шийдвэр гаргуулахад хэрэг болох баримт мэдээллийг цуглууллаа. Тэдэнтэй адил өргөгдөж ирсэн бусад хүүхэд ор сураггүй болсон нь эгч дүүсийг эх оронд нь буцаах асар хүчтэй хүчин зүйл болно гэж Болорзул, Берта хоёр горьдоно. Алаг үрсээ элийртлээ саначихаад ирсэн хөөрхий бүсгүйд энэ айдсын тухай үг цухуйлгаагүй тул, Чимэгээ охин хүү хоёроо энгэрээсээ салгахгүй
шахам нэг сарыг өнгөрүүлж, элэг нь хэдийнэ дэвтээд, хэмжээ хязгааргүй их аз жаргалд умбан суув. Хэл мэдэхгүй, ойр тойрны яриа хөөрөөг ойлгохгүй тул, өөрийнх нь хоол байрны зардал гээд өчнөөн өр төлбөр гарч байгааг ч мэдэхгүй. Жеффри Болорзулыг гэртээ байрлуулж, зочид буудал, хоол хүнсний дааж давшгүй өндөр зардлаас аварч тусалж байгаа бол, Оливия, Фридли хоёр Чимэгээгийн өмнөөс бүх төлбөрийг хийж барагдуулсан тул хамгаалах байранд ингэтлээ удаан санаа амар амьдарч буй хэрэг. Ахиад алдчих вий гэх айдас Бондоолойгийн бүжин зүрхийг чинээнд нь тултал түгшээчихсэн учир бүлтгэр хүү ээжээсээ огт салахгүй. Угаалгын өрөөнд орсон ч дагаастай нь өрөвдмөөр. -Ээж ээ, та эгч бид хоёрыг орхиод явчихгүй биз? хэмээн
санаа зовинон асууна. -Ээж нь одоо хоёр үрээ хэзээ ч орхихгүй гээд Чимэгээ нулимсаа арчина. Тавхантай дүүд бүү хэл долоо хүрсэн “том” эгчид ч ийм айдас төрж, дотроо ээж минь яваад өгөх вий дээ хэмээн шанална. Эгч дүүс ээжээс салахын зовлонгоос зүрхээ үхтэл хаширсан нь энэ. Дэлхий дахинд нэр хүндтэй сувгуудаар Монгол улсын нэгэн төрийн бус байгууллага гадаадын иргэдэд хүүхдүүдийг зуучлан үрчлүүлэх нэрээр хэрэг дээрээ наймаалж, гэмт хэрэгтнүүдтэй санаатай санамсаргүй нь бүү мэд байдлаар хамтран ажиллаж, их хэмжээний ашиг олсон тухай мэдээ сурвалжлага цацагдсаныг Монголын бүх хэвлэл мэдээлэл дамжуулан шуугисан нь томчуудыг донсолгов. Төрийн бус байгууллагын тэргүүн, УИХ-ын гишүүний эхнэр
баривчлагдаж, шалгагдаж эхэллээ. Хоёр жил цуцталаа гүйгээд бүтэхгүй байсан үйл хэрэг нь ийнхүү агшин зуурт түймэр мэт овсхийж, бүр дэлхийг донсолгосон том дуулиан болж буйд урамтай ч, гурван хүүхэд сураггүй болсонд гунина. Өөр хэд хэдэн улсын иргэдэд энэ төрийн бус байгууллага зуучилж, Монгол улсаас ядуу гэр бүлийн хүүхдүүдийг үрчлүүлсэн гэсэн мэдээ цацагдаж, тэр улсуудад давхар мөрдөн байцаалт эхэлсэн байлаа. Олон улс дамнасан дуулиантай гэмт хэрэгт холбогдсон учир төрийн бус байгууллагын удирдлагад ял шийтгэл онооно гэсэн итгэл Болорзулд бага ч атугай төрдөг болох нь энэ. Сарын дараа бизнесийн зорилгоор хүүхэд үрчлэн авсан, өргөмөл хүүхдүүдээ хордуулахыг завдсан, хүүхэд хулгайлсан, бие эрхтэнийг нь
наймаалахыг завдсан үйлдэлтэй, хохирогч адилтай хэд хэдэн гэмт хэргийн шүүх хурал болов. Эвелин Эриксонд өргөмөл хүүхдээ зодсон, тусгай тоноглол хэрэгсэл ашиглан хүч хэрэглэн гэртээ хүүхдүүдийг хорьж байсан, амийг нь хорлохоор завдсан гэмт хэрэг өдүүлсний учир таван жил хорих ял онооход, ааштай эхнэр эхэр татуулан уйлж, арга ядсан хоолойгоор өршөөхийг гуйсаар л байхад зарим хүн өрөвдөж, зарим нэг нь зэвүүцэж харагдлаа. Дүлий Гекийн бүлгийнхэн болоод Кермак, Эйна нар тохирсон шийтгэлээ хүлээж, ял сонсоцгоолоо. Эйнад эцсийн үгээ хэлэх боломж олдоход, – Шунал, өр хоёроос л боллоо. Оливия намайг уучлаарай, Энжи, Бонни хоёр минь тэнэг намайг
уучлаарай гээд, усан нүдэлсээр л байсан юм. Оливия нулимсаа арчсаар шүүхийн танхимын босгоор давж, түүний “хам хэрэгтнүүд” болох Жеффри мэс засалд ороод удаагүй байгаа Фридли найзыгаа тэргэнцэр дээр түрсээр араас нь орж ирэхэд, Ангир эхэр татуулан уйлж эхэллээ. Гэвч охины бодсон аймшигт зүйл болсонгүй. Хүүхдүүдийн амийг хамгаалах зорилгоор үйлдсэн хэмээн үзэж цагаатгасан нь баярлаад баршгүй. Анжер Эриксон, Боржил Эриксон нарын үрчлэлийн асуудлыг шүүх хэлэлцэж эхлэхэд Берта дотроо залбирч суув. Өмгөөлөгч ноён Питерсон охин хүү хоёрыг төрсөн эхэд нь буцаах нь зөв гэсэн ноцтой үндэслэлүүд гаргаж ирээд ч нэмэр болсонгүй. Энэ чөтгөрт хараагдсан орны хад чулуу мэт ёдор хэдэр
хууль нь бүх зүйлийг зоосны нүхээр харж шийдэх заалтуудтай болж таарсан нь өшөө хүрмээр. Эх нь хүүхдээ тэжээх орлогын эх үүсвэрээ баталж чадаагүй гэх шалтгаан эх үрсийг амьдын хагацалд хатаах шалтгаан болчихсон нь арай л дэндүү сохор. Төрсөн эх нь ядуу гээд хүүхдийг нь шууд булаачихдаг харгис хуулийн заалтыг сонсохуйд хорин нэгдүгээр зуунд биш боолын нийгмийн бурангуй цагт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Болорзул гэрчээр дуудагдаж, -Монгол улсын иргэн Чимэгээ нь зүү ороох хатгамал хэмээх өөрийн улсдаа их өндөр үнэлэгддэг гар урлал эрхэлдэг. Тэр нь боломжийн орлоготой бизнес болдог. Хүүхдүүдээ өргүүлэх болсон шалтгаан нь эмнэлгийн буруу онош байсан. Тэрхүү хуурамч оношилгооны далд эзэн нь төрийн бус
байгууллагын удирдлага ч байж болно хэмээн мэдүүлсэн. Гэвч шүүгч, – Иргэн Чимэгээгийн орлоготой гэдгийг гэрчлэх банкны хуулга, татвар төлсөн хуудас гэх мэт ямар нэгэн нотлох баримт байхгүй, нийгмийн даатгал төлөгдөөгүй, мөн эмнэлгийн оношийг төрийн бус байгууллага захиалж гаргуулсан нь батлагдаагүй зэрэг нь гэрчийн мэдүүлгийг шүүх хурал баталгаа гэж хүлээн авах үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна гэсэн юм. Шүүгчийн бөөн хүрэн толбо болсон үрчлээтэй цагаан гар дахь модон алх өмнөх цохилуур дээрээ тасхийтэл бууж, Монгол улсаас гаралтай боловч одоо тус улсын харьяат болсон насанд хүрээгүй Анжер Эриксон, Боржил Эриксон нарыг улсын асрамжийн газарт шилжүүлсэн шийдвэрээ уншиж танилцуулсан нь олон хүнийг
давхийлгэв. Шүүхийн танхимаас хоёр алаг үрийг нь уйлуулж, чарлуулан байж улсын асрамжийн газар луу авч явахад хөөрхий ээж нь бачимдаж бахардан эхэр татуулж байснаа ухаан алдан уналаа. Соёлтой, өндөр хөгжилтэй гээд буй нийгэмд яагаад ч байж боломгүй харгис бурангуй энэ үйлдлийг хүмүүс эгцэлж харж эс чадан нүд хальтарч, самсаа шархируулан нулимсаа арчиж харагдана. Ангир цахдан чарж уухирдан орилсоор, Бондоолой хий тийчлэн байдаг чадлаараа чарласаар хүчинд автан одох нь энэ. Оливия, Жеффри, Фридли, Берта, Болорзул бүгдээрээ энэ аймшгийг харж чадахгүй, сэтгэл санааны хүнд цохилтод орчихсон зогсов. Танхим луу орж ирсэн
их эмч бодис үнэртүүлэн Чимэгээг сэргээхэд, хөөрхий ядруу дорой бүсгүй уйлж, эх хэлээрээ бүлтгэр үрсээ дуудсаар л байсан нь зүрх шимширмээр. Эхээс төрснөөсөө хойш ядахдаа хумхын тоосны чинээ ч нүгэл үйлдэж үзээгүй хоёр бяцхан үр асрамжийн газар хэмээгч аймшгийн оромжны хүйт даасан өрөөнд хүргэгдчихсэн нэгэн буланд хярж шигдээд, учир зүггүй чарлаж байтал бүрэнхий нөмөрч эхэллээ. Хөөрхий охин өөрөө үнхэлцгээ хагартал айж байгаа ч, эрэгтэй

хүүхдүүдийн өрөөнд орь ганцаараа гүн харанхуй шөнийг угтах гэж буй бяцхан дүүдээ санаа зовинон шаналлаа. Түг түмэн чөтгөр шулам амилан босч ирүүлэгч аймшгийн харанхуй нөмөрч, Бондоолойгийн уйлах дуу хадсаар л… (үргэлжлэл бий)