Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “19-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “19-р хэсэг”

0 секунд уншина
0
0
601

Ангир, Бондоолой хоёрыг Даниэла багш нь уулзалтын танхим луу дагуулан ирээд, – Сюрпрайз! хэмээн гэнэдүүлж хэлснээ нэг хүнийг харууллаа. – Ээ бурхан минь, хэн байсан гэж санана! Халтар, хазгар

гэж голоод холын холд орхиод ирсэн ээж нь нулимсаа бөмбөрүүлчихсэн зогсож байна! Ангир өөрийн эрхгүй асгаруулчихлаа. Ээж лүүгээ гүйх гэтэл хөл тушаатай мэт хөдөлж чадсангүй. Хөөрхий

ядруу муу ижий нь хүүхдүүдээ харна гэж догдлоод сандлаасаа босчихсон хүлээж байсан ч, бас л хоёр хүүхэд лүүгээ нэг алхам ч хийж чадахгүй, асгартал уйлсаар л. Бондоолой, – Ээж ээ! гэж часхийтэл нэг

орилсноо енгэнэсэн чигтээ амаа ангайн таг хөшчихлөө. Ээж охин хоёр эцсийн эцэст өмнө өмнөөсөө ухасхийж, Ангир ээжийнхээ хүзүүнээс асан зүүгдсэн нь өөрийн ухаангүй. Тэр хоёр тэврэлдэж, үнсүүлж

үнгүүлээд, Бондоолойгоо хоромхон зуурт умартчихаж. Зүрхээ зүсэгдтэл, элгээ эгштэл ээжийгээ санасан тавхан настай нялх үр, ээж лүүгээ харж чадахгүй нүүрээ буруулаад, мэгшүүлээд л зогсох нь

дэндүү өрөвдөлтэй. – Миний хөө, гээд Чимэгээ Бондоолойгоо тэвэртэл эхэр татуулаад л, нүүр буруулж зугтаад л байна. – Миний хүү, ээжийгээ уучлаарай. Торгонд хөлбөрлөө гээд хүн жаргадаггүй гэдгийг мулгуу ээж нь даанч мэдсэнгүй. Ижий нь одоо хэзээ ч хүүгээ орхихгүй! гэж үглэн, хуруухан чинээ хүүгээ учир зүггүй үнсэж үлгэлээ. Тавхан настай үр нь нүүрээ тас буруулчихаад эхэр татуулан, нулимс асгаруулаад л байна. Монгол ээжийг уулзалтад авчирсан Берта ч, монгол бүсгүй Болорзул ч, хүмүүжүүлэгч Даниэла ч, бүгд тэссэнгүй, нулимс нь сад тавьсан нь мэдээж. Эх үрсийн монгол яриаг хэн ч

орчуулаагүй ч, мөрдөгч болоод хүмүүжүүлэгч хоёр бүсгүй бүх үгийг нь нэг бүрчлэн ойлгоод байх нь гайхаад баршгүй. Цагдаагийн газрын дэргэдэх насанд хүрээгүйчүүдийг хамгаалалтад авч, асрах зориулалттай байрны уулзалтын танхимд уйлаан майлаан, эхэр татаан, мэгшээн зэрэг зэрэг хадах нь хонь хурга нийлж байгаа мэт. Дээр нь асрамжийн газар дахь хүүхдүүдээс юм ойлгох болчихсон гурван том нь үүдээр шагайчихсан мэлмэрүүлж зогсоно. Ээжийгээ санасан хөөрхийсүүд уяссан хэрэг. Бондоолой бүтэн цаг эхэр татуулсан ч зогссонгүй. Ээж лүүгээ удаан харж чадахгүй, нүүрээ буруулан энгэрт нь наалдчих нь нэн өрөвдөлтэй. Бэтгэртлээ ээжийгээ

саначихсан нь энэ. Берта, Болорзул, Даниэла гурав тэсгэлгүй дагаж уйлсаар нүдээ хавтгачихсан харагдана. – Эх үрийн хагацал, амьдын хагацал гэдэг юутай хэцүү вэ? гэж Болорзул дуу алдаад, энэ үгээ утга төгөлдөр орчуулж өгтөл, мөрдөгч бүсгүй ахиад л уйллаа. – Би олон хүүхдийг олж, олон эх үрийг уулзуулж байсан. Ингэж уярч, уйлж байснаа мэдэхгүй юм хэмээн тэр хэлэх нь чин сэтгэлээсээ. Холын тээврийн жолооч Гандөл анх филиппин залуу, хүүхэн хоёр хүүхдүүдийг нууж байсан гэж мэдүүлснийг ахлах мөрдөгч Мэйсон анхааралдаа авч, Дүлий Гекээс хэд хэдэн удаа асуусан ч, юу ч хэлээгүй. Хэдий Гек дотроо бугшиж, нусгай филиппин залуугаас болж

гардууллаа гэж бачимдаж суугаа ч, нэгнээ “олихгүй” гэдэг гэмт хэргийн ертөнцийн хуулиа ягштал дагаж, – Мэдэхгүй, ямар ч филиппин байгаагүй гэж мэдүүлсэн. Сүүлийн байцаалт дээр, – Хөрш мотоциклтой ази залуу бидэнд мэдээлэл худалдсан! гэж хүртэл булзсан. Гэхдээ үүнд ямар ч логик байгаагүй. Хүний наймаачдад мэдээлэл худалдаж мөнгө олсон байтлаа, өөрөө тэднийгээ мөрдөөд, цагдаа луу утасдаж мэдээлээд явдаг тэнэг хүн гэж байхгүй. Ийм учир хонзогносон худал мэдүүлэг гэж мөрдөгчид үзсэн. Дүлий Гек өөрсдийг нь хотхоноос дагасан мотоциклтой ази залуу дуулгаа тайлчихсан,

цагдаа нар луу гүйж ирэхийг цонхоор харсан нь лавтай. Монгол охиноос байцаалт автал бүр санаанд оромгүй хариулт сонссон. – Ямар ч Оливия Жонс гэдэг эмэгтэйг танихгүй! Жеффри гэдэг хүнийг ч мэдэхгүй. Фридли биднийг оргуулаагүй. Бид өөрсдөө автобусанд тийзгүй нуугдаж сууж энэ хотод ирсэн! гэж мэдүүлсэн. – Хайртай хүмүүсээ хамгаалж байгааг чинь мэдэж байна. Бүх явдлыг үнэнээр нь ярь. Тэд өөрсдөө та хоёрыг оргуулсан гэдгээ хүлээсэн гэж Берта охиныг зөндөө ятгасан. Гэвч ямар ч үр дүн өгөөгүй нь гайхмаар. Харь улсад байсан хагас жилийн хугацаа бяцхан охиныг чонын бэлтрэг шиг муу санаатай болгочихсон нь энэ гэдгийг ахлах мөрдөгч мэдэхгүй тул, гайхаад барахгүй сууж буй. – Хэн та хоёрыг тэр жижиг байшинд

авчирч түгжсэн бэ? Таньдаг хүн байсан уу? гэж асуухад, хүртэл өмнөөс санаанд багташгүй хариулт өгсөн. – Дүү бид хоёр өөрсдөө байшинд орж нуугдсан. Хэн ч биднийг байшинд нуугаагүй гэсэн. Ийм хэдий ч Берта жижиг байшингийн хөргөгчин дэх шарсан мах, тахиан дээр нэрийн дэлгүүрийн шошго, тавин хувийн хямдралтай үнээр зарсан тэмдэг, огноо цагтайгаа байхыг олоод, – Эврика! гэж өөрийн мэдэлгүй дуу алдсан. Том эрдэмтний нээлт хийх бүртээ хэлдэг байсан энэ үгийг тэр хэргийн гайхалтай сэжүүр олохоороо давтах дуртай. Нэрийн дэлгүүрийн тэр өдөр, цаг минутын камерийн бичлэгийг шүүгээд, хүүхдийг хулгайлсан гэмт хэрэгтнүүд Кермак, Эйна хоёр болохыг

мэдэж баривчлаад, байцааж эхэлсэн байгаа. Берта үрээ санасан хөөрхий монгол ээжийг хоёр хүүхэдтэйгээ тусгай өрөөнд байрлах боломж өгөхийг дарга нараа ятгаж байж зөвшөөрүүлсэн. – Хамгаалах байрны дүрэмд харшилна гэж дарга хэлж үзсэн ч, – Би дүрмийг нэг бүрчлэн уншсан. Хол улсаас ирсэн эхийг хүүхдүүдтэй хамт байрлуулж болохгүй гэсэн нэг ч үг үсэг тэнд байхгүй! гэж ахлах мөрдөгч даргынхаа амыг тагласан. Алга болсон хүүхдийг шуурхай олж илрүүлсэн, чадварлаг мөрдөгчөөрөө бахархаж суусан дарга түүний

гуйлтыг зөвшөөрөхгүй байж чадаагүй. Их яруу найрагчийн хэлснээр Бондоолой Сүнс зайлам харанхуйн дунд Сүү нөмөрч унтах нь энэ. Ээжийн үгүй шөнүүд ямар аймшигтай байсныг бяцхан зүрх ийнхүү мэдэрч буй нь өр өвтгөм. Ижийгээсээ ахиж хэзээ ч салахгүй гэсэндээ хүзүүгээр нь тас тэврэн бөх гэгч нойрслоо. Чимэгээгийн хүзүү хөшөөд, хөдөлж зассан биш, хөөрхий үр нь цочин сэрээд, улам зуурч, ээжийгээ ахиад л уйлуулав. Өглөө нь Берта сэтгэл хиртхийлгэм мэдээ сонссон нь аймшигтай. – Манай улсын хуулийг дагавал яагаад ч хүүхдүүдийг эхэд нь буцааж өгөхгүй гэж эх хүүхдүүдийн өмгөөлөгчөөр

томилогдсон хуульч хэлсэн. Энэ үг мөрдөгч бүсгүйн тархин дундуур лүгхийтэл цохичих шиг л болсон. Хөөрхий хоёр хүүхэд ижийгээ, ижий нь хоёр алаг үрээ ямар аймшигтай санасныг тэр нүдээрээ харж, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн… (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *