Home Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “18-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “18-р хэсэг”

0 second read
0
0
2,136

Ахлах мөрдөгч Берта Мэйсон эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж буй хот луу нисч явах замдаа хоёр монгол хүүхдийн сураг гарч, шуурхай групп илгээж байгаа гэдгийг утсаар сонсож, бушуухан очихсон гэхээс

тэсч ядлаа. Онгоцны буудлаас шууд шуурхай албаны нисдэг тэргэнд дамжин сууж, төмрийн цех лүү нисэв. Ирвэл нэгжих ажил ид дундаа, Стэнлигийн залуус цехийг урвуулж хөрвүүлэн шалгаж байна. Дүлий

Гек хэнэггүй царайлан зогсоог ажсан Берта сэртхийж, түүнээс харцаа салгахаа болив. Туслах нь даргынхаа байдлыг ажаад, – Дүлий Гек хэмээгч анх орон байрны хулгайгаар “гараагаа” эхэлж, дараа нь

сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэргээр зургаан жил суух хүртлээ контрабанд, хар тамхи, хүчээр бие үнэлүүлэх гэх мэт олон төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж байсан. Сүүлийн есөн жил нэг ч

гэмт хэрэгт сэжигтнээр татагдаагүй таг чиг сууж байгаа “засарсан” гэгддэг этгээд гэж түүнд шивнэлээ. Берта шууд л, – Монгол залууг над луу бушуухан авчир! гэж тушаалаа. Түүний хамтрагч Стэнли нэгжих

ажилдаа шимтчихсэн догдолж зогсоход, Берта харин огт хайхарсангүй. Гандөл гэх холын тээврийн жолооч монгол залууг шаргуу шалгаан байцааж, ажилчны хороололд гурван минут хэртэй машиныг хараанаасаа алдсаныг сонсоод, газрын зураг харж, “Сүмийн гудамж” хэмээх нэртэй салаа гудамж цаашаа ахин хэдэн салаа үүсгэн аалзны тор мэт салбарласныг хараад шууд л мөрдөгч нараа үүн лүү төвлөрүүлэн ажиллуулж эхэллээ. Стэнли урамгүй хүрч ирээд, – Төмрийн цехийн шалыг нь ч ховхолж, дээврийг нь ч хуулж шалгалаа, хаа ч алга. Энэ монгол залуу биднийг чулуу хөөлгөжээ гэхэд, – Би

Дүлий Гекийн царайг ажингуутаа л хүүхдүүд энд байхгүйг мэдсэн. Арван хэдэн жил шорон дамжсан архаг гэмт хэрэгтэн, араасаа мотоциклтой дагаж яваа гэнэн залууг анзаарахгүй явах гэж байх уу? Шөнийн хоёр цаг дөхчихсөн, гудамжны хөдөлгөөн сийрэг байсан шүү дээ гэж Берта хэллээ. – Машиныг салаа гудамж луу оруулж алдаад, чимээгээр нь мэдэж, араас нь гүйцэнгүүтээ цагдаагийн газар луу дахин залгаж, холбогдож чадсан гэхийг сонсоод, Берта шөнийн нэг цаг тавин таван минутын орчимд Сүмийн гудамжны бүх салаа

уулзварууд луу орсон камерийг шүүж шалгах тушаал өгч, таван машин илрүүлээд камераар хөөн маршрутуудыг нь тогтоож эхэллээ. Хар хөх өнгийн спорт тэрэг Сүмийн гудамж луу Дүлий Гекээс дөрвөн минутын өмнө ороод, нэг цаг тавин долоон минутад гарч явсан болох нь илрэхэд Берта, – Яах аргагүй наадах чинь сэжигтэй гэж дуу алдлаа. Ажилтнууд шуурхай ажиллаж, бичлэг хөөж шалгасаар спорт машин үйлдвэрийн дүүргийн нөгөө үзүүр дэх, авто засварын газар луу орсон болохыг тогтоомогц, ахлах мөрдөгч учир зүггүй яарч, тийш шуурхай

бүлэг илгээлээ. Унтуулагч бодисын үйлчилгээнд бөх нойрссон хоёр бяцхан үрийг цагдаагийн шуурхай бүлгийнхэн шөнийн гурван цаг арван дөрвөн минутад илрүүлж, Дүлий Гекийн бүлгийнхны гарт гав зүүлээ. Дөнгөж долоон нас хүрээд буй эгчээс нь, чухам хэн түүнийг хулгайлсан, хэн түүнийг хайрлаж энэрдэг байсан, хэн нь зодож муухай харьцдаг байсан гээд олон зүйлийг асууж мэдэхсэн гэхээс Берта тэсч ядсан нь мэдээж. Гэвч эмч, – Хүүхдүүд маш хүчтэй нойрсуулагч бодисын үйлчлэлд байна. Зүрхний цохилт, амьсгал хэвийн байгаа учраас бодисын үйлчлэл гарч сэртэл хүлээх нь зөв

гэсэн. Берта Болорзулын гар утас луу залгаж баяртай мэдээг дуулгах гэснээ үүрийн дөрөв дөхөж буйг гэнэт санаад, түр азнахаар шийдэв. Бяцхан хүүхдүүдийн төлөө авилгалч төрийнхнөөсөө ч айлгүй, хол зам туулан зүтгэж яваа дайчин бүсгүй түүнд сэтгэгдэл төрүүлсэн. Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд Гандөл дэмий л нааш цааш хөлхөж байлаа. Хулгайлагдсан монгол хүүхдүүд хэний хэн гэдэг, яагаад энэ улсад ирээд, гэмт хэрэгтнүүдийн гарт орсон болохыг асуухсан гэхээс тэсч ядна. Мөрдөгч нар түүнээс өөрсдөдөө хэрэгтэй асуултуудаа ханатлаа шалгаасны хүчээр хүүхдүүдийг олсон хэрнээ

түүнийг одоо огт тоохгүй орхичихсон нь гомдмоор. Ахлах мөрдөгч Берта Мэйсон нэрийн хуудсаа өгснийг харж, нэг залгах гэснээ, – Бөөн ажилтай байгаа мөрдөгч надтай яг яриач гэж бодоод болилоо. Хүлээлгийн танхимд негр, цагаан холилдсон гурван хүн бас л тэсч ядацгаана. Хүүхэд шуухад нь л хэрэгт холбогдоо биз гэж бодлоо. Тэгтэл нүдэнд дулаахан метис авгай түүн лүү ширтээд л байна. Тэгснээ тэсгэлгүй хүрээд ирэх нь сонин. – Хүү минь чи миний Энжи, Бонни хоёрыг олж өгсөн залуу мөн болж таарах гээд байна тийм үү? гэж асуух нь тэр. Оливия, Фридли, Жеффри гурав Ангир, Боргил гэх эгч дүү

хоёртой хэрхэн яаж учирсан, хэрхэн яаж чин зүрхнээсээ хайрладаг болсон, хэрхэн яаж зовж шаналж хайсан, тэднийг хулгайлсан хэргээр хэрхэн баривчлагдаж, хэрхэн суллагдсан гээд дуусахгүй урт түүх ярьж, завсраар нь Гандөлийг яаж хоёр хүүхдийг олсныг шалгаан, дуу алдан яриулсаар суув. Тэд цагдаагийн газрын үүдний том танхимын уужим цонхны цаана үүр цайхыг ч, нар тусч өглөө болохыг ч анзаарсангүй. Хүн гарч ирэх тоолонд өндөсхийн ширтэцгээх боловч танихгүй нүүр хараад урамгүй шүүрс алдана. Ангир, Бондоолой хоёрын хувьд ахиад л торгонд хөлбөрөх шаналан эхэллээ. Амттай хоол, дулаахан тохилог өрөө, эелдэг хүмүүжүүлэгч гээд бүх зүйл гоё. Гэвч дуусашгүй их энэлэн

бяцхан зүрхийг нь өвтгөнө. Бондоолойн бүлтгэр хоёр нүдэнд нулимс цийлэлзээд, – Эгч ээ, бид хоёр яагаад Оливияд буцаж очиж болдоггүй юм бэ? гээд л уйлагнана. Ангир яагаад гэдгийг мэдэхгүй тул хариулт олдохгүй. Дээрээс нь Оливия, Жеффри хоёрыг биднийг хулгайлсан хэргээр шоронд суулгана гэхээс учир тоймгүй их энэлж шаналж суугаа. Итгэмээргүй эелдэг зантай мөрдөгч эгч Берта “Шүүх бүхнийг шийднэ” гэж тайлбарласан. – Эгч ээ, Монгол руугаа буцъя л даа. Ээждээ очъё! гээд Бондоолой уйлж эхэллээ. Эгчид бас л хариулт олдохгүй. Европ, негр, латин гээд өнгө өнгө холилдсон арван хоёр хүүхэд энд байдаг. Тэд бүгдээрээ ээж аав, гэрээ санаж шаналдаг гэдгээ ярьдаг.

Үдийн хоолны хачирт өнөөх муухай броколи, вандуй, буйцаа овоолсон байдаг нь Бондоолойг шаналаана. Хэдий аашилж загнадаггүй сайхан ааштай ч, хүмүүжүүлэгч Даниэла, – Боржийл, чи броколи, вандуйгаа заавал идэх ёстой! Эдгээр ногоо хүүхдийн биед зайлшгүй хэрэгцээтэй зөндөө амин дэмийг агуулсан байдаг юм хэмээн ятгана. Бондоолой хөөрхий асар их шаналгаатай харцаар эгч лүүгээ ширтэн байж, хогийн ургамал шиг муухай амттай ногоог ярвайн залгина. Даниэла аль болох эелдэг хэлэх гээд үгээ сунгах нь яг л Эвелиний нялуун хоолой шиг сонсогдож, чихний чийр болно. Ангир, Бондоолой хоёр энэ эмэгтэйн хоолойг бас л үзэн яддаг болчихсон

суугаа нь энэ. Цонхны цаана бүрэнхий нөмөрч, шөнө ойртоход Ангир ахиад л шаналж энэлж эхэлдэг. Учир нь Бондоолой эрэгтэй хүүхдүүдийн өрөөнд өөрийн орон дээрээ унтах ёстой. Шөнийн харанхуйд энэ ертөнцийн хамгийн аймшигтай мангасууд амилан, Бондоолойгийн нүдэнд мушгиралдаж эвхрэлдэн харагдаж эхэлдэг гэдгийг тэр мэднэ. Шөнийн ээлжинд гардаг Мариана гэх хүмүүжүүлэгч Ангирыг дүү лүүгээ очих гэхээр, – Анжер! Болохгүй ээ! Чи эмэгтэй хүүхэд. Эмэгтэйчүүдийн өрөөнд унтах ёстой гэж хэлдэг.

Хөөрхий Бондоолой түнэр харанхуйгаас айж, ээжийгээ дуудан энэлж шаналан, хөлбөрч тонгочин хэвтсээр арайхийн нойрондоо цохиулан унтана. Өглөө бүхэн ээжийгээ зүүдлэн сэрдэг ч, Даниэла нялуун дуугаран, – Боржийл! Босоорой гээд сэрээх нь тамтай. Боргил гэхийн “Г”-г бас л өөрсний аялгаараа дуудаж эхэлсэн нь энэ. Оливия эргэлтээр ирээд, төрсөн юм шиг дассан хоёр хүүхдээ тэврээд уйллаа. Бондоолой түүний энгэрт наалдан уйлж, – Оливия, та намайг эндээс аваач ээ! гээд л эхэр татууллаа. “Шинэ ээж” сайхан сэтгэлтэй метис эмэгтэй Бондоолойг дагаад л, уйлаад л сууна. – Би та хоёрыгоо гэртээ буцааж

авахын тулд бүх зүйлийг хийнэ! хэмээн үглэнэ. Хоолойны нь өнгө нэг л итгэлгүй гэдгийг Ангир мэдэрч, дотроо шанална. – Би ээждээ очмоор байна аа! гээд Бондоолой чанга орилон уйлж эхлэх нь өрөвдмөөр. Ангир ч, Оливия ч юугаа ч хэлж мэдэхгүй хэцүүдлээ. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…