Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “16-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “16-р хэсэг”

3 секунд уншина
0
1
556

Бүгдийг үнэнээр нь хэлсэн ч Фридлиг сулласангүй, хорьсон чигээрээ л байлаа. Хоёр хүүхэд тэндээс ч бас сураггүй алга болчихсон нь түгшүүртэй. Мөрдөгч Мэйсон эрлийн ажиллагааг хүүхдүүдийн алга

болсон хот луу шилжүүлэв. Оливия, Жеффри нарыг ч баривчилсан нь мэдээж. Аделита хамт хооллоод арван дөрвөн цагийн үед гарахад хоёр хүүхэд гэртээ үлдсэн, арван таван цаг хорин минутад гэрийн багшийг

ирэхэд алга болсон байсан гэсэн хугацаа тогтоогоод, Оливиягийн эргэн тойрны хүүхдүүдийг мэдэх хүмүүс энэ мөчид хаана байсныг юуны өмнө тогтоохоор офицерууд ажиллаж эхлэв. Аделита Кортес

хэмээх бүсгүй хамгаас их анхаарал татаж байлаа. Тэр гурван хүүхэдтэй гэр бүлээс гаралтай. Ах нь гэмт хэрэгт холбогдож, торны цаана сууж байсан. Бас өдөр очиж үдийн хоол хийж өгсөн, хамгийн

сүүлд хоёр монгол хүүхэдтэй хамт байсан хүн нь. Эйна харин санаанд оромгүй тайван байгаадаа өөрөө ч гайхаж байлаа. Тэр өдөр чөлөө авч гадуур гарсан, найз залуудаа бэлэглэхээр пянз худалдаж авсан хэмээн

мэдүүлж суухдаа сандарч тэвдсэн гэхээр ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй. Хоёр хотын цагдаагийн хамтарсан эрлийн багт гаргаж өгсөн нилээн том танхим луу залуухан мөрдөгч орж ирээд, – Филиппин бүсгүйн маршрут батлагдаж байна. Харин Аделита Кортесийг шалгалаа. Оливиягийнхаас үдийн хоолны дараа гараад, ахтайгаа очиж уулзсан байна! хэмээн хэлэх нь тэр. Ахлах мөрдөгч Берта Мэйсоны цэнхэр нүд сэртхийн нэгийг бодсоноо, – Аделита Кортесийн төрсөн ах Николас Кортесийг ажиглалтад ав! хэмээн

багийнханд тушаал өглөө. Бертагийн хамтрагч хижээл мөрдөн байцаагч Стэнли харин эхнээсээ л “Фридли чулуу хөөлгөж байна. Аль хэдийнэ хүүхдүүдийг хүний наймааны замаар оруулчихсан” гэж зүтгэсэн. Энэ таамгийг үндэслэлтэй гэж Берта үзээд, салонд ажилладаг эмэгтэйчүүд болоод, Оливиягийн хөршүүдээс мэдүүлэг авсан. Тэд бүгд хоёр ази хүүхэд саяхныг хүртэл Оливия Жонсын гэрт байсан гэдгийг баталж байгаа. Гандөл долоо хоногийн амралтаа ойролцоох жижигхэн хот луу явж монгол найзуудтайгаа өнгөрөөх бодолтой байсан ч гэртээ хоргодоод л байлаа. Өглөө есөн цагийн үед босч аялалд

гарахаар цүнхээ бэлдэж эхэлсэн ч, гар нь нэг л хөдөлж өгөхгүй лазагнаад байх нь сонин. – Хөрш байшинд болсон явдал нэг л учир битүүлэг юм биш үү? гэж тэр өөрөөсөө асуусаар л байгаа. Гэхдээ ийм утгагүй юмнаас болоод найз нартайгаа хэд хонож, мах шарж, хууч хөөрч, зөндөө стресс суллаад, сэтгэл сэргэчихээд ирэх боломжоо алдах нь ухаантай хэрэг биш гэж санагдана. “Хү” хамтлагийн нэр дэлхий даяар цуурайтсанаас болоод хаа сайгүй “Mongolian music” гэсэн үгээр хэрэгт дурлан хайлт хийж, монголын ямар ч хамаагүй хөгжим сонирхож сонсох хүмүүс үй олон болсон. Хөрш филиппин айлын

хүүхдүүд ч бас тэгсэн байж болно шүү дээ. Тэгээд ч ямар ч эцэг эх хүүхдүүдээ гэртээ үлдээсэн үедээ танихгүй хүн хонходвол битгий тайл, цонхноосоо холд гэж захих нь ойлгомжтой хэрэг. Ийнхүү Гандөл тунгааж үзээд, өглөөний арван цаг дөхүүлээд явахаар шийдэж, мотоциклоо гаргав. Гэхдээ л тэсгэлгүй байшинг ажиглаастай. Гараажийн хаалгаа хаагаад, мотоциклоо асаатал хөрш байшингийн зочны өрөөний хаалттай хөшгөнд нилээн том завсар гарснаа дөрөв таван настай болов уу гэмээр хөвгүүн дүрлийтэл ширтлээ. Шууд толгойгоо эргүүлбэл хүү цочоод хөшгөө хаачихна гэж болгоомжилсон Гандөл толгойгоо хөдөлгөлгүй нүднийхээ хажуугаар хүүг ажиглалаа.

Хар тентэй дуулганы шил нь эзнийхээ харц хаашаа чиглэснийг найдвартай далдалдаг нь таатай. Яалт ч үгүй монгол гэмээр хүү сониучирхсан нүдээр харсаар л. Гэтэл цаанаас эгч нь бололтой адилхан төрхтэй охины царай гялсхийн үзэгдээд, дүүгээ цонхноос угз татан холдуулахад хөшиг хаагдчихлаа. Гандөл зогсоод байвал эвгүй сэтгэгдэл төрүүлэх тул хөдлөхөөс аргагүй. Тэр замдаа найз луугаа залгаж, ажил гарлаа гэж худлаа хэлээд, холгүйхэн супермаркет орж хүнс цуглуулаад буцав. Гараажийн хаалганы өмнө ирж зогстол ахиад л хөрш байшингийн зочны өрөөний хөшгөнд өчүүхөн завсар гарчихлаа. Намайг монгол хүн гэдгийг мэдээсэй гэж бодсон Гандөл

дуулгаа тайлан, хөрш байшингийн урагш цүлхийсэн том цонхны нааш харсан хэсгийн хөшигний завсраар ажиглаж буй гэдгийг огт анзаараагүй дүр эсгэн аялалд бэлдсэн үүргэвч, цуглуулсан ууттай хүнсээ тайван зөөж байшин луугаа оруулав. Энэ үедээ дуулгаа Монголын далбаатай талаар нь хөршийн байшин луу харуулж тавихаа ч мартсангүй. Байшиндаа орсон хойноо цонх луугаа ирж салхивчаа нээж буй дүр эсгэхдээ сэм ажвал сая л хөшиг үл мэдэг хумилзан хөдөлснөө, хоёр бяцхан хүүхдийн дөрвөн хөөрхөн нүд ширтэж байсан завсар хумигдлаа. Гандөл алмайртлаа гайхна гэгч

болов. – Монгол биш, хятад хүүхдүүд юм биш үү? гэж өөртөө хэллээ. Тэгснээ, – Үгүй. Яах аргагүй монгол хүүхэд байсан! гээд дотроо хашгирлаа. Кермак юугаа ч мэдэхгүй хоёр жулдрайг наймаалах ажил хэрэг нь амжилттай болно гэдэг баттай итгэл төрүүлэх мэдээ сонсоод, нүдэнд нь бөөн олз харагдан баяртай суув. Цоо эрүүл чихтэй хэрнээ Дүлий Гек хочтой, хөгшин егзөр түнш нь “бараа”-тай болсон, гэхдээ өөрөө гардаж наймаа хийх сонирхолтой байгааг сонсоод хамтаръя гэсэн санал тавьсан байлаа. Кермакийн бодож байснаас хамаагүй их ашигтай наймаа болох нь Дүлий Гекийн ярианаас тодорхой болсон. Тэр танил залуустай шар айраг уух зуураа Эйнагийн ажил тарахыг хүлээв. Учир нь хүүхдүүд зальжин бүсгүйг хараад л тайвширч, хоол

руу ухаангүй дайрч, дуу шуу ороод л явчихдаг болохыг өчигдөр ажсан. Эйна үдийн хоолонд гарахдаа түүн лүү цайны газрын утаснаас залгаж, – Цагдаа нар хоёр хүүхдийг хайгаад эхэлчихлээ. Оливияг баривчилсан гэж шивнэхийг сонсоод түүний уур оволзож, – Ямар азгүй юм бэ? хэмээн орилтол, найз хүүхэн нь утсаа тасалчихсан. Кермак яаран телевизээ асааж орон нутгийн мэдээ ухраан шүүж үзтэл хоёр хүүхдийн зургийг гаргаж, алга болсон тухай мэдээ аль хэдийнэ яваад эхэлсэн байсан нь гайтай. Энэ нь “бараа”-ын үнийг унагаж болно гэж бодохоос тэр бухимдаж хагарахдаа шахсан. Ингээд л яаран Дүлий Гек лүү очсон чинь маш сайхан мэдээ дуулсан нь азтай. – Одоо

тэвчээртэй хүлээх л хэрэгтэй. Хоёр хүүхэд цагдаагаас нуугдах ёстой гээд итгэчихсэн юм чинь тэндээсээ хамраа ч цухуйлгахгүй. Тэгж байтал од гийж “бараа”-ны худалдан авагч гараад ирнэ. Өрнөөс салж, новшийн ядуу амьдралаа үүрд мартана! хэмээн Кермак байж ядан догдлох нь зэвүүн. Эйна хэдий гаднаа тайван байгаа ч дотооддоо бол айсандаа үнхэлцэг нь хагарах шахсан хүн гэртээ орж ирээд, шүүрс алдлаа. Гудамжинд түүнийг хүн дагаад байгаа юм шиг оргиж, айсандаа бараг л гүйсээр яваад гэрийн бараа харсан. Кермак хоёр хүүхдийг очиж шалгана гэхэд, – Үгүй, Кермак! Цагдаа нар чи бид хоёрыг дагаж байвал яах вэ? гэж бараг л орилох шахаад, хамаг бие л

салгалж чичрэн, амьсгаадан зогслоо. Найз залуу нь түүний анхааруулгыг юман чинээ бодохгүй байгаа нь царайнаасаа илт. – Хоёулаа эхлээд хотоор баахан дэмий тэнэж, араасаа сүүл байгаа эсэхийг нягталж шалгана. Дараа нь хоёр алтан хүүхдээ эргэхээр явна гэлээ. Тэр хоёр угаалгын газар луу орж, дэлгүүрээр хэсч баахан яваад эцэст нь кафед орж жүүс ууцгаав. – Харж байна уу? Ямар ч сүүл алга гэж найз нь хэлсэн ч, Эйна айсаар л байлаа. Тэр гуйсаар байж энэ орой очихгүй байя гэж зөвшөөрүүлж дөнгөв. Ангир, Бондоолой хоёр гадаа бүрэнхий татаж байснаа харанхуй болж, шөнө эхлэхийг хөшигний

завсраар харсаар л байлаа. Эйна маргааш орой өдийд ирнэ гэсэн ч ирсэнгүй нь энэ. Эхэндээ хоёулахнаа байх нь зүйрлэшгүй жаргал хэмээн санагдаж байсан бол одоо нэг л уйтай оргиод эхэлсэн нь хэцүү. Бондоолойгийн царай барайж, гуниглаж эхлэхийг ажсан Ангир, – Миний дүү, видео тоглоомоо тоглоё. Одоо чи намайг яасан ч хожихгүй! гэлээ. Дүү нь хошуугаа цорвойлгоод, буруу харах нь уйлахад тун ойртсон гэдэг илт. – Хоёулаа гоё шарсан махаа халааж идье! гэж эгч нь хэлэв. Хүү толгой сэгсрээд, орон дээр цаашаа хараад уначихлаа. Нулимс нь цийлэлзээд уйлчих шахаад л байгаа харагдана. – Хоёулаа хажуу айлын ахтай уулзъя л даа. Монгол ах байсан.., гэж Бондоолой хэлэхэд Ангир, – Яасан ч болохгүй! гэж цочин дуу алдаад,

яагаад болохгүй гэдгийг тайлбарлан ятгаж эхэллээ. Бондоолой өглөөгүүр хөрш айлын ахыг харсан цагаасаа хойш л ийнхүү гуйж байгаа. Эгч нь харин ухаангүй айж, болохгүй гэж ятгаж, уурлаж загнаж, сүүлдээ гуйж, бүх аргаа барчихаад байгаа нь энэ. – Монгол биш хятад ч юм билүү? гэж яалт ч үгүй монгол хүн гэдгийг нь мэдэж байгаа хэрнээ Ангир булзааруулахыг оролдвол, – Дуулган дээрээ Монголын далбаатай байсан гэж дураараа дүү нь хэлж, бултах аргагүй болгосон. Бондоолой ямар нэг юм гуйгаад бүтэхгүй болохоор өөр илүү том зүйл нэхэж уйлдаг зантай. Энэ удаа ч түүнээ мартсангүй. – Би халууцаад байна. Салхивч нээе ээ! гээд л енгэнэтэл чанга уйллаа. Эгч зөвшөөрөхөөс аргагүй болж, – Чанга уйлахаа зогсоо. Тэгэх л юм бол

нээе гэлээ. Энэ байшинд онгойдог зүйл гэвэл ердөө л салхивч гэдгийг хоёр хүүхэд мэддэг болсон. Урд хойд хоёр хаалга гаднаасаа түгжээтэй, бүх цонхны бариулыг мултлаад авчихсан гэдгийг мэдээд хоёул гайхсан. Гэхдээ цагдаагаас нуугдаж байгаа юм чинь ингэхээс өөр аргагүй гэж тэд гэнэхэн ухаандаа тунгааж үзээд тайвширсан. Салхивч онгойлготол ойн сэнгэсэн агаар өрөөгөөр дүүрэн анхиллаа. Гандөл филиппин эр эм хоёрыг ирэх байх гэж харуулдан гэрэлгүй байшин дотроо оройжин отоод, бараг л цөхрөхдөө тулчихаад сууж буй. Тэгтэл тархийх чимээ гарлаа. Байшингаасаа гүйн гарч ирээд, мод халхлаад байгаа тул хөрш байшингийн наад хана луу ойртон цонх луу нь

харвал нээрээ л салхивч нь нээгджээ. – Ах нь монгол хүн байна аа, миний хоёр дүү! гээд салхивчаар нь сэмээрхэн хэлэх үү? гэж бодож үзлээ. Тэгтэл нэгэн мэргэн санаа сэрхийж, гэр лүүгээ эргэн гүйж орлоо. Тэр яг харалдаа байрлалтай зочны өрөөний хажуугийн цонхны салхивчаа нээгээд, ЮүТүбээс “Сүүн далай ээжий минь” дууг олоод, бүүферээ чангалав. Дуртай дуу нь салхивчны цаанаас эгшиглэж эхлэхэд эгч дүү хоёр мэл гайхлаа. Цонхны хөшгөө нээгээд сонстол яах

аргагүй мөн. Өчигдөр орой Ангирын хамгийн чанга дээр сонсож байсан тэр яруу аялгуу хадсаар л байна. – Тээр шүү! Монгол ах байгаа биз дээ? гээд Бондоолой уйлан дуугарлаа. Ангир дүүгийнхээ үгэнд орох эсэхдээ эргэлзэн бодол боллоо. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *