Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “15-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “15-р хэсэг”

0 секунд уншина
0
1
584

Ангир ухасхийн салхивчийг хаагаад, Бондоолой руу уурлан хашгирлаа. Эгчийгээ ингэж тэсэрнэ чинээ санаагүй байсан хүү айсандаа таг болчих нь дуулгавартай. – Энд бид хоёр хүмүүсээс

нуугдаж байгаа! Хэрвээ нуугдаж байгааг минь танихгүй хүн мэдвэл цагдаад мэдэгдэнэ. Тэгээд Оливия шоронд орно! Эсвэл чи Оливияг шоронд ороосой гэж хүсээд байгаа юм уу? гэж Ангир асуулаа. Хөөрхий

дүү гэмшингүй харцтай болоод, гунигт автах нь өрөвдмөөр. Салхивч хаагдаж ээжийг нь санагдуулж уяраадаг дуу сонсогдохоо гэнэт больчиход, энэ яруу аялгуунд ямар их татагддаг болохоо мэдэрлээ.

Салхивчаа нээж эргэн чагная уу гэснээ гэнэт айподоо санаад, дэлгэцэнд залган “Сүүн далай ээжий” дууг сонсож уясч догдлон, хязгааргүй холд байгаа ижийгээ санан гансарч эхэллээ. Тар хийх

чимээ гарч, салхивч хаагдахыг Гандөл сонсоод гарч үзвэл, нээрээ л хоёр хүүхэд салхивчаа хаажээ. Хаалга луу очиж, хонхыг дарах гэсэн хэдий ч дараад нэмэргүй. Онгойлгохгүй таг чиг суучихдаг гэдгийг

бэлээхэн мэднэ. Залуу урамгүй алхсаар байшиндаа орж, буйдан дээрээ лагхийтэл унаад харанхуйд гэрэлтэх хөрш байшингийн цонх луу ширтлээ. Филиппин эр эм хоёрыг отож, гэрлээ асаалгүй харанхуй сууж байсан нь хэвээрээ. – Юун хүүхдүүд юм бол оо? Яагаад бүгсэн юм бол оо? гэж хэнээс ч юм бүү мэд асуулаа. Телевиз асаатал орон нутгийн мэдээ явж байна. Үзэж сууснаа гэнэт дэлгэцний гэрэл зочны өрөөг тод гэрэлтүүлж буйг анзаарч бушуухан унтраачих нь харуусмаар. Учир юу гэвэл Ангир, Боргил хэмээх хоёр монгол хүүхэд

алга болсон тухай мэдээг давтан нэвтрүүлэхээс хэдхэн секундын өмнө удирдлагын товчлуур дээр дарчихсан нь гачлантай. Хоёр бяцхан монгол хүүхдэд аюул учраад, хот даяар хайж байгаа гэдгийг мэдээгүй хэвээр хоцрох нь энэ. – Хараар ажиллаж байгаад цагдаад хөөгдөж, бултаж нуугдсан хүмүүс юм биш үү? гэж тэр дуу алдлаа. Яг тийм байх нь. Нэг хоёр долоо хоног нуугдаж, цагдаа нарын анхаарал сулрахаар өөр хот луу явахаар хүлээж, бүгэж нуугдсн гэр бүл байх нь! Хоёр хүүхэд нь тэвчээр алдан цонхоор хараад, ээждээ загнуулаад хөшгөө буцааж хаасан болж таарлаа. Бас филиппин найз нартай. Тэд нар нь

хүнс хүргэж ирдэг байх нь гэж Гандөл бодлоо. Шал хэрэггүй юмны төлөө хайран сайхан амралтаа үрж суугаа нь энэ үү? Маргааш найз луугаа явъя гэж тэр үглээд, хөшгөө хааж гэрлээ асаав. Телевизээ буцааж нээсэн хэдий ч харамсалтай нь спортын суваг дээр тавиад, хөл бөмбөгийн үзэж чадаагүй тоглолтоо хараад ухаангүй болчихлоо. Эвелин Эриксон хор хайж буруу гарынхантай уулзаж яваад байсан нь батлагдав. Хоёр ч этгээд асар эгдүүцэлтэйгээр, – Нэг солиотой авгай ирээд, удаан үйлчилдэг, дараа нь шинжилгээгээр илэрдэггүй хор

хэрэгтэй, хүссэн үнийг чинь төлье гэсэн. Тийм хор кинонд л гардаг, тэнэг авгай минь! гэж уурлаад хөөж явуулсан гэж мэдүүлсэн байлаа. Фридлигийн мэдүүлэг ийнхүү батлагдсан тул өөрийг нь болоод, Жеффри, Оливия хоёрыг шүүхийн хяналтад байх ёстой гэдгийг нь анхааруулж, барьцаагаар суллалаа. Мэдээж тэдэнд ял оноох, эсвэл хоёр хүүхдийг хамгаалах зорилготой оргуулсан гээд цагаатгах эсэхээ шүүх л шийднэ. Фридли гарангуутаа л Уолиг аваад Оливиягийн хот луу яарлаа. Замдаа сэтгэл нь хямарч хурдны замаас гарч, Жеффри Ангир хоёрын шерифтэй тааралдсан шатахуун түгээгүүрийн кафед

орж, кофе жүүс захиалаад удаан гэгч энэлж суулаа. Эвелин хичнээн буруу зүйл хийсэн байлаа ч миний хань шүү дээ! гэх бодол түүний зүрхийг урна. Хотод ирж Жеффритэй уулзангуутаа, – Би бол хүний үнэргүй амьтан! гэж үглэлээ. – Үгүй ээ, Фридли. Харин ч чи хүн чанартай загнасан. Мэс заслын их төлбөрөө хийлгэнэ гэдгээ бодоод, Эвелиний хүний үнэргүй үйлдлийг тэвчээд, зүгээр хараад гараа хумхиж суусан бол харин хүний үнэргүй явдал болох байсан гэж цэргийн найз нь түүнийг тайвшруулж байлаа. Цагдаагийнхан хоёр хүүхдийг хайж, орон нутгийн сувгийн мэдээнд зургийг нь хэд дахин

үзүүлж, бүх постод даалгавар хүргүүлсэн ч өдийг хүртэл үр дүнгүй байгааг Жеффри хэлж, тос даасан хүрэн царай нь улам бараан болно. Тэр гурав ч бас тогтож суухгүй, хоёр машинтай ийш тийш бэдэрч, байж болох бүх газруудыг нэгжсээр л байлаа. Дүлий Гек зөвхөн түүний л гардан хийж чаддаг нарийн ур ухаан шаардсан мэргэжлийн ажил хэрэг лүү нь нэг муу нусгай филиппин залуу эрээ цээргүй орж ирэх санаа агуулсанд асар их бачимдлаа. Гэвч муу санаатай хөгшин чоно уураа дотроо л гаргасан. Тэр Кермакийн машины капот дор байршил илрүүлэгч суурилуулсан бөгөөд, эрээ цээргүй аашилсан

халтар гуйлгачингийн хөдөлгөөн бүрийг хянаж, зайнаас дагаж байлаа. Өчигдөр орой баахан дэмий тэнэснээ гэртээ ирээд найз хүүхнээ тэврээд унтчихсан нь тэртэй тэргүй бухимдаж байсан Дүлий Гекийг тэвчээр алдартал бугшаасан. Харин энэ орой Кермакийн байдал итгэл төрүүлэхээр байгаад тэр тайвширлаа. Кермак хашир зан гаргаж дэлгүүр, кафегаар хэсэж араасаа сүүл байгаа эсэхийг нягталсаар яваа гэдэг нь илт мэдэгдэхээр. Гэнэн залуу харж чадахааргүй зайнаас хашир чоно дурангаар ажиглаж, машинд

суурилуулсан байршил заагчаар дамжуулан алсаас дагасаар л байв. Супермаркетад ороод, хямдарсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн мах тахиа, жүүс ундаа аваад эхлэхэд нь Дүлий Гек бүр тэсч ядан чичирч, – Одоо ингээд “бараа” луугаа очихгүй байхыг чинь харъя л даа! хэмээн дотроо тавлан инээлээ. Шинэхэн баригдсан жижигхэн байшингууд бүхий хотхон луу ирээд, шууд гарааж онгойлгоод орчихыг найман зуун метрийн цаанаас дурандаж байсан Дүлий хочит, – Yes! хэмээн дуу алдаж, гараа атган өмнөө зангалаа. Филиппин залуу байшин луу орж цаг хэртэй болоод арилахад, тэр хоёр залуугаа

дагуулан хотхон луу ойртож байшинг ажиглаад, шөнө дунд өнгөртөл тэвчээртэй хүлээв. Цагаа харж шөнийн нэг өнгөрснийг мэдсэн хашир чоно гадна байх хөдөлгөөн дагагчтай камерийг нэг залуугаа явуулж “чулуу” хөөлгөөд, өөрөө арын хаалгыг түлхүүр тааруулан нүд ирмэх зуурт нээгээд нэвтэрлээ. Хоёр жаахан ази хүүхэд гэрэлтэй унтлагын өрөөнд нам унтсаныг харсан түүний нүүрэнд инээмсэглэл тодрох нь зэвүүн. Тэр хүүхдүүдийн хамарт нойрсуулагч үнэртүүлэн бат нойрсуулсныхаа дараа хувцас, хувийн эд зүйлсийг нь өөрсдийнх нь болов уу гэмээр хоёр үүргэвчинд хийгээд, байшингийн арын хаалганы

түгжээг хутгаар ухаж хөшиж онгойлгосон болгож, хутгаа арай том охины гарт хэд хэд бариулан хурууны хээ үлдээлээ. Юмыг яаж мэдэхэв цагдаагийнхан байшинг шалгаж мэднэ гэж хаширласан нь энэ. Мэдээж Кермак хоёр хүүхдийг хамаг юмаа аваад явсныг хараад өөрсдөө оргожээ л гэж бодож таарна. Эх орноосоо хол зүдэрч яваа хөөрхий хоёр хүүхэд, мөнгөний төлөө юу хийхээс буцахгүй хүн биш араатан болчихсон эрийн бахим саварт тэврүүлэн машины арын суудал дээр тавигдаж буйгаа огт мэдэхгүй нь дэндүү харуусалтай.

Камерийг чулуу хөөлгөсөн залуу хотхоны харуулаас багын найзаа асууж, “Өндөр нуруутай, царайлаг, тэвхгэр цээжтэй, өглөө бүр гүйдэг” гэх мэтээр олон долоон зүйл ярьж, цаадах нь мөрөө хавчин мэдэхгүйгээ хэлж, машин хэдийнэ явахаар төв зам луу чиглэн гарц луу ирж зогсохыг харж, баярласнаа илэрхийлж хуурамч инээгээд гүйж ирлээ. Машин хөдөлсний дараа, – Камерийг ч, хотхоны харуулыг ч чулуу хөөлгөчихөөд ирлээ гээд бах тав нь ханасан байдалтай инээх

нь онгироо шинжийн. Дүлий Гек хотын зүүн дүүрэгт байх “бараа” хадгалдаг нууц байр луугаа сэтгэл ханамжтай давхилаа. Хөөрхий эгч дүүс нойрсуулагчийн үйлчлэлд бөх гэгч унтаж, ямар аймшиг луу ойртож байгаагаа огт мэдэхгүй явсаар л. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *