Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “14-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “14-р хэсэг”

1 секунд уншина
0
0
590

Нагац эгч яг л галзуурсан мэт бачимдан уурлаж, өөрийнхөөрөө зүтгэсээр л байлаа. Жеффри аргагүйн эрхэнд түүнийг машиндаа суулгаад цагдаагийн газар луу гэлдэрсээр ирэв. Оливияг машинаас

буух гэхэд, – Сүүлчийн удаа хэлье. Та бид хоёр хүүхэд хулгайлсан хэргээр шоронд орно шүү! гэлээ. Нагац эгч огт айсан шинжгүй, Жеффри лүү зэвүүцсэн харцаар цоргичихоод, өсгийгөө тас тас хийтэл

алхалсаар төв хаалгаар яваад орчих нь аймшигтай. Нагац эгчээ хүлээж суусан хорин минутад Жеффри хорин жилийн турш айж цочиж суугаа мэт л ад тамын шаналанг амсав. Одоохон цагдаа нар

гарч ирээд, гарт гав зүүгээд хорих камер луу чирч орно доо гэхээс хар хөлс нь цутгачихсан чичирсээр байгааг яалтай. Гэтэл Оливия ганцаараа гараад ирлээ. Зээ дүү айсан харцаар дагуулан ширтэв.

Машинд орж сууснаа, – Чи баярлаж байна уу? Амиа бодсон амьтан минь. Би Мишелийг бодоод, хоёр охиныг чинь бодоод хэлж чадсангүй! гэлээ. Жеффри уртаас урт амьсгаа аваад, Оливияг тэврээд

шопхийтэл үнсчихлээ. Цаадах нь харин учир зүггүй уурлаж, – Одоо тэгээд хоёр хүүхдээ яаж олох юм бэ? гэж чарлалаа. Жеффри цочин нагацынхаа амыг дарж аваад, – Олно оо! Би минут ч цурамхийхгүй хайна! гэж үглээд, машинаа асаан цагдаагийн газрын аймшиг хуруулсан зогсоолоос бушуухан хөдлөх түүс болов. Дин дон – дин дон хэмээн хаалганы хонх уянгалан дуугарахад хоёр хүүхэд навтас хийтэл цочоод, дороо таг хөшлөө. Ангир хүний эгч гэсэндээ ухасхийн телевизийнхээ дууг намсгаад, бутанд хярсан бүжин мэт навтайн ширээний ард нуугдацгаав. Бондоолой байдгаараа айчихсан бүлтэлзэх

нь өрөвдмөөр. Эйнагийн захиж хэлсэн бүхнийг зөрчсөн болохоо Ангир гэнэт мэдэж тоймгүй их харууслаа. Тэр урагш харсан том цонхны хөшгөнд нилээн том завсар гаргаж алсад харагдах хотын өндөр барилгуудын гайхмаар содон чамин гэрлүүдийг харж зогссоноо буцааж хаахаа мартжээ. Бас унтлагын өрөөний салхивчийг нээсэн. Телевизэд айподоо холбоод, эцэст нь хүртэл чангалан дуу сонссон. Хонх ахиад л дуугарлаа. Цагдаа нар байх аа гэж айсан охины нүдэнд нулимс цийлэлзлээ. Тэд одоо кинонд гардаг шиг хаалгыг хэмх цохиод ороод ирнэ. Тэгээд л Оливия, Жеффри хоёрыг хүүхэд хулгайлсан гээд

баривчилна гэж Ангир харуусан бодлоо. Хөлийн чимээ гарснаа нэгэн аймшигтай том хүний хар сүүдэр зочны өрөөний том цонх луу ирж шагайхад, Бондоолой нүдээ тас аниад, биеэ байдгаараа чангалан хярав. Аймшигт сүүдэр зочны өрөө лүү харснаа цаашаа яваад өгөхийг харин Ангир харсаар л суулаа. Гэтэл тэр хүний алхаа байшингийн баруунаар тойроод, унтлагын өрөөний цонх луу ойртож байгаа болох нь онгорхой салхивчаар тодоос тод сонсогдох нь аймшигтай. Ангирын зүрх түг түг цохилох нь өөртөө мэдрэгдлээ. Гандөл гайхчихлаа.

Түрүүнд их тод сонсогдож байсан “Нарийн сайхан хээр”-ийн аялгуу дуулдахтай үгүйтэй болон намсжээ. Байшингийн гэрэл асаалттай байгаа ч хэн ч харагдахгүй. Зочны өрөөнд ч, унтлагын өрөөнд ч энд тэндгүй тоглоом хөглүүлснийг ажвал жаахан хүүхдүүдтэй айл гэмээр. “Эмгэн буурал ээждээ эргэж очоод золгоорой” хэмээн харь холд суугаа түүнд захиад байх шиг оргиод буй ухаарлын эгшиглэнд учир зүггүй хоргодож байгаагаа мэдэрлээ. Гэвч залуу өөрийн байшингийн үүд лүү буцахаас өөр арга байсангүй. Энэ мөчид тархийх чимээ гарч, монгол дуу эгшиглэх хөрш байшингийн унтлагын өрөөний салхивч хаагдах

дуулдахад, сэртхийн толгой эргүүлбэл шигүү моддын завсраар бүдэгхэн тусах гэрэлд салхивчаа хаагаад, цаашаа холдох жаахан хүүхдийн сүүдэр бараантан үзэгдэв. Түүний зүрхийг уясааж, сэтгэлийг яруусган сонстож байсан тэнгэрлиг аялгуу дуулдахаа болив. Харийн улсад гансарч суугаа Гандөл, – Би гэдэг хүн, уудам талаа, ухаантай ижийгээ, хүйн холбоотой хөх орноо ямар их санаа вэ? хэмээн өөрийн эрхгүй сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэр мэл гайхаж буйгаа ч мартан ээжийгээ, дүү нараа, тоглож өссөн тоост гудамжаа санагалзан зогслоо.

Хүчирхэг моторын харгиж нүргэлсэн дуу монгол залуугийн бодлыг тасаллаа. Тэр хэдийдээ ч юм бүү мэд гэрэлгүй харанхуй байшиндаа ороод ирчихсэн бодолдоо автан зогсох аж. Ухасхийн өмнө тийш харсан том цонхондоо нүүрээ наах шахан хөдөлгүүрийн дуун зүгт ширтэв. Арван хэдэн жилийн өмнөх загварын хуучин хар машин ирээд, гараажийн өмнө зогсоод л байх аж. Гандөл машины зүгт нүд салгалгүй ширтэн, хэн буух нь вэ гэж хүлээж, нутаг нэгтэнтэйгээ хөрш болчихсон байх вий хэмээн горьдлоо. Байшингийн цонх нь хананаас

урагш трапец хэлбэрээр төвийлгөн гаргасан хийцтэй тул эгц хажуу тал дахь зүйлсийг ч чөлөөтэй ажиглаж болохоор нь таатай. Машин дотор Кермак уурандаа багтрах дөхөн хараал урсгаж байв. Гараажийн алсын удирдлага ажиллахгүй, байшин түрээслүүлэгч лүү залгатал утас нь хариу өгсөнгүй. – Ойр хавь хэн ч алга. Буугаад хаалгаар орчихъё л доо гэж Эйна хэлсэн биш найз залуу нь хагарчихна уу даа гэлтэй уурлаж, харааж байснаа өөр аргагүй тул бууцгааж, байшингийн хаалгыг түлхүүрдэн орцгоолоо. – Филлипинүүд юм уу даа? Тэгээд яахаараа байшингаас монгол дуу сонсогддог билээ? хэмээн Гандөл ганцаараа ярьчихсан зогсов. – Хүн ирээд хаалга тогшсон.., гэж

хэлчих шахаад Ангир хэлээ хазлаа. Эйна шал худлаагаасаа охин хүү хоёрыг энхрийлэн тэврээд, – Чи юу хэлэх гээ вэ, Энжи? Ямар нэгэн юм болоо юу? гэж асуулаа. – Үгүй. Юу ч болоогүй. Бид хоёрыг энд нуугдаж бай гэсэн мөртлөө буцаад ирэхээр чинь л гайхаад.., хэмээн охин булзаарууллаа. – Та хоёрыг яаж байгаа бол гэж санаа зовоод л хүрээд ирлээ. Хөшгөө онгойлгоогүй биз? гэхэд нь, Ангир цочин, – Үгүй, онгойлгоогүй гэлээ. Эйна хөшиг онгойлгосныг харчихсан юм биш байгаа гэж айлаа. Тэр хөлийн чимээ холдоод чимээгүй болсны дараа хөшгөө ч, салхивчаа ч бушуухан хааж, айподоо дэлгэцээс салгаад, хуучин байсан янзаар видео тоглоомыг буцааж залгасан. Кермакийн

уур гараагүй, таг дуугүй байшингийн дотуур тойрон алхаж, цонхнууд болоод, арын жижиг хаалгыг шалгалаа. Хэн нэгэнд мэдэгдвэл хайртай хүмүүс нь шоронд орно гэх айдсыг охинд баттай суулгасан хэдий ч болгоомжлоход илүүдэхгүй гэж муу санаалсан нь энэ. Зочны өрөөний хоёр, унтлагын өрөөний нэг гээд гурван цонх нь гурвуулаа гаднаа хулгайчаас хамгаалсан тортой нь түүний санаанд яв цав нийцсэн учраас л энэ байшинг сонгосон. Түлхүүргүй бол хоёр хаалга дотроосоо онгойхгүй, цонх тортой тул хэн ч гарч чадахгүй, нэг ёсондоо хүүхдүүд хорионд орчихсон суугаа гэсэн үг. Хаширлаад гурван цонхыг нээдэг

бариулуудыг мулталж авсан. Харин унтлагын өрөөний салхивчны бариулыг эвдэхгүйгээр автагдахгүй хийцтэй тул үлдээсэн. Түүгээр хоёр жаахан хүүхэд гаръя гэхэд нуруу хүрэхгүй, тэгээд ч тортой. Байшинг гурван сараар түрээслээд мөнгийг нь урьдчилаад төлчихсөн. Хоёр долоо хоногийн дотор амжуулаад наймаагаа хийчихэж дөнгөнө гэж бардам төлөвлөчихөөд байгаа хэдий ч, түрээслэгч заавал гурван сараас дээш хугацаагаар байшингаа түрээслэнэ гээд хөдлөөгүй. – Халуун хоол ид, хоёр сахиусан тэнгэр минь! гэж Эйна хэлээд шарсан

мах гаргахад, эгч дүү хоёр амтархан бумбалзууллаа. Эхлээд тоглоомонд, дараа нь хөгжимд сатаараад оройн хоолоо мартчихсан байсан нь энэ. Кермак Эйна хоёр ингэж өгөөмөр загнаад байгаа нь учиртай. Оройн 19 цагаас хойш дэлгүүрийн хагас боловсруулсан хүнсний зүйлс 50 хувь хямдардаг. Хөргөгчинд хийж бэлдсэн бүх хүнс ийм замаар цугларсан. Филиппин эр эм хоёр байшин луу ороод хориод минут болоод гарч ирэхэд Гандөл харанхуйгаас ажсаар л байлаа. Залуу нь кинонд гардаг гэмт хэрэгтэн шиг хүйтэн төрхтэй этгээд болохыг харж эвгүйцлээ. Гэртээ ирж байгаа хүмүүс биш болох

нь яагаад ч юм мэдрэгдлээ. Гэрийн эзэд бол байшиндаа хонох ёстой байлтай. Бас байшин луу орохдоо эмэгтэй нь дэлгүүрийн нэрийн хоол барьсан байсныг ажсан. Тэгэхээр энд амьдардаг хүмүүст хоол авчирч өгөөд буцаж байгаа гэмээр. Монгол залуу ийнхүү гайхаж алмайрсан асуултуудыг өөртөө тавин, байшин луу ширтсээр л байлаа. Залуу нь байшинг тойрон цонх хаалгыг шалган хараад байгаа нь нэг л сэжигтэй. Тэр гараажийн хаалгыг онгойлгодог алсын удирдлагат чипээ гарган тулгаж байгаад кнопыг нь дарж үзсэнээ амандаа хараал урсгаад, машиндаа суун хот луу явах замаар орон арилж өгөв. Ахлах

мөрдөгч Берта Мэйсон гадаад харилцааны хэлтэс лүү орж, ахиад л сураглалаа. Монгол руу илгээсэн албан и-мэйлүүдэд хариу ирэхгүй удаад байгаа нь гайхаад баршгүй. Тэр буцаж өрөө лүүгээ орж ирснээ Фридли Эриксоныг байцаая, шууд л тулгаад асуучихъя гэж шийдлээ. Учир нь Эвелин Эриксон өөрийн хотдоо ч гэмт хэргийн ертөнцийнхөнтэй холбоо тогтоохыг оролдож, базаахгүй дүүрэгт ахин дахин очиж, сэжиг бүхий хүмүүстэй гурав дөрвөн удаа уулзсан болохыг тогтоосон. Зэргэлдээ хотод очихдоо Солир Жэк гэгч, хар тамхины наймаа эрхэлдэг гэж сэжиглэгддэг, өмнө хоёр удаа шоронд

сууж байсан, буруу гарын этгээдтэй уулзалт хийснийг тогтоосон. Солир Жэкээр дамжуулж хоёр өргөмөл хүүхдийг зарж, хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн, Жэкийг бас мөрдөж эхлээд байгаа. Ийм баримтууд гарч ирсэн хэдий ч Эвелин Эриксон юу ч ярихгүй, өөрийгөө суллахыг шаардсаар байгаа. Фридлиг байцаалтын өрөөнд оруулж ирээд, видео бичлэг үзүүлж эхлэв. Аквариумд тэр ганцаар явж байснаа, яст мэлхий сонирхоод ухаангүй болчихсон эгч дүү хоёр луу очоод, дэргэд нь сууж байгаа нь, видео камерт юу болох нь сайн харагдахгүй ч хоёр хүүхдийн цүнх лүү нэг

зүйл хийчихэж байгаа нь дурайтал харагдах нь мэлзэхийн эцэсгүй. Фридлигийн царай хувьсхийгээд, хөлс нь асгарлаа. – Та чухам ямар зорилгоор юу хийснээ үнэнээр нь өчихгүй юм уу? Бид хоёр хүүхдийг хэн болохыг тогтоосон. Маргааш өглөө манай офицер мэдүүлэг авна. Бас нэг зүйл. Аквариумд бичлэг хийхийг хориглосон байдаг ч утсаараа нууцаар бичлэг хийгээд инстаграмд байршуулдаг нэгэн залууг бид олж, бичлэгүүдийг нь хураасан. Хоёр өргөмөл хүүхдийг алга болох өдөр түүний хийсэн бичлэгийг та хар даа! гэж Берта хэлээд ахин бичлэг эхлүүллээ. Фридли, Жеффри хоёр камерт ордоггүй гэж тооцоолсон буландаа уулзаж зогсоо нь, цаана харагдах ханын цагтай

хамт тод харагдах аж. – Цагийг хар даа. Хоёр хүүхдийг алга болохоос арван найман минутын өмнө өөрийн цэргийн найз Жеффритэй та уулзсан байна гэж мөрдөгчийг хэлэхэд Фридли урт гэгч шүүрс алдлаа. Тэр асгарах хөлсөө шудраад, – Би бүх үнэнээ хэлье, гээд ярьж эхэллээ. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *