Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “13-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “13-р хэсэг”

0 секунд уншина
0
0
584

Харь улсад ажиллаж амьдраад сунайсан есөн жилийг элээсэн Гандөл гэх монгол залуу холын тээврээс үүрээр ирээд, бараг л арван хэдэн цаг тухлан нойрсоод, үдэш болсон хойно сэрэв. Хүмүүс үдэш унтаад

үүрээр сэрдэг байтал би эсрэгээрээ гэж бодохоос гуниг ч төрөх шиг. Тэр цонхоо дэлгэлээ. Яг л Зүүн салааны эцэст аж төрдөг ээжийндээ ирсэн мэт ойн сэнгэнэсэн агаар анхилдаг болохоор л залуу энэ хотхоныг

сонгож байшин түрээсэлсэн. Тэгээд ч ганцаараа суудаг, ихэвчлэн хүнд даацын тэрэгний жолоо бариад тээвэрт явж байдаг түүнд яв цав тохирсон хямд түрээстэй, авсаархан байшингуудтай. …Бүүвэйн

сайхан дуугаараа Бүх дэлхийг уяраасан Чин ариун сэтгэлтэй Сүүн далай ээжий минь… хэмээх дуу зэргэлдээ байшингаас эгшиглэж буйг дуулаад сортосхийн өөрийн эрхгүй чих тавин сонсож, нулимс нь

аньсгандаа дүүрээд ирлээ. Гандөл хижээл настай ээжийгээ, хэдэн дүүгээ л хүний зэрэгтэй амьдаруулахыг зорьсондоо харь улсад гансарч суугаа нэгэн. Энэ дууг яалт ч үгүй түүнд зориуллаа гэлтэй. – Энд

яахаараа сүүн далай ээжийн тухай монгол сайхан дуу минь уянгалдаг билээ гэхээс мэл алмайран чагнасаар л, Монголын тэнүүн уудам талдаа ижийдээ оччих шиг уясаад орчноос тасрав. Энэ дууг Ангир ЮүТүбээс олоод айподдоо татаж авсан. Хоёулахнаа үлдээд дураараа тоглож уйдсан хоёр хүүхэд айподоо дэлгэцэнд холбоод дууг чанга дээр тавин сонсож буй нь энэ. Чанга чимээ битгий гаргаарай, салхивчаа нээж болохгүй шүү гэж Эйна захьсаныг Ангир умартан суугаа нь энэ. Яагаад гэвэл Аззаяа гэх сурагч охины дуулсан энэ дуунд тэр дуртай.

Монголд байхдаа зүгээр л хүүхдүүдийн шүтэж биширдэг мундаг охины дуулсан дуу гэдгийг бодож сонсдог байсан. Харин харь хол хүний нутагт ирсэн хойноо дууны үгийн утгыг ухаарч, ижийгээ санан нулимсаа мэлмэрүүлэн байж, зүрх сэтгэлээрээ сонсдог болсон. …Одон гаригт мөртэй Оюун суу ээжий минь Цэлгэр тунгалаг царайгаараа Цэлмэг тэнгэрт мэлтийж байна… гэх бадаг дээр Ангирын нүдэнд ижий нь харагдаад, Чингэлтэйн уулсын оройгоор цэлийн байдаг эх нутгийн цэлмэг хөх тэнгэр нь алсрах шиг оргиод самсаа шархирлаа.

Фридлигийн бэлэглэсэн энэ айподыг Эвелин “Энийг сонсохоороо Энжи, Бонни хоёрын сэтгэл санаа дэнсэлчих юм” гэж уурлаад, бараг л хураачих дөхсөн. Охин өгөхгүй гээд элгэндээ тэврэн нам дараад хэвтчихсэн, Фридли ааштай авгайгаа тайвшруулж ятгасан тулдаа л айпод түүнд үлдсэн. Дуу өндөрлөж, ээж нь сонсохоороо мэлмэрүүлчихдэг нэгэн яруу эгшиглэн хадлаа. Энэ бол “Нарийн сайхан хээр” хэмээх уртын дуу. Авьяаслаг монголчууд тэмцээний шилдэг оролцогч дуулсан болохоор л ээж минь уярдаг байх гэж охин бодож явсан нь эндүүрэл байсныг бас энд ирээд л мэдсэн. …Нарийн

сайхан хээрийгээ Аргамжин сойж унаарай Настай буурал ээжтэйгээ Намрынхаа сардаа золгоорой… гэх үгийг нь бодох тусам аргамаг омголон хээр морио сойж унаад, ижий лүүгээ яаран галигуулж, тал сайхан нутгийнх нь салхи хацар илбэх шиг, хээр морины давхилд бие сэтгэл сугсалзах шиг, хүлгийн хөлсний үнэр ээжийн сүүний үнэртэй холилдон анхилах шиг болдог. Энэ хоногуудад дөнгөж долоон насны төрсөн өдөр нь тохиож буй жаахан охин ийм нарийн ширийн зүйлсийг ойлгож мэдэрдэг болчихсон нь тэнгэрлиг. Уртын сайхан

дууныхаа уран нугалаа уужим шуранхайд Гандөл сэтгэл алдраад, нулимс нь сад тавин асгарлаа. Тэр яаж хүрсэн юм бүү мэд хөрш байшингийн үүдэнд ирчихсэн зогсож байна. Нутаг нэгтнүүд минь байшинг хөлсөлсөн болж таарлаа, танилцаад хамтдаа сууж уяръя, уйлъя гэж сэтгэл догдлоод, хаалганы хонхонд хүүхдийн зулайд хүрч буй мэт аяархан хүрлээ. Сэжигтэн Эвелин Эриксон, түүний хамсаатан байж магадгүй Фридли Эриксон нарыг баривчлах зөвшөөрөлд прокурор гарын үсэг зурснаар тэднийг авчирч, тусгаарлах камерт

хорилоо. Гэмт хэрэгт сэжигтнээр татан баривчилж буйг дуулгахад өргөмөл эхийн царай хувьсхийж, хамаг бие нь салгалаад явчихыг ажсан ахлах мөрдөгч Мэйсон яалт ч үгүй гэм буруутай бололтой гэж итгэв. Хөршүүд нь хоёр хүүхдийнхээ өрөөний цонхыг шорон шиг торлож, эргэн тойрондоо битүү камер тавьж байсан тухай мэдүүлэг өгсөн. Хамгаалалтын хэрэгсэл суурилуулах үйлчилгээ үзүүлдэг газрынхан ч гэрт нь тийм зүйлс суурилуулсан гэдгийг баталсан. Хамгийн ноцтой нь хоёр өргөмөл хүүхдийн эгч нь зодуулснаас нүд нь хөхөрсөн байдалтай гэрээсээ оргоод, дэлгүүрийн ойролцоох ойд

нуугдсан байсныг эцэг эхэд нь хэлж өгч байсан гэж супермаркетийн менежер негр бүсгүй мэдүүлсэн байлаа. Эхний байцаалтад Эвелин өмгөөлөгчөө байлцуулан асар их уур бугшилтайгаар, – Надад ямар ч гэм буруу байхгүй. Намайг ор үндэслэлгүй гэмт хэрэгт сэжиглэж буйг би эсэргүүцэж байна! гэж хэлээд ямар нэгэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Харин Фридли чухам яагаад Монгол руу ойрхон хугацаанд аялсан, ямар зорилгоор монгол хүүхдүүдийг өргөж авсныг үнэнээр нь мэдүүлээд, бизнесийн ашиг сонирхлын үүднээс хүүхэд үрчилж авах чинь хүнлэг бус гэж эхнэртээ хэлж

байснаа ярьж эхэлсэн нь нааштай. Гэвч, – Та хүүхдүүдийг оргож алга болсон мэт харагдуулж, хэрэг дээрээ хаа нэг тийш тээвэрлэсэн хэрэгт оролцсон уу? гэдэг асуултад илт хувьсхийсэн ч, – Үгүй. Би тийм зүйлд оролцоогүй гэж мэдүүлэв. Энэ үг нь худлаа байх магадлалтай гэдгийг нилээд олон жил мөрдөгчийн ажил хийж буй Берта хэдий нь ажиглаад, өмнөөс нь нэвт шувт ширтлээ. Фридли өөрийн эрхгүй дальдирч, хана луу ширтээд таг суучихлаа. Хоёр хүүхэд оргочихлоо гэх үгийг утсаар сонссон Жеффри нагац эгчийнх лүүгээ яаран давхисаар хүрч ирэхэд үүр цайж байлаа. Оливия сандарч мэгдээд юу ч

хийхээс буцахгүй болчихоод, зээ дүүгээ угтлаа. – Ойр хавиар эрж сураглаад ямар ч нэмэр алга. Бушуухан цагдаад мэдэгдэх үү, хоёулаа? хэмээн тэр уйлан дуугарахад, Жеффри хиртхийв. – Та галзуурав уу? Цагдаад бид хулгайлж авчирсан хоёр хүүхдээ алдчихлаа гэж хэлэх болж байна уу? Та бид хоёр хүүхэд хулгайлсан гэмт хэрэгтнүүд болж хэдэн жилээр таслагдана шүү дээ! хэмээн тэр хашгирлаа. – Шоронд суусан ч яадаг юм. Хүүхдүүдээ л олж байвал! гэж Оливия хэлсэн биш Жеффригийн царай цэл хөхрөөд, бачимдан таг болов. – Ирж явахдаа би таныг чухам яг ингэж хэлнэ гэж мэдээд байсан юм! Та ч яахав ганцаараа хүн, татлаа түлхээ байхгүй. Харин би эхнэр хүүхэдтэй хүн.

Мишель минь, хоёр хөөрхөн охин минь намайг шоронд орчихоор яах бол? Үүнд та өчүүхэн ч болов санаа зовохгүй байна уу? гэж орилоход, нагац эгч шүүрс алдлаа. Нар хэдийнэ мандаж өглөө болоод, Аделита нулимсаа дуслуулсаар орж ирлээ. – Ойр хавиар ахиад хайлаа, алга. Есөн цаг болж ажил эхлэхээр зоопарк луу очъё. Тэндхийн хоёр морь Энжи, Бонни хоёрыг харахаараа таньж байгаа юм шиг үүрсээд байдаг. Охин ч морьдын хошууг илбэж, талх алим өгөөд л нулимс нь гараад л зогсдог юм. Энжи тэнд л оччихсон байгаа гэж бүсгүй хэлээд нулимсаа ахин арчих нь чин сэтгэлээсээ хоёр хүүхдийн төлөө энэлж буй гэдэг нь

илэрхий. Нээрээ л Ангир, Бондоолой хоёр тэр хоёр морийг харахаараа садан төрлөө юм шиг л уясдаг байсан. Морьд ч үүрсээд л хачин өөр болчихдог. Амьтны хүрээлэнгийн ажилтан гайхаж байснаа, монголын эртний баатрууд хүлэг морьдтойгоо амин холбоотой гэж би уншиж байсан, үнэн юм гэж хэлсэн удаатай. Оливия нээрээ л хүүхдүүдээ тэндээс олчих юм биш байгаа гэж горьдсон харцаар Аделита луу ширтэх нь өрөвдмөөр. Жеффри Энжигийн бичиж үлдээсэн зурвасыг эргүүлж тойруулж байснаа сэжигтэй нүдтэй болоод, – Энжи бичиж сураагүй биз дээ? Хулгайлсан хүн нь санаатайгаар хүүхдийн хэвээр бичиг үлдээсэн юм биш үү? гэж асуулаа. Оливия багшаараа ийм үгс

бичихийг заалгасныг хэлснээр, дүүгийн таамаг замхарлаа. Нагац зээ хоёр ацан шалаа гэгчид унах нь энэ. Хүүхдүүдийг олъё гээд цагдаад хандах гэхээр өөрсдөө гэмт хэрэгтэн болчих гээд. Цагдаад хэлэхгүй байя гэхээр хүүхдүүд нь хэцүү. Гаднаас Эйна орж ирээд мөн л нулимсаа арчлаа. – Хором ч цурамхийлгүй шөнөжингөө гудамж, цэцэрлэгүүдээр явж сахиусан тэнгэр шиг хоёр дэгдээхэйгээ хайлаа. Хаа ч алга. Одоо яана аа, Оливия..? гээд түүнийг уйлахад, Оливия, Аделита

хоёр түүн лүү очиж, гурвуул биенээ тэврэн дуу дуугаа авалцан мэлмэрүүлцгээв. Салонд хамгийн олон жил ажиллаад, садан төрөл шиг нь, төрсөн охид шиг нь болчихсон учраас зөвхөн энэ хоёр бүсгүйд л итгэж, хоёр охины алга болсныг цагдаад хэлж болохгүй хэмээн учирлаад, хамтдаа хайж эхэлсэн нь энэ. Жеффри харин хэнд ч хэлж болохгүй нууцаа хөндлөнгийн хүмүүст цухалзуулсанд эвгүйцэж байлаа. Чухам яагаад цагдаад хэлж болохгүй байгаа юм бэ? гэж хүүхнүүд удахгүй асууж эхэлнэ гэж бодохоос хөмсгөө зангидлаа.

Оливия уйлж байснаа хөмсөг зангидаад, – Дүүрсэн хэрэг цагдаад мэдэгдье! гэж шийдэмгий хэлэхэд Жеффри агдасхийн цочиж, Эйна айсандаа царай нь цайчихлаа. Харин Аделита л, – Зөв! Өчигдөр оройноо л шууд хэлэх байсан юм! хэмээн дуу алдлаа. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *