Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “12-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “12-р хэсэг”

1 секунд уншина
0
2
555

Ахлах мөрдөгч Берта Мэйсон албан өрөөний хананд буй “Анжер”, Боргил гэх хоёр монгол хүүхдийн зургийг төв хэсэгт нь хадсан, мөрдөгчийн самбараа ширтэн удаан суулаа. Ийм самбар дээр гэмт

хэргийн сэжигтнүүд болон хохирогчийн байршил, газрын зураг, хөдөлгөөний маршрутыг цаг минутаар нь гарган бүдүүвчилсэн схем үүсгэдэг. Схемийг ширтэх тусам сэрхийсэн санаа их төрдөг.

Мөрдөгчийн самбар дээр хамгийн анхаарал татаж буй дүр бол Эвелин Эриксон хэмээгч. Түүний маршрутыг гаргатал “но” илэрсэн. Хоёр хүүхдийг алга болох үед зэргэлдээ хот луу явж, хөрөнгө оруулалтын

сангийн хүмүүстэй уулзалтууд хийсэн гэж мэдүүлэг өгсөн нь худлаа болж таарсан. Одоо мөрдөгчид Эвелинийг дагаж ажиглаж байгаа. Хоёр мөрдөгч өдөр тутмын тайлангаа тавихаар орж ирэхэд, Берта эрэн

сурвалжлах группээ уулзалтын ширээнд дуудлаа. Яах аргагүй өргөмөл эх сэжигтэй болохыг баталсан нотлох баримт, мэдүүлгүүд гарч ирсэн аж. Найз нь Эвелинийг өөрийн ганц хүүг ч төрүүлэхдээ маш дургүй

байсан. Хүү Уолиг нөхөр нь л өсгөж хүн болгосон. Тийм хүнийг Монголоос хоёр хүүхэд өргөж авсан гэхэд мэл гайхсан гэж мэдүүлсэн байлаа. Удаах мөрдөгч компанитай холбоотой ноцтой баримтууд цуглуулж ирснээ тайлагнаж эхлэв. Эвелин Эриксоны өмчилдөг компани хамгийн сүүлд авсан том захиалгынхаа хүчинд тав дахин томорсон. Захиалагч том компанийн эзэмшигч, ноён Бёрнс Монголын түүх сонирхдог, энэ улстай холбоотой юм бүхнийг таашаадаг хүн гэхийг сонсоод Берта дуу алдлаа. Бёрнсийн нарийн бичгээс мэдүүлэг

авахад хатагтай Эвелин Эриксон Монгол руу аялах дуртайгаа ярьж, Монголд авахуулсан гэрэл зургуудаа үзүүлсэн нь манай захирлыг шууд л татчихсан. Монгол хүүхдүүдийг үрчилж авсан гэхийг сонсоод ноён Бёрнс бүр солиорсон гэхэд болно гэж ярьсан байлаа. Төрсөн хүүгээ ч тээршээж ханддаг эмэгтэй ойрхон хугацаанд Монгол руу хоёр удаа аялж, сүүлд явахдаа хүүхэд үрчилж ирсэн нь ийм зорилготой байж магадгүй боллоо гэж мөрдөгч хэлэхэд Берта хөмсгөө зангидлаа. Яг энэ мөчид IT-гийн ажилтан залуу орж ирээд, – Уучлаарай яаралтай мэдээлэл. Эвелиний машины JPS төхөөрөмжийг шалгаж амжлаа.

Хүүхдүүд алга болж байх мөчид тэр зэргэлдээ хотын гэмт хэрэгтнүүдийн үүр болдог гэгддэг бичил дүүрэгт очиж, нэг цаг дөчин дөрвөн минут байгаад буцсан байна! гэхэд бүгд давхийн ахлах луугаа харцгаав. – Хүний наймаа үнэртээд явчихаж байгаа юм биш үү? хэмээн Бертагийн хамтрагч хижээл мөрдөн байцаагч дуу алдлаа. Ангир энэ улсад ирээд хамгийн их хайр энэрэлд умбаж, хамгийн аз жаргалтай байсан дулаахан гэрээс явах гэж байгаадаа асар их гутарлаа. Гэвч Оливия ээж, Жеффри хоёрыгоо шоронд оруулахгүйн

төлөө ийм алхам хийхээс өөр замгүй. Тэр хуудас цаас аваад, “Оливия би танд хайртай! Гэвч” гэж бичлээ. Ангир үсгээ ч бүрэн үзэж гүйцээгүй тул хамгаас хайртай шинэ ээждээ бичиж үлдээж чадах зүйл ердөө энэ л байлаа. Түүнээс биш тэр “Гэвч явахаас өөр аргагүй болчихлоо доо” гэж бичих гэсэн юм. Оливияд өөрийн гараар зурсан зургаа бэлэглэхдээ түүнд хайртай гэдгээ бичих гээд, гэрийн багшаасаа гуйж энэ үгүүдийг хэрхэн бичихийг заалгаж авсан. Харин “Гэвч” гэдэг үгийг хүүхэлдэйн киноноос нүдэлсэн. Хоёр үүргэвчиндээ хамгийн хэрэгтэй гэх хувцаснуудаа хийж үүрээд, Бондоолойгоо хөтлөөд, Оливия Жонс

хэмээх хүний хайлан болсон сайхан сэтгэлт ээжийнхээ гэрийн хаалгыг гунигтай хаалаа. Энэ өдөр Аделита ирж, хоол хийж өгөөд буцсан. Гэрийн багш үдийн хоолны өмнө яваад, үдээс хойш гурав хагасаас ирж давтлага хичээл ордог. Ангир үдийн хоолноос савлаж аваад Бондоолойгийн үүргэвчинд хийсэн байгаа. Өөрийнхөө үүргэвчинд жүүс, ус хийснээ дүүгээ цангалаа гэвэл өгнө гэж бодсон. Харин гарч ирсэн хойноо бидэнд чинь хүнс хэрэггүй шүү дээ, Эйна тосоод найзындаа аваачна гэсэн юм чинь гэж халаглалаа. Тэрний

оронд дэвтэр номоо хийсэн нь зөв байж. Ангир ойр орчноо харлаа. Хөршүүд бүгд ажилдаа явчихдаг тул гудамж эл хуль. Дүүгээ хөтлөн Эйнагийн зааж өгсөн замаар алхлаа. Яг түүгээр явбал камерт өртөхгүй өнгөрөх юм байна гээд түүнд замыг нь маш сайн зааж, салхилж байхдаа хамт явж сургууль хийсэн. Аймшгийн ам луу өөрөө өөрийгөө оруулах гээд явж байгаа гэдгээ өчүүхэн сэжиглээгүй хоёр бяцхан дэгдээхэй хөтлөлцөн алхсаар хоёр гудамжны цаана хүлээх том хар машин луу очлоо. Дугаарыг харвал цээжлүүлсэн үсэг тоонууд яг мөн аж. Хуучивтар машины арын хаалга нээгдэн Эйна харагдаж, – Хоёр

минь суу. Бушуухан хөдөлцгөөе! гэлээ. Эйна найз залуу минь гээд Кермакийг танилцуулсан нь Ангирт таалагдсангүй. Цэв хүйтэн гарыг нь барихдаа цочоод, цаанаа л хүйтэн оргиод явчих нь энэ. Залуу аль болохоор хөгжилтэй инээж наргих гээд байх нь нэг л хачин. Уул нь бол аргагүйн эрхэнд гэрээ орхиж байгаа хүүхдүүдийг өрөвдөх ёстой байлтай. Хөөрхий монгол охин энэ аймшгийн улсад ирснээр айхтар хэрсүү, муу санаатай болсоор л байгаагаа өөрөө ч мэдэхгүй дотроо ийн бодож гайхаж явав. Тэд хотын захын цоо шинээр баригдсан

хорооллын дундах хүүхдийн тоглоом шиг харагдах жижигхэн цайвар шаргал байшингууд шавааралдсан хотхонд ирлээ. Ойн захад налуу энгэрт байрлалтай болохоор агаар нь сэнгэнээд Чингэлтэй уулын орой өөд ээжтэйгээ хааяа алхаж гишүү цуглуулдаг нь санаанд орж, ижийгээ гэнэт саначихлаа. Энэ сайхан агаарт гадаа тоглохсон гэж бодож амжтал гараажийн хаалгыг алсын удирдлагаар онгойлгон ороод, хаалга буцаж бүрэн хаагдсаны дараа машинаасаа сая гарцгаав. – Та хоёр цагдаагаас нуугдаж байгаа учраас хэнд ч харагдаж болохгүй! гэж Эйна хэллээ. Гараажаас дамжин байшин луу орцгооход зочны,

унтлагын гэсэн ердөө хоёрхон өрөөтэй энэ улсад ийм жижиг байшин байдаг юм уу гэж гайхахаар авсаархан болохыг мэдлээ. Байшингууд хэт ойрхон шавааралдсан ч, хоорондоо битүү мод буттай нь юу ч харагдуулахгүй, харин өмнө тийш харсан том цонхоор алсад хотын төвийн өндөр барилгууд, гол дээгүүр сунайх нилээн том ган гүүр харагдах аж. Тэр цонхны хөшгийг Кермак бушуухан хаачихав. Бондоолойгийн нүд шууд л РС тоглоом дээр наалдлаа. – Таалагдаж байна уу? Та хоёрт хэрэгтэй бүх зүйл энд бий гэж Кермак хэлээд ахиад юунд гэдэг нь бүү мэд маасайн инээлээ. Ингээд эгч дүүс моддын дундах жижигхэн цайвар шаргал байшинд хоёулахнаа үлдлээ.

Байшингаасаа гарч болохгүй. Хүн ирээд хонх дарвал дуу чимээ гаргаж болохгүй. Бусад бүх зүйл чөлөөтэй. Телевиз үзэж, ваннтай усанд шумбаж, хөргөгчинд чихсэн шарсан мах, тахиа, пиццаг хүссэн хэмжээгээрээ халааж идэж болно. Богино долгионы зууханд хэрхэн хоол халаахыг Эйна зааж өгсөн. Кермак хуучин эд зүйлс зардаг захын зэрэгцээ гудамжинд камерийн хяналтгүй хэсэгт машинаа зогсооход Эйна гарч, зах луу нарийн гудамжаар нэвтрээд, хуучин пянз худалдаж аваад, төв хаалгаар гарч ирэхдээ албаар үүд орчимд байх юмсыг сонирхож байгаа болон камерт дүрсээ тод томруунаар бичүүллээ. Тэр

салоны босс Оливиягаас чөлөө авч гарангуутаа зах луу орж буйгаар дүрсээ үлдээсэн, одоо цагийн дараа “гарч ирсэн” нотолгоогоо үлдээж буй нь энэ. Зах үүдэндээ л камертай гэдгийг мэддэг Кермак энэ залийг сэдсэн. Эхэндээ эвгүй оргиод Ангир, Бондоолой хоёул таг чиг хэсэг сууцгаалаа. Бондоолой тэсгэлгүй видео тоглоомыг асаагаад байлдаж эхлэхэд, Ангир ч дагалаа. Уйдахаа ч мэдэлгүй тоглосоор өрөөнд

бүрэнхий болсныг сая мэдэж, пицца халааж идэж, канистр дүүрэн жүүснээс ханатлаа уулаа. – Оливия өдийд гэртээ ирээд, бид хоёрын явсныг мэдээд яаж гуньж байгаа бол? гэж бодохоос Ангир барайчихав. Тэгтэл Бондоолой эгчийгээ усан буугаар гэнэт шүршчихээд хоржоонтой хөхрөн унтлагын өрөө лүү зугтаалаа. Ангир өөрийн

“зэвсгээ” шүүрч аваад араас нь шуртхийв. Бондоолой орны ард хориглолтод ороод, байдгаараа хашгиран усан сумаар галлалаа. Эгч дүү хоёрын жаргалтай дуу жижигхэн байшинг нураачих шахан хадаж эхлэх нь энэ. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *