
Би бушуухан Оливия Жонсын салоноос гаръя, ийм зүйл хийх гэж байж нүүрийг нь хараад, дэргэд нь байж яагаад ч чадахгүй гэж Эйна хэлээд Кермакийг дүрсхийтэл уурлууллаа. – Чи тэнд ажиллаж байж
гэмээ нь л бид хүүхдүүдийг сэмхэн оргуулж чадна гэсэн биш Эйна хиртхийж, ухаангүй айсан харцтай болчихлоо. – Би ийм сахиусан тэнгэр шиг алаг үрсийг хулгайлах гэж үү? гэж тэр асуугаад, царай нь
барайчихлаа. Зөвхөн мэдээллийг хэлж өгөөд л гартаа барих бүү хэл тоог нь ч сонсож байгаагүй их мөнгөтэй болно горьдсон нь үгүй аж. – Бид гардаж гүйцэтгэж байж л мөрөөдлөө биелүүлж чадна. Тэдэнд
мэдээллээ худалдлаа гээд ердөө л өрөө төлнө. Цаана нь юу ч үгүй хоцорно. Харин бид өөрсдөө хийвэл өрнөөс салаад зогсохгүй сайн дүүрэгт гурван унтлагын өрөөтэй хаустай, сайхан машин унасан
хүмүүс болж хувирна. Бид хоёр шал өөр зиндаанд очно. Ийм боломж ахиж олдохгүй! гэж найз залуу нь хэлэв. Үүр шөнийн заагаар Эйна хар дарж сэрлээ. Гэнэн цагаахан, өхөөрдөм хоёр дэгдээхэйг өөрийн гар

биеэр хулгайлна гэдэг түүний санаанд яагаад ч багтахгүй аймшигт хэрэг санагдаад, нойр хулжиж байснаа хэсэгхэн унтаад ийнхүү буцаж сэрсэн нь энэ. Тэр хар хөлс чийхарсан духаа дарж үзээд, найз залуу луугаа харлаа. Цаадах нь интернэт ухаж, хэрэгтэй мэдээлэл цуглуулж, тамхи баагиулан сууж харагдана. Кермак асар их ашиг олох ажил хэргээ бодож, шөнө цурам хийлгүй төлөвлөгөө боловсруулж хоносон байлаа. Эйнагийн айж түгшээд байгааг ч, хар дарж сэрэхийг нь ч ажиглаж, бодол болон суусаар л байлаа. Удахгүй зиндаа дээшилж
магадгүй байгаа эсгүүрчин хүүхэн, – Чиний толгой компьютер шиг ажилладаг шүү дээ. Өөр арга бодож олооч дээ. Би буу тулгасан ч хүүхдүүдийг хулгайлж чадахгүй юм байна гэж хэллээ. – Чи тэднийг хулгайлахгүй. Зүгээр л эрхлүүлнэ. Ярьж хөөрч ятгаж сэнхрүүлнэ. Тэд өөрсдөө оргохыг хүсч, чамаас тусламж гуйна гэж гараараа дүүрэн шивээстэй буруу гарын эр амныхаа хажуугаар сийгүүлэхэд бүсгүй мэл гайхаж, тайвширлаа. Найз залуу нь юу хийхийг тайлбарлаж эхлэх нь гэмт хэрэгтэн төрхтэй. Цэргийн хоёр анд хүн сэлүүхэн байдаг нэгэн
лонжийг сонгоод, наргиж шар айрагдаж байгаа дүр эсгэн суув. Цаашид яахаа хэлэлцэж байгаа нь тэр. Энжи, Бонни хоёрт бичиг баримт гаргахад шаардагдах нилээд хэмжээний бэлэн мөнгийг Фридли яаж ийж байгаад Эвелинээс зувчуулж дөнгөсөн ч тэр нь хаанаа ч хүрэхгүй болж таараад шаналж суугаа нь энэ. Энжелла, Бонни гэдэг хоёр хүүхэд энэ улсын аль нэг өнцөг буланд төрсөн болгож тэндхийн бүртгэлд суулгах, дараа нь хаа нэгтэй хэн нэгэнтэй амьдарсан, тэр хэн нэгэн нь нас бараад, эцэст нь Оливия Жонс хатагтайн өргөмөл хүүхдүүд болсон гээд үнэмшилтэй түүх хөдлөшгүй бүртгэл бий болгох хэрэгтэй. Үүнд нь санаанд багтамгүй их мөнгө
шаардагдах болж таарсан нь шаналантай. Үүнийг ийм төрлийн хууль бус бизнесээр мэргэшсэн мистер Браун гэх, Жеффригийн танилын олж өгсөн этгээд ярьсан байлаа. Бас болоогүй, ажлыг яв цав гүйцэтгэхэд энүүхэнд сарын хугацаа шаардана гэсэн. Хоёр хөөрхий хүүхдийг шуламын амнаас зайлуулахын төлөө уулыг нураасан ч чадна бодолтой байсан хоёр анд яахаа мэдэхгүй шаналцгаав. – Баг өмсөөд Эвелинийг дээрэмдэлтэй биш дээ. Тэгээд ч муу санаатай амьтан үнэт эдлэлээ банкны сейфэнд хадгалдаг гээд Фридли шүүрс алдлаа. – Энэ жилдээ Энжиг сургуулиас нь гаргая. Нагац эгч гэрээрээ хичээл заана
биз гэж Жеффри хэллээ. Энэ мөчид хэргээр Фридлиг зарсхийлгэх гэсэн мэт тейкний арын том телевизээр Анжир Эриксон, Боргил Эриксон гэх долоотой, тавтай хоёр хүүхэд алга болсон тухай орон нутгийн сувгийн мэдээ явж эхлэв. Ангир гэдгийн “гэ” авиаг “жи”-гээр солиод, Бондоолойн Боргил гэх албан ёсны нэрийг нь хэрэглэсэн нь танихгүй хүмүүсийн тухай яриад байна уу гэхээр. Хоёр хөөрхөн хүүхдийнх нь өхөөрдөм зураг дэлгэц дүүрэн харагдахад, Фридли эгцэлж харж чадалгүй өөрийн эрхгүй далдирлаа. – Орон даяар цацагддаг сувгаар ийм мэдээ явуулахгүй нь яамай даа гэж тослог хүрэн царайт андыгаа
шивнэхэд, – Бусад хотууд луу зургийг тараасан байгаа. Нэг мэдтэл нагац эгчийнх лүү чинь цагдаа нар яваад очих вий дээ? гэж Фридли шаналлаа. – Улс даяар өдөрт хичнээн хүүхэд алга болдгийг чи мэдэх үү? Энжи, Бонни хоёрын зургийг цагдаагийн сүлжээнд орон даяар тарааж байгаа хэдий ч, ойшоож харах завтай мөрдөгч нэг ч байхгүй. Зургууд нь зүгээр л архивт хав дарагдсан гэж мэд! хэмээн Жеффри хулчгар андаа тайвшрууллаа. Оливия хичээлийн эрхлэгч найз эмэгтэй лүүгээ очиж нүүрээ улалзуулах хэрэг гарсан нь хэцүү. Энжеллаг шахуу хөтөлбөрөөр ганцаарчилж хичээллүүлж, хэлний чадварыг нь сайжруулах хэрэгтэй байгаа. Ингэхийн тулд улсын сургуулийн
экстернат ангид бүртгүүлж, гэрийн багштай сургахаар болсон тухай баахан худлаа үгс дуржигнуулж суулаа. Эрхлэгч найз нь харин, – Яах аргагүй зөв сургалт сонгожээ. Өөр хэлээр ярьж өссөн хүүхдэд багаас нь ингэж анхаарч байгаа чинь их сайн гэж дуу алдсан нь аштай. Охиныг сургуулиас гаргах хэцүү хэрэг ингэж амар бүтсэнд урт амьсгаа авлаа. Ингээд шинэ ээжийгээ ажилдаа явахад Ангир, Бондоолой хоёр гэртээ үлддэг болов. Салоны арын давчуу өрөөнд өдөржин суух нь хоёр хүүхдийн эрүүл ахуйд яавч таарахгүй гэж үзсэнээс энэ. Үдээс өмнө гэрийн багш ирж хичээл заана. Өдөр Оливия, Эйна, Аделита гурав ээлжлэн очиж, хоёр хүүхэддээ үдийн хоол хийж, нэг хоёр цаг салхинд
тоглуулдаг боллоо. Заримдаа Оливия хагас өдрийг хүүхдүүдэд зориулж, гадуур хооллож, зоопарк, хүүхэлдэйн жүжиг, кино үзнэ. Эйнагийн нүд гэрэлтчихсэн орж ирээд, – Хоёр хүүхэдтэй улам олон цаг хамт байх боломжтой боллоо. Намайг хоол сайн хийдэг болохоор Аделитаг биш намайг л голдуу Энжи, Бонни хоёр луу явуулж байгаа гэж бараг л хашгирлаа. – Энэ чинь л боломж байхгүй юу! Бурхан чи бид хоёрыг харж, ивээлдээ авч байгаа нь энэ! гэж дуу алдлаа. Бүсгүйн өнөөх их айдас оргүй болж, нүдэнд нь шуналын гэрэл асч эхэлсэн нь зэвүүтэй. – Хүүхдүүдийг ямар зорилгоор хулгайлдаг юм бэ? Хүүхдийн мөрөөсөл болсон баячуудад зардаг юм уу? гэж дэндүү тэнэг асуулт тавилаа. – Тийм гэж Кермак үгийг нь дагуулж Эйнагийн санааг
амраав. Хэрэг дээрээ бол шал өөр зорилгоор хүүхдүүдийг наймаалах гэж байгаа. Хоёрын хоёр хүүхдийн хос зүрх, элэг, дөрвөн бөөр, нүд, чөмөг гээд бүх зүйлийг нь үнэлж наймаа хийх гэж байгаагаа бодохоор их мөнгө нүдэнд нь харагдана. Кермак шилжүүлэн суулгах мэс засал хийдэг нууц эмнэлгүүдийг эрхтэнээр сэм хангадаг нууц сүлжээний чухал хүмүүстэй холбоо тогтоож чадсан. Сураггүй алга болчиход хэн ч хайхгүй, хараар ажиллаж буй цагаач нарын тухай дөрвөн удаа мэдээлэл дамжуулж боломжийн мөнгө ч хийж, итгэл ч олж авсан. Эхний хүнээ заасныхаа дараа Эйна шиг хар дарж шаналснаа одоо зүгээр болчихсон. Энэ гурвын нь нэг нь нутаг нэгтэн нь байсан. Эйнад энэ бизнесийнхээ тухай ярьж, юмыг яаж мэдэхэв чих тавьж бай гэсэн
нь ийнхүү хэргээ хийж магадгүй шинжтэй. Энэ удаа Кермак шүд ахиж, өөрөө хүн хулгайлан нийлүүлж, хорь дахин их мөнгө олох гээд байгаа нь энэ. Филиппин бүсгүй ажилдаа улам л сэтгэл тавьж, хоёр монгол хүүхдийнх нь төлөө амь тавин гүйдэг болсонд Оливия баярлана. Сүүлдээ Аделита, – Намайг яагаад Энжи, Бонни хоёр луу явуулахаа больчихов оо? Миний тэр хоёрыг яаж хайрладаг тухай ярих гэвэл Эйнагаас илүү гарна уу гэхээс.., хэмээн Аделита гомдол мэдүүлэх боллоо. Салоны босс, – Эйнагийн эсгүүрийн ажлыг би амжуулчихаж болдог, бас тэрний хийсэн хоолонд Бонни их дуртай шүү дээ гэж мексик бүсгүйг аргадна. Эйна ажлын таван өдрийн бараг л гуравт нь
хоёр хүүхэд лүү очдог болчихлоо. Бонниг тоглож байх хооронд, Энжиг зайдуу суулгаад, найз залуугийнхаа бодож олсон зангыг тавихаар, аминчлан ярилцдаг болсон нь өшөө хүрмээр. – Бонни та хоёрыг бичиг баримтгүй гэдэгт Оливия их санаа зовж байгаа. Хэрвээ Жеффри бүртгэл бүтээж чадахгүй удвал нэг л мэдэхэд цагдаа нар ирээд та хоёрыг барьж авч явна. Оливия ч, Жеффри ч, хоёулаа шоронд орно гэхийг сонсоод Ангир сэтгэл санаагаар унаж гүйцнэ. Өөрийнх нь төлөө, хөөрхөн дүүгийнх нь төлөө бүхнээ зориулахад бэлэн Оливия Жонс хэмээх сайхан сэтгэлт метис эмэгтэй, – Миний хоёр сахиусан
тэнгэр минь өнөөдөр юу сурав? Ямар сонинтой вэ? Эйна өдөр ямар хоол хийж өгсөн? Амттай байсан уу? гээд л түмэн асуултуудыг ар араас нь угсруулан дуржигнуулахад, Ангирын самсаа шархираад л явчихна. Нэг орой охины уйлчих шахаад байгааг ажсан Оливия хэд дараалан ийм үзэгдэл давтагдахыг хаж хиртхийлээ. – Хөөрхий охин ижийгээ л санаад байна. Бушуухан бичиг баримттай болгоод, Монгол руу явж ээжтэй нь уулзуулах юмсан хэмээн энэлнэ. Гэвч тэр болтол
зайтай. Тэгээд ч бичиг баримт олдох эсэх нь эргэлзээтэй болчихлоо гэж Жеффри хэлсэн хэмээн зүрхээ түг түг цохилохыг мэдрэн, шүүрс алдаж сууна. Эйна маргааш нь салхилж суухдаа, – Та хоёрын тухай хүмүүс их ярьж, элдвээр цуурхаж байгаа. Оливия хаанаасаа ийм хоёр хөөрхөн ази хүүхэдтэй болчихов гээд л гайхацгааж байна гэчихлээ. Ангирын цээж давчдаж, сайхан сэтгэлт эмэгтэй надаас болж балрах нь гэхээс газар доогуур орчихмоор санагдлаа. – Та хоёр Оливияг

шоронд оруулахгүй байя гэвэл сураггүй алга болох л хэрэгтэй. Тэгж байж л түүнийг аварна! гэж зальт хүүхэн хатгахад, гэнэхэн охин энэ бүхэнд нь шууд л итгээд, – Нээрээ л дүүгээ дагуулаад зугтъя. Хаа нэгтээ нуугдъя! гэж бодлоо. (үргэлжлэл бий)
DR MAXWELL..............
April 3, 2021 at 11:54 am
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.
Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.
Имэйл: birothhospital@gmail.com
Whats програмын дугаар: +33751490980
Хүндэтгэсэн
ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
DR MAXWELL