Home Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “10-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “10-р хэсэг”

0 second read
0
0
2,131

Оливиягийн салонд филиппин эсгүүрчин, мексик оёдолчин гээд хоёр гадаад гаралтай эмэгтэй ажиллана. Мексик бүсгүй Аделита эгч дүү хоёрт их сайн. Бондоолойг бүр амь шигээ хайрлана. Харин үндсэн

иргэд болох гурван оёдолчин нь дуусдаггүй ажлаа амжуулж, оёдол хэрээсний машинуудаа тачигнуулаад ихэвчлэн завгүй суудаг ч Бондоолой луу өхөөрдсөн харц илгээсээр л байдаг. Филиппин

эсгүүрчин Эйна Ми бас Аделитагаас дутахгүйг хичээнэ. Бондоолой түүний хийсэн хоолонд дуртай гэж нугасгүй. Тэр гахай, тахианы махыг арааны шүлс асгартал гоё шарна. Салоны ажилтнууд тоглоом

шоглоом хийж, – Эйнаг эсгүүрчнээр биш тогоочоор ажиллуулаач, захирал аа гээд л инээлдэнэ. Оливия хувцасны загвараа өөрөө зохион бүтээж, түүнд Эйна тусалдаг тул оффис болдог арын өрөө лүү тэр

бүсгүй бусдаасаа олон орж ирнэ. Үүгээр зогсохгүй ихэвчлэн хоол хийдэг тул өдөр тийшээ арын өрөөнөөс салахгүй. Тэр гахайны махыг нимгэн хэрчиж зогссоноо, – Танай Жеффри ийм хоёр хөөрхөн ази

хүүхдийг өргөж авсан тухай та яагаад надад яриагүй юм бэ? гэж хэрэгт дурлав. Оливия мэдэгдэхүйц сандарч, – Өнгөрсөн зун тэр хоёр Монгол руу аялсан тэгээд л.., гээд түгдэрч байна. Ангир адтай зангаараа яриан дундуур шууд л шунгалаа. Жеффригийн хэлж өгсөн муу санаалах тухай заавар толгойд сэрхийсэн хэрэг. – Жеффри аавыгаа би харангуутаа л гүйгээд очсон. Яг л аав минь ирж яваа юм шиг санагдаад, хүзүүнээс нь зүүгдчихсэн. Бонни дүүд минь ч бас тэгж санагдсан гэсэн гэж Ангир хэллээ. Оливия өлгөж аваад, – Жеффри,

Мишель хоёулаа энэ сахиусан тэнгэр шиг хоёр амьтныг тэгтлээ дотно хандахад нь тэсч чадаагүй гэнэ лээ. Самсаа нь шархирч нулимс нь цийлэлзээд, шууд л шийдвэрээ гаргачихсан зогссон гэсэн хэмээлээ. Сүүлийн өдрүүдэд Оливиягийн царай баргар байгаад Ангир санаа зовиноно. Бид хоёр түүнд тээр болоод байгаа юм биш байгаа? гэж хүртэл бодож айв. Харь улсад зовж шаналсаар хэтэрхий хэрсүү санаатай болчихсон учир ингэдэг нь аргагүй байлаа. Оливия Жеффри лүү утсаар байн байн ярина. Ихэнхдээ угаалгын өрөө лүү орж, нууцалж яриад байгаагаар зогсохгүй ихээхэн зовнисон шаналгаатай

дуу хоолой хаалганы завсраар сонсогдоод, хөөрхий охиныг бүр энэлүүлж гүйцлээ. Жеффри нэгэн амралтын өглөө хүрч ирэхэд Ангир аавыгаа ирсэн юм шиг дотно санагдаж, тэвэрч үнсэхэд нь элгэмсэн аавдаа юм шиг эрхэллээ. Бондоолой бүр гүйж ирээд тослог бор хүзүүнээс нь зүүгдчихлээ. Хоёул урьдчилж зааж өгсний дагуу хөндлөнгийн хүний дэргэд Жеффриг аав гэж дуудан ярилцахаа мартсангүй. – Та гурав минь ижилдэж дасч байна уу? гэж асуухад нь гал тогоонд зогссон Эйна сэртэсхийлээ. Жеффри ирэх гэж байгаагаа утсаар хэлсэн тул түүнийг ирж тахиа шарж өгөөч гэж гуйсан юм. –

Дасахаар барах уу даа. Төрсөн үрс минь ирсэн юм шиг л байцгаана гээд, сайхан сэтгэлтэй метис эзэгтэй Энжигээ энгэртээ наан тэвэрлээ. Гэр бүлийн дөрөв дээр Эйна нэмэгдээд тавуул ширээ тойрон сууж, аманд ороод шууд л ууссан тахианы шарсан махаар зоог барьцгаалаа. Түрүүнээс хойш тэсч ядаад байсан нагац эгч, зээ дүүгээ хөтлөн унтлагын өрөөндөө ороод өнөөх л санаа зовнисон өнгөөрөө аяархан ярьцгааж эхлэхэд охин хиртхийж барайлаа. – Хичээлийн эрхлэгч даваа гаригт Ангирын бичиг баримтыг заавал авчир гэсэн! Одоо тэгээд яах вэ? гэж Оливия дуу алдах нь тод дуулдлаа. Ангир санаа зовоод хагас онгорхой хаалга луу таг ширтсэн учир ширээн доогуур

Бондоолойн унагасан будааг шүүрдэж зогссоноо яриаг сонсон сэртэсхийж, царай нь хувьсхийж буй Эйнаг анзаарсангүй. Эсгүүрчин хүүхэн унтлагын өрөөний үүд лүү ойртож очлоо. Худлаа тэр хавийг шүүрдэж буй дүр үзүүлэн, нагац зээ хоёрын яриаг чагнаад байна гэдгийг охин ажих сөгөөгүй. – Одоо яана аа? Намайг бичиг баримтгүй гээд цагдаа нар хүрээд ирэх юм биш байгаа гээд санаа зовчихсон зогсов. Сүүлийн үед Оливия яагаад түгшээд, шаналаад байсны учрыг одоо л мэдэх нь энэ. Бичиг баримт яагаад ч бүтэхгүй байгаа тухай шивнээг охин сонссонгүй, харин Эйна чагнаж амжив. Өргөмөл хүүхдүүд нь алга болоод арван дөрөв хоног өнгөрсөн тул Эвелин,

Фридли хоёр цагдаад хандахаас өөр арга байсангүй. Нийгмийн ажилтан ирж, Энжи Бонни хоёртой ярилцлага хийх хугацаа ч юу юугүй дөхсөн учраас л аргагүйн эрхэнд ийм алхам хийсэн нь зэвүүн. – Яагаад тэр дор нь мэдэгдээгүй юм бэ? гэж цагдаагийн офицер Берта Мэйсон хэмээх бүсгүй сэжигтэй харцаар нэвт цоргиход, Эвелин түгдэрлээ. – Үнэндээ бид айсан. Өргөж авсан хүүхдүүддээ анхаарал халамж тавиагүй учраас л оргож явсан байна гэж ойлгож, биднийг буруутгана гэж л бодсон. Хоёр хөөрхөн хүүхэд минь хаа яваа бол оо? Арай хүний наймаачид хулгайлчихсан юм биш байгаа..? гээд шулам шиг хүүхэн нулимсаа арчин эхэр татууллаа. Түүний нулимс үнэнээсээ

урсаж буй нь эгч дүү хоёрын төлөө биш, зөвхөн өөрийгөө хэрэгт татагдах вий гэдгээс айсандаа л урсгаж буй шорвог ус байлаа. Цагдаагийн ажилтнууд Эвелиний хүйт даасан асар том саарал байшинд үзлэг хийлээ. Хүүхдийн өрөөний цонхонд хадсан төмөр тор, эргэн тойрон шигүү байрлуулсан хяналтын камерууд бүгд байхгүй болсон нь өшөө хүрмээр. Мөрдөгч нар тэдгээрийг харвал сэжиглэнэ гэж муу санаалаад, компанийнхаа агуулахад байрлуулчихсан нь энэ. Мөрдлөг шалгалт явж, хяналтын хамгийн орчин үеийн камерууд, цонхны торон хаалт зэрэг зүйлийг худалдаж авсан мөнгө шилжүүлгийн баримтууд илэрвэл, – Би компанидаа зориулж

худалдаж авсан гээд, агуулахаа үзүүлнэ хэмээн тооцсон байв. Офицер Мэйсон шалгах ажиллагааг удирдаж, юм бүрийг гярхай шалгаж, Эвелин лүү сэжигтэй харц илгээсээр л байх нь бузар хүүхний сүнсийг зайлтал айлгана. – Берта Мэйсон гэгч энэ хүүхэн ажилдаа яалт ч үгүй сайн юм хэмээн дотроо бодсон Фридли хар хөлс нь цутгасаар л байлаа. Түүнийг энэ удаа бас л хөлийн өвчин нь аварна. Байдгаараа ярвайн хөлөө даран шүүрс алдаж өвчин намдаагч тариулаад, хөлсөө арчихад Бертагийн сэжигтэй харц өөрчлөгдөж, орголтын жинхэнэ зохион байгуулагч эзний санаа түр ч болтугай амарлаа. Цагдаа нар

аквариумаас хяналтын камерийн бүх бичлэгийг аваад шалгаж эхэлснийг Эвелин өндөр шан харамжаар бичлэгээ өгч байсан хамгаалалтын ажилтнаас сонссоноо Фридлид ярьсан биш ахиад л хөлс чийхарлаа. – Наад хөлийг чинь яая даа? Ингэж өвдөөд байхад эмч нар мэс засал хийх болоогүй гэх юм.., гээд эхнэр нь өнөөх л хөлийн өвчин нь зовоож хөлс асгарууллаа гэж ажиг сэжиггүй бодоод үглэж эхлэв. – Мэргэжлийн мөрдөгч нар Эвелин шиг гэнэн байхгүй. Хоёр хүүхдээсээ холдоод, Санни виллаже хотхоны эгч дүү хоёрын дэргэд очиж суусныг харж л таарна. Тэгээд.., гэхээс дотор нь харанхуйлна. – Магадгүй Жеффритэй уулзаж орголтыг төлөвлөж ярилцсан өнөөх

камергүй буланд нууц камер байсны бичлэгийг Эвелинд өгөөгүйгээ цагдаа нарт өгчихсөн байх вий гэсэн бодол орж ирээд, Фридли тод гэгч уулга алдчихлаа. – Наад хөлийн өвчин чинь бас юув дээ? Цагдаа нар сэжиглэж хоргоогоод яая гэж байхад! гээд ааштай эхнэр бухимдлаа. Яг энэ мөчид филиппин бүсгүй Эйна Ми гэртээ орж ирж байв. Буйдан дээр тамхи баагиулан, спорт сувгаар зодоон үзээд ухаан алдсан найз залуугийнхаа дэргэд яаран сууж, нүдээ том болголоо. – Чиний таамаг үнэн байна! Тэр хоёр хүүхэд бичиг баримтгүй юм байна! гэж дуу алдлаа. Эйнатай адил филиппин гаралтай Кермак гэх хоёр гартаа битүү шивээстэй залуу зогтуссанаа телевизээ унтраан, ухасхийн босоод, – Чи бид хоёр бурзайчихлаа ш дээ! Хоёрын хоёр хүүхэд гэдэг

чинь бөөн мөнгө! гэж хашгирлаа. Эйна оёдлын салонд байдгаасаа тэс өөр төрхтэй болж, шунал дүүрэн нүдээр найз залуу луугаа ширтэх нь аймшигтай. – Тэр хоёрыг хулгайлчихлаа гэхэд Оливия цагдаад мэдэгдэж чадахгүй гэдэг л хамгийн чухал! гэж хүүхэн бараг л хашгирлаа. – Цаг алдалгүй хөдөлье гээд, Кермак утсаа аваад дуудлага хийлээ. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…