Home Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “9-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “9-р хэсэг”

2 second read
0
0
2,257

Аав аа, таны зүрх өвдчихөв үү? Ахиад л гар чинь чичрээд эхэллээ! гээд Ангир Жеффригийн гарыг ихэд энхрий дотно барьж үзлээ. Сэргэлэн охин дор нь сийрч заль гаргалаа гэдгийг наадах нь мэдээд, бушуухан

даралтны эмээ гарган нэг ширхгийг залгилаа. Шериф негр эр лүү нэг, ази охин луу нэг харан алмайраад, – Аав гэнэ ээ? хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдлаа. – Гайхаад байгаа тань аргагүй ээ. Миний аав

хэдий африк гаралтай ч, ээж минь монгол. Тэгээд л би ааваасаа тэс ондоо, ази царайтай юм. Биднийг ээжгүйгээр ийш тийш аялахаар хүмүүс дандаа ингэж гайхдаг хэмээн охин хээв нэг дуржигнууллаа.

Төрөлх орчинд нь ороод ердөө хагас жил болж буй охин харь хэлээр гайхмаар цэвэрхэн ярихад, монголчууд гадаад хэлний унаган авьяастай гэдгийг огт дуулж мэдээгүй Жеффри ангайчихлаа. Цагдаа

Ангир, Бондоолой хоёрыг өхөөрдөн харж, таашаалтай инээмсэглэснээ, ази хүүхдүүдтэй негр эцэгт хандан, – Танд жолооны ард болгоомжтой яваарай гэж сануулъя. Ийм хоёр сахиусан тэнгэртэй яваа аав хүн шүү,

та! гэж анхааруулчихаад, тейк лүү очиж сэндвич боолгож аваад гарч одлоо. Фридлигийн цэргийн анд, хүрэн бор царайт эр урт амьсгаа авч гараа сул тавьсан биш өмнөх жүүсээ татаж унагах дөхлөө. Жеффри аялах үедээ болгоомжлох ёстойгоо яс махаараа ойлгох нь энэ. Замдаа ахиж зогсож хүмүүсийн анхаарал татахгүй гэж бодоод, цагдаагийн авсан шиг сэндвич боолгож, ундаа жүүс базааж авав. Хөдлөнгүүтээ Ангир, Бондоолой хоёрт муу санаа зааж эхэллээ. – Юмыг яаж мэдэхэв цагдаа зогсоогоод, бичиг баримт шалгана гэвэл яг саяынх шигээ яриа өдөж сатааруул. Та хоёрын нэр овгийг Энжелла Жонс, Бонни Жонс

гэдэг, ази ээжтэй хүүхдүүд шүү. Бичиг баримтаа гэртээ мартсан гэдгээ хотоос хоёр зуун майл холдсон хойноо л санасан гэцгээнэ шүү! хэмээлээ. – Та харин цагдаа хараад битгий чичрээрэй гэж Ангир хэлэхэд Жеффри өөрийгөө шоолон түсхийтэл инээлээ. Хоёул түүний яаж чичирч салгалж байсныг нүдэндээ харж, шоолон ярьж, элгээ хөшөөх дөхлөө. Бондоолой юу яриад байгааг хагас дутуу ойлгосон ч эгчийгээ даган жаргалтай гэгч ход ход хөхрөх нь өхөөрдөм. – Энжи, би чамайг ийм адтай сэргэлэн гэж зүүдэлсэн ч үгүй. Чи л биднийг аварлаа хэмээн оргуулах ажиллагааг гардан гүйцэтгэж яваа бараан

царайтай цагаан сэтгэлтэй эр ярьж чин сэтгэлээсээ инээж байв. Нагац эгч Оливия нээрээ л хүний хайлан гэмээр нэгэн байлаа. Хоёр хүүхдийг уяхан зөөлөн харцаар ширтэж, яаж зүдэрч байсныг нь ярихад нулимсаа дуслуулан чагнаж суув. Бүр амийг нь хорлох санаархал ч гарсныг Жеффри түүний чихэнд сэм шивнэхэд дуу алдан уйлж, эгч дүү хоёрыг энгэртээ чанга наалаа. Ангир, Бондоолой хоёр ээжтэйгээ уулзсан мэт л уярчихлаа. Жеффриг бодвол арай л цайвар царайтай энэ сайхан сэтгэлт метис эмэгтэйн энгэрээс ээжийнх нь үнэр анхилах шиг

л оргино. Европ африк эцэг эхийн цус холилдсон эрлийз хүнийг метис гэдэг болохыг ирэх замдаа ярьж өгсөн юм. Эвелин өргөмөл хүүхдүүдээ цагдаагийн газарт мэдэгдэлгүйгээр өөрсдөө олчих санаатай хотоор бэдэрсээр бүтэн гурав хонов. Өөрсдөө нааш цааш холхихын зэрэгцээ компанийн хамгаалалтын хоёр ажилтнаар бас хайлгаж байгаа. Гэвч ямар ч үр дүнгүй. Өмнө алга болохдоо хоргодож байсан ойг нь самнаж дуусгаад, түрүүчийн удаа дэлгүүрээс хүнс авсныг нь хэлж тусалсан менежер бүсгүйд өндөр шан амлаад ч нэмэр болсонгүй. Эгч дүү ази хүүхдийг харсан хүн хотод ердөө гарахгүй нь сэжигтэй. Дөрөв дэх

өглөө Эвелин зөөврийн диск авч ирээд, – Хоёулаа бичлэг шүүнэ ээ. Аквариумын хамгаалагчид том шан өгөөд, хяналтын камеруудынх нь тэр өдрийн бичлэгийг аваад ирлээ гэхэд Фридлигийн ар нуруу луу ахиад л зарсхийв. Өглөөний арван цагийн орчмоос гурвуулахнаа үлдсэн дүрсүүдийг олоод, дагуулан шалгаж эхлэхэд Фридли бүр салгалчихлаа. Энэ удаа хоёулахнаа наалдах шахам ойрхон суугаагийн зэрэгцээ тасалгаанд хөндлөнгийн ямар ч чимээ шуугиангүй тул түүний амьсгаа бүрийг эхнэр сонсох боломжтой! Ийм учраас бүр хөшчихлөө. – Ёо оо, хөл өвдөөд эхэллээ! хэмээн орь дуу тавьж, буйдан

луу очиж унаж л өөрийгөө аврав. Эвелин Фридлигийн духанд гараа хүргэснээ цочиж, – Чи хэлэхгүй яав аа? Түрүүнээс хойш хөлсөө чийхартал хөлөө өвтгөөд л суугаад байсан хүн үү? гэж загналаа. Өвчин намдаагч тариулаад, буйдан дээрээ үлдэж, Эвелин цааш бичлэг шүүх ажлаа үргэлжлүүллээ. Жеффритэй уулзсан камергүй буланд өөр нууц камер байх вий гэх айдас л Фридлигийн хамаг хөлсийг цутгуулаад байгаа нь энэ. Тэнд Жеффритэй уулзсанаас гадна, хоёр хүүхдийг чухам тийш л дагуулж очоод, Энжигийн бугуйн дахь смарт цагийг эвтэйхэн мулталж аваад, цааш явж нохойн замаар

оруулчихаад ирсэн. Энжи лүү бөхийн сэм ярьж, оргох алхам тутмаа зааварлаж буй бичлэгүүд нь гарч ирж, Фридли хувьсхийх боловч, энэ нь аквариумыг үзэж, усны амьтдыг тайлбарлаж явсантай нь холилдоод ялгарч мэдэгдэхгүй нь азтай. Тэр охинд сүүлийн заавраа өгөөд өөрөө далайн медузийг тайлбарлан зогсож байснаа хөл нь өвдөөд зайдуух түшлэгтэй сандлууд луу очиж ярвайн суугаа бичлэг гарч эхлэхэд хашир дайчин бүр час улайлаа. Фридлиг өвчин намдаагчаа ууж, хөлөө даран ярвайж суутал цаана нь байх хоёр хүүхэд холдоод явчихаж байгаа нь харагдлаа. Энэ бол мэдээж Энжитэй

хуйвалдаад тоглосон жүжиг. – Зальтай муу өлөгчин. Хаанаасаа ийм муу санаа суудаг байна аа! хэмээн Эвелин бачимдан хагарахдаа шахна. Аквариумын гадна гарч ирсэн Энжи дүүгээ хөтлөн алхсаар цэцэрлэгийн модод луу ороод бараа нь тасарчихаж буй нь дурайтал бичигдэн хоцорчээ. Тэд Жеффригийн төлөвлөсөн замын дагуу цэцэрлэгийн хажуу хаалгаар гараад, хяналтын нэг ч камергүй хажуу гудамжинд тавьсан машин луу очсон. Дараа нь Фридли тойруу замаар тэр гудамжинд очиж, өргөмөл хоёр хүүхдээ үнсэж, болгоомжтой байх захиа сургамжаа хэлж өгөөд хөдөлгөсөн билээ. – Аквариумын тэр

булан камергүй байсан нь азтай гэж Фридли бодоод, санаа амран урт амьсгаа аван налайлаа. – Яав? Ашгүй өвчин намдаагч үйлчлэв үү? гэж Эвелин асуухад, санд мэнд толгой дохимор аядаад хөлсөө арчлаа. Гэсэн ч ахиад л дотор харлаад эхэллээ. Энжигийн смарт цаг цүнхэнд нь орсон хоёр хүүхдийг камерийн бичлэгээс олж харъя гэсэн санаа эхнэрийн толгойд ороод ирэх вий хэмээн бодохоос түүний нүд харанхуйллаа. Гэвч цухалдан багтарч, уурын мунхаг нь дийлсэн эхнэрт ийм санаа орох сөгөө үгүй. – Муу санаатай өлөгчний охин! хэмээн зогсоо чөлөөгүй үглэн бухимдсаар суух нь нэг талдаа зүдэргээтэй, нөгөө талдаа таатай аж. Ангир өнгөт арьстан хүүхдүүд

голцуу суралцдаг, хувийн сургуульд сурч эхэллээ. Сургуулийн хичээлийн эрхлэгч Оливиягийн багын найз тул, бичиг баримтыг нь дараа авчирна гэж гуйхад эелдгээр зөвшөөрч, Энжелла Жонс нэрээр хувийн хэрэг нээж, сургуульд данс бүртгэлтэй нэгэн болж хувирав. Харин Бондоолойг ажил руугаа дагуулж очоод, бөөн бөс даавуун дунд дураар нь тоглуулж өнжинө. Нагац эгч бол хувцас оёдол засварын үйлчилгээ эрхэлдэг жижиг салонтой, таван хүн ажиллуулж өөрөө ч бас оёдол эсгүүрээ хийнэ. Үд болоход хоёул хөдөлж Ангир эгчийгээ сургуулиас аваад, Оливиягийн дуртай сүмийн найрал дууны цоглог

хэмнэлд машин дотроо суугаагаараа бүжиглэсээр буцаж ирцгээнэ. Үдийн хоолоо ажлынхаа жижигхэн галт тогоонд бэлдэх агаад, метис эзэгтэй нэгэн удаа “You Tube”-ээс хоолны жор олоод, монгол аргаар хонины мах чанаж, хар шөл хийснийг нь эгч дүү хоёр хөлсөө бурзайлган идсэн нь сайхан. Долоо дөнгөж хүрч буй бяцхан охин хэрнээ л хонины хар шөлнөөс эх орон нь үнэртэх шиг болж, ээжийгээ, Чингэлтэйн эцэс дэх умгар гэрээ үгүйлсэн. Төрсөн ижийгээ, төрөлх эх орноо учир зүггүй санаснаа мэдэх нь энэ. Ажлын арын гал тогоо ч болдог, оффис ч болдог бяцхан өрөөнд Оливиягийн тусламжаар Энжи бүх даалгавраа хийчихдэг тул орой гэртээ очоод гурвуулаа хоёр

унтлагын өрөөтэй авсаархан хаусыг нураачих дөхөн тоглоцгооно. Шинэ ээж тавь шүргэсэн хэдий ч Энжи, Бонни хоёртой нуугдаж, эсвэл байлдаж тоглохоороо яг л хүүхэд шиг болж, аз жаргалд умбадаг. Эвелиний өгсөн Энжи, Бонни нэрэнд Ангир үнэн голоосоо дургүйцдэгээ хэдийнэ болив. Оливия тэр хоёрыг, – Энжи, Бонни сэрээрэй. Өглөөний цайгаа ууцгаая! гэж дуудах нь төрсөн ижийн дуу хоолой мэт уян зөөлөн сонсогдоно. Харин хоёр хүүхэд метис эзэгтэйг, “ээж” хэмээн дуудаж, хоорондын яриандаа төрсөн ээжээсээ ялгахын тулд “шинэ ээж” гэж нэрлэнэ. Оливия эгч дүү хоёрыг хамтдаа нэг

өрөөнд, гэрлээ асаалттай унтахыг зөвшөөрнө. Түүгээр ч барахгүй айдаг гэхийг нь сонсоод өөрийн асар том орон дээр заримдаа хамтдаа унтацгаана. Унтахын өмнө хүүхдэд хамгийн сургамжтай бас гоё гээд Андерсений үлгэрүүдийг уншина. Киног нь зөндөө үзээд, бас хүүхдүүдээс зөндөө сонссон үлгэрүүд байх ч Энжи аз жаргалд умбан чагнадаг. Яг л Чингэлтэй дэх бор гэртээ ээжээрээ Сүүлэнхүүгийн үлгэрийг яриулж байгаа мэт сайхан мэдрэмж амилах нь уярмаар. Хоёр хүүхэд шинэ ээж Оливиятайгаа аз жаргалд умбаж байлаа. Гэхдээ

хааяа төрсөн ээжийгээ санаад байх нь хэмжээлэшгүй их гуниг хуруулна. Ийм үед нь Оливия хоёр хүүхдийн хэнийг бодож суугааг харсан юм шиг мэдээд, та хоёрын бичиг баримтыг бүрдүүлээд, өргөмөл хүүхдүүдээ болгохоороо заавал Монгол руу явна. Ээжтэй чинь уулзуулна, хэдүүлээ ээжийгээ аваад ирсэн ч яах вэ. Хамтдаа шуугилдаад гоё шүү дээ гэж ярина. Ангир, Бондоолой хоёр тэр сайхан

мөчийг тэсэн ядан хүлээдэг болсон. Энэ шинэ хотод, шинэ ээжтэйгээ аз жаргалд умбаад Эвелин гэх шулам шиг авгайг үүрд мартчих нь энэ. Өнгөрсөн нилээд хугацаанд эгч дүү хоёр энэ нэрийг нэг ч дурсаагүй. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…