Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “8-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
621

Санни виллаже гэх нарсан ойн дундах хаус хотхон луу орж ирэхэд Фридлигийн царай барайн, илт сандарчихлаа. Аз болоход Эвелин үүнийг ажих сөгөөгүй хэвээр, айпадын дэлгэц лүүгээ нэг, зам луу нэг

харж, – Хайрган замаа дагаад зүүн тийшээ эргэ. Зүүн хойд талд тун ойрхон байна. Ердөө л дөчин гуравхан ярдын цаана гэж байршил илрүүлэгч зааж байна! гэлээ. Фридли ахиад л агзасхийлээ. Хүзүү

духанд нь хөлс дааварласан үзэгдэнэ. Ингээд л хөөрхий хоёр хүүхэд шулам авгайн саварт буцаад орлоо доо хэмээн шаналав гэлтэй. Хэрэв сайтар чих тавин чагнасан юм гэхэд түүний зүрх түг түг цохилох нь

төвөггүй сонсогдохоор. Хэлсэн чигт нилээд том тоглоомын талбай байх агаад, том бага хэдэн хүүхэд ролик, скейтээр гулган тоглож байна. Эдний дунд, нүдний үзүүрт Энжи, Бонни хоёр үзэгдэх шиг

болоход Эвелин сэртхийлээ. Жеффри хаусныхаа чанх дэргэд ирчихээд хоёр хүүхдийг дагуулж орно гэхээс айдас нь хүрээд, эргэлзэн сууж байлаа. Гаднаа ирчихээд тээнэгэлзээд байгааг хүүхдүүд мэдчихвэл муу

юм бодчих вий гэж айхдаа, – Та хоёр салхилах зуураа хэсэг тоглоодох. Машинд дүүгийн чинь дотор муухайраад байсан шүү дээ гээд хэлчихсэн. Энжи дүүгээ савлуурт тоглуулж, Бонни баярлан инээж харагдана. Тэр хоёр луу Боннигийн үеийн хөөрхөн охин ирээд, – Бид хоёрыг хамтад нь савлуулж тоглуулаач, тэгэх үү? гэж байгаа, Энжи тэр охиныг дүүтэйгээ хамт суулган савлуулж эхлэхийг Жеффри алсаас харав. Эхнэр Мишельдээ юу гэж худлаа хэлэхээ тэр ердөө мэдэхгүй байлаа. Цэргийн анд Фридлигийн өргөмөл хоёр хүүхэд, манайд

хэсэгтээ байна гэж хэлж болно, гэтэл долоо хоногийн дараа л эцэг эх нь яагаад хоёр хүүхдээ эргэж ирэхгүй байна гээд асуугаад эхэлнэ. Фридлиг ирүүлж болно, Эвелин ирдэггүй юм уу? гээд гайхаж эхэлнэ. Бас хөршүүд хоёр ази хүүхэд хаанаас гараад ирэв ээ гээд хэрэгт дурлана. Тэгж байтал орон нутгийн телевизээр ийм хоёр монгол хүүхэд алга болсныг эрэн сурвалжилж байна гээд зургийг нь гаргавал яах вэ? Аюул болно! гэж тэр бодлоо. Жеффри яахаа мэдэхгүй зайдуу бутны ёзоор дахь явган сандалд хавчилзан суулаа. Цэрэг хүн байж түүн лүү хүмүүс ирлээ гэхэд харж чадахааргүй, далд сандал сонгосноо

ч анзаарах сөгөөгүй. Аашт авгай яарч машинаасаа дэвхрэн буугаад, айпадаа өмнөө барин улаанаар анивчих цэгийг харан, талбайн зах дахь сандал руу ойртлоо. – Смарт цаг биднээс ердөө гуравхан ярд зайд байна гэж заагаад байх. Тэгсэн хэрнээ тэд энд алга! хэмээн, хоромхон зуурт талбайг ахин нэг удаа нэгжиж харж амжсан шулам хүүхэн бараг л хашгирав. – Одоо бүр дэргэд нь ирчихлээ! Зэвүүн охин чинь энд цүнхээ тавьчихаад, хаа нэгтээ ойрхон нуугдчихлаа! гээд, сандал дээр байх үүргэвч лүү заатал, цаанаас роликоор тэшин ирсэн долоо найм орчим насны хүү, – Уучлаарай, та яагаад миний үүргэвчийг хараад

байна? гэх нь тэр. Сандал дээрх үүргэвч лүү лавлан харвал үнэхээр л Энжигийнх биш байх нь гайхмаар. – Тэгвэл яагаад миний охины смарт цаг чиний үүргэвчинд байгаа гэж байршил илрүүлэгч заагаад байгаа юм бэ? гэж сөргөсөн асуулт тавилаа. Хүү үүргэвчнийхээ цахилгааныг татан онгойлгох гэтэл, Эвелин гадна тал руу нь зааж, – Наад халаасанд чинь байгаа юм биш үү? гэлээ. Хүү үүргэвчнийх нь торон халаасанд смарт цагны цайран оосор гялтагнаж байгааг олж хармагц цочин ангайв. Цагийг гарган, эргүүлж тойруулан харж, – Яахаараа миний үүргэвчинд ийм цаг орчихдог билээ? гэж гайхлаа.

Фридлигийн царай илт улалзаж, эхнэрээсээ сэмхэн холдоод, үзэгчдийн сандлын доод хөндий лүү шагайж хайж байгаа дүр эсгэн, чавга шиг болж хөлс асгарсан нүүрээ нуулаа. Цаана савлуурт тоглож байсан арван тавтай гэмээр охин хүрч ирээд дүү лүүгээ, бас үл таних хүмүүс лүү харж, – Энд юу болоод байна? хэмээн нухацтай асууж, сэжиглэсэн харцаар ширвэв. – Харин энэ эмэгтэйн охины смарт цаг миний үүргэвчний халаасанд орчихож гээд, хүү алмайрсандаа нүдээ томруулан, цаг луу нэг, Эвелин лүү нэг харлаа. Нөхөр нь тээр цаана оччихсон сандлуудын араар шагайн явааг ааштай авгай олж харснаа, сэртхийн нэгийг санав. – Би өргөмөл монгол охинтой. Сарын дараа

долоон нас хүрэх, жижигхэн биетэй хүүхэд. Тэр минь хөөрхий, хот сайн мэдэхгүй учраас таван настай эрэгтэй дүүтэйгээ хамт төөрчихлөө. Тэгээд л хайж яваа юм гэхэд, хоёр хүүхдийн царайд өрөвдсөн төрх тодорч, харц нь зөөлрөөд явчих нь цагаахан. – Та хоёр эрэгтэй дүүгээ дагуулсан, хар үстэй, хар нүдтэй ази охиныг энэ талбайд ирж тоглохыг хараагүй биз? гэж асуувал, – Үгүй. Манай энд ази хүүхдүүд ердөө харагдаагүй. 1023 тоот байшинд солонгос айл байдаг. Тэдний охин хамаагүй том. Коллежид сурч байгаа гээд, охин алга болсон хоёр хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ зовнисон байдалтай, ийш тийш хайх мэт харлаа. Фридли хавийн бутнуудыг нэгжин

шалгаж, эхнэр лүүгээ ойртож чадахгүй хэвээр л, охиныг олох гээд үнэн голоосоо хичээж байгаа дүртэй эргэцсээр л. Аль өдөр смарт цаг үүргэвчний торон халаасанд орчихсон, машин дотор явж байсныг шулам шиг авгай гэнэт санаад, нүд нь хяламхийн хүйтнээр эргэлдэж, – Та хоёр өнөөдөр аквариум луу очсон уу? гэж хашгирчих шахам асуулаа. – Тийм. Та яаж мэдээ вэ? гээд хүү ахиад л гайхлаа. – Манай охин тэндээс алга болчихсон юм аа гэж Эвелин хэлснээ, хөмхий зуулаа. Яасан зэвүүн өлөгчин бэ? Долоо ч хүрээгүй байтлаа, шоронгийн хулгайчийн ч толгойд орохгүй муу санаа сэдээд авч! хэмээн бугшин бодсон нь энэ. Үүнийг нь хоёр хүүхэд хараад

хувьсхийж, айх гайхах зэрэгцсэн харцтай болж, гэрийнхээ зүгт толгой хандууллаа. Хоёр хүүхэд айчихсан, эцэг эхээ ч дуудаж мэдэхээр болсныг ажсан авгай, заль гарган худлаа инээмсэглэлээ. – Өө, тэгвэл манай охин өөрийнхөө үүргэвч гэж андуураад, чиний үүргэвчинд цагаа хийчихсэн болж таарч байна гэж хэлэнгээ цагийг авч, нөхрөө дуудаад, машин луугаа явахыг завдав. Цагийг аван гэмц охины царай хувьсхийлээ. – Таны охины цаг яг мөн үү? Танихгүй хүнд итгэж болохгүй гэж ээж захьдаг гэж хэлсэн охин царайгаа ихэд нухацтай болгох нь сүрхий. Эвелин нэг зогтусаад, хэрхэхээ хоромхон зуурт зальжин тунгааж амжив. Ахиад л хуурамч инээмсэглэл үзүүлж,

айпадаасаа хайж дэлгүүрийн тооцооны хуудсыг үзүүллээ. Смарт цаг худалдаж авсан тухай баримт дээр цагны марк, серийн дугаар дурайн харагдахад охин бантаж, – Ммм.., уучлаарай. Ямар ч хүмүүс юм билээ гэж бодсон юм. Энэ чинь үнэтэй цаг шүү дээ гээд хоцорлоо. Хотхоноос гарч хот луу явж байхдаа Эвелин Ангирыг харааж зүхэн, зогсоо чөлөөгүй үглэв. – Чоно шиг санаатай өлөгчин юм аа! Дөнгөж долоо хүрч байгаа балчир охинд смарт цагаа тайлаад, хүний цүнхэнд шургуулчих муу санаа хаанаасаа гардаг байна аа? Бас цагаар байршил олдог гэдгийг тэр яаж мэдэв ээ? Уншиж ч чадахгүй байж..! хэмээн бачимдсаар л явах нь чихэнд чийртэй. Яг үнэндээ бол Ангирын

бугуйнд смарт цаг байгааг алсаас хармагцаа л Жеффри давхийтэл цочоод доош нугдайсан. Гайтай смарт цагны камераар дамжуулж зайнаас видео хяналт хийж, байршил тогтоож болдог гэдгийг тэр л хэлсэн. Ингээд Фридли цагны камерт өөрөө оролгүйгээр охины гараас мулталж аваад, аквариум дотуур хөлхөн явсаар, яст мэлхий сонирхон алмайрсан эгч дүү хоёрын дэргэд сууж, тэдэн шиг яст мэлхийг шохоорхож байгаа дүр эсгэж байснаа, үүргэвчний нь халаас луу сэм шургуулаад холдсон. Смарт цагийг Санни виллаже хотхонд байна гэхээр Фридли давхийж, биеийн тамирын талбайд хүүг ирэхэд илт улалзан хөлс нь асгарч, холдож зугтаасан нь учиртай. Аквариумд

дэргэд ирж суусан хүн мөн гээд таньчихна гэхээс л амиа гартал айгаад байсан хэрэг юм. Бурханы ивээлээр эгч дүү хоёр яст мэлхий сонирхоод ухаан алдчихсан байсан тул Фридлиг анзаарч хараа ч үгүй байлаа. Айдас үүгээр дуусаагүй гэдгээ гэнэт санаад тэр бас л шаналж эхэллээ. Цэрэгт алба хаасан хүний хашир нүдээр аквариум дахь хяналтын камеруудыг ажиглаж, Жеффригийн өмнөөс гүйж очиж, камер харж чадахгүй булан луу толгойгоороо дохин дуудаад зөвхөн тэнд уулзаж ярилцсан. Гэвч энэ буланг хянадаг нэмэлт нууц камер байх вий гэдэг бодол толгойноос салахгүй нь тамтай. Чингэлтэй дэх умгар гэртээ үүр шөнийн зааг болтол сэрүүн хэвтээ Чимэгээ гайхлаа. Сэтгэл санаа нь

нэг л соньхон, учиргүй хөнгөрөөд явчихсан мэт. Угтаа бол ойрдоо хоёр хүүхдээ байнга муугаар зүүдэлж, хар дарж сэрээд, цаг үргэлж муу бодлууд толгойд эргэлдэн шаналааж байсан. Гэтэл ийнхүү шөнө дундаас хойш дотор нь гэнэт уужраад цэлмэчих нь гайхмаар. – Төрсөн нутгийн минь уул ус, тэнгэр бурхан, лус савдгууд өршөө. Хоёр хүүхэд минь хүний нутагт идээшихгүй шаналж зовж байснаа, одооноос л дасч эхэллээ бололтой гэж тэр амандаа шивнээд залбирлаа. Эх үрс нууц сэжмээр холбоотой гэдэг. Тэгээд л хоёр бяцхан үр нь шуламын гарт үрэгдэж ч магадгүй байгааг мэдэрч хар даран сэрсээр байсан гэдгээ тэр яахин мэдэхэв. Харин Жеффри хайртай хоёр хүүхдийг нь

шулмын савраас холдуулан авч явах яг тэр цаг тэр минутад сэтгэл нь уужирч тайвширсан нь энэ байлаа. Цагийн зөрүүтэй тул Монголд шөнө дунд болж байсан хэрэг. – Яах гэж хоёрын хоёр бяцхан үрээ харьд үрчлүүлэв дээ? хэмээн Чимэгээ үргэлж шаналж суугаа. Өвчтэй би үхчихвэл хоёр үр минь зовно гэсэндээ л ийм алхам хийсэн. Гэтэл үхсэн ч бай алаг үрээ дэргэдээ байлгах минь яав даа гэх шаналал түүнийг сэтгэлийг урж, шөнө өдөргүй энэлсээр л суугаа билээ. Жеффригийн нэрийг нь ч дуулаагүй тэс хөндлөнгийн хаус хотхоны тоглоомын талбайг Эвелин хатагтай нэгжин харж зогсох мөчид, гурван оргодол хотоос хоёр зуун майл зайд холдчихсон замын

шатахуун түгээгүүрийн авсаархан хоолны газарт шарсан мах амтархаад сууж байлаа. Шулам авгай хүршгүй холд зугтааж очихоор зорьж яваа болохоор эгч дүү хоёрын нүд сэргээд, урамтай. Бондоолой тавган дээрээ байгаа броколиг харж ярвайхад Ангир муухай ногоог зоригтой аваад хоосон таваг луу шидчихлээ. Жеффри хөгжилтэй инээгээд, – Чи ч бас броколид дургүй юм уу? Би бүр үзэн яддаг гэхэд, Бондоолойгийн дотор цэлмээд л явчихлаа. – Миний нагац эгч маш уяхан сэтгэлтэй хүн бий. Эндээс мянга хоёр зуун майлын зайд, том хотод амьдардаг. Хүүхдийн мөрөөсөл болчихсон амьтан байдаг юм. Танд хоёр хүүхэд авч очно гэхэд яаж баярласан гээч! хэмээн Жеффри

ярилаа. Чин сэтгэлээсээ инээсэн, сайн санаатай хүний үнэн үгийг сонсож суугаадаа Ангир баяртай. Энэ хэдэн сард үзсэн бүхэн нь түүнийг итгэмээргүй хэрсүү, муу санаатай болгочихсон. Тэр одоо худлаа инээмсэглэл, чин сэтгэлийн инээд хоёрыг төвөггүй ялгаж чадна. Бас хүн худлаа хэлж буйг андахаа больсон. Ангир эргэлдсэн алаг нүдтэй, тос даасан хүрэн царайтай эрийг ажлаа. Фридлигийн цэргийн анд гэх энэ хүний хоолоо сэрээдэж байгаа нь ч хүртэл хуурамч ёсорхолгүй үнэнээсээ гэдэг нь мэдрэгдэнэ. Ангир Жеффригийн нагац эгчийг яг л Жеффри шиг чин сэтгэлээсээ инээсэн хүн хэмээн нүдэндээ төсөөллөө. Нээрээ л Жеффри эгч дүү хоёрт худлаа

хэлээгүй. Түүний нагац эгч Оливия хоёр хүүхэд авч очно гэхийг сонсоод дуу алдан баярласан. Жеффри түүнд бүх үнэнээ хэлж Энжи, Бонни хоёрыг хэрхэн яаж шулам шиг хүүхнээс нуухаа ний нуугүй ярилцана гэж бодож байгаа. Яваандаа энэ хоёрын нэрийг солиод, энэ улсын албан ёсны бүртгэлтэй, хатагтай Оливия Жонсын өргөмөл охин хүү хоёр болгоно гэж шийдчихээд, нагац эгчээ зорин явж байгаа. Хоолны газар луу орон нутгийн шериф бололтой цагдаагийн дүрэмт хувцастай эр орж ирэхэд Жеффри өөрийн эрхгүй давхийчихлээ. Хашир шериф явуулын негр эрийн хувирлыг хэдийнэ анзаараад,

ширээ лүү алхан хүрч, – Та хаашаа аялж яваа билээ? хэмээн егзөр өнгөөр асуулаа. Жеффригийн ар нуруу луу зарсхийгээд л явчихав. Одоо хоёр хүүхдийн бичиг баримтыг шалгаж таараа даа! гэж бодохоос тэр салгалан чичирлээ.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *