Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “6-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
580

Фридли гэнэтийн цочролд ороод, хэдийдээ яаж салгалж очсон юм бүү мэд, хүүхдийн өрөөнүүдийн өмнөх хонгил руу ирчихсэн, айдсаасаа болоод нүд нь цагаанаар эргэчихсэн зогсож байлаа. Унтах биш суух

зориулалттай буйданд ижийгээ санан шаналсан хоёр хүүхэд шахцалдан хэвтээд, нам унтсан харагдана. Ядмагхан эгч нь дүүгээ алдчих вий гээд тас тэвэрсэн нь өрөвдмөөр. Фридлигийн өрц өөд

огшоод, самсаа нь шархираад явчихлаа. Харсаар суугаад хөөрхий хоёрыг алуулчих гэж үү? Яагаад ч үүнийг тэвчиж чадахгүй гэдгээ мэдрэв. – Энжиг сэрээгээд дүүгээ аваад бушуухан зугтаа гэж хэлье!

хэмээн уймран бодоод, нэг ухалзаж үзлээ. Гэвч зугтаах ямар ч боломжгүйг гэнэт санав. Байшингийн эргэн тойронд, хашаанд ч, хашааны гадна ч нууц камерууд зоож, өдөр мэт гэрэлтүүлэг хийснээр

зогсохгүй, хаалга цонх нэг бүрт дохиолол тавьсан. Хашаанд суурилуулсан дохиолол нь хөдөлгөөн мэдрэгчтэй, хөршийн нохой орж ирснээс болоод Эвелиний гар утсанд дуудлага ирснийг Фридли

харсан. Хөдөлгөөн дагадаг камерууд нохойны алхам бүрийг дагуулан харуулж байгааг эхнэр нь үзүүлж, дохиоллынхоо найдвартайг магтаж, таашаалтай гэгч инээж суусан. Эмийн атганд амь зуудаг хөөрхий эр дэмий л хоёр хүүхдийг ноосон хөнжлөөр хучаад, өрөөндөө иртэл түүн лүү ууртай харц нэвт шувт цоргилоо. Эхнэрийн өмнөө барьсан айпадын дэлгэц дээр охин хүү хоёрын унтсан буйдан харагдаж байгааг зэрвэс харсан Фридли зогтуслаа. – Чи тэр өлөгчин лүү очихгүйгээр нэг ч минут тэсэхгүй юм аа. Хөнжлөөр хучиж

энхрийлээд л, ширтээд л… Харсаар байтал тэврээд үнсэх нь ээ..? гэж ориллоо. Эвелин бол аймшигтай хартай хүн гэдгийг тэр яс махаараа мэддэг. Хардсан үедээ ухаан мэдрэлгүй болчихдог. Хуримын дараа жил Фридли ахлах сургуулийн бүсгүйтэйгээ дэлгүүрт тааралдаад, хаана хэрхэн амьдарч байгаа тухайгаа хуучилж ганцхан минут саатсан биш Эвелин багтарч унахдаа дөхсөн. “Энэ өлөгчин хэн юм бэ? Чиний юу юм бэ? Та хоёр явдаг юм байна..!” хэмээн цамнаж, номхон дорой нөхрийнхөө нүүрийг маажиж, цамцыг урж, цохиж нүдэж, яг л солиорсон мэт аашилсан. Нүүрэнд нь хумсны цагаан ором дурайтал

тогтчихоод, ямар ч идтэй сайн гэх сорви арилгагч тосыг түрхээд арилаагүй. Ухаангүй хартай учраас л өргөмөл охиноо ингэтлээ үзэн ядаад байгаа гэдгийг Фридли мэднэ. Хардалтаасаа болоод бүр хордуулж алахдаа тултлаа үзэн ядах юм гэж ердөөсөө санаагүй. – Энэ бол яалт ч үгүй солиорол. Ямар ч аргаар хамаагүй зогсоох ёстой галзуурал! гэж тэр дотроо бугшлаа. Гэвч юу ч хэлж чадсангүй, эхнэрийнхээ өмнөөс сүү долоосон гөлөг шиг л гөл хамсан харцаар ширтсэн нь арай л гэмээр хулчгар. – Хайр аа, би бурханыг барьж андгайлъя. Охиныг би эмэгтэй хүн гэж хэзээ ч харж байгаагүй. Бонни тэр хоёртой ярилцаж сууснаа архиндаа цохиулаад нам унтчихсан

байсан гэж чамдаа хичнээн хэлэх вэ? гэж арчаагүй бувтналаа. Энэ үг Эвелинийг ахиад л галзууруулчих нь тамтай. – Худлаа! Тэр өлөгчин чиний эрхтэнийг чинь дэрлээд, бэлхүүсийг чинь тэврээд хэвтэж байсан! Би хоёр нүдээрээ харсан! хэмээн бархираад, бахардаж цахдан савж уналаа. Фридли эхнэрээ тэвэрч тайвшруулах гэтэл улам чарлан, ухаангүй тийчилж, нүүрэн дундуур нь тэрий хадаж унатал тийрэв. Хардах өвчтэй эхнэр цамнахаараа ийнхүү санаанд багтамгүй тэнхээтэй болчихдог гэдгийг нөхөр мэдэх тул дэмий л зайгаа барин,

аргадаж тойлсон үг урсган зогслоо. Маргааш нь Эвелин гэртээ цоожилж орхисон хоёр хүүхдийг албан өрөөний дэлгэцнээсээ хянаж, алхам бүрийг нь ажиглах зуураа ийш тийш утасдаж суув. Энэ бүхнийг шилэн хаалтны цаанаас сэм харж, үгийг нь зэрвэс боловч чагнасаар байсан Фридли, – Ашгүй дээ. Тэр хор нь олдохгүй байгаа бололтой. Битгий олдоосой! хэмээн дотроо үглэлээ. Гэвч санаснаар болсонгүй, харын өвчтэй эхнэр компанийнхаа хоёр хамгаалагчийг дагуулаад, хотын зүүн дүүрэг лүү явчихлаа. Оройн хоолны турш Фридли дав дувхийж, Эвелиний хөдөлгөөн бүрийг дагуулан ажиж, ундаа жүүс аягалах тоолонд нь, – Алив би.., хэмээн боссоор л байлаа. Хоёр

хүүхдийн ундааны аяга луу юм хийчих вий гэхээс ухаангүй айсан нь энэ. Хэрвээ аяга луу ямар нэг зүйл хийвээс шууд л зориглоё, дүйвүүлж байгаад ундааг нь сольё гэж тэр шийдсэн байлаа. Фридли арай дэндүү аймхай, эр хүнд баймгүй хулчгар хэдий ч тулсан юман дээр санаанд оромгүй их зориг гаргаж чаддаг. Африкт Энхийг сахиулах цэргийн ангид алба хааж байхдаа үүнийгээ гэнэт мэдэж өөрөө ч мэл гайхаж байсан удаатай. Яг л тэр үе шигээ гэнэтийн зориг гаргаад, эхнэрийнхээ ухаангүй үйлдлийг таслах гээд байгаа нь энэ. Бурханы авралаар Эвелин өнөөх хороо олж чадаагүй бололтой. Оройн хоол дуустал ямар нэг юм болсонгүй. Дараа өглөө нь Эвелин нэг зүйлд санаа зовоод, учир

зүггүй яараад байгаа нь илт, хийх байхаа олж ядаад байхаар нь Фридли санаандгүй мэт ам нээлээ. – Хоёр хүүхдийг аль болох өөртөө татаж, харьцаагаа сайжруул гэж Жаклин хэлсэн шүү дээ гээд хэлээд тавьчихлаа. Жаклин гэдэг бол тэр хоёрын найз, өнөөх өмгөөлөгч. – Тэгээд яая гэж? гээд, эхнэр ярвайлаа. – Аквариум үзье. Монгол хүүхдүүд далайн амьдыг сонирхоно шүү дээ. Сатаарч уярна гэж Фридли ятгаад үзлээ. Энэ бол өргөмөл хүүхдүүдийг биш Эвелинийг өөрийг нь сатааруулах гэсэн далд санаа байлаа. Нэг километр үргэлжилсан асар урт хонгилтой аквариумыг үзнэ гэдэг энүүхэнд гурав дөрвөн цаг өнгөрч, шулам хүүхэнд хороо хайж явах завдал

өгөхгүй. Хагас өдөр алдчихаар компанийн хамаг ажил овоорох тул үдээс хойш Эвелин гадагшаа гарч чадахгүй, Энжи, Бонни хоёр нэг өдөр ч болтугай илүү амьдарна гэж тэр арга ядан бодсон хэрэг. – Нэг өдөр ч болтугай.., хэмээн Фридли дотроо давтан хэлээд шүүрс алдлаа. Эвелиний энэ хардалтын элийрэл хэзээ ч зогсохгүй! гэж санахаас ахиад л дотор нь харанхуйллаа. Үхлийн тунг ундаа жүүсэнд хийх биш өөр ямар нэг аргаар өгчихвөл яах вэ? Шүдний сойзонд ч түрхээд үхүүлчихдэг аймшигтай хор гарсан гэж ярьдаг шүү дээ гэж бодохоос байж ядталаа шаналлаа. Аквариумд очихын өмнө Уоли хүүгээ

сургуульд нь хүргэлээ. Энэ жил долоон нас хүрч буй Ангирт гэрийн багш хөлсөлж, тусгай хөтөлбөрөөр өөрийн орны хэлийг заалгаж, хичээлийн зөрүүг нь арилгаад, дараа жилээс сургуульд оруулна гэж ярьж байгаа тул эгч дүү хоёр одоохондоо ийнхүү чөлөөтэй байгаа билээ. Аквариумд очоод удаагүй байтал Эвелиний утас дуугарч зайдуу очиж яриад, – Надад зэргэлдээ хот луу явах яаралтай ажил гарлаа. Оройн хоолонд ямар ч байсан амжиж ирнэ гэчихээд, яарсан нь илт холдон алхлаа. – Хорыг зэргэлдээ хотоос авахаар болж! гэж дотроо дуу алдсан Фридлигийн цээжин дотор асар том хар юм гацчих шиг

боллоо. Гараа салгалан чичирч байгааг анзаарснаар хаана байгаагаа ухаарахтай болж, сандарч мэгдлээ. – Одоо л энэ хоёрыг оргуулахгүй бол өнгөрнө! Өнөө орой чаддаггүй юм гэхэд маргааш орой гэхэд л хоёр хөөрхөн амьтны цусанд үхлийн тун орчихсон эргэлдэж байх болно гэж бодлоо. Эгч дүү хоёрт аквариум дахь асар том аварга загасыг тайлбарлаж байхдаа, Энжид ойртоод чих лүү тонгойн нэг зүйл шивнээд, холгүй байх мухлаг луу очиж бэлэн мөнгөөр гар утас, сим карт худалдан авлаа. Цэргийн найз Жефри лүүгээ бүртгэлгүй дугаараас ярьж, аюулд ороод байгаа хоёр хүүхдээ түүн лүү илгээе гэсэн

яаруу сандруу бодол орж ирсэн нь энэ байлаа. Компанийн хамгаалагчийн жолоодож яваа машины арын суудал дахь Эвелин айпадаа гаргалаа. Тэр зэргэлдээ хотын гэмт хэрэг ихтэй аюултай дүүрэг лүү явж байгаа тул хамгийн итгэлтэй хоёр ажилтнаа дагуулсан нь энэ. Айпадын дэлгэцийг маажихад аквариум дахь дүрс харагдсанаа орчлон хөрвөөчих мэт эвгүй эргэлдэн хөдөллөө. Энэ бол Ангир аварга загасны аймшигтай том амыг ширтэн алмайрсандаа толгойгоо маажсан хэрэг байлаа. Түүнд шулам шиг авгай нялганаж долигонон байж смарт цаг бэлэглэсэн бөгөөд, үүгээрээ дамжуулан хаана явааг нь

видеогоор харж, яриаг нь сонсож байгаа болохыг охин өөрөө ч, Фридли ч мэдэхгүй нь даанч харуусмаар. Машин хотоос гарах хурдны зам луу орж, хартай эхнэр айпадынхаа дэлгэц лүү яваад орчих нь холгүй болсон харагдана.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *