Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “5-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “5-р хэсэг”

0 секунд уншина
0
1
914

Ой гутмаар нялуун зэвүүн дуу хоолойноос зэвүүцсэн Бондоолой, – Эгч ээ, би Эвелинийд очихгүй! Ээждээ очмоор байна! гэж ориллоо. Хойд эхийн илт хуурамч, хоосон инээмсэглэл тодорсон царайг харахаас

Ангирын дотор зарсхийж, өөрийн мэдэлгүй хөмхий зуув. – Бонни, Энжи! Юу яриад байна аа? Ээж, аав хоёрынхоо дэргэд зөвхөн бидний хэлээр ярих ёстой! хэмээн харь авгай гуншлаа. – “Ёстой, ёстой!” гэх

наад зэвүүн үгийг чинь өмхий ам луу чинь буцаагаад чихчих юмсан! гэж Ангир төрөлх хэлээрээ асар бугшил зэвүүцэлтэй хэлээд тавьчихлаа. Гэвч энэ үгийг нь ойлгоно гэх биш дээ. Хойд эх тэвчээр

заан биеэ барьж, нялцгай үгсээрээ хоёр хүүхдийн хөлд суухыг оролдсоор л зогсох аж. – Би ээждээ л очно! хэмээн Бондоолой уйлагнасан хэвээр, гэдрэгээ ухарна. Муухай авгайн дэргэдээс үүрд

холдлоо гээд бүрэн итгэчихсэн учраас буцаж очих тухай яриа түүний санаанд яагаад ч багтахгүй байгаа нь энэ. Фридли түүнд сэм ойртож амжаад, хэдийнэ гараас нь атгаад авсан харагдана. – Эвелин ээж нь та

хоёрт яасан их санаа зовов оо? Монгол хөөрхөн хүүхдүүддээ ямар их хайртай вэ гэдгээ бид энэ өдөр л бүрэн мэдэрлээ. Одоо хэн ч та хоёрыг гомдоохгүй гэж Фридлийг батлахад, шар эхнэр нь нахилзаж, – Нээрээ шүү! Үүнээс хойш би та хоёрыг огт гомдоохгүй! Өргөмөл хүүхдүүддээ хэтэрхий олон дүрэм тулгаад байна гэж Фридли надад хэлсэн. Би энэ үгийг бүрэн хүлээн зөвшөөрнө. Үүнээс хойш бондгор хөөрхөн Бонни, сахиусан тэнгэр шиг хөөрхөн Энжи хоёрыгоо заавал тэг, заавал ингэ гэж залхаахгүй, чин зүрхнээсээ хайрлана гэлээ. Хүйт даасан, хэт том саарал байшиндаа буцаж ирээд хоолны ширээнд сууцгаалаа.

Ядаргаатай авгай дүүд нь броколи, шош мэтийн балиар ногоог, “Заавал идэх ёстой!” гэж огт шахсангүй. Арааны шүлс асгарам амттай шарсан махыг төмсний нухаш, луувангийн зуушаар хачирлан цадтал идүүллээ. Улаан лоолийн шүүс хэмээх аймшгийн заваан зүйлийг Эвелин санамсаргүй аягалаад ам нээх гэтэл, Фридли байдгаараа сандарч, эхнэрийнхээ тохойг нудран өмнөөс нь ширтэхэд, цаадах нь зогтусан таг боллоо. Зөрүүд авгай ахиад л, – Улаан лоолийн шүүсийг та хоёр заавал уух ёстой! Цус багадалттай хүүхдэд сайн гэж сурсан зангаараа чийртэй үглэх дөхөөд, хэлээ хазан чимээгүй боллоо гэдгийг

Ангир ойлгоод аягүйцлээ. Гэлээ ч тэр мэл гайхлаа. Илжиг шиг зөрүүд эмэгтэй ганц өдрийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдчих нь энэ үү? хэмээн өөрийн мэдэлгүй дотроо дуу алдчихсан суув. Орой болоход Эвелин нугастай юм шиг нахилзан нялуун зөөлөн аашилж, Ангир, Бондоолой хоёрыг хөтөлж, “Боннигийн” хэмээх өрөө лүү оруулж ирснээ, Теди бамбаруушийг өрөөнөөс гарган хонгилын буйданд суулгачихлаа. – Чи дүүгийнхээ өрөөнд унтах дуртай шүү дээ. Одоо эндээ унтаж бай гэхэд нь охин чихэндээ итгэсэнгүй. Бондоолойн орны дэргэд ахин нэг ижил ор тулгах шахам тавиад, цоо шинэ цагаан хэрэглэл хийгээд бэлдчихсэн байна. Эвелин эгч дүү хоёрын толгойг

элэгсэг гэгч илчихээд гарч явахад, – Юу болох нь энэ вэ? хэмээн Ангир дотроо хашгирав. Тавхан настай, юмны учир ойлгох яагаа ч үгүй Бондоолой дүү нь ч хүртэл мэл гайхчихсан харагдана. – Фридлигийн батлан хэлээд байгаагаар Эвелин нээрээ л бидэнд хайртай гэдгээ гэнэт мэдчихлээ гэж үү? хэмээн Ангир гайхаш тасарлаа. Гэвч зөрүүд, зэвүүн, хорон аашнаас нь болоод охины зүрх зүсэгдчихсэн учир энэ бүхэнд яагаад ч итгэж чадахгүй л. Харьд үрчлэгдсэн хоёр бүр ангайчихсан суув. Шулам шиг авгайн нүүрэн дэх сайхан инээмсэглэл өрөө лүүгээ орж ирмэгц л оргүй болж, хамаг үрчлээсүүд нь зангиралдан атиралдлаа. Хар хүн нь үүнийг ажаад дэмий л санаа алдлаа. – Зэвүүн

охин. Чин зүрхнээсээ хайрлаж энхрийлээд байхад л харцны нь мухарт занал зүхэл оршсоор л байх юм. Ямар муу санаатай охиныг бид өргөж аваа вэ? Энэ лав засрашгүй муу хүний удам байх аа? гэж эхнэрээ үглэхэд үг сөргөмөөр байвч, яаж ч чадахгүй, дотор зурагдан суув. Ааштай эхнэрийнх нь энэ бүх хуурамч жүжиглэлийн ард ямар санаа нуугдаж байгааг Фридли мэднэ. Хоёр хүүхдийг үдээс өмнөжин хайсан ч олдох газаргүй болж, цөхрөнгөө барахдаа тэр хоёр сайн анд өмгөөлөгч дээрээ очиж хэрхэхийг асуусан. Хэрвээ цагдаагийн ажилтнууд Энжи, Бонни хоёрыг урьтаж олоод, охины нүд, бие дээрх хөхрөлт няцралтад шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргаад, мэдүүлэг авсан

юм гэхэд нэгмөсөн сүйрнэ гэдгээ сонссон. Ийм төрлийн гэмт хэрэгт энүүхэнд гурван жилийн хорих ял авах хуулийн заалттай гэдгийг найз нь хэлээд, хөмсгөө зангидаж эвгүйцсэн харцаар Эвелинийг ширвэсэн. Энжи, Бонни хоёрыг бушуухан хуурч, өөртөө татаж, сайн харьцаатай болохгүй бол ямар аюулд хүрэхийг эхнэр ойлгоод, зуйрч эхэлсэн нь энэ. Маргааш нь Фридли эгч дүү хоёрыг паркаар зугаалуулж, хамгийн гоё гэсэн тоглоомуудад суулгаж, үнэтэй зоогийн газарт ахиад л амттай шарсан махаар дайллаа. Том саарал байшингийн өмнө буцаж ирж зогсоод хартал ажлын хувцастай хүн Ангир, Бондоолой хоёрын өрөөний цонхонд юм суурилуулж байна.

Эвелин сандарч нөхрөө сэм дуудах нь сэжигтэй. – Чи утасдаж байж ирэхгүй яав аа? Харуулчихлаа ш дээ! гэж шивнэхийг Ангир сонсоод сортосхийлээ. Ажилчдын цэнхэр фургоны бөөрөн дээр “Дохиолол” гэсэн бичиг байгааг үзээд давхийв. Хүүхдийн өрөөний цонхыг торлож, хаалганд нь гаднаасаа түлхүүртэй цоож суулгаад, дохиолол тавьсан аж. – Бид хоёрыг шоронд хорих гэж байгаа юм уу? хэмээн Ангир энэ бүхнийг очиж хармагцаа ууртай асууж, үзэн ядсан харцаар цоргилоо. Фридли санаа зовиносон нүдтэй болж, Эвелиний царай язав татавхийгээд л явчих нь зэвүүтэй. Ангир хүүхдийн өрөө лүү орохгүй хонгилын шатан дээр дүүтэйгээ суучихлаа. Авгай яаж нялуун үг хэлж,

ямар амттан авчраад ч нэмэр болсонгүй. Уурандаа багтарсан хойд эх гараа нэг татвасхийснээ өмгөөлөгч найзын аймшигт үгийг санаж, далайсан гараа буцаав. Өрөөндөө орж ирээд, уур нь буцалж, – Монголын янхан эмийн бузар охин! хэмээн үглэж нааш цааш холхилоо. Орондоо унт гэж яаж аргадаад ч нэмэр болсонгүй. Охин тас зөрүүдлээд, дүүгээ тэврээд хонгилын буйдан дээр хэвтээд өгөх нь арай л давруун. Эвелин бараг л дэлбэрчих дөхлөө. – Чи л энэ өлөгчин шиг охиныг тэвэрч унтаж буйлуулсан! хэмээн нөхөр лүүгээ хашгичлаа. Зүгээр л охин хүү хоёртойгоо ярилцаж сууснаа унтчихсан байсан гэдгээ яаж ч тайлбарлаад нэмэргүй гэдгийг мэдэх тул зөрүүд эмийнд

орж толгой хоргодсон дорой эр дэмий л дуугаа хураав. Зантай эхнэр дэгэнцэж байснаа гэнэт утсаа залгалаа. “Сонсож бай, Жонни” гэхийг нь дуулаад, хүмүүсийн жиг жуг ярианд “буруу гарын нөхөр” хэмээн ороод байдаг, хөрш залуутай ярьж байгааг Фридли мэдэж сэртхийлээ. Эвелин хялайснаа угаалгын өрөөнд орж түгжээд шивнэж эхлэхэд, айх гайхах зэрэгцсэн нөхөр нь хаалганы завсарт чихээ наав. – Жонни чи тагнуултай кинон дээр гардаг шиг алгуур үйлчилгээтэй, задлан шинжилгээгээр илэрдэггүй хор олж чадах уу? гэж асууж буйг сонссон

Фридли давхийтэл цочлоо. Зүрх нь бараг л хаагдчих шахаж, царай нь хувхай цайгаад яахаа ч мэдэхгүй чичирлээ. Нүдэнд нь төрсөн эхээсээ алс холд, харь хэлтэй зөрүүд авгайн ширүүн гарт шаналж суугаа хоёр хөөрхий үр бүлтийн харагдав. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *