Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “4-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
918

Ангир, Бондоолой хоёр амиа гартал айж байлаа. Модод зуун салаа гартай, гар бүртээ махир хумстай хорь гучин хуруутай, аймшигт мангас болон нүдний өмнө бараантан хөдөлж, эгч дүү хоёрыг бариад

авах гэж байгаа юм шиг л оргино. Ойд бас амьд Теди бий. “Хорхойтсон баавгай аюултай. Хүнийг бариад идчихдэг” гэж талийгч буурал аав нь сонин болгон хуучилдаг, ярианаас нь Ангир айдаг байснаа саналаа.

Охинд буцах санаа төрөв. Тэгснээ эргэлзлээ. Хүйт даасан саарал байшинд ойн баавгайнаас ч муухай мангас бий. Тийшээ очиж яасан ч болохгүй! – Аниа, би айгаад байна аа! гээд Бондоолой эхэр татуулж

эхэллээ. – Миний Бондоолой айх хэрэггүй! гэж Ангир дүүгээ яг л ээж шигээ “Миний Бондоолой” гэж энхрий дуудан аргадлаа. Ижийгээ Ангир учир зүггүй их санаж байгаагаа мэдлээ. Дотроо “Ээж ээ, ирээч

дээ. Бид хоёрыг аваач дээ?” хэмээн үглэн нулимсаа асгаруулав. Өмнө талд холгүйхэн, засмал замаар машин шунгинах чимээ холдон алсарч, эсвэл ойртон тодорч сонсогдох аж. Ойн дундуур зам явсан

байдаг. Түүгээр Эвелин, Фридли хоёр долоо хоногт хоёр удаа явж том дэлгүүрт очиж, хүнсээ цуглуулдгийг саналаа. Тэнд бас ресторан, хими цэвэрлэгээ, машин засварын газар, шатахуун түгээгүүр байдаг. Ангир дүүгээ хөтлөн хурдаа нэмэн алхлаа. Машинуудын чимээ бараадвал баавгайн аюулаас холдоно гэж монгол удмын зөнгөөр мэдэрсэн нь энэ. Зам луу дөхтөл улаан хөх гэрэл анивчин эргэлдэж, нүд гялбууллаа. Цагдаагийн машин болохыг харсан охин алсуур тойров. Цагдаад үзэгдэх юм бол шууд л “Хэний хүүхэд вэ?” гэж асуугаад, эцэг эхэд нь

хүргэж өгнө гэцгээнэ. Энэ ёрын улсад ирснээр Ангир, Бондоолой хоёрын эцэг эх нь Фридли, Эвелин хоёр болчихсон. Охин цагдаагийн машинаас холдоод урт амьсгаа авлаа. Дүүгээ хөтлөн явсаар том дэлгүүрийн ойролцоо ирлээ. Үүнээс цааш засмал замаар хэдхэн минут давхивал хотын төвд хүрдэг гэдгийг бас мэднэ. – Одоо хаачих вэ? Эвелин мангасаас хаана нуугдах вэ? гэж Ангир шаналлаа. Монгол улсдаа, ээждээ яагаад ч хүрч чадахгүй гэдгээ охин мэдэх тул дотроо дэмий л ижийгээ дуудан хэсэг уйллаа. Охин зуун салаа савартай

аймшигт модон мангасууд, сүүдэртэн бараантах ойн түнэр харанхуйгаас амиа гартал айж байв. Бондоолой ч бас түгшиж, ийш тийш бүлтэлзэн харж эгчийнхээ энгэрт наалдана. Эгч дүү хоёр голдоо ортол даарч хонолоо. Үүргэвчинд хийсэн бүх хувцсаа давхарлаж өмссөн ч чичрээд л байлаа. Эцэстээ бүр Фридлигийнх лүү буцаад очих уу гэж ч бодоход ч хүрэв. Нэг мэдтэл Ангир унтчихаж. Нар таатай ээж, халуу дүүгэтэл дулаацсанаа мэдрэн таашаалтай сэрлээ. Нар дээр хөөрсөн, ойн шувууд шулганалдан жиргэцгээх аж. …Өглөө эрт хоёр өргөмөл хүүхэд нь байхгүй болсныг мэдээд Эвелин дуу алдан муухай

ориллоо. Фридли цэрэгт алба хаасан хүн болохоор эд зүйлсийг нь гярхай бүртгэж, хоёр үүргэвчээ, ойр зуурын хувцсаа авсан болохыг мэдэж, “Оргоод явчихаж!” хэмээн дуу алдлаа. Утсаа залгах гэтэл Эвелин гараас нь шүүрч, өмнөөс нь заналтай харцаар цоргив. – Чи намайг цагдаад барьж өгмөөр байна уу? гэхэд нь зогтуслаа. Эхнэр нь, – Энжигийн нүд хөхөрч, биед нь зодуурын өчнөөн сорви үүссэн байгаа! гэхэд Фридли бүр цочлоо. Түүнд утсаа буцааж тавихаас өөр арга байсангүй. Хэсэг тунгааж үзсэнээ, – Ойр хавьд хайцгаая. Холдоогүй байх ёстой гэлээ. Фридли эхлээд хашаагаа нэг бүрчлэн нэгжиж

шалгав. Зүүн зүгт бут даган явсан мөрийг нь олж ажаад, Эвелинд үзүүлтэл, – Хот луу л битгий оччихсон байгаасай гэж зөрүүд дээрээ хартай, дураараа дээрээ ууртай эхнэр үглэлээ. Өргөмөл эцэг эх хотын гудамжуудыг нэгжиж, хотын төвөөс орон сууцны болон, хаус хотхонууд луу ирдэг замуудыг даган өдөржин бэдэрсэн боловч хоёр монгол хүүхэд харанхуйд унагасан ширхэг будаа мэт бараа сураггүй болжээ. Бага үдийн хэрд Бондоолой сэрээд л уйлагнаж эхэллээ. – Гэдэс өлсөөд байна аа! гэж байснаа, сүүлдээ, – Ам цангаад байна аа! гээд учир зүггүй мэгшүүллээ. – Дэлгүүрт очих юм бол бид хоёрыг хүмүүс

танина. Тэгээд л Эвелин лүү утасдчихна гэж хэлж Бондоолойг чимээгүй болголоо. Гэвч тэр арав хорин минут ч тэссэнгүй. – Ам цангаад байна аа! гээд зогсоо чөлөөгүй уйлав. Ангир дэлгүүрт ороод сагс дүүрэн талх боов, хиам, утсан мах, лаазалсан загас гэх мэт зүйлс цуглууллаа. Том савтай жүүс, усыг бүр хэд хэдээр нь авав. – Чи яагаад ганцаараа яваа юм бэ? Ээж чинь хаа байна? гэж дэлгүүрийн менежер хар арьст бүсгүй гайхлаа. – Ээж дүүтэй минь ойд зугаалж байгаа. Намайг юм аваад ир гэсэн.., гэж Ангир чоно санаалж, урьдаас сайтар бодсон үгээ дуржигнууллаа. Өдөр бүр Эвелиний шаналант үгсийг

сонссоор хараал идсэн харь хэлийг нь ямар айхтар сурчихаа вэ гэж гайхахаар цэвэрхэн ярих охин луу менежер нүдээ том болгон хараад, – Энэ их зүйлийг чи даахгүй. Жоннигоор туслуулъя гээд ойролцоо зогсох дэлгүүрийн бараа өрөгч залууд хандахад, – Үгүй. Би өөрөө чадна! гэж Ангир тоймгүй сандарлаа. Бондоолой ундаанаас бор ходоодоо цүрдийтэл залгилаад, дараа нь утсан мах, лаазалсан загасыг талхтай холин бүтэн сар өлсгөлөн явсан талын хөх чоно шиг л идлээ. Эгч дүү хоёрын санаа амарч, ход ход инээлдэн ой дотор хөөцөлдөн

баахан тоглов. Гэвч Ангир буцаад л барайчихлаа. Мөдхөн шөнө болно. Ахиад л айна, ахиад л даарна. Тэр Фридлигийнд буцаж очих тухай эргэн бодож үзэв. – Хэзээ ч үгүй! гэж тэр дотроо бугшлаа. Эвелин хэмээх аймшгийн гарт очсоноос ойн баавгайд бариулж үхсэн нь дээр гэж бодогдов. Дүү нь ээжийгээ санав бололтой урвайчихыг ажсан Ангир дүүдээ зав өгөхгүй тоглож, сатааруулах ёстой юм байна гэж бодлоо. Тэр хоёр хөөцөлдөн, дээр дороо орон тоглов. Дүүгээ хөөж гүйцээд, унагааж дараад, гижигдэхэд Бондоолойн царайд нар гэрэлтэх шиг тэнийж, байж ядан тийчилж, ход ход хөхөрлөө. Эгч дүү хоёр чөтгөрт хараагдсан энэ муухай ертөнцөд ирснээсээ хойш анх удаа

магнайгаа тэнийтэл инээж авч буй нь энэ байв. – Энжи! Нархан минь! гэх Эвелиний унжралдсан нялуун аялга сонсогдоход эгч дүү хоёр зэрэг цочлоо. Хойд эх, мангас шиг муухай авгай шал худлаа инээмсэглэн зогсоог хараад, Ангирын огиудас хүрлээ. – Бид хоёрыг хаанаас мэдчихэв ээ..? гэж охин харуусан бодов… (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *