Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “2-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
595

Бондоолойг орь ганцаар айж түгшиж, тарчилж зовж хэвттэл хаалганы бариул зөөлхөн чихарлаа. Эгч ингээд орж ирдэг гэдгийг мэддэг болсон бүлтгэр хүү ухасхийн өндийгөөд хаалганы зүгт ширтэв.

Гэтэл аймшигтай том хар сүүдэр эрчлэн мушгиралдаад нааш гулсаад байх шиг! – Аа.., аа! гээд Бондоолой чарлачихлаа. Гэтэл сүүдэр ухасхийж, яах ийхийн завдалгүй цовхорч ирээд Бондоолойг бахим

савраараа базаад авах нь аймшигтай. Зүрхээ амаараа гартал айсан хүү ахин орилтол, зөөлөн гар мэдрэгдэж, эгчээ болохыг танив. Хэтэрхий чанга орилсон тул Эвелин ирээд, Ангирыг өрөө лүү нь хөөж, ахиад л

орь ганцаар үлдэнэ гэдгээ мэдэх хүү учиргүй их харууслаа. – Эгч ээ, намайг аваач дээ! гэж дуу алдаад, уйллаа. Дотроо “Эгч минь авах гээд ирж байхад, орилчихдог…” хэмээн өөрийгөө зүхэв. Одоохон хойд ээж

хэмээгч үзээрийн муухай мангас ороод ирнэ хэмээн эгч дүү үрс шаналав. – Бид хоёр хойд ээжтэй болох юм уу? гэж Ангир төрсөн ижийгээсээ асуусан. – Нүгэл охин минь. Хойд ээж биш чиний өргөмөл

ээж! гэж залруулаад, Эвелин хэмээх буянтай бүсгүйг “Ээж” гэж дуудаж байгаарай, “Хойд ээж” гэвэл гомдоно шүү гэж захьсан. Анх ирснийхээ дараа Ангир, Бондоолой хоёр Эвелинийг ээжийгээ гэж бодож хоорондоо “шинэ ээж” гэж ярилцдаг байсан. Харин одоо бол “хойд ээж” хэмээн заналтайгаар нэрлэх болсон. Кинонд гардаг хорсолтой, хорлонтой хойд ээж шиг Эвелин эгч дүү хоёрыг адалж шоодоогүй, аашилж загнаагүй, зодож нүдээгүй. Гэлээ ч “хойд ээж” гэж зэвүүрхдэг болчихоод байгаа билээ. Шат луу өгсөх хөлийн чимээ гарлаа. Тог тогхийж, шаналант хойд ээж нааш ойртсоор л. Эгч дүү хоёр энэ

муухай зүдэргээтэй үгтэй шулам шиг зөрүүд авгайг ямар ихээр үзэн ядна вэ! Ангир хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуугаад Эвелинтэй үг зөрөхөд бэлэн зогслоо. Яадаг юм, “Дүү минь айгаад байна. Бид хоёр Монголдоо өвөртлөөд, ээжийнхээ дэргэд унтаад сурчихсан юм!” гээд эрсхэн хэлчихье гэж зоригоо хөвчлөн хүлээлээ. Хаалга торхийснээ өрөөнд хонгилын гэрэл тусав. Эвелин биш Фридли ороод ирэх нь гайхмаар. Бондоолойн толгойны нь дэргэд байдаг унтраалгыг дарахад алиалагчийн царай, бүлтгэр нүд гэрэлтлээ. Дүү энэ шөнийн гэрлээс ч бас тоймгүй айдаг. Өрөөнд бүдэг гэрэл тусмагц, эгч дүү хоёулаа байгааг харсан хойд аав бүлтийтлээ гайхаж, Ангир Эвелинд зориулж

үгээ бэлдэж зогссон тул юу ч гэхээ мэдэхгүй алмайрлаа. – Бонни юунаас айгаа вэ? гэж асуухад нь Ангир өөрийн эрхгүй Теди лүү заналтай харлаа. Фридли Тедиг аваад ханын том шкаф луу чихчих нь итгэмээргүй. – Бонни чи таван нас хүрсэн, тал нутгийн баатруудын удам. Айх ёсгүй! гэж зоригжууллаа. Хүү “Айж болохгүй” гэсэн гол санааг нь ямар ч гэсэн ойлгож бүлтийн ширтлээ. Харин Ангир үг бүхнийг нь ойлгоод, мэл гайхав. Фридлиг ийм хүн гэдгийг өдий хүртэл мэдээгүй явж. Шинэ аав өргөмөл охин хүүтэйгээ барагтай л бол ярьдаггүй. Хааяа ам нээхэд нь Эвелин тас цохиод дундуур нь орчихдог. Ангир одоохон Эвелин ороод ирнэ дээ гэж шаналан, хаалга луу

өөрийн эрхгүй харчихлаа. Хойд аав үүнийг анзаарч, – Эвелин ирэхгүй ээ. Надтай виски уугаад, бөх гэгч нойрссон гэж байна. Фридли Бондоолойн хацар дээр үнэрлэн үнслээ. Ангирыг тэвэрч энгэртээ нааснаа, бас л духан дээр нь үнэрлэн үнсэх нь тийм гэх эцэсгүй таатай. Яг л төрсөн аавынх нь эрүүнийх шиг дөнгөж ургаж эхэлсэн ширүүн сахал хатгалаа. Ааваас хир хөлс үнэртдэг бол, Фридлигээс сахлын усны нь сайхан үнэр сэнхийнэ. Бас амнаас нь сархдын эсгэлэн үнэр ханхалж байлаа. Ангир, Бондоолой хоёрын төрсөн аав хөдөө байдаг. – Аав чинь бид гурвыг үнсэнд хаясан шалз шиг орхиод,

Дорноговийн мянгат малчны хүргэн болчихсон. Эхнэр нь гэж инээд хүрмээр хөдөөний мантайсан улаан амьтан бий. Та хоёрын аав гэж хүний оронцог “Хүргэн хүү”-гийн Дэмбэрэл шиг баян айлын зарц болсон гэж ээж нь зэвүүрхдэг. Өнгөрсөн зун аав нь яг л ээжийнх нь дүрсэлсэн шиг мантайсан улаан бүсгүйтэй ирээд, Ангир, Бондоолой хоёрыг хөдөө авч явсан. Хоол унд элбэгтэй, агаартай нартай газар зусах нь зөв гээд ээж нь явуулсан ч эгч дүү хоёр гурав хоноод л буцаад ирсэн. Нэгд очмогцоо л ижийгээ санасан, хоёрт мантгар улаан хүүхний ээж нь, – Унтаж идэхээс өөр ид шидгүй, тугал ч буцааж мэдэхгүй гэж адалж загнаж эхэлсэнд нь Ангир дургүйцсэн. Аавынхаа шинэ эхнэрийнхээс буцсан шигээ Эриксоныхоос буцаад явчих юмсан гэж охин мөрөөддөг. Гэвч болохгүй. Тэд энэ харь айлд бүрмөсөн

өргөгдчихсөн. Фридли нанчдад халаад, сэтгэл уярчихсан тул Бондоолойн өргөн том орон дээр гурвуул зэрэгцэн хэвтээд хууч хөөрлөө. – Та хоёрыг өргөж авсан маань том алдаа болсон. Би Эвелинийг хүүхдэд дэндүү хайртай гэж бат итгэж байсан. Гэтэл зөрүүд зан нь дийлээд байх юм. Та хоёрыг зөв хүмүүжилтэй л болох ёстой гээд зүтгээд байхаас, хайр энэрэл дутаад байгааг огт ухаарахгүй юм гээд санаа алдлаа. Ангир энэ үгсийн гучин хувийг ч болтугай ойлгосон тул гайхаж, харин дүү нь огт ойлгоогүй учир хойд аавын өмнөөс ангайн ширтэв. Ямар ч гэсэн сайн зүйл ярьж буйг мэдэрч буй нь илт. Фридли ахиад л Бондоолойг өөр лүүгээ татан, шанааг нь үнэрлэн үнслээ. Нээрээ л хайр гэдэг зүйлээр ангачихсан хоёр балчир үр Фридли

Эриксон хэмээх харь эрийн цээжний хоёр талд толгойгоо наан, асар амттай таашаал, хөлгүй их амар амгаланд умбалаа. Харь улсад ирснээсээ хойш анх удаагаа хайр гэгч зүйлийн хэлтэрхийг амталж үзэж буй нь энэ. – Би Эвелинд зөндөө хэлдэг. Өргөмөл монгол охин хүү хоёроо ээж шиг нь энхрийлж, эрхлүүлэх юм бол бидэнд дасна гэж. Даанч намайг сонсдоггүй. “Сайн хүн болгож хүмүүжүүлэх ёстой! Монголд эвдэрчихсэн хүүхдүүд…” гээд илжиг шиг зүтгээд байдаг юм гээд өргөмөл аав ахин хэнгэнэтэл шүүрс алдлаа. Ангир энэ үгсийг бас л хагас дутуу ойлгоод, Фридли ийм хүн байсан гэж үү? хэмээн дотроо гайхаж хэвтлээ. Нэг мэдтэл гурвуул тэврэлдсэн чигтээ таг унтчихаж. –

Муу гаж донтон! Чи яаж балиартана гэнэ ээ! хэмээн архи нь бүрэн гараагүй Эвелиний бачимдан хашгирах дуунаар Ангир сэрлээ. Охин нойрон дундаа нилээд доош хөлбөрөөд, Фридлигийн бэлхүүсэнд толгойгоо наагаад, эмзэг газраар нь тэврээд унтаж байсан нь хойд ээжийг галзууруулах дөхсөн нь энэ байлаа. Балчир охин даанч ийм юмны учрыг мэдэх болоогүй. Ядаж байхад Бондоолой орноосоо уначихсан, зөөлөн үсэрхэг хивсэн дээр хол гэгч хөлбөрөн өнхрөөд, Эвелиний чарлах дуунаар ч сэрэхгүй, бөх гэгч унтаж байна. – Долоо ч хүрээгүй хэрнээ ямар гээч бузар амьтан байсан юм бэ, энэ чинь..! гэж хойд ээж мангас мэт муухай чахруулан орилоход, газар дэлхий

бүхлээрээ доргин чичрэх шиг болж, Бондоолой сэрэн айж уйлж эхэллээ. Зөрүүд эхнэр, нөхөр лүүгээ нэвт шувт ширтэж байснаа, – Чи санаатай үүнийг зохион байгуулсан байна! Монголын янхан эмийн садар охиныг зөвхөн ийм л бузар зорилгоор нааш чирч ирж! Эгч дүү хоёр л надад таалагдаж байна, дүү нь сахиусан тэнгэр шиг хөөрхөн юм гээд, илжиг шиг зүтгээд байсан ийм л учиртай байж! гэж бачимдан чарлалаа. – Эвелин чи галзуурч байна уу? Яалаа гэж дээ? Энэ чинь

зургаахан настай охин ш дээ! хэмээн Фридли хэлсэн биш сэрлийсэн эхнэр улам хорсон уурсав. – Өчигдөр шөнө чи надад цаанаа нэг учиртай, “сингл молт” гээд шахаад байсан ийм зорилготой байж! гээд Фридлиг хайр найргүй цохиж, нүдэж, маажлаа. Эвелин зөрүүд дээрээ хартай гэж тоймгүй амьтан байсан юм санаж. Сарын дараа долоо хүрэх гэж байгаа балчир охин чухам юунаас болж, хойд ээж ингэтлээ уурлаад байгааг ойлгохгүй, хүмүүсийг өвөртөлж унтахад дургүй болохоороо л энэ байх гэж санан бүлтийтэл ширтлээ. Бондоолой ухаангүй түгшин уйлж, айсандаа ангайн таг чичирсэн харагдана.

Ангирын гайхаж ширтсэн нь Эвелинийг бүр галзууруулав. Харын бузар хор нь дотор нь буцалсан эхнэр ухасхийн бүжин жаахан охиныг үсдэж орон дээр нь дараад, нүүр нүдгүй алгадаж, цохиж нүдэж эхэллээ. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *