Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “1-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
848

Ээж ор луу ирээд гэрэл цацартал ялдам инээмсэглэснээ, охиныхоо хацар дээр үнсэв. Харамсалтай нь энэ зүүд байлаа. Ангир ээжийнхээ хүзүүнээс зүүгдэн алдаад сэрчих нь уйтай. Охиныг учир зүггүй их

харуусал эзэмдэв. Чингэлтэйн эцэст байдаг бор турхан ч, халуу дүүгэсэн умгар гэртээ биш, харь хэлтэй, харь ааштай, харийн айлын хүйт даасан томоос том хүүхдийн өрөөнд сэрсэн нь энэ. Ээждээ

үнсүүллээ гэж горьдтол хүршгүй алсад байх гэдэг юутай их энэлэн бэ? Ангирын өр зүрх өмөлзөөд, цээжин дээр нь дэлхийн бүх чулууг овоолчихсон мэт асар хүнд зүйл дараад, ёроолгүй их уйтгар гуниг

нөмрөөд авах нь тамтай. Шөнө сэм авчирч өвөртөлж унтсан Бондоолой дүүгээ өрөөнд нь үтэр түргэн аваачих ёстойгоо гэнэт санаж хиртхийлээ. Дүүгээ дааж ядан тэвэртэл гай болж, шинэ ээж Эвелин

ороод ирлээ. – Энжи! Би чамд яаж хэлбэл ойлгох вэ? Чи эрэгтэй дүүгээ өвөртөлж унтах ёсгүй! Бүр нэг өрөөнд ч хамт унтаж болохгүй! Бонни өөрийн өрөөтэй! гэж хан ян хийсэн харь хэлээрээ үглэлээ. Хойд ээж тэр

хоёрыг “Энжи”, “Бонни” гэж дууддаг. Энэ харь гаж нэрүүдэд охин яснаасаа дургүй. “Ангир, миний охион”, “Миний өөлхөн Бондоолой…” хэмээн дууддаг төрсөн ээжийнх нь ялдамхан хоолой үргэлж чихнээ дуурссаар л байдаг. Ангир таг дуугүй дүүгээ тэврэн, нулимсаа мэлмэрүүлсээр өрөөнд нь оруулж, орон дээр нь тавив. Дүү нь сэрэхгүй унтсаар л. Эгч шигээ ээжийгээ зүүдлэв бололтой тамшаалах нь өхөөрдөм. Энэ харь гэр дэх хэтэрхий олон яршигтай ёс журмаас эгч дүү хоёр залхаж гүйцчихээд байгаа! Эвелин аль болох аядуу, эелдэг зөөлнөөр үглэхийг хичээдэг нь түүний амнаас гарах үгсийг хэтэрхий

унжралдсан нялуун бялуун болгоно. Зарим нэг авиа нь дотор зарсхийлгэм чихраан болон часхийх нь чихэнд чийртэй. Чихний хэнхэрэг лүү шөвгөөр хатгаад байх шиг л оргино. – Өө! Бидний хайртай Тедиг яагаад шүүгээний ар луу шидчихэв ээ? Энэ чинь миний хайртай ээжийн бэлэг шүү дээ! гэхэд нь Ангирын жихүүдэс хүрлээ. Теди хэмээх аймшигтай том, өөрөөс нь дэлэм өндөр энэ зөөлөн тоглоомоос дүү нь амиа гартал айдаг. Айдаг учраас л шүүгээний араар нуудаг. Эвелин аймшигт баавгайг Бондоолойн дэргэдэх сандалд суулгачихлаа. Хэрэв дүү ганцаар сэрвэл баавгайнаас үнхэлцгээ

хагартал айна даа гэж бодохоос Ангир шаналлаа. Гэвч шинэ ээжид энэ тухай яаж хэлээд ч нэмэргүй. Нэгд Ангир бүрэн ойлгуулж дийлэхгүй, хоёрт хойд ээж илжиг шиг зөрүүд. Бүхнийг өөрийн санаснаар болгосон цагтаа л санаа нь амардаг. Тэгээд ч энэ бол Ангир Бондоолой хоёрынх биш Фридли, Эвелин нарын гэр. Энд гагцхүү хатагтай Эвелиний дүрэм л үйлчлэх ёстой. Хойд эх өргөмөл охиноо хөтлөн өрөө лүү нь оруулж хэвтүүлээд, – Чи гучин минутын дараа босох ёстой! гэчихээд гарлаа. Ёстой, ёстой.., ёстой.., гэх хойд эхийн энэ улир болсон үгийг Ангир ямар их үзэн ядна вэ! Дөнгөж тавтай Бондоолой дүү минь мөдхөн сэрнэ. Дэргэдээ эгчийгээ байхгүйг мэдээд, аймшигтай

шаналанд автана даа гэхээс Ангирын дотор зурагдлаа. Эгч нь үгүйгээс гадна, аймшигт том баавгай дэргэд нь сууж байгаа. Тедигээс Бондоолой амиа гартал айх болно! Гучин таван минутын дараа Ангир шүдээ угаагаад зогсож байлаа. Түүний дэргэд Бондоолой дүү нь бүлтийчихээд, булцгар хөөрхөн гараараа сойзоо ядмагхан бариад шүдээ угаамар аядна. Дүрлийсэн хоёр алаг нүдэнд нь дүүрэн нулимс мэлтэрч, Эвелин лүү айсан харц илгээх нь өрөвдмөөр. Зургаахан настай Ангир дөнгөж хоёр хоногийн өмнө тав хүрсэн Бондоолой дүүтэйгээ харьд өргөгдөөд зовж яваа нь энэ. Ёроолгүй хар ангалд унасан мэт энэлж, бүжин зүрх лүүгээ түмэн зүүгээр шивүүлсэн мэт

шаналж суугаа. Орчлонгийн бүх араатан өрцнөөс зуугаад, зулгааж үгтээж байгаа мэт өвдөж, сэтгэлийн аймшигтай хүнд дарамтад зүдэрч буй. Эгч дүү хоёр урьд хожид зөвхөн мөрөөдөж л чадах байсан тансаг хувцсыг өмсдөг. Шинэ эцэг эх Фридли, Эвелин хоёр өргөмөл үрсийнхээ төлөө гар татдаггүй. Хамгийн чанартай, цуутай гэх брэндүүдийг авч өгдөг. Урьд нь зөвхөн зурагтын дэлгэцээс л хардаг байсан амттан шимтэн бүхнийг ширээ дүүрэн өрөөд цадтал хооллодог. Гэвч хоёр монгол үр төрсөн ээжийнхээ хуучин дээлийн өнгөөр эсгэж, эв муутай оёж өгсөн хиртэй баривчийг, хүнсний захын дайврын лангуунаас зээлж ирсэн хонины толгойны хярвастай шөлөө эцэс төгсгөлгүй

санаж суугаа. Ээжийгээ бол бэтгэртлээ санаж, энэлж гуньж байгаа. Гэр бүл хоолны ширээний ард гараа атгалцаад, “Бидэнд хүнс илгээсэн Исус танд гялайлаа. Амин” гэх утгатай залбирлыг шивнэцгээлээ. Анх Фридли Эриксонынх хэмээх энэ айлд ирээд, тансаг зоог дүүрэн өрсөн ширээний ард суухдаа “Дүү бид хоёр ээжийн хэлснээр ямар их амны хишигтэй, ховор тавилан заяатай юм бэ?” гэж дотроо дуу алдаж байсан. Одоо бол үүнийгээ эргэн дурсахаар ой гутдаг. Хооллож байтал хойд эцэг Фридли Бондоолой луу харж, амаа мурийлгалаа. Үүнийг ажсан Эвелин заавал нэг зүйл хэлнэ гэдгийг Ангир мэднэ. Бодсон ёсоор, – Бонни, чи броколигоо заавал идэх ёстой! гэж Эвелин хэллээ. Хөөрхий дүү нь айдастай нүдээ бүлтэлзүүлэн, хашааны ёзоорын лууль

шиг бөөлжис хүрэм муухай амттай ногоог бувалзуулан дуртай дургүй зажилж эхлэхэд, зовлонт дүүгээ өрөвдсөн Ангирын нулимс мэлтрэн энгэр лүүгээ дуслаа. – Ээж ээ! Ижий минь ээ! Дүү бид хоёрыг ирж аваач дээ! хэмээн тэр дотроо залбирч, урсах нулимсаа Фридли, Эвелин хоёроос нуун хоолоо идэж буй дүр эсгэмшээ болов. Энэ айлын төрсөн хүү болох найман настай Уоли бол броколи, шош мэтийн балиар амттай ногоонуудаа дураараа ялган хоосон таваг луу хаяад, амталж шарсан махнаас тааваараа шүүрэн идэх нь атаархмаар. – Уоли бол хэвийн жинтэй учир броколигоо идэхгүй байх эрхтэй. Харин та хоёрын нэг нь жингийн дутагталтай, нөгөө нь витаминий

дутагдалтай учир ногоонуудыг заавал идэх ёстой! хэмээх үгээ Эвелин хоол бүр дээр улиг болтол яншдаг. Энэ бол заавал биелүүлэх ёстой бас нэг хууль. Эгч дүү хоёр олон төрлийн лууль шарилж шиг муухай ногоонуудыг арайхийн бараад, салхилахаар гарч санаа амрав. Байшингийн өмнө гараад, түр ч атугай дотор нь уужирсан Бондоолой газар сэндийлэн өт хорхой сонирхож эхэлсэн биш бас л хойд эхийн дүрмийг зөрччих нь лайтай. – Та хоёр Монголдоо байдаг шигээ бохир заваан тоглож болохгүй. Өт хорхой гэдэг бол бөөн хортой вирус бактериуд гэсэн үг. Чи дүүдээ үүнийг сайн хэлж ойлгуулах ёстой! гэлээ. Бондоолой харь хэлийг ямар ч гэсэн ойлгодог болсон тул хөмсгөө зангидан гуниглаж, санаа алдлаа. Ашгүй хөрш авгай Мари гарч ирээд, Эвелинтэй чалчиж эхэлсэн биш, Ангир Бондоолой хоёрт

хэдхэн мөч ч атугай өөрийн дураар байх сиймхий олдлоо. Охин бяцхан дүүгээ энгэртээ наан тэврээд, нулимсаа мэлмэрүүлэн санаашрав. – Миний хоёр чинь тавилан заяатай, амны хишигтэй хүүхдүүд! Та хоёр баян айлд очиж тансаг амьдарна. Гоё хувцас өмсөнө. Пицца, чикен, стийк гээд гоё хоолуудыг өдөр болгон цадаж ханатлаа иддэг болно! гээд ээж нь учиргүй их баярлаж байсныг Ангир нүдэндээ тод гэгч дүрслэн харж, хэнгэнэтэл санаа алдлаа. – Ээж ээ, та яагаад ийм ядуу юм бэ? Бид хоёр яагаад ийм муухай хувцастай юм бэ? Хүүхдүүдээс ичээд байна! гэж ээждээ гомдоллож, хөөрхий муу навсгар ээж нь санаа алдан нулимс дуслуулдаг байсныг бас бодлоо. Яах гэж ижийгээ ядуу гэж голов доо? хэмээн Ангир шаналлаа. Одоо бүх зүйл өнгөрсөн, эргээд очиж хэзээ ч чадахгүй, хүршгүй алсад ээж нь

хоцорсон. Ингэхэд ээж минь ахиад өвдчихсөн байх вий дээ гэж охины санаа зовлоо. Хорвоогийн нэгэн хэцүү өдөр тийнхүү өнгөрч түнэр харанхуй нөмөрлөө. Ангир, Бондоолой хоёрын хувьд бас нэг том аймшиг эхэлж буй нь энэ. Шөнө болмогц “Хүүхдийн өрөө” хэмээн нэрлэдэг ханхай том хоёр тасалгааны юм бүхэн сүүдэртэн харлаж, мушгиран ороолдож, үзээрийн муухай мангас болон амилдаг. Фридли, Эвелин хоёрыг хичнээн их үзэн ядаж байгаа ч, шөнө болохоор өөрийн эрхгүй тэр хоёрт хоргодож, өрөөнд минь хамт унтаасай, эсвэл дүү бид хоёрыг өрөөндөө авч унтаасай гэж хүсдэг. Гэвч хойд эх, – Хүүхдүүд ганцаараа унтаж сурах ёстой! гэж хэн ч зөрчихгүй дагах ёстой тушаал буулгасан. Хажуугийн өрөөнд орь ганцаараа хэвтэж буй Бондоолой эгчээсээ хэд дахин илүү айн түгшиж, дагжин чичирч байгааг Ангир

мэднэ. Бас түүний дэргэд Теди гэх аймшиг сууж буй. Бондоолой түүнээс айгаад үнхэлцэг нь хагарахдаа тулж байгаа. Гэлээ ч шууд ороод, дүүгээ авчихаж болохгүй. Хаалга дуугарахыг Эвелин сонсвол хүрч ирээд, өнөөх дуусдаггүй “ёстой”-нуудаа номлож эхэлнэ. – Бурхан минь, дүүг минь битгий айлгаач! Дүү бид хоёр луу ижийг минь ирүүлж хайрлаач! хэмээн Ангир залбиран үглэж, асгартал уйлав. Чингэлтэйн эцэст сарампай хашааны оронцог дотор бариастай байдаг, ноорхой муу гэртээ ээжийнхээ энгэрт наалдан эрх тааваараа үлгэр яриулан, ижийн уяхан ялдам хоолой шөнийн түнэр харанхуйг нэвт гэрэлтүүлэх шиг болж, нойрондоо дийлдэн унтдаг байснаа охин санан, элчилгүй зэлүүд их цөлийн тас харанхуй шөнө аймшигт араатнуудын дунд ганцаар хаягдсан мэт их айдас түгшүүр дунд энэлж

шаналан зүдэрлээ. Зэргэлдээх том тасалгаанд Бондоолой чимээгүй мэгшин уйлж хэвтлээ. Уржигдархан тав хүрсэн гэнэхэн жаахан амьтан хэрнээ ийнхүү Эвелинд мэдэгдэхгүй огт чимээгүй “муу санаатай” уйлаад сурчихсан. Дэргэд нь суух аймшигтай том Теди толгойгоо нааш эргүүлж, хөрөөний ир мэт араа шүдээ ярзайлган архираад байх шиг оргиход нүдээ анилаа. Гэвч нүдээ аньж бас болохгүй. Анихаар Тедигээс ч аймаар мангасууд нүдэн дотор эвхрэлдэн хөдөлж эхэлдэг. Хүү “Гэрэл битгий унтраа. Гуйя” гэх үгийг харь хэлээр маш цэвэрхэн хэлж чаддаг. Гэвч хойд эх нь, – Чи гэрэлгүй унтаж сурах ёстой! гээд унтраачихдаг. Хүү буруу хартал өмнө дэндүү

том хөшиг хуниралдан, араас нь махир хумстай том савартай хүн дүрст араатан гарч ирэх гээд байх шиг оргих нь энэлэнтэй. – Ээж ээ! Та намайг аваач дээ! Би Эвелиний хүү болмооргүй байна! Эндээс бушуухан явмаар байна! хэмээн хүү дотроо орилон, цэцэрлэгийн анги шиг том харанхуй өрөөнд орь ганцаар шаналж, нулимсаа аадар мэт асгарууллаа. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *