
Жижигхэн сууринг чимэглэсэн өнгө өнгийн гэрэл хаа сайгүй анивчин шинэ оноо угтахаар баярлаж хөөрсөн хүмүүсийн жаргалтай инээд цалгилан баярын салют хаа нэгтээ пис писхийн буудаж өнгө өнгийн
гэрэл тэнгэрт цацарна. Гэрэл хүү үүрсэн тал шуудайтай нүүрсэндээ түүртсэн ч хоёр дүүгээ дулаахан хонуулах гэж байгаадаа баярлан хурдан хурдан алхална. Бас портерын жолооч ахад нүүрс ачилцаж
өгсөнд нэг шпрот, атар талх, нэг годгор хиам өгсөн нь өврөөс нь халуун дүүгүүлэн төөнөх мэт санагдаж ойрын хоёр гурван жил идээгүй амттанг хараад хоёр дүү нь хэрхэн баярлах бол гэхээс хурдхан
харихыг бодон яарч байлаа. Өнөөдөр арван хоёр сарын гучин нэгэн бас Гэрэл хүүгийн төрсөн өдөр. Аав нь гүний уурхайд ажиллаж байгаад осолд орсоноос хойш гурван жил өнгөрчээ. Аавыгаа нас
барахад Гэрэл хүү аравхан настай байсан. Дүү Цоггэрэл нь зургаахан настай харин охин дүү Бүжин нь дөнгөж нэг нас хүрч хөхнөөсөө ч гараагүй жаахан байсан. Ээж нь ааваас нь хойш сэтгэл санаагаар

унаж архи уусаар тэр чигтээ архин далайд живж гурван бяцхан үрсээ хайхрахаа ч больжээ. Дөнгөж аравхан настай бяцхан хүүдээ хоёр дүүг нь амьдралаа тэр чигээр нь даатгаж орхичихоод архи ууна. Уухаараа хэдэн өдөр алга болно. Эхэндээ ууж ууж ирэхээрээ нэг хэсэг гэрээсээ гаралгүй хоёр багыгаа харан Гэрэлийг нүүрсэнд явуулдаг байсан ч сүүлдээ уух болгондоо ирж агсам тавин мөнгө нэхэж хүүхдүүдээ зодон дарамталдаг болов. Өвөлдөө Гэрэл хүү уурхай яван, уурхайн аман дээр гаргасан нүүрснээс ил нэг аван хөөгдөж, далд нэг аван нуугдаж ганц хоёр шуудай дүүргэн зарж зарсан мөнгөөрөө хоол унд аван өөрийгөө болон хоёр дүүгээ тэжээнэ. Бас гэртээ түлэх нүүрс түүнэ. Зундаа цүнх
үүрэн голын эрэг даган явж хүмүүсийн хаясан архи, ундааны шил, лааз цуглуулан тушааж бор ходоодоо божийлгоно. Хоёр дүү нь өөрсдийгөө харан гэртээ өнжинө. Аав нь их ажилсаг хүн байсан тул хаа очиж тэднийх сайхан дулаахан байшинтай. Хааяа нэг хорооноос хүмүүс ирэн хандив тусламж үзүүлэхэд ээжийнхээ нэрийг муутгахгүй гэсэндээ ээж ажил хийж байгаа хэмээн худал ярина. Харин ээж Туяа нь хүмүүсийн өгсөн хандив тусламжийг андахгүй. Ёстой л нөгөө шарсан мах андахгүй шар зурхайч гэдэг шиг өдөр нь хүн ирээд явбал орой нь ирээд хуу хаман гарна. Түүнд гурван бяцхан үр нь хоолтой байна уу үгүй юу, түлээ нүүрстэй байна уу үгүй юу гэдэг даанч
хамааралгүй мэт архи л ууж байвал жаргал нь тэр. Ээжийгээ ирэхгүй жаахан удаан явбал хүү бас зовиноно. Хаа нэгтээ очоод үхчихсэн байхвий гэхээс тэрээр үнэхээр айна. Хүний үр л болсон хойно ээж нь архи ууж агсам тавьсан ч нүдэнд нь харагдаж л байвал санаа амар байна. Хамт архи уудаг Шараа гэгчтэйгээ ээж нь нэг гэрт орсон бололтой байнга л тэднийд байж хааяа архины мөнгөгүй болсон үедээ л ирж – Эцгийнхээ толгойг идсэн заяагүй новшнууд. Та нарыг тэжээх гэж явж эцэг чинь үхсэн гэж орилж хашгиран зовооно. Айж уйлсан хүүхдүүдээ харж – Одоо та нар миний толгойг идэх нь үү. Миний толгойг идэх гээд уйлаад байгаа юм байна л даа. Муу заяагүй
зулбасганууд гэж зүхэн архины мөнгө нэхэж зодно. Гарт нь таарах үнэ хүрэхээр зүйл байвал аваад л гарна. Тэгээд хэсэг үзэгдэхгүй. Ийм л нэгэн амьдрал жижигхэн суурингийн гэр хороололд өрнөх агаад гурван бяцхан үрс биесээ тэжээн амьдардгийг хэн ч анзаарахгүй. Анзаарсан ч нэг их тоохгүй. Учир нь энэ хавийн ихэнхи айл адилхан ядуу амьдардаг болохоор л тэр байх даа. Гэрэл хүү алхсаар хашаандаа ирэн хаалгаа нүдвэл хоёр дүү нь уралдсаар гүйн гарч ирэв. Ахыгаа харсан хоёр бяцхан дүү нь баярлалдан инээлдэх аж. Цоггэрэл бяцхан дүү Бүжингээ маш сайн харах бөгөөд хоёр өмд давхарлан өмсүүлж, цамцан дээр нь хөвөнтэй дээл өмсүүлсэн харагдана. Ерөөс аавыгаа өнгөрснөөс хойш өөрөө хүнд асруулахаар бяцхан байсан ч бүр бяцхан
дүүгээ харж асарсаар өдийг хүрсэн мундаг ах аж. – За миний хоёр дүү юу хийж өнжив дөө хэмээн эгээ л том хүн шиг асуусан ахдаа халуун цай дөхүүлсэн Цоггэрэл – Гэрээ цэвэрлээд гамбир хайрсан. Тэгээд Бүжингийн хувцсыг угаасан. Бүжин надад аяга угааж өгсөн. Манай Бүжин ёстой мундаг аяга угаасан хэмээн дуржигнуулж өдрийн тайлангаа тавив. – Ах нь өнөөдөр хоёр шуудай нүүрс түүгээд зарчихлаа. Арван мянган төгрөг болсон. Тэгээд хоёр дүүдээ бэлэг авч өгье гэж бодсон чинь баярын өдөр болохоор хамаг дэлгүүр хаачихаж. – Өө агаа бэлгээр яах юм бэ? Тэрнийхээ оронд маргааш Нарангийн дэлгүүр онгойвол гэдэс авъя. Тэгээд гурвуулаа гоё бууз хийж идье. Бүх гэдсээрээ бууз хийвэл ч зөндөө бууз болно доо. Тэгээд идээд идээд л.
Гэдсээ цадтал иднэ дээ. Бас сэмжийг нь шаргаагаад тос болгоод гамбир хийнэ. Лав хоёр гурван өдөр тостой гамбир иднэ дээ гэхэд – Аавыгаа байхад гэдсэн биш махан бууз идээд л. Өнөөдөр шинэ жилийн өдөр юм чинь бүгдээрээ гоё хувцсаа өмсөөд ээж ширээ засаад – Таны төрсөн өдөр юм чинь аав гоё бэлэг бэлдээд тэгээд ширээ дүүрэн амттан. Бялуу, салат, ундаа, жимс гээд л хэлэх ч юм биш. Хамгийн гоё бэлгийг таньд, тэгээд Бүжинд тоглох дуртай барбиг нь бас надад дуртай бэлгийг минь өгөөд л Цоггэрэл хүү ийн хэлснээ шүлсээ гүдхийтэл залгихад бяцхан Бүжин – Агаа та битгий худлаа налиад байгаалай /худлаа яриад/. Манайд аав байхгүй ш дээ. Ээж бас алхи л уудаг биж дээ. /архи л уудаг биз дээ/. Дадын бабиг айлын хүүхдэд өгөөд алхи уужан байжан биж
дээ гэв. /надын барбиг/ Хүүхэд хөгжлийн төвийн ажилчид зургаан сарын нэгэнд гурван хүүхдэд хувцас бас бяцхан Бүжинд хөөрхөн барби тоглоом авчирч өгсөнд ээж нь ирэн агсам тавьсаар авч яваад үзүүрийн дэлгүүрт заран архи авч уусныг бяцхан охин ийнхүү ярьсан аж. Дүүгийнхээ ярихыг өхөөрдөн харж өөд өөдөөсөө инээж суусан хоёр ах нь түүний хоёр талаас зэрэг үнсээд – Чамайг бүүр жаахан байхад манайх аавтай байсан юмаа. Тэр үед ээж архи уудаггүй байсан байхгүй юу. Тэгээд шинэ жилийг их гоё тэмдэглэдэг байсан юм хэмээн Цоггэрэл тайлбарлав. – За миний хоёр дүү нүдээ ань даа ах нь гоё юм үзүүлье гэхэд хоёр бяцхан дүү нь нүдээ анин ахыгаа хүлээв. Гэрэл хэсэг түчигнүүлсэнээ – Одоо хардаа гэхэд харвал задалсан шпрот загас,
зүссэн хиам талх ширээн тавьсан байлаа. – Хоох ямар гоё юм бэ? Агаа та эд нарыг хаанаас авсын хэмээн Цоггэрэл баярлан дуу алдаж бяцхан Бүжин гоё доо гоё доо гэж алгаа ташин дэвхэцнэ. – Ах нь орой портерын жолооч ахад нүүрснээс нь ачилцаж өгсийн. Тэгээд тэр ах надад өгсийн. – Ямар гоё юм бэ? Агаа. Яг шинэ жил шиг санагдчихлаа. – Мангартаад байгаач дээ угаасаа л өнөөдөр шинэ жил ш дээ. – Өө нээрэн тийм ш дээ. Бяцхан хүүхдүүд баярлан идэцгээв. Ах нь ажил хийж авчирсан болохоор илүү амттай мэт санагдана. – Агаа жаахан элсэн чихэр байгаа. Хэдүүлээ өнөөдөр тансагласан юм чинь нэг мөсөн тансаглаад цайн дээрээ хийгээд ундаа болгоод уучих уу? – Тэг тэг агаан
дүү. Цайн дээрээ хийгээд хутгачих. Яг ундаа шиг гоё болно. Гурван хүүхдийн хувьд нэг ширхэг хиам, талх шпрот тэгээд чихэртэй ундаа дэндүү их тансаглал байлаа. Бяцхан Бүжин хэсэг онгирч гүйж байгаад унтаад өгөв. Шинэ он гарахад гурван цаг дутуу байлаа. – Цоггэрэлээ ахын дүү хаалгаа жаахан завсарлачих даа халуун байна. – За агаа – Миний дүү өө ойрд ээж харагдсан уу? Ах нь өглөө гараад орой ирэхээр ээжтэй огт таарахгүй юм – Гурав хоногийн өмнө ус авч байгаад ээжтэй таарсан. Нөгөө Шараа нь зодсон юм шиг байналээ. Нүд нь аймаар хөхөрчихсөн явж байналээ. – Ээж тэгээд согтуу явна уу? – Согтуу байна лээ агаа. Энэ үед дүүдээ загнуулан тэднийд хоёр хоносон Туяа овоо
өнгө зүс орчихсон бас ч үгүй дүүгийнхээ авч өгсөн тортой зүйл, бялуу гурван бэлэг зэргийг бариад дүүдээ загнуулж нудруулан гэртээ орохоор ирээд тамбартаа ортол хоёр хүүгийнх нь ярих сонсдон тэр хоёр гадаа хэсэг зогсов. Уг нь тэрбээр дүүгээ явуулчихаад Шараагийнд очин баяр тэмдэглэж уухыг хүсч байсан ч дүү нь тэрийг нь мэдээд гэрт нь өөрөө хүргэж ирсэн нь энэ аж. – Ишш муу ээж минь уг нь ийм хүн байгаагүй юм шүү дээ. Ааваас хойш л. Ээж ер нь ингэж явж байснаас гэртээ ирээд бид гуравтай амьдарч болдоггүй л юм байх даа. Том хүүгийнхээ ийн ярихыг сонсоод Туяагийн хамар өөрийн эрхгүй сарталзан хацрыг нь даган нулимс бөмбөрөв. Дүү нь уйлж буй бололтой нусаа шурдхийн татах сонсдоно. – Агаа ээж ер нь ирээд хэрэг
байна уу даа. Таньд л зовлон нэмэгдэнэ шүү дээ. Архины мөнгө олж ир гээд таныг л зовооно. Бас бид хоёрыг зодно. Цоггэрэлийг ийн хэлэхэд “Ишш би муу хүүхдүүдээ ямар их зовоогоо вэ” гэсэн халаглал анх удаа Туяагийн зүрхэнд оволзов. Сонсч байна уу тэнэг минь гэх шиг дүү нь түүнийг араас нь чимхээд авав. – Цоггэрэлээ агаан дүү ингэж л ярьж болохгүй шүү. Архичин ч гэсэн биднийг төрүүлсэн ээж минь шүү дээ. Аавгүй орчлон ямар хэцүү билээ дээ. Гэтэл ээжгүй болчихвол… гээд хүүгийн хоолой нь зангиран хэсэг байснаа ээжгүй орчлонг төсөөлөхийн ч аргагүй гэхэд Туяа бүр цурхиран уйлав. – Уг нь ч ээж минь архинаас гарчихвал сайхан л даа. Даанч тэр муу Шараа хүртэл биднийг ирж дээрэлхэх юм. Агаа хэрвээ ээж минь архи уухаа
больчихвол би ээжийгээ жаргаанаа. Сургуульд оруулаач гэж гуйхгүй. Зүгээр л дүүгээ хараад гэрээ цэвэрлээд, хоолоо хийгээд бас хувцсаа угаагаад ээжийгээ юунд ч хүргэхгүй ээ. – Агаа нь ч бас өвөлдөө уурхай яваад, зундаа гол уруу яваад ээжийгээ юунд ч зовоохгүй ээ. Яг аав шигээ ээжийгээ жаргаанаа. Туяагийн тэсвэр үнэхээр алдагдан тэрээр цурхиран уйлсаар гэртээ гүйн оров. Гэнэт ээж нь уйлсаар ороод ирэхэд бас л согтуу гэсэн бодол зурсхийн хоёр хүүхэд ухасхийн босч зогсов. Гартаа тортой бэлэг барьсан ээж нь уйлсаар – Миний хоёр хүү нааш ир. Ээждээ ир гэхэд Гэрэл, Цоггэрэл хоёр итгэж ядан зогссоор байлаа. Ээжийнх нь араас Намраа эгч нь бас уйлсаар орж ирэв. – Ээждээ ир
миний хүүхдүүд гэсээр ойртох ээжийгээ эрүүл байгаад нь гайхсан бас итгэж ядсан Цоггэрэл өөрийгөө чимхэж үзвэл өвдөж байлаа. – Ээжээ гэж чарласаар энгэрт нь очиж наалдсан Гэрэлийн араас Цоггэрэл бас ээжээ хэмээн орилсоор очиж тэврүүлэв. Ээжээс нь архи биш хайр үнэртэж байх шиг санагдана. – Ишш би мөн тэнэг хүнээ. Ийм бяцхан гурван амьтныг тэгж их зовоож байдаг. Ээж нь дахиж архи уухгүй ээ. Дахиж та нарыгаа зовоохгүй гэж үглэсээр Туяа хоёр хүүгээ үнссээр байлаа. Хүмүүсийн шуугианаар сэрсэн бяцхан Бүжин буланд бүлтэгнэн зогсоно. Хоёр ахыг нь тэврэн уйлах ээжээсээ тэр айж байлаа. Дандаа ирж агсам тавин мөнгө нэхэж орилдог бас зоддог тэр
хүн ирчихсэн ах нарыг нь уйлан үнсэнэ. – Алив миний охин нааш ир. Ээждээ ир. Хошуу дэвсэн гуйх ээжээсээ бяцхан охин зугатан ахынхаа араар оров. Ерөөс энэ дэлхийн бүх хайрыг тэр ахаараа л төсөөлж ирсэн аж. Баахан гэрэвшин нуугдах охиноо хэсэг аргадан гуйсан Туяа охин нь түүнд огт ирэхгүй тул өөрийгөө зүхэн бас хэсэг уйлав. Жаал уйлцгаасны эцэст бүгд тайвшран инээмсэглэцгээв. Гурван жаахан хүүхэд нь эцгийн голомтыг хэнээс ч дутуугүй авч явж байгаад Туяа баярлаж байлаа. Эгээ л том хүн шиг хүүрнэлдэх хоёр хүү нь аавтайгаа
ихэд адилхан харагдана. Намраа ширээ засан бүгд ширээнд тухалцгаав. Бяцхан Бүжин ээжийнхээ авчирч өгсөн бэлгийг барин түжигнэн гүйнэ. Тэдний хувьд дэндүү жаргалтай шинэ жилийн үдэш байлаа. Өнөөдөр нэг сарын нэгэн. Шинэ он, шинэ жилийн эхний өдөр. Бас Туяагийн дахин мэндэлсэн өдөр. Туяа хэдий гарахыг хүсэн доторхи хүн нь архи нэхэн зовоовч гурван үрдээ өгсөн амлалт нь бүхнээс

хүчтэй байлаа. Тиймээ гурван бяцхан зүрх хайраар бялхан гэрэлтэж гурван бяцхан нүд жаргалаар бялхан гэрэлтэнэ. Бяцхан үрс бүр жаргалтай байж бяцхан нүд бүхэн гэрэлтэж байг ээ. Нулимс бүү тогтоо. Сүүдэр бүү тусга.
Төгсөв.