Нүүр Өгүүллэг “САРАН БҮҮВЭЙТЭЙ НАМАР” богино өгүүллэг №9

“САРАН БҮҮВЭЙТЭЙ НАМАР” богино өгүүллэг №9

28 секунд уншина
0
0
221

Тогоруун цуваа өрхөн дээр өд орхиод ниссэн тэр намар бол Бужмаагийн эрх нялхамсуу хийгээд дүүрмэг жаргалтай цагийн сүүлчийн хором байлаа. Эжий буцсан жил… Дүүрэн мэлтрэх саран

авхай дугариг биеэ таллан хуваасаар, гийх гэрлээ хумив. Өдөр өдрөөр харанхуй нэмж, бодлын гал бөхөх шиг боллоо. Тэр жилийн хоргой шаргал намар хааччихав? Ор мөргүй алга аа! Ээждээ эрхэлж явсан

нандин дурсамжийг нь аргамжааны чулуун дээр үлдээгээд алсад оджээ. Ингээд, Бужмаа ээжийгээ үгүйлэн бэтгэрсээр нэлээд хэдэн жил боллоо. Хонгор салхинд нүүрээ илбүүлэн, хонины бэлчээрээс хараа

сунган суухдаа, хөөрхий ээжийгээ бэтгэрэн, өмөлзөн санадаг байв. Одоо гуч гараад нас талийсан. Өөвгөр бор гэртээ өнө ганцаараа өдрийг товчилно. Газар дээрх ганц ахынхаа хаяанаас зүүгдэн, хатуу сэтгэлтэй

бэр эгчийнхээ харцнаас дальдчин, хонь голдуу хариулж, сүү саалинд цөхөрч, наранд түлэгдэж, салхинд онгоод, хар хүрэн бүсгүй болжээ. Амьд сэрүүн ахуйдаа эжий нь Бужмаагаа арга барагдуулж явсан нь

нэгээхэн үгүй. Ээжийгээ байхад Бужмаа энэтэй болохыг даанч төсөөлсөнгүй. Гэртээ өтөлсөн ганц хүүхнээ эх нь зоргоор голдуу байлгана. Бужмаа аргал хомоолонд гэлдэрч, айлын хооронд тэлээлж, өдөр хоногийн дүнд тэгэсхийгээд өнжинө. Амьтан хүний даажин тохуу болгочихгүйн тулд аяс аясаар сургаал айлдаж, арга урмаар ажил сургасан эжий нь билээ. Хүүхэн нь нарийн ажилд барагтайхан хэдий ч, махруу ажилд бол аргатай болжээ. Цээжин цаанаа аариглан хөндүүрлэж, өдөр хормоор чилээрхэн дордсоор тэр намар. Одоо зургаан жил болсон байна. Ах нь ойрд аpxи уух нь ихэсээд, бэр эгч нь үглэж янших нь гаарав. Хөлчүү ахынхаа балгаар гэмгүй муу Бужмаа

үстэй толгойгоо зулгаалгах шахна. Өдөржин хонь хариулж халуунд ангаж ирэхэд нь аанай л хараалтай угтах өдрүүд юутай олон болов оо? Өнөө өглөө бас л аашилж зэмлээд мордуулсан. Талын бараа ширтэн, тааны толгой илээд, хээр хэвтэж байх нь нэг ёсондоо амар байдаг боллоо. Гэнэт Бужмаа нэгийг санав. Ээжийнхээ үгийг нэхэн дурсав. Тээр жил эжий нь Бужмаагийн буржгар гэзгийг илээд, духан дээр нь үнсэхдээ: -Миний охин удахгүй хүнтэй сууж, хүүхэд гаргана. Ээжийнхээ үгийг ганц нэгээр нь сайтар тогтоож ав! Ээж нь мөнх биш гэхэд Бужмаа эхийгээ нудран амаа дараад: -Паах, хүнтэй суугаад байхдаа яахав дээ? Хүүхэд гаргах аа? Хг гэснээ учир зүггүй аальгүйтэн

хөхөрч билээ. Эх нь хойшоо гэдийн том харснаа, хөгшин охиноо өхөөрдөн: -Хүн бүхэн гэрлэж, хань бүлтэй болдог жамтай шүү дээ! Миний охин юунаас дутахав? Чи хаваржаан дээр байгаа том хар чулууг мэдэх үү? Дээрээ алгын чинээ цагаан толботой. -Мэднэ! Та л өөрөө ярихдаа, хойд нутгийн нэгэн адуучин эр отроор ирэхдээ энд төөрүүлчихээд, орхиж явсан чулуу гэдэг биз дээ? -Тийм ээ охин минь! Миний охин хурц сэргэлэн ухаантай болохоороо ээжийнхээ яриаг ойлгож авчээ. Тэр адуучин эрийг Ханхар Цэрэн гэдэг юм. Бүрэн толгойн өвөлжөөний Цээлийн худаг дээрээс авчирсан чулуу шүү! Хол хангайн нутаг л даа гэв. Хурц сэргэлэн ухаантайгаараа магтуулсан

Бужмаа ихэд урамшин, эхийнхээ яриаг таслан: -Хангайд цас зудтай тэр жил манай нутагт өнтэй байсан гээ биз дээ?! -Тийм ээ охин минь! Хангайн мал говьд ирж өвөлжсөн жил юм даг гэхэд Бужмаа бүр их мэдэмхийрэн: -Тэр адуучин эр уналгын морио алдчихгүйн тулд аргамжааны чулуу ачиж ирсэн гэдэг биз дээ. Говьд чулуу олдохгүй гэж бодсон юм уу? Тийм үү? -Хай чухам? Ямар ч гэсэн үхэр тэрэгний арал дээрээс буулгаад, хээр хаячихсан байж билээ. Чамайг төрөхийн урд жил юм шүү дээ. Бужмаа нүдээ эргэлдүүлэн хэсэг сууснаа: -Тэгээд тэр алаг чулуу ямар учиртай гэж? Яагаад та энэ талаар ярих болов? Ээж нь

модон хайрцагтай үйлийн хээс өмнөө тавиад, түүнийгээ тожигнуулан ухаж төнхөв. Утас зүү гаргаж ирээд, уранхай тэрлэгний ханцуйг оёж, өнгө дагуу нөхөөс тавьж сууснаа: -Ээжийнх нь бие нэг л базаахгүй байна шүү? Ах чинь аливаа юмыг ойлгох биш! Авгайнхаа аясаар явбал барав. Гэхдээ миний охин ахыгаа л гэж яваарай. Ер нь миний охин сайн тогтоож ав! Муу ээж нь охиндоо хатуу хөтүүг үзүүлэлгүй өсгөлөө. Цаашдаа та бүхэн хорвоогийн аясаар явах байх аа. Миний заагаагүйг амьдрал өөрөө аяндаа заагаад өгнө вий. Хэзээ нэгэн цагт миний охин хангай зүг рүү хэдэн малаа аваад, гэр орноо ачаалаад

нүүгээрэй. Энэ гадаа байгаа аргамжааны чулууг худаг дээр нь аваачиж тавь! Нутагтаа очиг! Бужмаа нүд эргэлдүүлэн том харснаа, ээжийгээ зандрав. -Өнөө маргаашгүй үxэх гэж байгаа хүн шиг юу ярина вэ, та? гэлээ. Ээж нь оёж байсныгаа хойш нь тавиад, бүлээн хярам аягалан уув. Тэгснээ: -Ээж нь нас өндөр болсон хүн. Хэний ч бодоожоор охиндоо бүхнийг ярих учиртай. Хүн яаруу дааруу үедээ хэлэх үгээ залгичихдаг юм. Халуун сэргэг байгаа дээрээ охиндоо үгээ хэлэлгүй яахав! Урд айлын хөх авгай аахь уухь болон орж ирснээр, эх охины яриа завсарласан билээ. …Олон жилийн өмнө эхийн хэлсэн үгийг бодож сууснаа, Бужмаа хормойгоо сэгсрэн босож ирлээ. Хойд зүг рүү

алсын бараа ширтэв. Хангайн нутгаар бороотой байгаа бололтой. Нар халж, салхи сэвэлзээд нэг л сайхан. Хэд хоногийн дараа ахынх нь гэрт хэрүүл шуугиан дэгдэж, Бужмааг зэлэн дээрээс дуудууллаа. Шижээргүй ааштай бэр эгчийн дуу тэнгэрт хадаж, удам судраар нь зүхэж байлаа. Ах нь уурандаа шатаж, ноорхой эсгийний өөдөс шүүрэн, эхнэр рүүгээ шидэв. Омог хилэн нь туйлдаа хүрсэн бэр эгч “Хоноцын шаарнууд хог нoвшоо аваад, эндээс зайлцгаа! гэж хашхираад, өнөөх эсгийг Бужмаа руу шиджээ. Асуурын чивхэн хүртэж, арслан дүрэндээ орсон ах руугаа Бужмаа муухай харснаа, тэсгэл алдан гарч гүйв. Дээр нь дэл, доор нь сүүл тавьж хэтрүүлээд яах

вэ? Ер нь эндээс нүүе! Хэдий болтол ганихарч явах билээ? Ээж минь олон жилийн хойно болох үйлийг зөгнөн мэдэж байж дээ? гэж бодоод, гэрийн зүг уйлан гүйжээ. Цээжний гүнд хураасан бодлоо тээж явсаар нөгөөдөр нь гэр орноо ачаалж, хангай руу нүүхээр бужигнуулав. Гэр доторхи аахар саахар юмыг боож баглан, арслантай цоохор авдартаа дүүргэтэл хийлээ. Бурхны гүнгэрваан дээрхи өлзий хүрээтэй, модон жаазтай зургийг авснаа хэсэг харав. Ахынх нь таван настай үеийн зураг. Аав ээжийнхээ өвөр дээр маасайтал инээгээд авахуулсан тэр зургийг хараад, энгэртээ нааж, нүдээ анин хэсэг зогслоо. Гурвуулаа авахуулсан дурсамжтай нандин зургийн гаднах тоосыг нь цэмбийтэл

арчаад, хоёр том мөнгөн цөгцтэй цуг хадганд ороон, ахындаа оруулж өгөөд гарчээ. Хөлс бууцанд хутгалдан, өдөржин тойрон гүйсээр, хэдэн богоо ялгаж туулаа. Хөгшин борлог мориндоо мордон, дөрвөн тэрэг хөллөгөөгөө хөтлөн, аргамжааны чулуу руу гэлдрэв. Арагшаа хонио туучихаад, урагшаа тэргээ чангаах Бужмааг зэрвэс харсан бэр эгч амандаа үглэн гэр рүүгээ оров. -Өмхий хар аpxичин босооч! Дүү чинь чамайг орхиод нүүчихлээ. Араас нь аргадаж авчирна уу? Атга шороогоо цацаад хоцорно уу? Өөрөө л мэд! Би хэлсэн шүү! гэж чанга дуугаар хашхиран, нүглээ хайцайлж, хаяагаа манав. Бужмаа тээр урдаас ямар нэгэн зүйл ачаад, хойд зүг рүү шидрүүхэн явж одлоо. Бэр

эгч гайхан харснаа: -Ямар хүн чулуу ачиж явах вэ дээ? Тэнэг!!! Дүйрчихсэн толгойтой хар авгай! гэж амандаа хараагаад гэртээ оржээ. Бужмаа нүүдлийн замд яарамгүй явсаар, гурав хоног дээрээ хангайд ирлээ. Зөнгөөр идүүлэн туусаар нүүдэлд аяншиж ядарсангүй. Бүрэн толгойн өвөлжөөний Цээлийн худгийг сураглаж олоод, тэнд очиж буув. Өнийн юмыг нутагт авчраад, сэтгэл нь уужрав. Тэрэгний ялуунаас хүнд чулуу пидхийн унах чимээнээр худгийн ус мэлтрэлзэн, бидрээ үүсгэн чичивхийллээ. Бужмаа хэдэн богоо адгуулан, ус ундны хаяанд чих амар хэд хонов оо. Нэг өдөр худаг дээр морио услахаар очтол, бор жигүүнэн тэрлэгтэй идэр насны эр ховоо татаж харагдав. Хэрсүү томоотой хүн болох нь андашгүй байлаа. Алсаас бөг бөг

шогшуулан ирэх үл таних бүсгүйг тэрбээр анзааран харснаа, худгийн бураан дээр цомбойн суугаад хүлээв. -Сайн байна уу, та? Сайхан хаваржиж байна уу? -Сайн. Сайн байна уу? -Шинэ нутаг тавлаг сайхан байна уу? Аль нутгийн хүн билээ? -Говиос нүүж ирсэн айл аа. Хангайд эрт зуншлагатай их сайхан байна гэцгээн ойр зуурыг хүүрнэлдэн нэлээн суув. Сайхь эр ухасхийн босож, ховоо татан Бужмаагийн морийг усалж өглөө. Жигүүнэн тэрлэгний суга, ханцуй нь урагдаж салбараад, боодолтой дуран нь унахаа шахав. Бужмаа сандран ухасхийснээ, биеэ барин инээгээд: -Дурангаа худаг руу унагах нь ээ! Чулуун дээр уначихвал хагарна шүү! гэснээ хойшоо суулаа. Өнөөх эр хэг хэг хөхрөн инээснээ, үгийг тэр дор нь зөрүүлэн: -Тогооны хүнгүй эр хүний дээл ийм л явах юм даа! гэв. Бужмаа жаахан сууснаа ухасхийн

босоод: -Хэдэн богоо тууж ирье. Хамар давааны урд бэлд орхичихсон! гээд мориндоо мордон, гөлмөө давирлаа. Нөгөөх эр, гүдэс цээлхэн монгол бүсгүйн араас шимтэн харснаа, тушаатай морь руугаа паацганан алхав. Гэнэт зог тусан эргэж харав. Алаг адуу шиг зүстэй тогоон чинээ хар чулууг харснаа, ихэд гайхан орчныг нэгжлээ. Үхэр тэрэгний мөөр, мөрөө үлдээгээд шинэ айлын зүг зурайжээ. Тэрээр элдвийг эргэцүүлэн бодсоноо мориндоо мордон, дэнж дээрх хоёр гэр рүү ергүүлжээ. Дал гарч, гал нь буурсан Ханхар Цэрэн, гэрийнхээ гадаа сууж байтал худаг дээрээс хоёр хүн салаад, нэг нь Хамар даваа руу нөгөөх нь наашаа чиглэн ирэхийг ажин суув. Улаан зээрд үрээтэй булиа товир залууг хараад, Пэрэнлий болохыг танилаа. Пэрэнлий хоёр

хоточ нохойны бооргох чимээнээс эмээн, хажуу тийшээ хялвалзан давирсаар гэрийн гадаа ирлээ. Ханхар Цэрэн ягир бүдүүн хоолойгоор нохойгоо зандран холдуулж, залуу эрийг гэртээ орууллаа. Пэрэнлий мэнд мэдэлцэн, хоймор сууснаа, хүйтэн хоормог залгилав. Тавагтай ааруулаас нэгийг шүүрэн авч, амандаа хийгээд: -Говиос нэг айл нүүж иржээ. Гэрийн эзэгтэй морио услаад явж байхад нь худаг дээр таарлаа гэв. Ханхар Цэрэн урт хүрэн гаансаа зуухны бахуун дээр тоншин, үнсийг нь унагаад, дахин тамxи нэрэв. – Би дурандаад л суулаа. Цөөн богтой ганц бие бүсгүй хүн бололтой гэв. Пэрэнлий “ганц бие бүсгүй хүн” гэхийг нь сонсоод, дотроо баярлан, урагшаа дөхөж суугаад: -Хамгийн сонин зүйл нь… Худаг дээр том хар чулуу авчраад буулгачихаж! Дээрээ алгын чинээ цагаан толботой. Сүү дусаасан юм шиг гэж нэмж хэлэв. Ханхар Цэрэн хаалгаараа өлийн, уулын хяраа

ширтэн сууснаа, агдасхийн цочоод, Пэрэнлийг нэвт ширтлээ. Эмгэн нь тэдний яриаг анзаарах сөхөөгүй, утас ээрч суугааг хараад, дотроо жаахан тайвширснаа яриаг дүйвүүлэн: -Танай нутаг зунтай сайхан байна уу? Айлууд нуурандаа буусан уу? гэлээ. Пэрэнлий, адуу мал, эрэл сурал, элдэв бусын юм баахан яриад, нэлээн хөөрөлдөж сууснаа, дэнж уруудан шогшуулжээ. Түмэн олны ундаа, ундарга сайхантай Цээлийн худгийг тойроод, хөдөөгийн амьдрал буцална. Бужмаа нутгийн зон олонтой өдөр алгасалгүй учран золгож, мэнд ус мэдэлцэн, нүдийг нь хужирлаад явуулна. Хүмүүс ангаж цангасан адуу малаа услах далимаараа говиос ирсэн ганц хүүхнийд бууж, үг аваад, сэтгэл ханаад мордоцгооно. Нэлээн олон хоногийн дараа Бужмаа худаг

дээр сууж байтал адуу хөөсөн нэгэн эр салхи татуулан ирж буулаа. Үхэр хадны дэргэдээс нэлээн холдон, алцайж зогсоод биеэ хөнгөлөв. Хормой хотоо сэгсрэн бөөнөг бөөнөг алхсаар ирэх нь нөгөө бор жигүүнэн дээлт мөөн. Сахал нь бавайж ургаад, шинэ дээл өмсөн, танигдах аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Тэрээр худаг дээр ирснээ: -За, сайн сууж байна уу? Нутаг ус тавлаг уу? гэхэд Бужмаа: -Тавлаг сайхан байна аа. Чи сайн явж байна уу? -Сайн сайн. Сумын төв ороод буцахдаа хэдэн адуугаа тууж явна. -Тийм үү? Сумаар сонин ихтэй биз дээ? -Сайхан байна лээ. Ингэхэд таны алдар хэн билээ? Анх таарахдаа танилцаагүй өнгөрсөн шүү дээ! гээд парвигар гараа сунгалаа. Бужмаа гараас нь зөөлөн атгангаа: -Бужмаа гэв. -Пэрэнлий. Би нуур тойрон

нутагладаг хүн. Айл амьтны адуу малтай ноцолдон, олон түмэндээ тус хүргэж явдаг эгэл жирийн нэгэн. Багаасаа өнчин өссөн. -Тийм үү? Олонтойгоо явбал болно доо. Тэр хоёр хэсэг хүүрнэлдэн сууснаа, Пэрэнлий толгойгоо угаахаар юм болж, дээлээ тайлан, цээжээ нүцгэлэв. Бужмаа ичиж эмээхдээ, эргэн тойрноо гүйлгэн харав. Ашгүй ирж яваа хүн малын бараа харагдсангүй. Ховоо дүүрэн цалгиулсан хүйтэн усыг бага багаар нь цутган хийж өглөө. Пэрэнлий өргөн ханхар цээжээ бөхийлгөн, ус үсчүүлэн толгойгоо угааж байснаа: -Чи нөхөртэй юу? Сайхан бүсгүй юм аа! гэлээ. Бужмаа ийм юм асууна чинээ санаагүй тул ховоотой хүйтэн усыг толгой руу нь палхийтэл асгачихаад, мориндоо мордон явжээ. Пэрэнлий гэнэт асгарсан хүйтэн усанд эрүү амаа хавиралдуулан, дуу алдсанаа, Бужмаагийн араас инээмсэглэн хоцорлоо. Зуны гурван сардаа цэцгийн хуартай сайхан

зусав. Пэрэнлий, Бужмаад сэтгэлтэй болжээ. Хүрээ нүүдэл, адууны отор, хадлан ургац, хаваржаа намаржаа, алдуул мал, айраг архи гэж явсаар гэрэлж амжсангүй. Хүнтэй адил бүтэлтэй явсан цаг байх биш. Будилж төөрсөөр гань өтлөх шахав аа. Нас ахиж, буурь тогтсон Пэрэнлий говийн наран хормой дороос мандсан их хайрын өмнө гэнэт очжээ. Учир тавилан түүний зүрхийг баясган, хүслийг нь бадраахуй дор тэрбээр амьдралынхаа төлөө нэгэнт зориглон тэмцлээ. Бужмаа эхэндээ Пэрэнлийд нүүр өгөхгүй зусаад, намрын эхэн сард дасаж эхлэв. Дасах нь харамлах сэтгэлээр солигджээ. Нуурын зүгээс давхин ирэх морьтон эрийг сэм сэмхэн харуулдан суудаг боллоо. Сийлбэртэй ган дөрөө хавиралдуулан, Пэрэнлийг буух үдшээр, Бужмаа лаагаа асаан, дотроо баярлан өндийдөг байлаа. Хоёр, гурав

хоноод ирэхгүй үед зүрх нь савлан, хар сэжиг төрж, өөрийн эрхгүй санагалзах болжээ. Шинийн арван тавны тунгалаг сайхан шөнөөр Бужмаа, Пэрэнлийгээ амьдралынхаа гал дээр аргамжин тогтоож, энгэр цээжиндээ энхрийлэн хайрлав аа. Бие биедээ нялх танхи хосууд нэг нэгэндээ түшиг хань болохоор хэлэлцэн шийдэв. Мөнгөн хяруу гялбасан болор цагаан намраар Пэрэнлий өөвгөр гэрээ ачаад, хэдэн богзогоо туусаар эргэж буцахгүйгээр нэгэнт иржээ. Хоёр багана зэрэг тулсан айлын гэрт голомт бадран асч, нүнжигтэй сайхан намар буян хурайлав аа. …Пэрэнлий хонио хариулаад эртхэн ирэв. Тэрээр дээлээ тайлан бүсэлхийгээрээ ороогоод, хоймроо тухлан суув. Түхгэр том цээжээ хөндөлсүүлэн ханхалзаж, аагтай цайгаа оочлон суув. Бужмаа хоол цай бэлдээд, Пэрэнлийгийн хажууд сөхрөн суугаад, аягатай цай руу нь зөөхий унагав. Пэрэнлий гараа явуулаад, Бужмаагийн хондлой

нурууг илэн тааллаа. -Яасан тэвчээргүй хүн бэ чи? Гэгээн цагаан өдрөөр хүн ноолоод байх юм! гэж тас тас хөхрөн аяшаахад Пэрэнлий: – Өдөржин, шөнөжин чамайгаа хайрлахад уйдахгүй би гээд эрхлэн нааланхайтав. Тэр хоёр сагалдрага доргитол хөхрөлдөн, инээд наадаан болж суутал гадаа морьтой хүн ирж буух чимээ гарлаа. Хаалга сэвхийтэл нээгдэн, Ханхар Цэрэн үүдээр бөртөлзөн орж ирлээ. Хоймор гарч тухлан сууснаа, тооноор туссан нарны гэрлийг яран, Бужмаагийн өөдөөс цоо ширтэв. Нулимс торолзсон цийлэн хөх нүдээрээ уруул өмөлзүүлэн харснаа: -Миний охин сайхан намаржиж байна уу? Алив ирж золго! гэлээ. Бужмаа тостой гараа арчин, Пэрэнлий рүү гайхан харснаа, хоймор очиж, гараа дэлгэн тонгойгоод өвгөнтэй золгов. Ханхар Цэрэн, Бужмаагийн хоёр хацрыг нь ээлжлэн үнэрлээд, ханцуйнаас нь зууран, ойроос хэсэг харлаа. Ямааны эврээр хийсэн

чахчаа гаргаж ирээд, тамxийг нь сорон үнэрлээд, чанга дуугаар найтаав. Тэрээр Бужмаа руу хандан: – Ээжийг чинь дуулсан. Би тээр жилийн зуднаар говьд очиж, адуу малаа оторлон өвөлжсөн юм. Одоотой адил биш ээ. Залуу явсан цаг. Ээж чинь их сайхан хүн байлаа. Хүний нутагт даарч хөрж, ядаж зүдэж явахад минь хэчнээн их тус болж байлаа даа. Миний охин их сайн хүүхэд юм. Энэ худаг дээр байгаа алаг чулууг би говьд аваачиж орхисон хүн юм аа. Ээж чинь ухаантай хүн байсан тул чамайг нааш нь явуулж дээ! гэснээ Пэрэнлийг харав. “Энэ манай нутгийн сайн хүү байгаа юм. Чамайг хүлээгээд, олон жил ганцаараа явсан учиртай байж? Орчлонгийн юм бүхэн холбоотой, хүн бүхэн оноолттой гэдэг нь үнэн үг юм даа. Одоо

юу алзахав! Хүүхдүүд минь! Сайхан айл болцгоо!” гэлээ. Ханхар Цэрэн чахчаагаа тонгойлгон, эрхий хурууныхаа толион дээр товшив. Тамхиа үнэрлэнгээ, ханиалгаж найтаан сүйд болж, чанга дуугаар хууч хөөрч сууснаа харихаар босов. Пэрэнлий рүү хуруугаараа занган, нухацтайгаар хэдэн үг хэллээ. -Манайх гурван тугалтай үнээ та хоёрт өгнө. Энэ намар бухын хөлд гарсан үнээнүүд. Сааль сүүндээ нэмэр болго! Сэрвэн хадны доод үзүүрийн дулаан бууцан дээр очиж өвөлж! Манай өвөг дээдсийн өвөлжөө байгаа юм. Би Бужмаа та хоёрт тэр өвөлжөөг өгөх учиртай хүн. Чи маргааш эрт очиж үнээгээ аваарай!

гээд гарлаа. Бужмаа, Пэрэнлий хоёр гайхан, удтал цэгнэн ярилцаад, эртнээс өрнөсөн үйлийн учиг зангилааг тайлж ойлгов. Пэрэнлийгийнх сэрвэн хадны өвөлжөөнд өнтэй сайхан өвөлжөөд, хавартаа төлөө бүрэн бойжуулжээ. Бужмаа гучин тавны босгон дээр анхны хүүгээ төрүүлэв. Тогоруун цуваа өрхөн дээр өд орхиод ниссэн тэр намар бол Бужмаагийн эрх нялхамсуу хийгээд дүүрмэг жаргалтай сайхан цагийн эхлэл байлаа. Үр заяасан жил…. Дүүрэн мэлтрэх саран авхай дугариг биеэ таллан хуваасаар, орчлонгийн жамыг ухааруулав.

Өдөр өдрөөр гэрэл нэмж, бодлын гал бадамлах шиг боллоо. Саран бүүвэйтэй намар аа гэж? Бужмаа үүлний цаанаас цухуйсан тэргэл сарыг хараад, эжийгээ, ахыгаа ихэд санав. Үрийнхээ үнэгчлэн өмөлзөхийг хараад, амандаа бүүвэйн дуу аяллаа.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *