
Тэр эмэгтэй хүнийг ном гэж боддог нь сайшаалтай ч хэзээ ч дуустал нь уншдаггүй юм. Хэтэрхий хэцүү эсвэл бүр хэтэрхий энгийн ном, агуулга нь ч түүнд таарахгүй гээд л олон шалтгаан байдаг болохоор
зүгээр л уншиж байгаад орхичихдог зантай бөгөөд тэр нь зуршил шиг л шингэсэн байлаа. Түүнтэй учирдаг эмэгтэйчүүд их л өрөвдөлтэй бас ядаж байхад дурламтгай гэж яана. Равдан дурлаж байсан эсэхийг
түүний сайн найзууд байтугай тэр өөрөө ч мэддэггүй байх. Учир нь эгзэгтэй мөчид хэн нэгнийг хайрлах сэтгэлээсээ илүү хүнд гай болохгүй гэсэн зарчим нь үргэлж давамгайлж байдаг. Шулуун
шударгаар эмэгтэй хүнийг хаяж үзээгүй нэгэн. Сэтгэлийг нь шархлуулхаас айдаг Равдан үг дуугүй алга болох нь “больцгоое” гэж хэлэхээс хамаагүй долоон дор гэдгийг мэдрээгүй л яваа. Харин энэ
удаад Равдан хэдхэн хоногийн өмнө уулзсан эмэгтэйгээ дууны тэмцээнд дэмжихээр ирсэн байлаа. Соёлоо Равданг үзэгчдийн зааланд суугаад гарч дуулахыг нь хүлээгээрэй гээд алга болчихов. Бяцхан

тайзандээр ээлжлэн гарах хүмүүсийг тэвчээртэй үзэж байтал хөтлөгч Ариунсоёлыг зарлав. Өмнөх оролцогчдыг бодвол ямар ч ганган хувцас тайзны будалтгүй тэрээр өргөн том цэнхэр өмд, жижиг цагаан майк өмсөөд нүүрээ огт будаагүй байлаа. Тайзны гэрэл асаж хөгжим эгшиглэнэ. Равдан өөрөө гарч дуулах гэж байгаа мэт сандарч алга нь хөлөрсөн байв. Соёлоо микрофоныг гартаа авч нүдээ аниад дуулж эхлэв. Эхэндээ сандарч байсан ч зааланд суух Равданг хараад тайвширсан болтой хоолой чичирхээ болив. “Утасны чинь дугаар” дууг Ариунсоёл ямар нэгэн дуучин шиг биш харин караокед дуулж
буй жирийн хүн шиг солгойрох үедээ солгойрсоор дуулж дуусгав. Алга ташилт бараг байгаагүй ч Соёлоо үнэхээр аз жаргалтай харагдаж байлаа. Үзэгчдэд ёслоод Равданруу гүйгээд оччихов. Равдан: – Сайхан дууллаа, – гэж ёс болгон хэлэхэд Соёлоо хөхөрч инээснээ, – Би сая хүмүүст биш өөртөө зориулж дуулсан юм аа. Сайхан байх албатай байгаагүй. Адреналин мэдрээд л гоё санагдаж байна, – гээд Равдангийн гараас хөтлөөд гарах хаалгаруу гүйв. Машиндаа орж дулаацангаа: – Рагчаа ахаа, та өнөөдөр ямар ажилтай байсан юм бэ? – Сүртэй юм биш ээ. Юун Рагчаа. Чи өөрөө Рагчаа. Би Равдан. – Өө за уучлаарай… Та
нээрээ мод тарьж байсан уу? – Мод уу… үгүй юм байна. – Хоёулаа мод тарих уу? – Соёлоо туулайн шүдээ гаргаад инээхэд Равдан юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Чухал ажлаа таслаад нэг солгой бүсгүйн дуулхыг сонсоод бас дээрээс нь мод тарих нь эрүүл хүний үйлдэл мөн гэдэгт эргэлзэж байлаа. Үүнийг нь анзаарсан Соёлоо доошоо харан: – Хүн гэдэг их амиа бодсон амьтан шүү. Амьд байх хугацаандаа бүх зүйлийг ашиглаж, эвдэлж, сүйтгэж, нураачихаад ч үхчихдэг. Үргэлж авдаг хэзээ ч өгдөггүй. Байгаль эх яагаад эх гэдгийг нь мэдэх үү? Яг л ээж шиг биднийг амьсгалуулж, хооллож, амьдруулдаг. Тэгэхийн тулд
өөрөө золиослогдож байдаг. Бодоод үзэхээр өрөвдөлтэй санагдахгүй байна уу? Бидний чадах зүйлс их цөөхөн бас энгийн. Тэгсэн ч хүмүүс дэндүү залхуу бас муухай. Хоёулаа ядаж мод тарина. – Хаана тарих уу? – хэмээн Равдан нэг зүйл ухаарсан хоолойгоор асуув. — Мод тарих үед Равдан ямар нэгэн ажлын хэлэлцээрээ амжилттай хийснээсээ илүү сайхан мэдрэмжийг авч байлаа. – Хэдэн жилийн дараа ирээд моднуудтайгаа зургаа авхуулааарай, Раднаа ахаа. – Равдан. Рав-дан. Тэгээд ч ах биш. Чи ер нь хэдтэй болоод намайг байнга ах гэдэг юм? – 23 л даа. Тэгвэл чи гээд дуудах уу? – Тэг ээ тэг. Гол нь миний нэр
Равдан. Чи өлсөж байна уу? Би лав өлсөөд байна аа. Чи ч гэсэн өлсөж байгаа биз дээ бодвол. Дахиж ухаан алдахаас чинь өмнө юм идэх үү? – Хоо тэгье л даа. Би нэг газар орж үзмээр байгаа. Хоол нь амттай гэсэн. Мод тарьж дуусаад Соёлоогийн заасан газар луу явцгаав. Равдангийн төсөөлж байснаас шал ондоо 5 давхар хуучин цагаан байшингийн үүдэнд ирэв. Байшингийн гол хэсэгт “Жигүүртэй хүсэл” гэсэн хаяг байсанд Равдан: – Хоолны газар биш юм биш уу? – Зүгээр дагаад ор оо. Равдан гайхширсаар өнөөх цагаан байр луу ортол дотор нь бөөн хүүхдүүд гүйлдэж байх нь тэр. Соёлоог харсан хүүхдүүд бүгд “Соёлоо аниа ирлээ” гэж баярлан хэн нэгнийг дуудахаар гүйв. Хүүхдүүдтэй
хамт нэгэн 50 орчим насны эмэгтэй ирж: – Хүүе. Соёлоо миний охин, – илгэмсгээр тэврэн – Монголд хэзээ ирээв ээ? – Би ирээд хэд л хонож байна. Та хэд сайн уу? Хүүхдүүд яаж байна? – Сайн шүү. Чиний ачаар манай байгууллага улам л сайжирч байна даа. Бяцхан Эгшиглэн бүрэн эдгэчихсэн одоо хэсэг хүүхдийн сэтгэл зүйчтэй уулзуулах гэж байгаа. – Ямар сайхан мэдээ вэ!…Эгч ээ. Насаа эгч бүфетэндээ ажиллаж байгаа хэвээрээ юу? Би найзтайгаа хоолыг нь идэх гээд хүрээд ирлээ шүү дээ, – туулайн шүдээ гарган сэргэлэн инээмсэглэв. – Байгаа шд ээ. Чиний дуртай зразыг хийгээд л байж байгаа. Эгч очоод хэлээдхье. Юу болоод байгааг ойлгохгүй Равдан гүйлдэн тоглох хүүхдүүдийг хараад
бодлогшров. Бүфетэнд ороход яг л хүүхдийн зуслангийн бүфет шиг хүүхдүүд нэг нэгээрээ хоолоо барин ширээний ард сууж харагдав. Бүгд хоорондоо их л найзладаг болтой найрсгаар нэг нэгэнтэйгээ хамт сууж, Соёлоо эгч нэг залуутай ирснийг шивэр авир хийн ярьцгаав байв. Бяцхан хүүхдүүд инээлдэн хоол идэж байгааг Соёлоо хараад нулимс урсгав. Равдан тэр хоёр захын ширээнд суугаад Соёлоогийн хамгийн дуртай зраз хоолыг идэв. Ямар нэгэн стейк, эсвэл утсан загас ч биш жирийн нэгэн зраз хоол Равданд идээгүй их удсан ээжийнх нь хоол шиг санагдав. – Соёлоо? – Яасан Рав-даан? – Энэ асрамжийн газар юм уу? – Энэ бол жирийн ч нэг асрамжийн газар биш шүү. Эцэг эх нь үгүй болсон, эсвэл эцэг эх нь хаячихсан хүүхдүүдэд амьдрал сайхан

гэдэгт итгүүлж, сайн хүмүүс болгох зорилготой газар. – Тэр эгч яагаад чиний ачаар энэ байгууллага сайжирсан гэж хэлсэн юм бэ? Бас энэ хүүхдүүд яагаад чамд ийм сайн байгаа юм? – Хоолоо ид ээ. Равдангуай. – Эгшиглэн гэдэг хүүхэд яасан юм? – Би дараа бүгдийг ярьж өгье. Одоо хүүхдүүд бидэнд тоглолт бэлдсэн байгаа. Тоглолт нь ямар гоё болдог гээч. Явцгаая.