
Найман сарын арван долоон Мөнхөө тэр өдрөөс хойш ирсэнгүй. Бүр залгасан ч гүй. Дуудлага ирэх болгонд Мөнхөөг гэсэн бяцхан найдлага тээгээд амжих Ану түүнгүйгээр амьдарч сурч байлаа. Хэн нэгний
тусламжгүйгээр хүүхэд өсгөнө гэдэг амаргүй явдал. Ой гарантай Энхжингийн хөдөлгөөн улам ихсэж, “нурааж, бусниулж” болох зүйлс нь өдөр ирэх тусам нэмэгдэж байв. Ашигч нэгэн шиг санагдахгүйн
тулд, бас бардам зандаа хөтлөгдсөөр Ану ч Мөнхөөрүү залгахгүй гүрийсээр. Аргаа барахдаа “гэрлэх саналыг нь зөвшөөрчихдөг ч байж уу” гэсэн бодлыг хааяа нэг өвөртлөх нь өрөвдмөөр… Дин дон диийн
дон “Ийм өглөөгүүр хэн байдаг байна аа? Арай Мөнхөө юм биш биз дээ?” хэмээн Ану мөрөөсөж толинд үс гэзгээ бушуухан янзлаад амжив. Үүдээ тайлтал Анугийн найдлага талаар өнгөрч хаалганы нөгөө талд
Улаанаа зогсож байх нь тэр. Энэ түүнээс архи ханхалсангүй ч байгаа байдал нь нүд халтирам харагдана. Хамаг хувцас, үс, нүүр царай нь хүртэл бор шороотой хутгалдаж орхиж ээ. Халимагдуу жижигхэн үс

нь хайш яайш арзайж, бүтэн байсан биеийн тамирын хослол нь зарин хэсгүүдээрээ урагдаж цустай холилдсон байв. Хажуу байрны дээрэлхүү хүүхдүүдэд юу юугүй зодуулж нүдүүлээд ирсэн бага ангийн нусгай жаал гэртээ орох гээд орж зүрхлэхгүй буй мэт бүтэлгүй харагдана. Танихгүй хэн ч бай түүнийг эмэгтэй хүн гэдгийг олж харах хэцүү болсон байв. Цочирдож орхисон Ану Улаанааг тасралгүй дээш доош гүйлгэн харж хөмсгөө зангидан толгойгоо сэгсрэнэ. Хэд хоногийн өмнө хэдэн цаас аваад халаасалж байхдаа царай нь яг л чихэр аваад баясаж буй хүүхэд шиг цовоо байсан юм сан. Одоо
түүнийг ийм байдалтай харахад сэтгэл үймрэх шиг болж байв. – Улаанаа чи яагаа вэ? – Эгчээ надад дахиад зуун цаас өгчих тэгэх үү? Манай нөхөр намайг мөнгө авчрахгүй бол яг алах гээд байна, – хэмээн сөөнгө хоолойгоо чичигнүүлэн уйлж эхлэв. Улаанаа үнэхээр л Анугаас насаар дүү байлаа, – Би танаас авсан мөнгөөрөө нэг цагаан юм бас өөр жаал жуул юм аваад нөгөө хэдтэйгээ хувааж уугаад найрлаж байтал гэнэт нөхөр маань “хаанаас тийм их мөнгө олсон юм” гэж уурлаад сүүлдээ намайг зодоод үлдсэн мөнгийг надаас булаагаад авчихсан. Хэдэн хоног сураггүй энэ тэрүүгээр архидаж байгаад мөнгө нь дууссан
болтой өнөөдөр үүрээр ирээд дахиад нөгөө айлаасаа ахиухан мөнгө салгаад ир гээд явуулсан. Би “өгөхгүй байна аа” гэж худлаа хэлээд буцаад очсон чинь “хүүхдээ булаагаад аваад ирэхгүй юу? Тэгвэл тэд хэдэн цаас шидлэхгүй гээд хаачдаг юм?” гэж хэлээд шороондээр чирээд намайг балбачихлаа. “Хоосон ирэх юм бол ална шүү” гэсэн. Эгчээ би яах уу? Улаанаагийн ярьсан болгон үнэн бололтой дог. Түүний айдсаар дүүрэн харц, салгалах гар хуруунаас нь тэр “нөхөр” гээд байгаа хүнээсээ үнэхээр л айдаг нь илэрхий. Тэд бидний өдөр тутам таарангуутаа холоор тойрч байдаг өнөөх “гуйлгачин, гудамжны
хүн, бөбөчин” болой. Тийм хүмүүсийн амьдрал ямар байдаг бол? Хаана ч хамаагүй унтаж сэрээд л, хэнээс ч хамаагүй мөнгө гуйж амьдрах нь хэдийнээ дасал болоо биз. Ану шиг “хугарсан хумсаа хаана янзлуулах вэ? эсвэл “оройн хоолондоо аль ресторан орох вэ” мэтийн асуудалд түүртэх ч үгүй нэг бодлын амар биз… Ану Мөнхөөгийн “цагдаа дуудаж өгөөрэй” гэсэн зөвөлгөөг тодоос тод санаж байсан ч хажууд нь нулимсаа арчин, цус урсах шархаа шороотой халтар гараараа далдлах эмэгтэйг өрөвдөөд цагдаа дуудаж зүрхэлсэнгүй. Эмэгтэй хүн гэдэг мөн ч өр нимгэн зөөлхөн сэтгэлтэй амьтан болдоо… Тэрээр мөнгө, Улаанаагийн нөхөр гээд юуны ч талаар бодохыг
хүссэнгүй, гагцхүү өөртэй нь адил бүсгүй хүн тийм тавилан туулж буйд гонсойж байв. Ану Улаанаагийн шороотой хутгалдсан шарх сорвиудыг спирттэй хөвөнгөөр цэвэрлэж эхлэв. Өмнө тийм төрлийн халамжийг хэн нэгнээс авч байгаагүй Улаанаа дуулгавартай нь аргагүй амаа даран сууж, арьс нь хорсож байсан ч нэг ч авиа гаргахгүйг хичээнэ. – Их хорсож байгаа биз дээ Улаанаа? Зүгээрээ орилмоор байвал орил. Би нэг удаа найзуудтайгаа шоудаж байгаад дэндүү согтоод архины шил хагалаад заримыг нь гарлуугаа оруулчихаж билээ… Ёстой аймаар өвдсөөн! – уйланхай хүүхдийг аргадаж буй сувилагч аятай Улаанаатай намуухан дуугаар ярихад
нөгөөх нь хэлэх үгээ олж ядан, – Чи бас уудаг байсан юм уу? – Саяхан л та та, эгчээ эгчээ гэж дуудаад байсан биз дээ? Одоо яагаад буцаад чи болчихов оо? – хэмээн Ану түүнийг шоолон, – Би ч уудаг байсан нь байсаан. Энхжингийн ээж болохоосоо өмнө шүү! Миний бүтэхгүй хоосон амьдралд охин минь орж ирээд утга учир нэмсэн гэж боддог… Анхандаа дургүй байсан ч муу зуршлуудаасаа салж, илүү эрт босдог болж бас их цэвэрч, хянамгай болсон гэж өөрийгөө боддог. – Охинд Энхжин гэдэг нэр хайрлаа юу? Гоё нэр байна… – Тийм шүү. Одоо чи усанд орчих. – Би юу? Танайд уу? Бүх юмыг чинь заваартуулчих нь шүү дээ хэрэггүй. – Үгүй ээ, түр хүлээж бай, – хэмээн Ану угаалгын өрөөндөө ороод хэсэг удсанаа Улаанааг дуудав. Ванны ирмэгээр өрж
тавьсан жижигхэн лаа, хөөстэй халуун усан дээр хөвөх хатаасан нимбэг жүрж, юуны ч юм бэ ногоон навчнууд бүгд нийлээд хамгийн анхилуун үнэрийг үүсгэж байв. Ичиж сандарсан Улаанаа угаалгын өрөөнөөс гарах гэж яаран, – Үгүй үгүй. Ёстой үгүй шүү, – хэмээн Анугаас бултав. – Би чамд тэгвэл мөнгө өгөхгүй гэж мэд, – Ану худлаа сүрдүүлж орхив, – надаас ичих хэрэггүй ээ… хоёулаа адилхан л эмэгтэй хүмүүс, хоёулаа адилхан л эх хүмүүс… – Би эх гэж хэлүүлэх эрхгүй шүү дээ, – Улаанаа санаа алдав, – Чи эхлээд энэ усанд ороод хэвтчих. Үнэхээр гоё! Би стрессдэж ядарсан үедээ ваннаа ийм болгож байгаад л ороод хэвтчихдэг. Алжаал тайлхаас гадна бүр тайвширчихдаг юм. Би хааяа энэ усанд хэвтэж байхдаа ийм ваннгүй хүмүүс хэзээ ч энэ

мэдрэмжийг авч чадахгүй нь дээ гэж бодоод гунигтай болдог. Өнөөдөр ядаж чамд энэ жаргалыг эдлүүдэх гэж байгаа даа сайхан байна. Улаанаа Анугийн үгэнд орж хувцсаа тайлж эхлэв. Хөөрхий бүсгүйн нуруу, гуя, гэдэс, цээж гээд бүх хэсэг хөх няц болсон байлаа. Зарим нь хуучраад бүдгэрсэн, зарим нь саяхных болтой ягаарч тодроно…