
Нацагаа хий хардсандаа бантсанаас хойш Тунсагт бүр ч юм хэлэхээ байв. Тунсагын хэрэгцээ ч барагдах юм биш. Нацагаа нэгэнт л амьдрах юм чинь хэмээн түүндээ үнэнч байж, бүхнийг болгох гэж зүтгэсээр.
Нэг хэсэг долоо хоног ажилгүй суусан үеэр нь байрны мөнгө өгөх болоод Тунсагаас жаахан нэмэрлээч хэмээн гуйхад нь нөгөөх нь тас загнаад ичсэндээ хэдэн найзуудаасаа зээлж төлж байж билээ. Мөн
халтуур хийж олсон мөнгөө өөртөө сождог болов. Нэг удаа нэгэн найзынх нь төрсөн өдөр гээд явах болтол ямар ч мөнгөгүй байсандаа тэрээр ихэд санаа зовж түүнээс болж хүндхэн үг сонсоод дараа нь
нөхөж баярлуулж байж билээ. Тунсаг өөрөө сар бүр гэртээ мөнгө, ачаа явуулдаг хирнээ Нацагаад хүний урманд нэг оймс ч сэтгэлээрээ аваад өгдөггүй байв. Гэвч Нацагаа түүнийг нэг их юманд боддоггүй.
Тунсагын ааш өдрөөс өдөрт улам дэндүү болж, сав л хийвэл хэрүүл нэхнэ. Нацагаа хажуугын өрөөнд байх Урнаагын хоёр найзаас санаа зовох боловч Тунсагт энэ огтхон ч хамаагүй мэт авирладаг байлаа.

Ийнхүү сайндаж муудаж явсаар нэг мэдэхнээ аль хэдийн жил гаран хамтдаа амьдраад бас ч гэж хоёр гэрийнхэн нь мэдэлцэв. Нацагаагийн аав ээж хоёр нь тэр хоёр дээр зочилж ирэх болоод Нацагаа Тунсаг хоёр ч ажил ихтэй байлаа. Нацагаа Тунсагийг урд нь танилцуулчихсан болохоор Дүгэрээ, Чулуун хоёр худынхаараа очин танилцангаа охиндоо өгч явуулах юм байгаа биз хэмээгээд гэрт нь очив. Тунсагынх саяханаас гайгүй боломжийн болж байгаа бололтой бүх тавилга нь шинэ харагдана. Тунсагын ээж гэж сайхан ааштай бор авгай гэртээ ганцаараа байж таараад охиндоо бэлдсэн жаал зугаа юмаа өгч байтал нөгөө өрөөнөөс хагас саажилттай хүү өөртэйгээ ярьсаар гараад ирэв.
Дулмаа өөрийг нь чиглэн хажуу тийшээ гэлжийн зүүн тал нь таталт өгсөн бололтой 6,7 орчим насны хүүг өвөр дээрээ суулган боорцог бариулаад – Энэ миний том охины хүү. Эх нь гэж зөрүүд тархи гаргахгүй гээд эм нууцаар ууж байгаад ийм хүүхэд төрүүлчихсэн. Нэгэнт гараад ирсэн энэ амьтныг надаас өөр гэх хүн байхгүй. Муу Тунсаг минь энэ гэрт их нэмэр болж байна. Тунсагынхаа хүчинд л өдий зэрэгтээ айл шиг айл явж байна даа. Гэхдээ манай охин жаахан дураараа юм шүү. Та хоёрыг харваас хүргэн минь тохьтой томоотой сайн хүү бололтой. Тэр хоёр минь эвтэй шүү байж хоёр биендээ дэм болж байвал миний ганц хүсэх юм тэр. Би чинь хоёр охинтой хүн. Ганц гарсан зээ хүү маань ийм байдаг…гээд нулимсаа арчив. Чулуун
эмэгтэй юм гэсэндээ тайвшируулан хэдэн үг хэлээд нөхөр нь байхгүй байсан болохоор хоёул тэгэсгээд гарлаа. Нисэх онгоцны буудал дээр Нацагаа догдлон ээж аавыгаа хүлээн зогсоно. Хэдий гэрээс гараад жил гаран л болж байгаа ч гэсэн ээжийгээ ямар их санаснаа хүлээж байхдаа л мэдрэв. Чулуун шатаар буугаад хүүгээ хараад “ Миний хүү “ хэмээн дуудаад өөрийн эрхгүй нулимс унаган хацарнаас нь барин нүүр нүдгүй үнсэж гарлаа. Тэд явсаар гэртээ иртэл Тунсаг сайхан гурилтай шөл хийчихсэн сүүтэй цайтай тэднийг угтав. – Сайн байцгаана уу, та хоёр минь сайн явж ирсэн үү? – Сайн явж ирлээ, сайн сууцгааж байв уу? Ирээгүй удсан байна шүү. За та хоёр минь дажгүй биз дээ – Бид хоёр сайн байгаа. Нацагаа сониноо хуучлах зуур Тунсаг
хөрш хоёр охинтой хамжилцан дороо ширээг засан дүүргэв. Чулуун, Дүгэрээ хоёр ч Монголын сонин хачин болон гэр орны сонин хачиныг хуучлан сууснаа Монголоос авчирсан бэлгээ тэр хоёрт өгөнгөө Чулуун бас нэг боодолтой юм гарган Тунсагт өгөөд – Бид хоёр гэрээр нь очсон. Аав нь эзгүй, ээж нь эгчийнх нь хүүтэй хоёулаа сайн байна лээ. Энийг өгч байсан. Утсаар ярьчихдаг гээд нэг их юм хэлүүлсэнгүй. Үүнийг сонсоод Тунсагын нүүр нь улайн сонин байдалд орсон ч Нацагаа хөөрсөндөө нэг их анзаарсангүй өнгөрөөв. Тунсаг Дүгэрээ, Чулуун хоёрыг энд байхад нь ёстой л гараа гарган үйлчилж, чадах чинээгээрээ ая тухтай байлгаж байв. Нацагаа ч хайрыгаа ээж, аав
хоёрыг нь ийнхүү хөл болон найрсаг үйлчилж байгаад битүүхэндээ баярлаж, түүндээ яаж талархахаа мэдэхгүй байв. Дүгэрээ, Чулуун хоёр урд нь хэд хэд ирж байсан болохоор уулзаж учирах хүмүүстэйгээ уулзан хоёр долоо хоног сайхан амарч байгаад буцлаа. Тунсаг онгоцонд суулгаж өгөөд л гэртээ ирэнгүүтээ ядарч унах гэснээ гайхан Нацагаад уурлаж нөгөө сайхан эелдэг дөлгөөн ааш хаашаа алга болчихов гэмээр болж ирэв. Нацагаа юу ч хэлэхээ байж Тунсагийг юу л гэнэ үгээр нь байдаг болов. Тунсаг өнөөх л мөнгөнөөс болж хэрүүл нэхэн уцаарлана. Тунсагт мөнгө л байвал өөр юу ч хамаагүй мэт, мөнгөний төлөө сүнсээ худалдахад ч бэлэн мэт Нацагаад санагддаг болохуйд нурууг нь даган хүйт оргисон нь нэг бус. Нацагаа хэр
чадлаараа хичээж байгаа хэдий ч тогтсон цалинтай хүн түүнийгээ хүргэх гэж мэчийхээрээ мэчийж байв. Үүнийг Тунсаг ойлгодоггүй юмуу, ойлгосон ч тэгэх л ёстой гэж боддог юмуу. Ядаж байхад Тунсаг хариу нэхэж байгаа юм шиг л хэдэн цаас илүү гарвал өөрийгөө гоёно. Иймэрхүү байдалтай нэг мэдэхнээ хоёр жил гарангын хугацаа өнгөрчихсөн байв. Найзууд нь бүгд Тунсагт дургүй уулзах бүрдээ Нацагаад үг хаяна. Чи чинь наад нүдээ нээгээч дээ, наад шуламдаа ашиглуулаад байгаагаа мэдэж байна уу. Энд ажил хийдэг ямарч хүн чам шиг ийм байхгүй хэмээхэд тэрээр би яасан юм, бид хоёрын явдал хамаагүй гээд л өнгөрнө. Үнэндээ яг юуг хэлээд байгааг нь мэддэггүй болой. Нэг өдөр Тунсаг явуулдагаараа гэрлүүгээ ачаа мөнгө явуулах
нэг үед Нацагаа би энэ удаа аавд ганц пальто явуулчихъя. Ирээд бараг гурван жил болоход тэр хоёроороо төлбөрөө даалгаж байж хүний урманд нэг ч юм явуулж байсангүй, отгон хүү нь байна даа…гэтэл хэрэг бишдэж Тунсаг харин ч нэг тачигнаж гарав. – Танайх боломжийн айл биз дээ, тэгээд ч оюутан хүүгээсээ юу горьддог юм. Чи надтай барьцаад байгаа юмуу. Би энд чамаас хэдхэн паунд л авсан байх шүү, тэрэндээ өр санаад байгаа юмуу … би чамайг ийм дотуур тамиртай, хүн муутай гэж мэдээд байсан юм гээд юу юугүй хэдэн дусал нулимс унагаад ирэх нь тэр. Нацагаа ч сандран – Үгүй ээ. би тэгээгүй … өнгөрсөн зун очно гэж хэлчихээд очиж чадаагүй хүн гэж бодоод л тэгсэн юм. За уучлаарай хайрыгаа…илүү юм ярьсанд битгий
уйлалдаа чи минь хэмээгээд нулимсыг нь арчиж өгөв. * * * Нэгэн амралтын өдөр Нацагаа, Тунсаг хоёр гэртээ байж байтал Чулуун утсаар ярин Нацагааг энэ зун заавал гэртээ ир, онгоцны билет аваад явуулна. Ажлаа зохицуулаарай хэмээн ярив. – За найз нь энэ зун аав, ээж дээрээ харьчихаад ирье. Удаан очоогүй хүн энэ удаагынхаа цалингаар би жаал зугаа бэлэг сэлт авъя, чи нэг удаадаа байрны мөнгөө аргалчих уу? – Үгүй чадахгүй, надад боломж байхгүй – Чи бод л доо, би яаж хоосон гуяа ганзаглаад очих юм бэ. Би чамд зарцуулах үедээ харамгүй л өгдөг. Нэг удаа чи өгч болохгүй гэж үү, муу ч сайн ч хамтдаа амьдраад хоёр жил гарангын хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд би дандаа чиний болон ирээдүйн амьдралынхаа төлөө
явсан шүү дээ – Би чадахгүй гэж хэлсэн биз дээ. Чи яахаараа нэг юм авч өгчихөөд дандаа ингэж араас нь олон юм ярьж нэхэл дагал болж байдаг юм. Тэгээд ч оюутан чамаас хэн юу хардаг юм. Дэлхийн алдарт том гүрэн Лондонгын дурсгалын юм байхад л болно биз дээ. Нацагаа нээрээ ч тийм юмуу даа. Ямар ажил хийж байгаад очиж байгаа биш хэмээн бодоод тэгэсгээд дуугай өнгөрөв. Хэдэн өдөр дараалан бороо орсных гадаа битүү манантай цаанаа л бүрсгэр нэг өдөр билетээ ирж ав хэмээн утсаар ярив. Нацагаа нэг найзаа гуйн Тунсагтай гурвуулаа явлаа. Аерофлотын билетыг хараад удахгүй гэртээ, эх орондоо нисээд очно гэхээс байж ядан баярлахын зэрэгцээ өдий олон жил ажил хийчихээд гэрийнхэнээрээ билетээ авхуулж байгаадаа дотроо ичиж
байв. Буцах замдаа Тунсаг хажууд нь найз нь байгаад санаа зовж байгаа ч шинжгүй – Хайраа, би өчигдөр ээжтэй утсаар ярьсан. Ээжийн бие нь муу байна гэнээ. Мөнгө хэрэг болоод байна гэнэ. Миний хайр наад билетээ буцаачих, хоёулаа дараа нь авчихъя тэгэх үү хэмээн эрхлэнгүй дуугарав. Жагаа үүнийг сонсоод толиндоо нэгэнтээ муухай хараад толгой сэгсэрлээ. Нацагаа харин юу ч хэлсэнгүй. Тунсагийг ажил дээр нь буулгачихаад буцаж явахдаа Жагаа – За Нацагаа минь, Тунсаг ч арай дэндэж байнаа, үнэнийг хэлэхэд найз минь чи наад билетээ буцаавал дахиж мөнгийг нь олж авч чадахгүй шүү. Нацагаа өдөржин бодлоо. Хэдий өөрөө явмаар байсан ч бас ээжийнх нь бие муу гэж байхад муухай юм даа. Яамаар ч юм бэ дээ хэмээн ацан шалаанд орох нь тэр. Нацагаа явах гээд ажилгүй байсан болохоор
Тунсагийгаа ядраад ирнэ хэмээгээд өөрийн гарынхаа хоолыг бэлдэн хүлээж байв. Ер нь оройн хоолоо Нацагаа л хийнэ. Бага цагаар ажилладаг болохоор түрүүлээд ирчихнэ. Тэгээд л Тунсагдаа хоол бэлдээд хүлээж байдаг байв. Тунсаг нь их л дуу муутай уравгар орж ирээд хүний урманд сэтгэл гаргаж хийсэн хоолонд нь ам ч хүрэлгүй орон дээр буруу хараад хэвтчихэв. Нацагаа санаа нь зовон энд тэнд нь гаран – Яасан миний хайраа зүгээр үү, бие чинь өвдөө юу?, ямар нэг юм болсон уу … ингээд дуугүй байгаад байхаар найздаа хэлэлдээ. Тунсаг нэгэнтээ гүнзгий санаа алдсанаа – Ээжийн бие их муу байна гэнээ, яаралтай мөнгө явуул хэвтүүлэх хэрэгтэй байна гэж эгч ярьж байна – Өө харлаа, за хайраа тайвшир, маргааш хоёулаа яваад миний билетыг буцаачихъя. Тэрээр өөрийн мэдэлгүй ингээд хэлчихэв. Тунсаг
ч доголон нулимстай нүдээр хараад – Баярлалаа гээд уруул дээр нь нэгэнтээ үнсээд одоо тайвширлаа миний найз ямар хоол хийсэн бэ өлсөж үхэх нь гээд хувцсаа сольж эхлэв. Хүний эх гэдэг ямарч их мэдрэмжтэй байдаг юм. Нацагаад ээж нь билетээс гадна 600 паунд өгч явуулсан байлаа. Бодвол мөнгөгүй байгаа хүн бэлэг сэлт, мөн аавдаа ганц пальто аваад ирэг гэж бодсон биз. Тэр хоёр явсаар очиж асуувал аз болж авсан газраа буцаана, эндээс буцаах боломжгүй хэмээв. Үүнийг сонсоод Нацагаа дотроо баярлаж байсан хэдий ч ил гаргасангүй. Ингээд явахаар боллоо. Харин Тунсаг уурлан байж ядна. – За яахав чи яваад ир, харин наад мөнгөнөөс чинь би гэрийнхэндээ юм авч явуулна шүү, надад мөнгө байхгүй, тэгээд ч чи хүргэн хүү анх очиж байж гайгүйхэн юм аваад очвол зүгээр байлгүй – Би эндээс аавд ганц пальто авна, бас ээж, ах нар тэдний эхнэр хүүхэд гээд хүрэхгүй ш
дээ – Чи ямар сонин нарийндаа хатсан юм бэ, танай аав чинь ямар өмсөх юмгүй биш, хүн юмтай байх хирээрээ нарийн байдаг гэсэн үнэн л юм байна. Чи хадам аав, ээждээ нэг гайгүйхэн юм аваад оччих чадал алга уу … хэмээн буруу харан хэсэг сууж байснаа дууных нь өнгө нь арай зөөлөрч: Хайраа чи бодоод үз л дээ. Хэрвээ би явж байгаа бол танай гэрийнхэнд л гайгүй юм авч очихыг бодно, өөрийнх бол яахав дээ хэзээд л ойлгохоос хойш. Би бас чамаараа гэрийнхэндээ гайхуулмаар байна ойлгож байна уу… – Нээрээ тийм ч юмуу, чи минь ээж, аавыг ирэхэд сайн үйлчилсэн шүү. Тэрээр ингэж хэлээд дотроо харин: ” Сонин юм даа, би ийм амьдралын ухаангүй юм болов уу, дандаа л Тунсагын зөв байх юм ” хэмээн бодож явав. Хугацаа тулсан байсан тул Тунсагаар сонгуулан ээж, аавд нь гайгүйхэн бэлэг аваад
хүүд нь юу авахыг сонгож ядаж байтал Тунсаг хулмалзан гадуур өмсөх куртик авав. Нацагаа өөрийнхөндөө үлдсэн жаахан мөнгөндөө тааруулан Лондонг харуулсан бэлэг дурсгалын төдийхөн зүйл авав. Тэрээр уг нь дандаа боддог байв. Хоёр ах нь аавд нь нэг нэг удаа пальто аваад өгсөн одоо бага хүүгийнх нь ээлж гэж. Гэвч энэ удаа тэрээр өөрөө л тэдэндээ бэлэг болж очиж байгаадаа жаахан ичиж байв. Явахын урд шөнө Тунсаг бараг анх удаа гараа гарган сайхан хоол хийж өгөөд нэг шил улаан дарс ч задлав. – Хайраа сайхан амраад ирээрэй, би … би чамд нэг юм хэлбэл чи уурлах уу хэмээн энгэрт нь
наалдан наалинхай эрхлэнгүй дуугарав. – Тэгнээ, чи минь юу захих вэ, хэл хэл хайраа … би хэзээ л чамд уурлаж байлаа даа. Тунсаг хэсэг эргэлзэж байснаа урдах виноноосоо нэг балган аман дотроо байлгаж алгуур гулсан оруулан тамшаалсанаа – Нацагаа үнэндээ би хүүхэдгүй, тэр хүү манай эгчийн хүү. Гэхдээ …. за за чи өөрөө очоод нүдээрээ харна биз. Би чамайг шалгах гэж хүүтэй гэж хэлж байсан юм. Нацагаад хэлэх үг олдсонгүй, өдий болтол хуурч байсанд нь харин

гомдож байсан ч биеэ бариад – Чи яагаад одоо хэлж байгаа юм, би чамайг л гэж байсан болохоос, би итгэлийг чинь нэг удаа алдаж байгаагүй биз дээ … за за энэ тухай ирж байгаад яръя.