Нүүр Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “1-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
673

Хонхны царгисан дуу тасралтгүй хангинан хичээл завсарлах болсныг мэдэгдлээ. Анги ангийн хаалга онгойн хүүхдүүд хонхны дуу намжаагүй шахам байхад зэрэгцэн гарцгааж саяхан нам гүм байсан

сургууль тэр дороо бөөн дуу шуугиан болоод ирэв. Нацагаа нэгэнтээ сунайн хуруунуудаа зөрүүлэн нужигнуулан дуугаргаад гарах уу гэхэд түүнтэй нийлдэг хэдэн хүүхэд дуугүй даган бослоо. – Чи хаачих гэж

байгаа юм бэ хэмээн найз охин нь хошуугаа унжуулан эрхлэнгүй асуухад нь – Цэцэрлэг орчихоод ирье, за хурдан гарахгүй бол дараагийн цаг түүх орно, хоцорчихвол ядаргаа болно. Нацагаа

ангидаа нилээн нөлөө бүхий бөгөөд нийгмийн идэвхи ч сайтай. Тэрээр хөгжилтэй найрсаг, жаахан марзан болохоор түүнд их олон найз байдаг байв. Өөрөө ч тэрэндээ жаахан давилуун байдаг уу

ангийнхаа дуугайхан шиг даруухан хүүхдүүдийг бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Хаяа нэг гэмгүй хүүхэд зангаар үймүүлчихээд түүндээ өөрөө баясан, бусдыг ч гэсэн баясгадаг байв. Тэд нар явсаар цэцэрлэг

орохдоо тамхи асуутал хэнд нь ч байдаггүй. Хэн нь ТҮЦ явах вэ, ингэсээр байтал их завсарлагаа дууслаа. Гэтэл тэндээс Батаа ирж яваа харагдана. Нэг нь хажуунаас өө Батааг гүйлгэчихье гэхэд бүгд зэрэг түүнийг дуудан тамхиндаа явуулав. Нацагаа гайхан – Манай ангид ийм хүүхэд байдаг билүү? – За болилдоо чи хойно суудаг, юу ч дуугардаггүй, ангийнхан загас гэдэг юм – Аан, загас гээд байдаг энэ юмуу гээд тэрээр шүлсээ хаянгаа албаар хоолойгоо шахан чангаар инээлээ. Батаа ч төд удалгүй тамхийг нь авчирч өгөөд дуугүй буцаад эргэтэл Нацагаа гараа сунгасанаа – Бат биз, за ах дүүгийн ган бат найрамдал … гээд инээхэд бусад нь даган утга учиргүй инээлдлээ. Бат юу ч хэлэлгүй инээмсэглээд сургууль уруу буцав. – Нацагаа! чи энэ

Нямаад үнэхээр дурлачихсан юмуу? – Мэдэхгүй ээ, яаж байна – Яах юу байсан юм, долоохон хоногийн өмнө Цацралтаас салчихаад арай хурдан байгаа юм биш үү? – Аан яавал гэж, тэр чинь өөрөө л ааш нь олдохгүй ядаргаатай юм билээ, энэ Нямаа ч гэсэн надтайгаа таарсан эрхийн мангар, би яагаа ч үгүй байхад л байнга хажууд ирээд хачиг шиг наалдчихаад салахгүй байгаа хүнийг би яах юм … за энэ яахав цаг дууслаа хурдал. Энэ өдрөөс хойш Нацагаа Батыг байнга элдэвлэдэг болов, хагас жилээр суудал солиход Бат ч аз болж урд нь сууж таарсан нь түүнд бөөн зугаа. Батыг араас нь балаар хатгах, элдвээр яаж ч өдсөн тэрээр ерөөсөө уурлахгүй, эргэж хараад амандаа хэн ч дуулдахгүй нэг юм бувтнаад л буруу хараад суучихаар нь бүр ч эгдүү нь хүрч яавал чамайг нэг уурлуулж дуугаргах вэ хэмээн толгойгоо гашилгадаг болов.

Бат ангиасаа хэнтэй ч нийлдэггүй их зожиг, тэрээр духаараа харсан, бордуу царайтай, дээрээс нь улаан хацартай мантгардуу дүнсгэр хүү. Хичээлдээ ч нэг их гавихгүй алтан гураваа чирэсхийн, олон нийтийг хамарсан ямарч ажилд оролцохгүй, осолдохгүй бүртгэл явуулахад л түүний нэр дурдагдаж ангийнхан нь нээрээ манай ангид нэг ийм хүүхэд байгаа билүү гэж анзаардаг байв. Үнэндээ анзаарахаасаа анзаарахгүй нь их. Харин Нацагаа эсрэгээрээ өөрийгөө хүрээлүүлж чаддаг, хэнтэй ч яриа хөөрөө нийлээд явчихдаг, хичээлдээ толгой цохьсон биш хэдий ч амьтайгаа, эцэг эхийн буянд хүнээс дутуугүйг эдэлж хэрэглэж, хоёр ахынхаа буянд сургууль дээрээ байтугай, дошин дээрээ толгой өндөр явдаг нэгэн. Ангидаа өндөртөө орох тэгш сайхан

нуруутай, нүд нь эргэлдсэн, эрэгтэй хүүхэд гэхэд тас хар бүлтгэр нүд, урт сормуустай, цагаан хөвүүн билээ. Нацагаа анги ахих хэрээр ухаажин томоожиж, Бат болон бусад хүүхдийг илт дээрэлхдэг байснаа болив. Ийнхүү арван жилдээ бужигнаж гүйсээр нэг л мэдэхэд сургууль төгсөх хаяанд ирчихсэн хонхны баярын тухай яриа хаа сайгүй яригдаж хөөрсөн хүүхдүүд амьдралд нь хэзээ ч мартагдашгүй тэр сайхан мөчийг тэсч ядан хүлээцгээнэ. Хонхны баярт Бат явсангүй, түүнийг хэн ч асууж сурагласангүй. Харин сургуулиа төгсөнгүүтээ бараг сар бололгүй тэрээр гадагшаа сургуульд явсан хэмээн багш нь нэг уулзахдаа хэлэхэд бүгд мэл гайхан цэл хөхөрлөө. Энэ Бат яаж мөнгө олоод гадагшаа явчихав….түүний талаар есөн шидийн таамаг

дэвшүүлсэн ч хэн нь ч бодит зүйл гаргаж чадсангүй тэгэсгээд намжив. Харин Нацагийн шар нь хөдлөн би юугаараа дутдаг юм, заавал гадагшаа гарч сурна хэмээн шазуурхан бодсоор. Гурван хүүтэй айлын бага нь болоод ч тэр үү тэрээр ээждээ нилээн эрх, дураараа нэгэн. – Ээжээ би Америк явж сурмаар байна – Миний хүү одоо арай балчир байна, эндээ их сургуульд сурчихаад дараа нь яв – Үгүй ээ, манай ангийнхан эхнээсээ яваад байна, би юугаараа дутдаг юм – Ээж нь гадаадад сурах ямар байдгийг мэднэ, их сургуулиа төгсөнгүүт чинь явуулъя өөр яриа байхгүй тохирох уу? – За за, би тэгвэл хэлний сургуульд орно шүү – Тэгээ, тэр бол чиний сонголт, чи үнэхээр л гадагшаа гарч сурмаар байгаа юм бол Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаанд орно шүү. Нацагаа хэдий эрх дураараа ч гэлээ

эцэг эхийнхээ үгнээс тэгтлээ зөрөөд байдаггүй болохоор мэрийсээр хэлсэн сургуульд нь орох эрхээ авч чадлаа. Ингээд нэг л өдөр оюутан болох нь тэр. Угаасаа нүүр нь хагарсан байсныг ч хэлэх үү нэг ч их эрээлхэлгүй ангийнхантайгаа дороо учраа олов. Тэрээр оюутан насаа бусдын л адил олон сайхан дурсамжин дунд өнгөрөөв. Түүнд охид их сайн байдаг байсан бөгөөд олон ч охины харцыг унагаж тэр олон дундаас нэгэн охиныг онцлон дотносож эхэллээ. Хэдий тэгсэн ч энэ хоёр ердөө хоёр сар үерхээд л салав. Ээж нь түүнээс юугаа ч харамлахгүй. Аав нь харин жаахан хатуу талдаа ч үнэн үг хааяадаа хэлчихнэ. Нэг өдөр ангийнхантайгаа дарвиж яваад анх удаагаа гэртээ согтуу шөнө оров. Яаж гэртээ ирсэнээ ч мэдсэнгүй. Унтаж байтал хүнд нударга нүүрэн дээр нь буух нь тэр. Учрыг олж ядан өндийх гэтэл

толгой нь даагдах юм биш. Ам нь хатан, хамаг эрхтэнийх нь байр нь солигдсон аятай хөдлөхөд ч хэцүү байв. – Босооч чи, ямар гавъяа байгуулсан гэж унтаад байгаа юм. Би чамайг ууж идэж сургах гэж мөнгө зарж байгаа юу, одоо байтлаа эхээрээ бөөлжистэй хувингаа зөөлгөөд. Ах нар чинь чам шиг байгаагүй юм шүү. Чи хэний буянд даварч сагаж байна гэнээ. Орой чамтай хатуухан яримз. – Чи болил доо, хар үүрээр хашгичаад. Яахав дээ ууж чаддаггүй хүүхэд шахуулаад жаахан юм уугаад даагаагүй биз. Харин ч хүү минь том болсон гэхгүй үгээр чинь байдаг байх шүү – Чи эрхлүүлээд, толгойг нь илээд л бай. Эцэстээ наад хүүхдээ дийлэхээ болих вий – За би хүүгээ мэдэж байна.

Өмөөрөх үедээ өмөөрнө. Ямар бусад хүүхдүүд шиг орсон сургууль ч үгүй, гудамж метрлэж, хулгай дээрэм хийж, чих халууцуулж яваа биш. Өөрийнхөө чадлаар сургуульд орсон хүүхдийн төлбөрийг нь бид хийхгүй гээд хэн хийх юм. Чи бид хоёрын үүрэг юм байгаа биз дээ…Нацагаа хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн ээж, аав хоёрынхоо маргааныг сонсон өөртөө гэмших мөртөө дотроо ” Аав ямар ядаргаатай юм бэ, хурдан ажилдаа яваасай” хэмээн бодож хэвтэв. Тэгтэл ч аав нь амандаа үглэсээр гарч буй бололтой. Хаалга хаагдангуут хөнжилөө сөхөн өндийтөл урд нь шилэн саванд ус хийсэн харагдана. Тэрнээс нэг сайн балгаад түмпэнтэйгээ харан огин байж очиж асгаж цэвэрлэв. Ээж нь юу ч дуугарахгүй гарах гээд хувийн

бэлтгэлээ хийж буй бололтой. Тэрээр усанд орж овоо сэргээд гараад иртэл гэрээр дүүрэн сайхан бантангийн үнэр ханхийх нь тэр. Энэ л үедээ ээждээ ямар их баярласанаа мэдэж билээ. Урд нь баярлаж байсан ч ингэтлээ баярлаж байснаа тоймтой санаад олсонгүй. – За хоолоо идчихээд хичээлдээ яв, хоцорчихлоо доо – Эхний цаг байхгүй. Тэрээр уучлаарай гэдэг үг хэлэх гэсэн боловч амнаас нь гарсангүй. – Орой эртхэн ирээрэй дээ, өнөөдөр ямар өдөр билээ, орой ах нар чинь гэр бүлтэйгээ ирэх байх. – За, тэгнээ. Ээж нь духан дээр нь үнсээд ажилдаа гарлаа. Нацагаа хөлсөө дуслуулан байж хоолоо идчихээд нойр нь хүрч байсан тул буцаад унтчихав. Нэг мэдсэн гар утас нь хангинаж байна. – Чи яачихав аа…хурдан ир. Өнөөдөр шалгалттай гэдгийг мартчихсан уу, хурдал овоо хэдэн хүүхэд ирээгүй байна. – Өө балараа…мартчихсан байна, за одоо гарлаа. Тэрээр хам хум

хувцаслаад такси хөлөглөн зам зуураа хэдэн үгээ сэргээн харж явав. Аз болж төвшин тогтоох шалгалт байсан тул санасныг бодоход гайгүй өглөө. Ангидаа өөрийн гэсэн нийлдэг хэдтэйгээ хамт дотроо засацгаая хэмээн хажуугийн бааранд орж нэг нэг груушиг пиво уун өчигдрийн паянгаа ярин хөгжилдөн сууж байтал гаднаас нөгөө ангийнх нь өчигдөрийн хамт байсан охин ороод ирэв. Нөгөө хэд нь жуумалзан: – Нацагаа хайрт чинь ирлээ дээ, та хоёр ч өчигдөр халуухан байсан шүү гээд инээлдэхэд бүүр түүрхэн нэг охинтой учиргүй үнсэлдээд яриад сууж байсан нь санагдав. – Мань нь тасарчихсан байна лээ, үнэнийг хэлэхэд юу ярьсан хэлсэнээ сайн санахгүй байна – Ха ха…боль доо чи, наад дагина чинь өөрөө чамд хэлээд өгөх байлгүй – Ядаж надад нэрийг нь хурдан хэлээд өг л дөө, үнэхээр мартчихаж – Гэрэлээ л гээд байсан,

Гэрэлтнаран гэсэн байхаа – За за баярлалаа гэж хэлж дуусаагүй байтал Гэрэлтнаран хүрч ирэн бүгдэнтэй нь мэндлээд Нацагаагийн хажууд суун – Зүгээр биз дээ гээд хацар дээр нь үнсэх нь тэр. Нөгөө хэд нь ч жуумалзан нүдээ ирмэн – Та хоёр ч хурдан байна шүү – Хайртай болоход хугацаа хэрэгтэй юмуу гээд Гэрэлтнаран эгдүүтэй нь аргагүй ход ход инээв. Нацагаа жаахан бантаж байсан ч уснаас хуурай гарч сурсан болохоор дор нь амыг нь дагуулсхын бас ч гэж гайгүй хүүхэн дэгээдээд авсандаа тэрүүхэндээ моодойн түүнийхээ мөрөөр тэврэн дайлан суув. Тэр тавыг элдэвийг ярин хөгжилдөж байтал гаднаас ганган гэгч нь жигтэйхэн янзын биетэй хоёр хүүхэн гунхсаар ороод ирэв. – Воов, тэр хоёрын биеийг хардаа, үнэхээр тас юмаа – Харин тийм, жаахан гэрэлтэй газар суучихгүй, царай нь сайн ялгарахгүй юм, бааранд орж ирж байж хар шил зүүгээд байхдаа яахав дээ – Харин

тийм, царай нь матар байвал яах вэ – Үзнээ ер нь яадаг юм … тэд хоорондоо ингэж яриад хэн нь очиж танилцахаа шодоод Баяраа босон явлаа. Тэрээр очиж хоёр үг солингуутаа царай нь хүрлийн хараал урсгасаар дороо хүрээд ирэв. – За яасан, матар гэж хэлсэн биз дээ? – Новш гэж матар байсан бол дээр байсан юм, хамаг сэжиг хүрчихлээ. Энэ хоёр чинь гомо юм байна – Юу!!! Гэрэлээ л ганцаараа тачигнатал инээв. Нацагаа инээж байснаа тэр хоёрыг давуулан харвал гар хөлөө барилцаж байснаа тэднийг инээхийг сонсоод албаар тэгсэн үү хоорондоо үнсэлдээд эхлэв. Нацагаа нөгөө хоёр чинь үнсэлдээд эхэллээ гээд инээхэд нөгөө хэд нь орилолдон элдвээр хэлэн хашгичиж хөөж эхлэв. Тэр хоёр гарахдаа харин тэдэнлүү хараад инээмсэглэн баяртай гээд гараад явчихав. Нөгөө хөгжилдөж байсан хэд нэг л сонин уур амьсгалтай болоод ирэх нь тэр. Гэрэлээ жаахан өмөөрөнгүй – Та нар

чинь эр юм байж юун сүртэй юм. Яахав дээ, өөрсөддөө л болж байвал ямар та нартаа ирээд наалдчихсан байгаа биш. Тэд ч нэг их удалгүй харихаар гарцгаалаа. Гэрэлтнаран Нацагааг сугадан хоёулаа жаахан алхах уу, манайх урагшаа ойрхон гээд инээмсэглэв. Нацагаа ч Гэрэлтнарантай салж ядан байсаар сая л нэг салав. Тэрээр гэрлүүгээ явж байхдаа гэнэт ээжийнхээ өглөө хэлснийг санан: За баларсаан хэмээн толгойгоо шаагаад таксины жолоочийг жаахан хурдан явж өгөөч хэмээн яаруулав. Хэдий өөрийгөө том болсон гэж боддог ч ээждээ худлаа ярьсандаа хулган байж түлхүүрдэн орвол том өрөөнд нь хүмүүс ирээд явсан нь илт ширээ зассан ээж нь үлдсэнийг нь хураан цэвэрлэж байгаа харагдана. Тэрээр гутлаа тайлан юу ч хэлэлгүй өрөөлүүгээ явах гэтэл ээж нь түүнийг хараад өөрийн эрхгүй

нулимс унагав. Энэ үест яг л энэ хацар даган урсаж байгаа нулимс шиг зүрхийг нь хутгаар доошоо уран зүсэх мэт болохуйд өөрийн эрхгүй доошоо харлаа. Том өрөөнөөс аав нь халамцуухан гараа нуруундаа үүрэн гарч ирсэнээ үгийн сөгөөгүй суран тэлээгээрээ нуруун дундуур нь тас хийтэл хэд хэд ороолгоод: Эх чинь чамайг хичнээн их хүлээснийг мэдэх үү, энэ хүн чамайг гаргах гэж яаж зовсоныг мэдэх үү чи, эхэс нь дотороо үлдчихээд азаар амьд гараад өнөөдөр чамайг амийг нь аварсан хүүхэд гээд яаж амиа тавьдагийг мэдэх үү чи ер нь, хар халуунд том гэдэстэй байсан ч, хордлого өгөөд нүднээс гартлаа турсан ч чамайг л гаргах гэж хичнээн их зовсоныг мэдэх үү чи. Өнөөдөр ямар өдөр болохыг мэдэх үү чи. Ядаж одоо өөрийгөө аваад энэ хүнийг багахан зовоогоод явж чадахгүй байна уу. Би гурван хүүтэй, хоёр ах чинь чам шиг ийм дурак биш юм шүү Нацагаа юу ч

хэлж чадсангүй, өөрийгөө зүхэн нүүрээ нуун ороолгуулаад өвдсөндөө биш, ээжийгээ ингэж гомдоосондоо өөртөө уур нь хүрэн уйлан суув. Тэрээр үүдэнд суун уйлсаар л…ээж нь энэ удаа ирж аргадсангүй. Үнэхээр гомдсон юм байх даа. Аав нь тэгэсгээд жаахан үглэж байгаад унтаад өгөв. Тэрээр хэсэг сууж байгаад дотроо: Ээжээ хүү нь таныгаа дахиад зовоохгүй ээ, уучлаарай тэнэг хүүгээ хэмээн бодоод галын өрөөнд юм идэхээр ортол гэнэт ээж, аав хоёрынх хуримынх нь ой байсныг мэдлээ. Үүнийг хараад тэрээр бүр ч их сонин болон дараа жилийнхийг заавал өөрөө санаачилж сайхан тэмдэглэж өгнө хэмээн шийдэмгий бодоод унтахаар явлаа. Үүнээс хойш тэрээр гэртээ нэг ч удаа халамцуу орсонгүй хичээлдээ шамдан, ээждээ зав зайгаараа ажилд нь туслан найз охиндоо ч цаг бага гаргах болов. Үүнд нь

Гэрэлтнаран уурлаад саллаа гэхэд тэрээр юу ч бодолгүй за гээд л яваад өгөв. Цаг хугацаа улиран солигдсоор нэг мэдэхнээ сургуулиа төгсөх болчихсон байв. Энгэртээ ромбо зүүн, гартаа дипломоо бариад гараад ирэхэд нь ээжийнх нь нүд цаглашгүй хайр, бахархалаар гэрэлтэн наран адил гийсээр хүүгээ удаан гэгч нь үнэрлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *