Home Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

0 second read
0
1
2,452

…Хадам аавынхаа захиасаар хоёр алтан бурхан, гурван баринтагтай судрыг Налайхын хийдэд залахаар сайн өдөр харан Налайхыг зорьсон Ганбат хийдийн тэргүүн хамбатай уулзан бурхадыг залчихаад

буцахдаа Энхтуяагийнхаар ортол бараг сарын өмнө хятадыг зорьсон Энхтуяа эргэж ирээгүйгээр үл барам гэрийн үйлчлэгч бүсгүй нь цалингүй ажиллаж чадахгүй гээд гурван хүүхдийг орхиод явчихсан

байлаа. Хоёр ойрхон ажил явдал гарсан Ганбат сүүлийн нэг сар энэ гурван хүүхдийг эргэж тойрох нь бүү хэл ажилдаа түүртээд мартчихсан байсандаа өөртөө ихэд гэмшиж байв. Бяцхан охин

Цоморлиг Ганбатыг харангуутаа гүйж ирээд энгэрт нь наалдан хүзүүгээр нь тэвэрчихээд салахгүй байсан тул Ганбат охиныг өхөөрдөн баахан эрхлүүлэв. Хоёр ах нь түүнийг горьдонгуй харцаар

ширтэцгээнэ. Ээж нь ирэхгүй удаад байсан тул гэрийн үйлчлэгч бүсгүй тэднийхээс яваад бараг арваад хоносон байлаа. Энэ арав хоногийн хугацаанд хүүхдүүд өөрсдийгөө харан цуглуулж байсан,

мөнгөний гахайгаа хагалан дэлгүүрээс ойр зуурын юм авч идсээр өдийг хүрсэн байв. – Ээж нь тэгээд явснаасаа хойш огт холбоо бариагүй юу? – Ээж нэг удаа ярьсан. Үйлчлэгч эгчтэй ярьсан. Эгч ээжийг хятадад осолд орсон байна гэж хэлсэн. – Тэгээд ээжийг нь мэдсээр байж та гурвыг орхиод явсан хэрэг үү? – Би цалингүй ажиллаж чадахгүй. Танай ээж тэнд үхчих ч юм билүү. Тэгвэл аягүй бол та гурвыг насаараа асрах юм болно яршиг зүгээр. Та гурав дуудах хүн амьтан байвал дуудаад амьдраарай гэж хэлсэн. – Хүний үнэргүй хог юм даа. Ийм нялх гурван амьтныг үлдээчихээд хээв нэг явж байдаг яаж чадаж байнаа. Та гурав тэгээд над руу ярихгүй яав даа. – Ахаа тань руу ярия гэж

бодсон л доо даанч таны утсыг мэдэхгүй – Ээ харлаа. Ахад нь ажил явдал гараад та гурвыг эргэж тойрч чадсангүй. Ээж нь тэгээд над руу ярихгүй яасан юм болоо Ганбат яг л насанд хүрсэн том хүмүүстэй ярьж байгаа аятай гурван хүүхэдтэй ярилцаж суув. – Ээж бас таны утсыг мэдэхгүй байсан юм боловуу? – Харин тэгсэн юм боловуу? Үгүй тэр үйлчлэгч эмэгтэй ёстой хүний үнэргүй хог юмаа – Ахаа тэр эгч чинь хүний үнэртэй ш дээ. Манай ээжийн үнэртэй усыг цацахаар ээжийн үнэр үнэртээд байдаг юм. Харин угаасан хувцсаа өмсөхөөр нь омо вок үнэртдэг байхгүй юу. Заримдаа хоол үнэртдэг юм дунд хүү гэнэт ярианд оролцон хэлэхэд Ганбат хүүг өхөөрдөн баахан хөхрөв.

Үнэн сэтгэлээсээ нулимсаа гартал инээсэн Ганбат ойрд ингэж хөгжин инээгээгүйгээ гэнэт санав. Гурван хүүхдийг аван гэрийнх нь хаалгыг сайн гэгч нь түгжсэн Ганбат хөршийнх нь айлд Энхтуяагийнхыг захиж үлдээгээд гэр рүүгээ явлаа. Ямартай ч Энхтуяа осолд орсон юм байна гэдгийг хүүхдүүдийн ярианаас ойлгосон тул яаралтай хятад явж Энхтуяагийн сургийг гаргахаар дотроо төлөвлөн байлаа. Гурван хүүхдийг гэртээ авчирсан Ганбат ээж аавдаа учрыг гарган тайлбарлаад маргааш өглөөний шууд нислэгээр Бээжин явав. Бээжинд очоод хэдэн хэдэн том эмнэлэгээр явж Энхтуяаг хайсны эцэст Бээжингийн төв эмнэлэгээс олон бөөн баяр болов. Энхтуяа ч Ганбатыг ирсэнд туйлын баяртай байлаа… Соронзон цагдаа дуудчихаад

Ялгууны хөрч амжаагүй цогцсыг харан гөлийн сууж байлаа. Төд удалгүй дуут дохио хангинуулсаар цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж Соронзонгийн гарыг ард нь гавлаад машинд суулган хэргийн газрын үзлэг хийж эхлэв. Эмэгтэй ихэд автаж байсан бололтой хоёр нүд нь хөхрөн хамарнаас нь их хэмжээний цус гарсан, дух нь хөхөрч хавдсан, нас барах үедээ биеэ хамгаалж тэмцэлдсэний ул мөр болж гэр нь эмх цэгцгүй болсон, хагархай архины шил, шалан дээрхи их хэмжээний цус, ир нь цус болсон махны хутга, хутган дээрхи Соронзонгийн гарын хээ зэргээс Соронзонг эхнэрээ алсан алуурчин болохыг нотолсон нотлох баримт хангалттай цуглуулсан цагдаагийн албаныхан явцгааж Ялгууны цоцгсыг шүүх эмнэлэгт шилжүүлэв. Шүүх

эмэнэлэгийн дүгнэлтээр хохирогч эмэгтэй нь хэвлийдээ сар гарантай ураг тээж байсан нь тогтоогдов. БНХАУ-н хуулиар Соронзон цаазаар авахуулах байсан ч хохирогч эмэгтэй, хэрэгтэн хоёр хоёул Монгол улсын иргэд байсан тул гэмт хэрэгтэн солилцооны хуулиар хэргийг Монголын талд шийдүүлэхээр болжээ. Эхнэр болон хэвлийдээ дөнгөж бүрэлдэж байсан нярайн амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Соронзонгийн Монгол явах хүсэл ийнхүү биелсэн ч даанч тэрээр Монголынхоо шороот гудамжаар эрх чөлөөтэй алхаж Монголынхоо цэнгэг агаараар ханатлаа амьсгалах хувь дутан гэмт хэрэгтний ёсоор эх орондоо хүргэгдэн иржээ… Энхтуяагийн эмчилгээ хараахан дуусаагүй тул хамт явахаар хэд хоног хүлээсэн Ганбат эхэндээ хүүхдүүддээ хөөрхөн тоглоом сэлт сонирхон ихэд зугаатай

байдаг байсан бол сүүлдээ уйдах маягтай зочид буудлын өрөөндөө хийх зүйлгүй гиюүрнэ. Өдөрт нэгээс хоёр удаа Энхтуяаг очиж эргэдэг заншлаараа эмнэлэг орчихоод буцаж явтал хэвлэл зарж суугаа хүүхэдтэй тааран хятадын сонин сонирхохоор аваад өрөөндөө оров. Улс төрийн тойм, засгийн газрын бодлого, дэлхийн тэрбумтнууд зэрэг уйтгартай сэдвүүдийг нэг нэгээр нь эргүүлэн эвшээж суусан Ганбат сонингийн гэмт хэрэг булангийн нэг нүүрийг тэр чигт нь эзэлсэн мэдээг хараад хөшиж орхив. Багын найз Энхтуяагийн нөхөр Соронзонгийн зураг томоос том мэлтийж байлаа. Бээжингийн төв эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Монгол улсын иргэн Соронзон өөрийн эхнэрээ хэвлийд нь бүрэлдэж байсан хүүхдийн хамт хөнөөжээ. Тэрээр эхнэртэйгээ манай улсад ……….. дүүрэгт суурьшин амьдарч байсан байна. Гэмт хэрэгтэн Соронзонг хоёр улсын хэрэгтэн

солилцооны гэрээний дагуу эх оронд нь ялыг эдлүүлэхээр явуулжээ гэх нийтлэлийг уншаад Ганбатын тархин дундуур мунаар дэлсээд авах шиг л болов. “Арай ч дээ. Соронзон минь даанч яав даа. Ингэх гэж л сайхан эхнэрээ, гурван хөөрхөн хүүхдээ хаяад залуу эхнэр дагуулаад явсан хэрэг үү. Тэгээд тэр залуу сайхан эхнэрээ хэвлийд нь байгаа үрээ үнэхээр алчихсан гэж үү. Үгүй байлгүй дээ. хэдийгээр хүний мөсгүй зан гаргасан ч миний найз хэзээ ч хүн алах хүн биш. Ямартай ч Монгол руу шилжүүлсэн юм байна. Үнэн мөн нь олдоосой билээ дээ. Манай хууль шүүхийхэн уг нь ч мундаг даа. Миний найз хэзээ ч хүн алахгүй. Хүн алах тэр тусмаа эхнэр хүүхдээ хөнөөх хүн яавч биш” хэмээн өөртэйгөө ярин дотоод бодолтойгоо зөрчилдсөн Ганбат цааш нь юу гэж бичсэнийг уншихаар эргүүлтэл ээ тэнгэр минь хэдэн жилийн өмнө насан эцэслэсэн хайрт хань Ялгууных нь зураг урдаас

нь мэлтийж Соронзонгийн эхнэр хохирогч Одонтуяа хорин таван настай хэвлийдээ нэг сар гарантай ураг тээж байжээ. гэсэн үгс дурайж байх нь тэр. Нас барсан эхнэрийнхээ зургийг харан хэсэг дүйнгэтэж суусан Ганбат “Худлаа. Энэ худал нийтлэл байна. Миний эхнэр чинь Ялгуун шүү дээ. тэгээд ч нас бараад долоон жил болж байна. Нас бараад долоон жил болсон хүн хаанаас энд ирээд Соронзонгийн гарт үрэгдэх билээ дээ. Хмм. Хаа газрын сонин хэвлэл адилхан юм даа. Дуулиан тарьж олны анхаарал татахын тулд юу ч хамаагүй нийтлэх юм даа. Соронзон аягүй бол энд хятадад байгаа юм байна л даа. Тэгээд бичиг баримтнуудаа гээчихсэн юм байгаа биз. Тэгээд л Монгол нэртэй болохоор нь муулж бичиж байгаа царай нь юм байна л даа. Харин энэ цуснууд миний ханийн зургийг хаанаас олоод нийтэлчихдэг байнаа.

Би ч гэж би муу ч гэсэн багаасаа найзлаж өссөн андыгаа хүн алсан гэдэгт нь итгэхээ шахаж л байдаг. За яахав маргааш тэр хэвлэлийнх нь газарт очиж гомдол гарганаа. Яахаараа нас барсан хүний зургийг хаа холын энд тэгээд ийм муухай мэдээ зохиож тавьдаг байнаа” гэсэншүү юм бодон хэсэг холхив. Эхнэрийнхээ зургийг дахин дахин ширтэнэ. Цэл залуугаараа нас барсан эхнэр нь хөгширч турсан мэт харагдахад сонин дээр хараар нийтэлсэн юм чинь арга ч үгүй юмуу гэж бодоод цааш нь нугалаад шидчихэв. Гэвч яахаараа манай эхнэрийн зураг хаа хол энэ Бээжингийн сонин дээр тэгээд Соронзонтой хамт нийтлэгддэг билээ гэсэн бодол тогойд нь эргэлдсээр байлаа. шөнөжин нэг л тавгүйтэн эргэж хөрвөөсөөр өглөөтэй золгосон Ганбат өнөөх сонины газрыг сураглан явсаар арайхийн олж очоод

үнэн учраа хэлэн гомдол мэдүүлбэл – Манайх дандаа үнэн нийтлэл гаргадаг. Цаанаас таьих хяналт маш байдаг тул ямарч мэдээг ямар ч гуйвуулгагүй зөвхөн үнэнээр нь тавьдаг гэх хариулт сонсоод мэл гайхан сонины редакцаас гарав. Гэвч олон жилийн өмнө насан эцэслэсэн хайрт эхнэрийнхээ нэрийг цэвэр байлгахыг хүсэх тул Монгол улсын Элчин сайдын яамыг чиглэн алхаж байлаа. монголын элчин дээр очоод хамаг л учраа ярин нас барсан эхнэрийнхээ зурган дээр ядаж залруулга хийлгэхийг хүссэн ч эхнэртэй нь андуурагдаад байгаа тэр Одонтуяа гэгчийн ядаж овгийг нь мэдэхгүй тул яаж ч чадалгүй өнгөрөв. Энхтуяа эмнэлэгээс гарчээ. Эмнэлэгт хэвтсэн хугацааны бүхий л төлбөр мөнгийг дайрсан машины жолооч хийсэн

тул Ганбат Монгол нисэх тийз захиалаад тэр хоёр Монгол руугаа нисэв. Соронзонгийн талаар Энхтуяад ам нээхгүй байхаар шийдсэн Ганбат түүнд юу ч хэлсэнгүй. Тэртээ тэргүй хангалттай зовлон үзсэн бүсгүйг дахиж зовоохыг тэрээр хүссэнгүй. Гурван хүүхдээ жигтэйхэн санасан Энхтуяа хүүхдүүдийнхээ тухай тэднийгээ санаж бэтгэрэхээ шахсан тухайгаа ам хуурайгүй ярьсаар Чингис хаан олон улсын нисэх буудалд газардав. Гэртээ очоод хоёр хоног тухтайхан амарсан Ганбат хөөцөлдөх ажил ихтэй гэсээр өдөржин гадуур яваад оройтож ирэх болов. Түүний юу хийгээд яагаад яваад байгааг хэн ч эс мэднэ. Багын найзынхаа хийсэн хэргийн талаар багагүй судалгаа хийсэн Ганбат ямартай ч Соронзон эхнэрээ хөнөөсөн нь үнэн эхнэрийнх нь хэвлийд сар гарантай ураг байсан талаар мэдээлэл олж аваад багын найздаа

харамсахын ихээр харамсав. Гэвч Соронзонгийн эхнэр Одонтуяа нь өөрийнх нь эхнэр Ялгуун байсныг тэрээр мэдэхгүй л байлаа. Хаалттай хорих ангид гучин жилийн ял эдлэхээр шийтгүүлсэн Соронзон ар гэрийнхэнтэйгээ уулзахдаа Ганбатыг ирээч гэж хэлүүлсэн тул Ганбат дараагийн уулзалтын өдрийг хоног тоолон хүлээж байлаа. Хэрэв найз нь туслаач гэж гуйвал бүхнээ өгөөд ч хамаагүй найздаа туслахад тэрээр бэлхэн байв. Хааяа нэг Энхтуяатай уулзах ч Соронзонг шоронд байгаа талаар хэлж төвдөхгүй л байлаа. Уулзаалтын өдөр болж Ганбат Соронзонг уулзалтанд дуудуулчихаад догдлон хүлээж байв. Эргэлтэнд гарч ирсэн Соронзон Ганбатыг хараад нүдэнд нь нулимс дүүрч ирсэнээ хоромхоноо шингэх мэт алга болов. Найзынхаа нүүр рүү эгц хараад олигтойхон хэдэн үг сольчихож чадахгүй гөлөгнөх Соронзон уулзалтын цаг дуусахын алдад Ганбатын гарт захидал бололтой зузаан цаас атгуулаад – Анд минь чадвал намайг уучлахыг

хичээгээрэй гээд хүйтэн цементэн шалан дээр лүгхийн өвдөг сөгдөхөд түрүүнээс хойш харамлаад байсан эр хар нулимс нь хацар даган урсч гарав. – Үгүй чи чинь яаж байнаа. Миний анд бос. Битгий ингэ. Хэрэв чи намайг туслаач гэвэл анд нь чадах чинээгээрээ туслахад бэлэн – Үгүй ээ. Би чамаас тусламж хүсэхгүй. Харин намайг бас Ялгууныг уучлахыг хичээгээрэй Ганбат Соронзонгийн яагаад ингээд байгааг үнэндээ ойлгосонгүй. Харгалзагчид туугадан цааш явсан Соронзон – Уучлаарай. Ялгуун бид хоёрыг гэж хашгичсаар цааш туугдан оров. Соронзон чухам юуны учир яагаад ингээд байгааг бүрэн ойлгоогүй Ганбат машиндаа суугаад андынхаа өгсөн захиаг дэлгэн уншаад нүдээр нь нулимс мэлтрэн дүүрч машиныхаа рулыг хамаг чадлаараа балбан ганцаараа орилж гарав. – Яагаад… яагаад ингэж байгаа юм бэ? Ялгуунаа. Би чамд хичнээн хайртай байлаа даа. Чиний төлөө гал ус

руу орохоос буцахгүй хайрлаж байсан. Гэтэл миний хайр багадаад Соронзонг дагасан гэж үү. Намайг бодож болдоггүй юмаа гэхэд гурвын хүүхдээ, төрүүлж өсгөсөн ижий аавыгаа бодож болоогүй гэж үү дээ. Чи чи чи яаж байгаа юм бэ? дотор нь давчдан нүдээр нь байсхийгээд л ус мэлтэгнэн дүүрнэ. Машинаа барин хүмүүсийн хөдөлгөөнөөс холдсон Ганбат ганцаараа баахан орилов. Дотор нь онгойх шинж алга. Соронзон муу новшоо би чамайг андыгаа гэж бодсон. Нялх багаасаа эхлээд насан туршдаа чи миний хажууд байж чи бид найзлаагүй гэж үү. Яаж… яаж чадаж байнаа. Өөдгүй амьтад, өөдгүй өөдгүй новшнууд ганцаараа ярин хамаг чадлаараа рулээ нүдэн нүдэн уйлна. Хамгийн их итгэдэг хар багын найз хамгийн их хайрладаг эхнэр нь түүнийг хуурчээ. Зөвхөн түүнийг хуураад зогсолгүй бүр төрсөн эцэг эх, анд

найз нөхөд, гэр бүл үр хүүхдээ хуурчээ. Яагаад… яагаад. Ийм тавилан байдаг гэж үү. Ганбатын дотор шатаж байв. Уурандаа биш олон жилийн бэтгэрэл, олон жилийн хуримтлуулсан нулимсандаа шатан давчдаж байв. Тиймээ тэр өнөөдрийг хүртэл хайртай эхнэрийнхээ гэгээн дүрийг хүндэтгэн хайрлаж ирсэн. Өнөөдрийг хүртэл гурван хүүхдээ хойд эхийн царай харуулахгүй, гуниг харууслаа үрсдээ үлдээхгүй гэсэндээ тэсэж тэвчиж ирсэн. Гэтэл… гэтэл яаж чадаж байнаа. Нулимс урссаар л байлаа. – Хэлэхгүй байхгүй яасан юм. Тэр чигээрээ нуугаад авсандаа орохгүй яасан юм. Яаа гэж намайг дуудаад яах гэж энэ бузар булайгаа дэлгэж байгаа юм. Мэдээгүй байсан бол дээр байсан юм. Мэдээгүй байсан бол амар байсан юм. Нулимс зогсолтгүй урсана. Хоолой дээр нь зангираад байсан гашуун бага багаар нимгэрч байлаа. – Өөдгүй муу новш. Найз гээд байгаа юм шүү. Гэтэл би чиний төлөө байгаа бүхнээ зориулахад бэлэн байсан. –

Ялгуун… Ялгуун муу өөдгүй хүүхэн. Яаж ингэж хүний итгэл сэтгэлээр тоглож чадсан юм бэ? тэр жил чамтай амьдрахдаа би чамайг таниагүй байсан хэрэг үү. Тийм уяхан дөлгөөн, хайр татам энхрийхэн царайны цаана яаж тийм шулмын санаа нуугдаж байдаг байнаа. Ээжээ, ааваа та хоёр төрүүлж өсгөсөн охиноо харж байна уу? Үгүй ээ та хоёр минь харсны хэрэггүй. Нэг ч гэсэн шаналлыг үзэлгүйгээр тэнгэрийн орноо одсон та хоёр минь азтай юм. Ганбатын бодол тал талд үсчин тэнүүлчилнэ. Бодох тусам гомдон шаналж, уйлах тусам бодол нь нимгэрч байлаа. Хээр ганцаараа баахан уйлан орилсон Ганбат энэ нууцыг зөвхөн өөртөө үлдээхээр шийдэж Соронзонгийн түүнд бичсэн уртаас урт захиаг асаагуур гарган шатаагаад машины жолоогоо барин Налайх зүглэн давхив. Ерөөс зовлон гуниг бүхнээ уудлан доторхио эргэтэл ярьдаг ганц хүн нь Энхтуяа л байлаа. Гэвч тэр энэ удаа хэн ч мэдэхгүй цорын ганц үнэнийг өөртөө булшлахаар

шийдэн энгүүн тайван инээсээр Энхтуяагийн босгыг алхав. Нэг ч гэсэн хүн өөрийнх шиг нь сэтгэлийн зовлон бүү эдлэг дээ… Эхнэр хүүхдээ хөнөөсөн хэргээр хоёр улсын хэрэгтэн солилцооны гэрээгээр Монголд хүргэгдэн ирсэн Соронзонд бүгд дургүй байлаа. Эхнэр хүүхэнд л эр бяраа гаргана уу гэхээс эр хүнтэй зодолдож эрийн шийр зааж яваагүй Соронзон шоронд ирээд хамраараа газар хатгах гэгч нь л болж байлаа. Шоронгийн хүйтэн өрөөнд өвдгөө тэврэн дүйнгэтэн суух тэрээр анх ирсэн өдрөөсөө атаман Жууяа гэгчийн албан бус эхнэр нь болов. Ийм гутамшигт тавилан байдаг гэж үү. Эр хүн байж эм хүн шиг аяглан улангасан тачаадах эрийн дор эм болж хэвтэх юутай гачлан. Өгзгөө өргө. Олигтойхон хөдөл. Сайхан хүүхэн шиг дуугараад өг гэх бүдүүн хар эрийн дор тарчлан өнгөрөөх шөнүүд дуусашгүй олон. Багын найз Ганбатдаа бүхий л үнэнийг хэлчихээд амиа хорлож үхнэ гэх алсын бодол тээн нулимс урсган захидал бичсэн ч яг цагаа тулахаар үхчихэж

чадалгүй амьдралд хоргодох аж. Түүнд юу ч үл бодогдоно. Гагцхүү энэ уртаас урт үргэлжлэх өдөр хоногуудыг яаж шүү давна даа гэх айдас л сэтгэлд нь хургана. Харвасан сум шиг он жилүүд улиран одсоор арван жил өнгөрчээ. Дотоодын томоохон үйлдвэрлэгч компанийн захирал Энхтуяа хорих ангиудын удаан жил ял эдэлсэн ар гэрээс нь эргэлтгүй хоригдлуудад өвлийн дулаан хувцас, гутал, малгай бээлий хандив болгон өгч байв. Компани нь өргөжин тэлэхийн хирээр бусдад зориулсан хүмүүнлэгийн аяныг орон даяар эхлүүлээд хэвшил болжээ. Энэ жил хоригдлуудад зориулсан аян эхлүүлсэн нь хамгийн сүүлд хаалттай хорих ангид очоод дуусах байв. Нас нь хэдий тавь шүргэж яваа ч үзэсгэлэнтэй намбалаг компанийн захирал эмэгтэйг хүн бүр л бишрэн харна. Олон хоригдлуудын дунд нүүр далдлан суусан Соронзон анхны эхнэрээ сайн явааг нь хараад баярын ч юмуу харууслын ч юмуу нулимс унаган олны араар нугдайна. Ар талаар зэрэгцэн суусан залуус Соронзонг шоглон жиг жуг хийн

жуумганацгаана. – Тэр хараа Соронзон эмээ уйлж байна. – Нөгөө Жууяадаа хаягдсан гэсээн. Жууяа атаман шинээр ирсэн залуухан хүүг эхнэрээ болгож авсан гэнэ лээ. – Аа яа яа хэцүүхэн юм болж дээ. Тэгэхдээ Жууяа атаман шинэ эхнэртэйгээ удахгүй байхаа. Эр эмийн ажилдаа Соронзон эмээг гүйцэх хүн байдаггүй юм гэсэн гэсээр залуус нуг нуг инээлдэнэ. Энхтуяа хоригдлуудтай ярилцан дутагдаж гачигдаж байгаа зүйлсийг нь дагуул эмэгтэйгээрээ бичүүлсээр ойртоход арын эгнээнээс босч гүйсэн Соронзон эгээ л эмэгтэй хүн аятай бөгсөө хаялан нүүрээ дарсаар уйлан гүйгээд булан тойрон зогсов. Олон жил эр хүнээр талхиулсан түүнд залуу сайхан насандаа татсан тамхины иш шигээ хаяад явсан эхнэрийнхээ нүүрийг хараад эр хүн шиг мэндлэх зүрх зориг байсангүй. Ямар нүүрээрээ ч мэндлэх билээ дээ. Би Соронзон эмээ байнаа гэлтэй нь ч биш. Өнөөдөр нарт

хорвоод мэндэлж амжихаасаа өмнө аавдаа хаягдсан бяцхан Цоморлиг охины арван долоон насны төрсөн өдөр. Өдрийн ажлаа амжуулсан Энхтуяа гэртээ ирчихсэн охиныхоо төрсөн өдрийн ширээг засан дуу аялна. Найм есөн настай боловуу гэмээр хүү,охин хоёр ихэр точигнон гүйлдэж үймүүлнэ. Үсэнд нь ялимгүй цагаан сор суусан Ганбат эхнэртээ туслан ширээ чимэглэнэ. Хоёр том хүү нь эхнэр хүүхдүүдээ дагуулан айсуй. Шинэхэн мөрдөгч Батушка дэслэгчийн мөрдөсөө гялалзуулан гаднаас орж ирэхэд араас нь балетын бүжигчин Ижилцэцэг, шинэхэн эмч Ихэрцэцэг нар баглаа цэцэг, сагс дүүрэн жимс барьсаар дүүдээ баяр хүргэн орж ирцгээлээ. Өнөр бүлээрээ баяр тэмдэглэхээр цугларцгаажээ. Хойморьт нь будаг нь арилсан бор

арслантай авдар дээр цэл залуухан Ялгууны төрх болоодоо та нар минь гэх инээмсэглэн ширтэнэ. Нууц гэвч нууцаараа дуусдаггүй хорвоод унаж бүдэрч явах нь хүмүүний заяа гэлтэй. Урт гэвч богинохон амьдралд алдаа оноо дэнслэн байдаг аж…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…