
Соронзон долоон настай, таван настай хоёр дэрсхэн хүүтэй. Эхнэр Энхтуяа нь оюутан байхдаа анхны хүүгээ төрүүлж хүүгээ ой хүрээгүй байхад нь дахин жирэмсэлсэн тул сургуулиа тэр чигт нь орхиж
ойрхон төрсөн хоёр дэрсхэн хүүгээ асарч Соронзон харин үргэлжлүүлэн суралцсаар сургуулиа төгсчээ. Соронзонг сургуулиа төгстөл хадам аавындаа амьдарч байсан Энхтуяад үнэндээ хэцүү
байсан ч шүд зуун тэссээр нөхрөө ажлын талбарт гарахад нь нийтийн байр түрээслэн тусдаа гарч байсан аж. Ганц хүний цалин амьдралд нь хаанаа ч хүрэлцэхгүй байсанд ахаасаа мөнгө зээлэн комиссын бараа
зарж эхэлсэн Энхтуяа төд удалгүй ахиц гарган Эрээнээс бараа зөөж энд тэндэхийн бараан захын ойролцоо зарж захын наймаачдад хөөгдөхдөө хөөгдөн гуйхдаа гуйж, байцаагчидад нь торгуулахдаа
торгуулж заримдаа зарж байгаа бараагаа хураалгадаг байсан ч шүд зуун зүтгэсээр нэгэн томоохон худалдааны төвд өөрийн гэсэн барааны лангуутай болж чаджээ. Аав ээж нь багад нь насан эцэслэж ахтайгаа

хоёулаа нагац эгчийндээ өссөн Энхтуяа багаасаа л биеэ даасан ухаалаг хэрсүү нэгэн байлаа. Хөдөлмөрлөж зүтгэхийн хирээр арилжаа наймаа нь амжилттай болж томоохон худалдааны төвүүдэд хэд хэдэн лангуутай болж амьдралд нь өөрчлөлт гарч гурван өрөө байранд орон сайхан тохижуулж бас ч гэж эмч хүн дандаа явган гүйгээд байлтай нь биш гээд нөхөртөө зориулан приус- 20 маркын машин авч өгсөн ч Соронзон машинаа голж цалингийнхаа зээлийг аван харьер авч унажээ. Эхнэрийнх нь ажил төрөл урагштай байх тусам Соронзон гэртээ цалин мөнгөө авчрах нь багасч хааяа гадуур хонож шоудаж цэнгэх нь ихэсчээ. Амьдрал нь сайжрахын хирээр Энхтуяагийн
ачаалал ихэсч өөртөө тавих анхаарал халамж нь суларсан ч нөхөр хүүхдүүддээ бол халамжит хань сайн ээж хэвээрээ л байлаа. Хэд хэдэн газар нилээд хэдэн лангуу нээсэн тул хүмүүс цалинжуулан ажиллуулж өөрөө байсхийгээд л ургашаа яван бараагаа татаж ирдэг байв. Том том боодолтой хүнд барааг түүртэлгүй өргөх эхнэр нь Соронзонгийн нүдэнд эв хавгүй баавгай шиг амьтан л харагдана. Хоёр хүүгээ төрүүлээд бага зэрэг таргалсан ч нэг их эвдрээгүй бие нь Ялгууны дэргэд хөгшин авгайнх мэт санагдана. Энхтуяа нөхөр хүүхдээ халамжлан хайрлах тусам Соронзон улам л цаашилж байлаа. Эхнэрийнх нь өөрт нь тавих анхаарал халамж хүртэл тээртэй
санагдан уур нь хүрнэ. Гадуур шоудан уулздаг Ялгуунаас гадна хоёр ч хүүхэн түүнд байдаг байв. Хааяа хонуут өнжүүтээр алга болж архи ууж ирчихээд эхнэрээсээ хэрүүл гуйн үг сөрвөл хүүхдүүдээ айлгаж уйлуулан эхнэрээ барьж авч цохиж зодно. Хүний нүдэнд ил харагдахгүй хэсгээс нь чимхэж зулгааж эхнэрээ шөнөжин тамлаж хононо. Хэрэв эхнэр нь эсэргүүцэл үзүүлбэл хоёр хүүхдээ гарыг нь өргүүлэн номхон зогсоож тамладаг тул хүүхдүүдээ бодсон эхнэр нь өөрөө л сэмхэн зодуулж тамлуулан сэмхэн уйлсаар арайхийж унтуулан санаа нь амардаг байв. Өглөө болохоор нэг их гэмшиж харамссан хүн уучлал гуйгаад ажилдаа явна. Шөнө нь зодуулж
тамлуулж байхдаа Энхтуяа ихэд гомдон цөхөрч “Ийм амьдрал гэж юу байдаг юм. Энэ амьдралынх нь төлөө би ганцаараа зүтгэж энэ хүн авсан цалин олсон мөнгөөрөө шоудаж цэнгээд зугаацаж болно гэжүү. Өглөө болохоор хэдэн хувцасыг нь өгөөд хөөгөөд явуулна сална” гэж бодох ч өглөө нь уучлал гуйн гэмшиж жигтэйхэн хайрлан энхрийлэх нөхрөө хараад шөнийн гомдол цөхрөл ор мөргүй алга болчихдог байв. Нэг уухаараа хэд хоногтоо хонь болдог тул Энхтуяагийн гомдол цөхрөл ч тэгсхийгээд мартагдчихдаг байлаа. Харин сүүлийн үес нөхөр нь гадагшаа явж амьдаръя. Гадаадад ажиллах урилга ирсэн. Одоо л хэдүүлээ сайхан амьдаръя. Миний хань лангуунуудаа бараатай нь
зарчих. Байраа машинуудаа ч зарчихъя. Хэдүүлээ гадагшаа яваад сайхан амьдарнаа. Хоёр хүүгийн маань ирээдүйд ч хэрэгтэй гэж гуйх болсон тул Энхтуяа нээрэн ч гадагшаа явж амьдарвал хоёр хүүгийн минь ирээдүйд ч хэрэгтэй. Тэгээд ч хүний нутагт очоод энэ хүний ууж идэж гадуур хонох нь ч үгүй болох биз. Тэр уулзаж учраад хонож өнжөөд яваа хүүхнээсээ ч салах биз. миний хань уг нь ухаантай. хоёр хүүгээ амьдралаа бодоод тэр хүүхнээсээ салж гадагшаа гарч амьдаръя гэж байгаа бол би дэмжих хэрэгтэй. би өөрөө өнчин өрөөсөн өсөхийн жаргалыг хангалттай эдлсэн. хоёр хүүдээ хэн нэгэн хойд эхийн гар харуулж зовоомооргүй байна гэхчилэн бодоод зөвшөөрч хамгийн түрүүнд барааны лангуунуудаа зарж нөхрийнхөө нэр дээр данс нээн
мөнгөө хийж эхэлжээ. Нөхөр нь гадагшаа явах бичиг баримтаа хөөцөлдөж байгаа их ч мөнгө хэрэг болж байна гэсэн тул энэ нь хамгийн зөв арга мэт санагдаж байлаа. Нөхрийнх нь хөөцөлдөж буй ажил бүтэмжтэй удахгүй хэдүүлээ явна гэсэн тул байраа тавилгатай нь зарах зар тавин машинаа ч зарж өөрийнхөө хадгаламжинд байгаа хэдэн төгрөгөө бүгдийг нь аван нөхрийнхөө нэр дээрх дансанд шилжүүлж орхив. – Гадагшаа явах ажил бүтэмжтэй гэр бүлийн виз бараг гарч байна. Тэр өндөр өртөгтэй газар очоод төвхнөхөд бидэнд их хэмжээний мөнгө хэрэг болно. Би ч яахав очоод л шууд ажилдаа орчихоно. Харин миний хань хүүхдүүдтэйгээ төвхнөөд авах хэрэгтэй байна. Тэгэхийн тулд амьдрах байр сууц хэрэг болно. Бидэнд байгаа
мөнгө хаанаа ч хүрэхгүй. Миний хань банкнаас нэр дээрээ зээл авах хэрэгтэй байна. Би очоод л ажилд орчих юм чинь цалингаасаа зээлээ төлөөд байж болно шүү дээ. Бүх юм цахимжчихсан юм чинь. Тэгээд нэг сайхан төвхнөөд авчихсан байхад дахиад их мөнгөний хэрэг гарахгүй цалингаас цалингийн хооронд амьдраад байж болно. Тэгээд ч хүүхдүүд маань том болчихсон юм чинь хүүхэд асрагч хөлслөөд миний хань ч бас ажил хийж болно гэж ятгах тул Энхтуяа ч нөхөртөө итгэн банкны зээл хөөцөлдсөөр тавин сая төгрөг зээлээр авч чадав. Энэ хооронд байр нь ч зарагдсан тул виз гартал гээд нэгэн жижгэвтэр нийтийн байранд хоёр өрөө сарын хугацаатай түрээслэн нүүж очоод хурааж цуглуулсан бүх мөнгөө Соронзонгийн дансанд хийж санаа нь амарчээ… Хөдөөх салбарынхаа ажлыг шалган зааварчилгаа өгч
сүлжээгүй газар хоёр хоночихоод оройхон сумын төв дээр ирсэн Ганбатын утсанд ээжээс нь бараг хориод дуудлага ирсэн байсан тул яаравчлан эргүүлж залгавал ээж нь мэндийн ч зөрүүгүй сандарсан байртай – Байна уу? Миний хүү. Чи хаана явнаа – Буцаж явнаа ээж. Яасан бэ? Юу болоо вэ? – Ялгуун байдаггүй. Чамайг явдаг өдөр намайг дуудаж гурван хүүхдээ харуулаад дэлгүүр явна гээд гарсан хүн одоог хүртэл байдаггүй. Утас нь дуудаад ер авахгүй юм. Ядаж байхад өчигдөр Батушка халуураад таталт өгөөд түргэнээр эмнэлэгт хэвтсэн. Цахилгаан менингит гэнэ. – Юу. Ээж Ялгуун тэгээд огт холбоо бариагүй хэрэг үү? Батушка одоо яаж байна. – Батушка сэхээнээс сая тасагт шилжлээ. Аав чинь хоёр охинтой байгаа. Би бүр Ялгуунд санаа зовоод болох биш. – За ээж би аль болохоор хурдан очъё – Тэгж үз хүү минь
гэсээр утас тасарч хүүгээсээ илүү эхнэртээ санаа зовсон Ганбат эхнэрийнхээ утсанд залгавал дуудаад байгаа хирнээ авсангүй. “Ялгуун минь чи минь яачихав даа. Ганц ч биш бүр хоёр хоног хүүхдүүдээ үлдээчихээд огт холбоо барилгүй алга болох хүн биш дээ. Ямар нэгэн муу зүйл болоогүй л байгаасай” дотроо залбирсан Ганбат Ялгууны ойр дотны хэдэн найзуудаас утасдаж асуусан ч тэдэнтэй уулзаагүй байлаа. дахин утас нь дуугарч авч харвал багын найз Соронзон нь ярьж байх тул утсаа автал – Байна уу? Миний анд хаана явна – Анд нь хөдөөнөөс буцаж явнаа. – За миний анд сэтгэлээ бариарай. Манайд түргэнээр Ялгуун хүргэгдэж ирээд хёор хоноод байна. Сэхээн амьдруулахад байна. – Юу чи чинь юу яриад байнаа. Манай Ялгуун – Тиймээ. Ялгуун
машины осолд орсон байна. Машиных нь сери дугаараар л Ялгуун гэдгийг танилаа. Миний анд сэтгэлээ бариарай. Биеийн байдал нь тун хүнд байна. Анд нь гардан эмчилж байна гэснээр утас тасрах нь тэр. Цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт л байлаа. Уржигдархан инээгээд үлдсэн хань нь осолд орж үхэл амьдралын зааг дээр байдаг. Дээрээс нь хурдан ирээрэй ааваа гээд үнсүүлээд хоцорсон хүү нь цахилгаан менингит гэх айхтар өвчин тусаад бас л эмнэлэгт. Ганбат дэн дун ухаантай хүн давхисаар арайхийн их хотын бараа харж шууд л гэмтлийн эмнэлэг чиглэн давхив. Эхнэрийнхээ хэвтэж буй өрөөнд орох гэтэл оруулсангүй тул эмчлэгч эмч Соронзонг дуудуулан хүлээзнэв. Төд удалгүй Соронзон яарсан бололтой гарч ирээд Ганбатыг дагуулан Ялгууны хэвтэж буй тасагт оруулав. Толгой нүүрийг нь
битүү марлиар ороосон хэн гэдэг нь танигдахын аргагүй болсон хүний дэргэд Ганбатыг аваачаад – За найз минь биеэ барьдаг юм шүү. Ялгуун маань ийм л болчихоод байна даа. Өөрийнхөө машинтай явж байгаад осолд орсон байна. Хоёр хөл нь бяцарсан тул тайрсан. Амь насыг нь хамгаалах өөр арга үнэндээ байсангүй. – Тэгээд… тэгээд миний хань амьдарна биз дээ. Хөлгүй ч гэсэн амьд үлдэнэ биз дээ. Үр хүүхэддээ харагдаад амьдарна биз дээ Соронзон минь надад нууж хаалгүй үнэнийгл хэл. Цор ганц үнэнг чиний амнаас л сонсоё. – Яг үнэнийг хэлэхэд амьд үлдэх найдлага тун бага байна. Хөл нь бяцарч хэвлий хэсэгт нь дотуур цус алдалт үүссэнээс болоод судасны эргэлтээрээ цус нь бохирдчихоод байна. Найз нь шаардлагатай гэсэн бүх л арга хэмжээг авч байна. Маш үнэтэй тариаг найман цагийн зайтай гурван удаа тарьчихаад байна шүү дээ. Цаашид яахыг үнэндээ хэлж мэдэхгүй
байна. – Соронзон минь шаардлагатай эм тариа юу байна бүгдийг нь хийлгэе. Ганцхан миний ханийг л авраад өг. Хамаагүй ээ амь насыг нь аврахын тул өөр тайрах юу байна. Бүгдийг нь тайр. Тахир дутуу ч гэсэн би эхнэрээ амьд үлдээмээр байна. Хэрэв амьд үлддэг юм бол би түүнийгээ гар дээрээ өргөөд насаараа явахад ч бэлэн байна. – За найз минь. Ямартай ч сэтгэлийн хаттай байна шүү. Би амьд авч гарахын тулд бүхнийг хийнэ. Харин миний найз сэтгэлийн хаттай байж энэ бүхнийг даваад гарна шүү. – За. Би чамд итгэж найдаж байнаа анд минь. – Юу л даа хө. Андаа амь насыг нь аврахын тулд арван саяын үнэтэй тариа найз нь гурван ширхэгийг тарьчихсан. Энэ ганцхан манай эмнэлэгт байдаг маш үнэтэй тариа л даа. Нийт гучин сая төгрөг
болсон. Одоо найз нь дахиад хоёрыг биччихээд байна л даа. – Хамаагүй ээ. Би төлнө. Эхнэрийнхээ төлөө бүхнийг хийнэ. Би компани руу залгаад хэлье. Чи холбогдоод эмнэлэгийн дансандаа шилжүүлнэ биз дээ. – За тэгье дээ анд. – Би эхнэрээ нэг үнсээд гаръя даа. – Тэг дээ. Ганбат эхнэрийнхээ дээрээс тонгойн удаан гэгч нь хараад гарыг нь барих гэтэл битүү марлиар боосон байсан тул дэмий л марлийнх нь гаднаас хэд зөөлөн илбээд нэгэн том дусал нулимс хацрыг нь даган урсахад сэмхэн арчаад эхнэрийнхээ марлиар битүү ороосон духан дээр үнсээд гарч одов. Одоо тэрбээр хүү рүүгээ яаран довтолгож байлаа. хүүхдийн эмнэлэгт очтол ээж нь гарч ирэв. – Хүү минь яаж байна ээж. – Гайгүй ээ. Миний хүү ядарч ирсэн байх даа. Хүү нь гайгүй ээ. Дээрдэж байна.
Яаралтай арга хэмжээ авсан тулдаа өвчин газар авсангүй. Хурдан илаарших шинжтэй. Гэвч арваад хононо гэж эмч хэллээ. – За ашгүй дээ ээж минь. Ханхийтэл санаа алдан царай нь хүрлийн бүрзийсэн хүүгээ хараад ямар нэгэн зүйлд санаа нь зовоод байгааг төвөггүй ойлгосон эх – Хүү минь гэж зөөлөн дуудсанаа Ялгууныхаа сургийг гаргаж чадавуу? – Чадсаан. Ижээ. Ялгуун маань… Ялгуун маань аваарьт орчихож. Гэмтлийн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт байна. – Үгүй тэгээд одоо яанаа. Бие нь яаж байна гэнэ. – Сэхэх эсэхийг мэдэхгүй байна гэнээ. Ээжээ. Одоо би яанаа. Ялгуун минь байхгүй болчихвол би яанаа гээд ээжийнхээ энгэрт наалдан уйлах ханхар том хүүгийнхээ үсийг ихэд энхрийлэн илбэсэн хөгшинд үнэндээ хэлэх ч үг олдсонгүй дагаад хэсэг мэлмэрүүлснээ – За миний хүү одоо тайвшир.
Нулимс сайн зүйл дагуулдаггүй юм. Ямартай ч аавдаа дуулга. Хадам аав ээждээ ч хэл. Ингэж алгуурлаж цаг алдаж болохгүй. Хэлэх бүх хүмүүстээ хэл дуулга. Ижий нь яах вэ? энд хүүгээ сахиж байя. Миний хүү Ялгуун дээрээ оч. Магадгүй ухаан орчихоод чамайг хайж байгаа ч юм билүү гэхэд нээрэн л Ялгуун нь сэрчихсэн Ганбатыг хайж байгаа аятай ихэд баярласан Ганбатын царай нь гэрэлтэн ээжийнхээ үрчгэр хацар дээр үнсичхээд – За ээжээ. Би Ялгуун дээрээ очлоо гэсээр том том харайлган гарч гүйв. Замдаа хадам аав ээждээ Ялгууны талаар мэдээ дуулгасан Ганбат ихэд яарсаар гэмтлийн эмнэлэгт ирэв. Соронзон Ганбатыг угтан гарч ирээд гэртээ очиж амрахыг санал болгосон ч Ганбат явсангүй. Сэхээний өрөөний үүдэнд суусаар байлаа. бэрийнхээ талаар сонссон Данзан өвгөн хүүдээ хоол цай хийж барьсаар орж
ирэв. Ихэр охидыг дүүдээ харуулан үлдээсэн аж. Удалгүй ах дүүс нь нэмэгдсээр нэг л мэдэхэд сахиурын жижигхэн өрөөнд дүүрэн хүмүүс цугласан байв. Ялгуун ухаан оролгүй байсаар гурав дахь хоногийнхоо үүрээр нарт ертөнцийг үүрд орхин одов. Эхнэрийнхээ нас барсныг сонссон Ганбат ухаан алдаж унан гэрийнхнээ ихэд сандаргаад авчээ. Хөдөөнөөс Ялгууны аав ээж ирэн охинтойгоо амьдад нь уулзаж чадаагүй хөгшин ээж нь ихэд хямарч даралт нь ихсэн аав нь чив чимээгүй тамхиа нэрсэн хүн л болж хувирсан байлаа. Батушка хүү
эмнэлэгт хэвтэж ээжийгээ байн байн нэхнэ. Хоёр жаахан охин нь хөхнөөсөө бүрэн гараагүй тул мээмээ мээмээ гэж уйлна. Эхэндээ ихэд хямарч ухаан алдан унаж хүмүүсийг сандаргаж байсан Ганбат харин хоёр охиноо хадам ээжийгээ хараад сүрхий биеэ барин өөрийгөө захирч байлаа. Найз Соронзон нь гадуур дотуур гүйн лам хар гээд бүхий л зүйлд гар бие оролцож байв. Ялгууны ажил явдал болоод өнгөрсний дараа талийгчийн эд зүйлсийг эмхэлж цэгцэлж байсан

Ганбат эхнэрийнхээ үнэт эдлэлүүдийг нэгийг нь ч олж харсангүй. Гэвч үнэт эдлэлээс илүү сайхан ханиа хайрт эхнэрээ алдсан тул тэрийг нэг их үгүйлсэнгүй тэгсхийгээд л өнгөрөв…