Нүүр Сонин хачин Испани улс дэлхийд анх удаа дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршина

Испани улс дэлхийд анх удаа дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршина

5 секунд уншина
0
0
50

Испани улсын эрх баригчид дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг сонирхсон компаниудын хүрээнд туршиж эхлэхээр болжээ.

Энэ оны эхээр парламентад цөөн суудалтай зүүн жигүүрийн жижиг нам Мас Паис (Más País) ийм санал гаргасныг нь засгийн газар дэмжсэн байна.

Цөөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих санаа Шинэ Зеландаас эхлээд Герман хүртэл дэлхийн олон оронд яригдаж байгаа ч бодитоор хэрэгжсэн тохиолдол цөөхөн байгаа.

Ингэх нь хүмүүсийн ажлын бүтээмжийг дээшлүүлж, ажил-амьдралын тэнцвэрийг хангах замаар сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахаас гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд түлхэц болно гэж үздэг.

1919 онд Барселон хотын ажилчид 44 өдөр ажил хаясны дараа Испани улс баруун Европт анх удаа өдрийн ажиллах цагийг найм болгож байсан түүхтэй.

“Испанийн ажилчид өнөөдөр Европын дунджаас илүү олон цаг ажилладаг ч бүтээмжийн хувьд дээгүүр жагсдаггүй. Олон цаг ажилласнаар илүү ихийг бүтээнэ гэсэн ойлголт буруу нь эндээс харагдаж байна” гэж Мас Паис намын дарга Иниго Эррехон ярьжээ.

Түүний намын гаргасан саналын дагуу засгийн газар дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг гурван жилийн хугацаанд туршихдаа 50 сая евро зарцуулах юм байна.

Дөрвөн ажлын өдөрт шилжсэн компаниудаас гарах зардлыг эхний жилд 100 хувь, хоёр дахь жилд 50 хувь, гурав дахь жилд 33 хувь засгийн газраас даах ажээ.

Туршилтад 200 орчим компани оролцож, 3,000-6,000 орчим ажилтан хамрагдана гэж тооцоолсон байна.

Оролцогч компаниудад тавих шаардлага нь туршилтын хугацаанд ажлын цагийг нэмэгдүүлэхгүй, ажлын байрыг цомхотгохгүй, цалинг бууруулахгүй байх гэнэ.

“Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршсан анхны улс Испани болох гэж байна. Дэлхий дээр өөр хаана ч ийм алхам хийгээгүй байгаа” гэж Мас Паис намын гишүүн Эктор Тэхэро ярьж байна.

Туршилт энэ оны намраас эхлэх төлөвтэй байгаа ба үр дүнг нь засгийн газар, үйлдвэрчний эвлэл, бизнесийн холбоодоос мэргэжилтнүүд оролцсон зөвлөл дүгнэх ажээ.

Эх сурвалж: The Guardian

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *